Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2019/0191

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би Г.Ч*******ын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох Улсад ажилласан жилийг гүйцэт бодуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ч******* нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Г*******ын Ч******* миний бие нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл танай шүүхэд гаргахдаа дараах 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгч миний ажилласан жилийг зөвөөр тогтоож өгсөн тул анх гаргасан улсад ажилласан жилийг гүйцэт бодуулахыг хүссэн шаардлагаасаа татгалзаж байна.

Харин тэтгэврийн хэмжээг үнэн зөв тогтоолгох шаардлага хэвээрээ болно. Миний бие цэргийн байгууллагад ажилласан жил 13 жил 5 сар гэж анх тогтоогдсон. Хариуцагч хариу тайлбартаа цэргийн байгууллагад ажилласан жилийг 22 жил 5 сараар тооцсон.

Иймд 13 жил 5 сард ногдсон тэтгэврийн хэмжээ нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 386134 төгрөг байна. Уг 386134 төгрөгийг үржих нь 22 жил 5 сар, хуваах нь 13 жил 5 сар /нийт 643556 төгрөг/ математик загварчлалын маш энгийн томьёогоор тооцоолж гаргахад хэн ч маргах үндэслэлгүй гэж миний бие үзэж байгааг хүлээж авна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх..., 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй., мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж тус тус заажээ.

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Улсад ажилласан жилийг гүйцэт бодуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ Г.Ч******* нь татгалзаж буйгаа шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзснаас гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан Улсад ажилласан жилийг гүйцэт бодуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Г.Ч******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН