Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 143

 

2017 оны 11 сарын 20                       2017/ШЦТ/143                                Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Н.Н, Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н,Т.Б нарт холбогдох эрүүгийн 1730001470109 дугаартай  хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 1994 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, Н.Б.

 

Монгол Улсын иргэн,1995 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 3, Т.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Н.Н,  Т.Б нар нь  2017 оны 10 дугаар сарын дундуур Сүхбаатар аймгийн Наран сумын нутаг хад гэх газраас иргэн Д.Гын 2 тооны адууг хулгайлж 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч  Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 2017 оны 10-р  сарын 15-ны өдөр найз Бтайгаа таарахад миний машиныг авна гэсэн. Хэд хоногийн дараа бид хөрзөн гишгэчихээд буцаж явах замдаа 4 адуу таарахаар нь тууж явж байгаад 2 адууг замдаа орхичихоод 2 даагыг тууж авчирсан. Би машиныхаа оронд 2 даагыг авсан. Нэг даагыг нь Эрдэнэт рүү хүнд өгсөн. Би хохирол төлбөрийг бүрэн  төлсөн. Би хулгай хийнэ гэж бодоогүй гэв.

 

- Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 2017 оны 10-р  сарын 15-ны өдөр найз Нтай хөрзөн гишгэчихээд буцахдаа 4 адуу тууж 2 адууг тэр газарт орхиж саарал даага, зээрд даага хоёрыг нь тууж яваад найзынхаа тамгаар тамгалсан. Тэгээд би машиныг нь авч явсан гэв 

 

-Хохирогч Д.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын эхээр Наран сумын  Ноёны хөндий гэх газраас хүрэн охин даага, загалтай саарал охин даага, хар байдас өсгий цагаан гэсэн тамгагүй адуу, зөв гэр гуяндаа жижиг хэвтээ зуузай тамгатай нийт 4 тооны адуу алдсан юм. Энэ 4 адуу алдагдахдаа Анужин гэх хар азарганд байсан. Тэгээд бэлчээрээр нь эрээд байсан олдохгүй байсан. Манай хадам аав Г гэдэг хүн надад хэлэхдээ ногоон мотоцикльтой 2 хүн адуу хөөгөөд явж байсан талаар хэлсэн. Манай суманд ногоон мотоцикльтой хоёрхон хүн байдаг учраас шууд Н дээр ирээд адуугаа сурсан чинь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би адуунд нь ирж үзсэн чинь миний даагыг өөрийнхөө ширээтэй загасан тамгаар тамгалаад саарал будан азаргатай адуундаа хураалгасан байсан. Нтай буцаад уулзахад охин зээрд даага, хар байдас 2-ыг  баруун хаданд богшоогоод орхисон, саарал даагыг Эрдэнэт руу танихгүй хүнд зарсан гэж хэлсэн. Намайг Нтай уулзахад Онгон сумын Б гэдэг залуу цуг явж байсан. Сүүлд нь мэдэхэд тэр 2 залуу цуг манай адууг туусан юм байна лээ. Тэгээд би саарал дааганыхаа оронд унагатай гүү аваад, эрэл хийсэн бензины мөнгө гэж 80000 төгрөг авсан  гэх мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/

 

         -Сүхбаатар аймгийн Наран сумын малын үнэлгээ  /хх-ийн 10-р хуудас/.

 

-Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 11-р сарын 08-ны өдрийн 08/153 дугаартай тодорхойлолт /хх-ийн 24-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Онгон сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 280 дугаартай тодорхойлолт /хх-ийн 25-р хуудас/

 

- Хохирогч Д.Гын  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх

тухай хүсэлт /хх-ийн 21-р хуудас/

 

- Н.Нын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 23-р хуудас/

 

-Д.Бын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 22-р хуудас/

 

-Н.Нын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-р хуудас/ зэрэг баримтууд болно

 

-Т.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Н.Н, Т.Б нар нь  бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын нутаг Ноёны хөндий гэх газраас хохирогч  Д.Гын  саарал даага,  зээрд даагыг  хулгайлж 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Гын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Н,  Т.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй  хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Н.Н,  Т.Б нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна..

Шүүгдэгч  Н.Н,  Т.Б нарт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн  зэрэг нь  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал  болно.

 

Шүүгдэгч Н.Н,  Т.Б нар цагдан хоригдоогүй, бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Д.Гт хохирол төлсөн,  хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч  Н.Н,  Т.Б нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг нь  Эрүүгийн   хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгч нарын  хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг,  хохирлыг төлсөн  зэргийг харгалзан  Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Н, Т.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жил 6 сарын  хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Н.Б,  Т.Б нарыг  мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн  7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Н.Ныг   1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, Т.Быг  1 /нэг / жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй. 

 

 3. Шүүгдэгч Н.Н,  Т.Б нар  цагдан хоригдоогүй, бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Д.Гт хохирол төлсөн,  хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол ялтан Н.Н,  Т.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт   зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй  болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.САНЖИДМАА