Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2024/02321

 

2024 оны 05 сарын 27 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2024/02321

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ... давхарт байрлах,  ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ....... тоотод оршин суух, Д-ын У /РД..../-д холбогдох

Гэрээний үүрэгт 208.397.500 төгрөг гаргуулах үндсэн, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Б.С, Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Эй ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д  овогтой У   нь 2022.01.01-ний өдөр Э ХХК-д худалдан авалтын ажилтнаар ажилд орсон. Д.У-ын ажил үүргийн хуваарь албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу шаардлагатай тоног төхөөрөмж, түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэдэг, борлуулдаг гадаадын компаниудыг судлах, холбоо тогтоох хамтран ажиллах, судалсан компаниудын бүтээгдэхүүний үнэ, чанар тээвэр зэргийг харьцуулан дүгнэлт гаргаж удирдлагад танилцуулах, нийлүүлэгч болон тээврийн компаниас үнийн санал авах, тооцоолол хийн хугацаа тогтоох, Оюу толгой компанийн худалдан авалтын системд үнийн санал илгээх, мэдээлэл өгөх, захиалга гарсан, орсон тохиолдолд тооцоолол хийн дахин нягтлан шалгах нэхэмжлэл авах, захиалгын хуудас илгээх, удирдлагад төлбөр гаргах хүсэлт танилцуулах, баталгаажуулах зэрэг үүрэгтэйгээр ажилладаг байсан. Д.У нь албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг зүй ёсоор гүйцэтгэж чадаагүй бөгөөд байгууллагын мөнгөн хөрөнгө шамшигдуулсан, хувьдаа завшсан, ажилдаа хариуцлагагүй хандсан, ажил үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн буруутай үйл ажиллагаанас компанид эд хөрөнгө, мөнгөний хохирол учруулсан, олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн ашигласан, ажил олгогчийн итгэлийг эвдсэн, гадаад дотоодын түнштэй ажил бизнесийн нэр хүндэд халдсан ноцтой зөрчил гаргасан зэргээс байгууллагад их хэмжээний хохирол учруулсан. Д.У нь байгууллагын мөнгөн хөрөнгийг дур мэдэн хувьдаа авч завшсан үйлдлээ хүлээн зөвшөөрч 2023.05.10-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, төлбөр төлөхөөр илэрхийлсэн өргөдөл гаргасан байдаг. Гэвч Төлбөр барагдуулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу 2023.07.10-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл 2023.09.22-ны өдрийг хүртэл төлбөр тооцоо хийгдээгүй байна. Иймд төлбөр барагдуулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлэхээр хандаж байна. Д.У нь 150.000.000 төгрөгийг 2023.07.10-ны өдөр төлөхөөр тохиролцсон бөгөөд өнөөдрийг хүртэл буюу 2023.09.25-ны өдрийг хүртэл төлөөгүй байгаа, төлбөр төлөх хугацаа нь 2023.07.10-наас 2023.09.25-ны өдрийг хүртэл нийт 75 хоног хэтрээд байна. Тиймээс 75 хоногийн алданги 37,5 хувь буюу 56.250.000 төгрөг, шүүхэд өгөх материал нотариатаар батлуулсны зардал 142.500 төгрөг, орчуулгын зардал 2.005.000 төгрөгийн үндсэн төлөх ёстой мөнгөн дүн дээр нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд хариуцагчаас компанид төлөх шаардлагатай үндсэн төлбөр 150.000.000 төгрөг, алданги 56.250.000 төгрөг, шүүхэд өгөх материалыг нотариатаар батлуулсан зардал 142.500 төгрөг, орчуулгын зардал 2.005.000 төгрөг, нийт 208.397.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Э ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан худалдан авалтын ажилтан албан тушаалыг эрхэлж эхэлсэн. Уг ажлыг эрхэлж байх хугацааны БНХАУ-аас захиалгын бараа худалдан авах ажлыг хариуцан хийдэг байсан. Тухайн үед захиалгын зарим бараа гэрээнд заасан хугацаанаас хожимдож ирэх, захиалга хойшлох шалтгаан нөхцөл байдаг байсан тул захиалгыг амжилттай зохион байгуулахын тулд яаралтай боломжит нийлүүлэгч олж, захиалгыг амжилттай зохион байгуулдаг байсан. Улмаар худалдан авалтын ажлыг эрхэлж байх хугацаандаа БНХАУ-ын иргэн Ван-тай ажил хэргийн журмаар танилцаж, хэд хэдэн удаагийн захиалгыг түүний тусламжтай амжилттай зохион байгуулж, цаг хугацаанд нь үйлчлүүлэгч нартаа захиалгыг хүргэж ажилласан. Тэрээр манай компанийн захиалгыг богино хугацаанд, түргэн шуурхай нийлүүлэх ажилд их тус болж байсан юм. Гэтэл БНХАУ-ын иргэн Ван нь анхандаа манай компанийн захиалгыг амжилттай гүйцэтгэж, бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаандаа тогтмол нийлүүлдэг байснаа 2023 оны... сараас хойш манай захиалгуудыг нийлүүлээгүй. Миний хувьд ажил үүргийнхээ дагуу удаа дараа Ван-тай холбогдох гэж хичээсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүйн улмаас компанид хохирол учирч эхэлсэн. Ингээд миний үүрэгт ажил доголдож эхэлсэн тул арга буюу ажил олгогчтой харилцан зөвшилцөж, гэм буруутай этгээдээр хохирлыг гаргуулах шаардлагатай болсон ч БНХАУ-ын иргэн Ван Монгол улсад оршин суудаггүй тул түүнийг олж асуудлыг шийдэж чадаагүй. Тухайн үед компани дээр намайг тухайн иргэнтэй хуйвалдаж мөнгийг өөртөө шилжүүлж авсан гэх байдлаар хандаж, хохирлыг яаралтай шийдвэрлэж өг, үгүй бол цагдаагийн байгууллагад хандана гэж сүрдүүлж эхэлсэн. Миний бие манай эцэг, эхдээ энэ асуудлаа их сандарч 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэлд гарын үсэг зурсан. Гэхдээ гарын үсэг зурах үед компанид учирсан хохирлыг тодорхойлоогүй байсан тул хохирлын үнийн дүнг хоосон үлдээсэн. Мөн манай ээж Л.С-гийн хувьд 2023.05.10-ны өдөр өргөдөл, гэрээнд гарын үсэг зурсан боловч түүнд энэ асуудал огт хамаагүй. Миний хувьд заасан эрх зүйн бүрэн чадамжтай хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг бүрэн ухамсарлах боломжтой хувь хүн тул аливаа үүрэг хариуцлагыг өөрөө хариуцах боломжтой. Миний бие Эйтийм ХХК-с нэг ч төгрөг өөрийн данс рүү хүлээн авч компанийн эд хөрөнгийг шамшигдуулсан, завшсан үйлдэл байхгүй. Гэхдээ миний хувьд үлдэх 150.000.000 төгрөг нь бодитоор компанид учруулсан хохирол гэж үзэх боломжгүй гэж үзэж байгаа. Миний хувьд компаниас өөр лүүгээ дээрх хэмжээний мөнгийг шилжүүлж аваагүй. Тийм учраас миний хариуцаж хийсэн захиалгын дараа дахин захиалга хийсэнтэй холбоотой зардал, хохирол валютын учирсан хохирол гэж байдлаар огт үндэслэлгүйгээр хохирлын хэмжээг нэмэгдүүлж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд дээрх байдлаар компанид учирсан хохирлыг зохих хэмжээнд хариуцан арилгахад татгалзах зүйл байхгүй бөгөөд харин үлдэх хэсэг нь огт үндэслэлгүй тогтоогдсон тул хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №ЗЭНГ/000000000 дугаартай Э ХХК болон Голомт банк ХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн хохиролд шаардаж, хохирлын тооцоонд оруулсан бололтой. Гэтэл миний бие 2022.01.01-ний өдрөөс тухайн компанид ажилд орсон бөгөөд тухайн зээлтэй холбоотой асуудлыг би мэдэхгүй. Компаниар дамжуулж уг зээлийг өөрт шилжүүлэн аваагүй. Гэтэл зээлийн төлбөрийг бүхэлд нь надаас гаргуулахаар тооцоолж тооцоолол хийсэн нь огт үндэслэлгүй байгаа. Мөн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Голомт банк ХК-тай байгуулсан зээлийн гэрээний хувьд би уг зээлийн өөрт шилжүүлэн авч захиран зарцуулсан үйлдэл байхгүй тул уг зээлийн төлбөрийн үүргийн хариуцан төлөх үүрэгтэй этгээд биш. Захиалга хийгээгүй орхисон бараа гэх тухайд: Нэхэмжлэгч компанийн хувьд нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтад миний огт хийгээгүй гүйлгээг захиалга хийгээгүй орхисон бараа гэдэг байдлаар гаргаж өгч хохиролд тооцуулахаар өгсөн байгаа бололтой. Гэтэл миний хувьд дээрх гүйлгээнүүдийг өөртөө хийгээгүй, өөрт төлбөрийг хүлээн авсан зүйл огт байгаагүй.Тухайн гүйлгээтэй холбоотой асуудлыг огт мэдэхгүй атал дээрх гүйлгээний төлбөрийг өөрөө хүлээн авч, компанийг хохироосон мэтээр хохирлыг тооцож байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл миний хувьд дээрх гүйлгээг хийсэн ч, хийгээгүй ч надаас гадна өөр ажилтан тухайн гүйлгээг хийх боломжтой энэ нь компанид хохирол гэж тооцогдох боломжгүй. Харин уг гүйлгээ хийгээгүйтэй холбоотой хохирол бий болох шалтгаан нөхцөл болсон эсхүл ажил үүргийн хувьд хийх ёстой гүйлгээг өөрт шилжүүлж авсан нь тогтоогдсон бол хохиролд тооцогдож болно.Компаниас гараагүй гүйлгээг хохиролд тооцох ямар ч боломжгүй тул энэ хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх зорилгоор дээрх байдлаар нэхэмжлэлд огт хамаагүй баримтууд хавсаргасан байна.Иймд дээрх байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг огт үндэслэлгүй байгаа тул шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн хувьд өмнө шүүхэд гаргасан тайлбартаа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Э ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулан худалдан авалтын ажилтан албан үүргийг гүйцэтгэж байсан тухай дурьдсан. Ингээд ажил үүргийнхээ дагуу холбогдсон нийлүүлэгч БНХАУ-ын иргэн манай компанийн захиалгыг удаа дараа биелүүлээгүй тул ажил олгогчтой харилцан зөвшилцөж, гэм буруутай этгээдээр хохиролыг гаргуулах шаардлагатай болсон ч БНХАУ-ын иргэн Монгол улсад оршин суудаггүй тул түүнийг олж асуудлыг шийдэж чадаагүй. Тухайн үед компани дээр мөнгийг өөртөө шилжүүлж авсан гэх байдлаар хандаж, хохирлыг яаралтай шийдвэрлэж өг, үгүй бол цагдаагийн байгууллагад хандана гэж ярьж эхэлсэн. Миний бие, манай эцэг, эх энэ асуудалд их сандарч 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэлд гарын үсэг зурсан. Компанийн зүгээс энэ асуудал цагдаад очвол Д.У шоронд орно. Одоо гарын үсгээ зурчихвал бид цагдаад өгөхгүй. Энэ бол гэмт хэрэг мөн гэх байдлаар би болон миний ээж Сэлэнгэ нарыг хуурч гэрээнд гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгч тухайн үед хууль зүйн зөвлөгөө авах боломжгүй үе байсан бөгөөд заавал гарын үсгийг зуруулахаар хуурсан. Түүнчлэн компанийн хуульч ажилтай хүн уг асуудлыг хэрэв гэрээнд гарын үсэг зурахгүй бол цагдаагийн байгууллагад шилжүүлнэ гэж тайлбарласан тул хуульчийн үгэнд итгэж гарын үсэг зурсан байна. Энэ бодит байдлыг нуун далдлах үгэндээ итгүүлэх байдлаар хуурч мэхлэн гэрээг байгуулсан болж байгаа юм. Тодруулбал дээрх хохирол гэх мөнгийг Д.У аваагүй. Өрөөр хэлбэл хариуцагч компаниас Д.У руу, эсхүл түүний ээж Сэлэнгэ рүү мөнгөн шилжүүлэг огт хийгдэж байгаагүй атал уг завших гэмт хэрэгт байдлаар тайлбарлаж, хуурч, гэрээг хийсэн байна. Мөн Д.Уянга дээрх гадаад шилжүүлэг хийх болгондоо захирлын гарын үсгээр шилждэг тул шууд өөртөө шилжүүлэн авсан гэх үйлдэл байхгүй.Иймд шууд гэм хэрэг болно, хорих ял авна гэдэг байдлаар тайлбарлаж гэрээ байгуулсан нь үндэслэлгүй тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс талаас: Хуурамч захиалга дахин захиалсан бараануудын задарга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.09.05-ны өдрийн итгэмжлэл, 2023.05.10-ны өдрийн №0000 Төлбөр барагдуулах гэрээ, 2023.05.10-ны өдрийн хүсэлт, 2022.01.01-ний өдрийн Дугаар 22-03 хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, Д.Уянгын иргэний үнэмлэхний хуулбар, 2023.09.01-ний өдрийн мөнгөний тасалбар, 2023.08.30-ны өдрийн шилжүүлгийн баримт, төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, 2023.08.29-ний өдрийн нэхэмжлэх, 2023.08.22-ны өдрийн шилжүүлгийн баримт, төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, 2023.08.21-ний өдрийн нэхэмжлэх, 2023.08.22-ны өдрийн төлбөрийн баримт, 2021.02.02-ны өдрийн №З00000000 зээлийн эрх нээх гэрээ, 2022.12.21-ний өдрийн №000000зээлийн эрх нээх гэрээ, 2022.11.29-ний өдрийн ЭХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, 2022.01.01-2023.08.23-ны өдрийн дансны хуулга, 2022.10.14-ний өдрийн №Б/24 хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай, төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, 2022.04.19-ний өдрийн шилжүүлгийн баримт, дэлгэрэнгүй мэдээлэл, 2022.04.25-ныбаримт, гүйлгээ хийгдсэн баримт, 49-57 нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд харилцсан чатууд, төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, 2023.07.06-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2023.07.06-ны өдрийн нэхэмжлэх, мөнгөн гуйвуулгын баримт, төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, 2022.08.01-ний өдрийн баримт, 2022.08.10-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2022.08.10-ны өдрийн шилжүүлгийн баримт, нэхэмжлэх, мөнгөн гуйвуулгын баримт, 2022.08.11-ний өдрийн дэлгэрэнгүй мэдээлэл, Төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, 2023.07.03-ны өдрийн нэхэмжлэх, 2023.07.06-ны өдрийн шилжүүлгийн баримт, төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, 2022.08.12-ны өдрийн урьдчилсан нэхэмжлэл, 2022.08.10-ны өдрийн шилжүүлгийн баримт, нэхэмжлэх, мөнгөн гуйвуулгын баримт, дэлгэрэнгүй мэдээлэл,хятад данс руу шилжүүлсэн баримт, чат, 2022.08.12-ны өдрийн төлбөр гаргах зөвшөөрлийн маягт бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, 2023.08.13-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2023.05.24-ний өдрийн нэхэмжлэх, мөнгөн гуйвуулгын баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, гүйлгээ шилжүүлсэн баримт, уурхайн бүтээгдэхүүн худалдан авах гэрээ, 2022.08.10-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2022.08.10-ны өдрийн нэхэмжлэх, мөнгөн гуйвуулгын баримт, ян жиали руу шилжүүлсэн баримт, чат, 2023.08.17-ны өдрийн Сужоу Өүлин механик болон цахилгаан төхөөрөмжийн ХХК тайлбар, төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ,2023.05.24-ний өдрийн шилжүүлгийн баримт, нэхэмжлэх, мөнгөн гуйвуулгийн баримт, Юү жи эс эс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, 2023.05.25-ны өдрийн шилжүүлгийн баримт, төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, Худалдах, худалдан авах гэрээ, 2023.01.06-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2023.01.06-ны өдрийн нэхэмжлэх, мөнгөн гуйвуулгийн баримт чат, Төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, 2023.05.24-ний өдрийн шилжүүлгийн баримт, нэхэмжлэх, мөнгөн гуйвуулгийн баримт, Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, Төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, 2023.1.03-ны өдрийн Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, худалдах, худалдан авах гэрээ, 2023.01.06-ны өдрийн шилжүүлгийн баримт, нэхэмжлэх, мөнгөн гуйвуулгын баримт, Ю  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, С руу шилжүүлсэн баримт, 2023.01.06-ны өдрийн мөнгө гуйвуулгын дэлгэрэнгүй лавлагаа, 2023.08.17-ны өдрийн тайлбар, Төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, 2018.12.25-ны өдрийн Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, 2023.08.07-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2023.08.07-ны өдрийн нэхэмжлэх, мөнгөн гуйвуулгийн баримт, Жао Лименг баримт, 2023.02.14-ний өдрийн төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, Худалдах, худалдан авах гэрээ, 2023.02.16-ны өдрийн нэхэмжлэл, 2023.02.16-ны өдрийн шилжүүлгийн баримт, мөнгөн гуйвуулгын баримт, Тао Ли-ээс Ли Пунан рүү шилжүүлсэн баримт, чат, Төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, 2023.05.16-ны өдрийн шилжүүлгийн баримт, төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, Худалдах, худалдан авах гэрээ,орчуулгатай, 2023.03.14-ний өдрийн нэхэмжлэл, шилжүүлгийн баримт, мөнгөн гуйвуулгийн баримт, Ян би шилжүүлгийн баримт, чат, төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, 2023.06.07-ны өдрийн шилжүүлгийн баримт, Төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, 2022.10.08-ны өдрийн гэрээ, 2023.03.21-ний өдрийн шилжүүлгийн баримт, нэхэмжлэх, мөнгөн гуйвуулгийн баримт, Ван руу шилжүүлгийн баримт, чат,Төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, 2023.06.07-ны өдрийн шилжүүлгийн баримт, нэхэмжлэх, мөнгөн гуйвуулгийн баримт, Ли Минжуан шилжүүлгийн баримт, чат, төлбөр гаргах зөвшөөрлийн маягт,2023.05.19-ний өдрийн шилжүүлгийн баримт,нэхэмжлэх, мөнгөн гуйвуулгийн баримт, Тао Ли-ээс Ли Минжуан руу шилүүлсэн баримтг уянгын захиалга хийгээгүй орхисон барааг дахин захиалсан бараанууд, төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, 2022.08.10-ны өдрийн шилжүүлгийн баримт, нэхэмжлэх, мөнгөн гуйвуулгийн баримт, Төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, 2023.05.19-ний өдрийн шилжүүлгийн баримт, Төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, Мөнгөн гуйвуулгийн баримт, И жин шилжүүлгийн баримт, Төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, 2023.05.16-ны өдрийн урьдчилсан нэхэмжлэл,2023.06.02-ны өдрийн шилжүүлгийн баримт, Төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, 2023.07.19-ний өдрийн шилжүүлгийн баримт, Мөнгөн гуйвуулгийн баримт, Төлбөр гаргах зөвшөөрлийн маягт, 2023.07.31-ний өдрийн нэхэмжлэл, шилжүүлгийн баримт, Мөнгөн гуйвуулгийн баримт, 2023.12.19-ний өдрийн итгэмжлэл, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Хариуцагч талаас: 2024.04.17-ны өдрийн итгэмжлэл гаргаж өгсөн. Шүүх хариуцагчийн хүсэлтээр Нэхэмжлэгч ЭХХК-иас 2023.05.10-ны өдрийн 2/02 албан бичиг гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЭХХК хариуцагч Д.У-ад холбогдуулан гэрээний үүрэгт 208.397.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Д.У нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Д.У Э ХХК-тай 2022 оны 01 сарын 01-ний өдөр худалдан авалтын ажилтан албан тушаалд сарын 800.000 төгрөгийн үндсэн цалинтай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 6.25-д ажилтан өөрийн буруугаас компанид ямар нэгэн хохирол учруулбал түүнийг бүрэн хариуцаж, төлж барагдуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд Д.У албан тушаалаа эрхэлж байхдаа компанид хохирол учруулсны улмаас 2023 оны 5 сарын 10-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулжээ.

 

Уг төлбөр барагдуулах гэрээний 1.1-д Төлбөр төлөгч Д.У нь Э  ХХК-нд ажиллаж байх үедээ 2022 оны 2 сараас өнөөдрийг хүртэл хугацаанд байгууллагын мөнгөн хөрөнгийг шамшигдуулах, харилцаг руу шилжүүлсэн мөнгийг дур мэдэн буцаан өөрийн данс руу шилжүүлж авах, мөн харилцагчийн дансыг худал хэлж байгууллагын мөнгийг өөр данс руу авах зэрэг үйлдлийг удаа дараа гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрч байгууллагад 150.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн тул уг төлбөрийг ЭХХК-нд төлөх болон төлбөр авагч төлбөр төлөгчийн өр төлбөрөө барагдуулах үйл ажиллагаанд хяналт таивихтай холбоотой харилцааг зохицуулна., 3.2-т Төлбөр төлөгч нь графикт заасан төлбөрөө гэрээ байгуулснаас хойш 2023.07.10-ны дотор Эйтийм ХХК-нд ... төлж дуусгах-р зохигч байгуулсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан, 132 дугаар зүйлийн 132.2-т Ажилтны учруулсан хохирлын хэмжээг ажил олгогчийн эд хөрөнгөд учирсан бодит хохирлоор тодорхойлох бөгөөд олох байсан орлогыг үүнд оруулан тооцохгүй. Бодит хохирлыг ажил олгогчийн эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан, тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, бодит гарсан хохирлын хэмжээгээр тооцно гэж хууль зохицуулсан бөгөөд Э ХХК Д.Уянгаас төлбөр шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Д.У 2023.05.10-ны өдрийн 23/01 төлбөр барагдуулах гэрээг хууран мэхэлж хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл Д.У хууль мэдэхгүйн улмаас гэрээнд гарын үсэг зурсан гэх боловч энэ байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч Д.Уя-аас 150.000.000 төгрөгийг гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Шүүх 2023.05.10-ны өдрийн 0000 тоот гэрээний дагуу хариуцагч Д.Уянгаас 150.000.000 төгрөг, нотариатын зардал 142.500 төгрөг, орчуулгын зардал 2.005.000 төгрөгийн зардлууд нь баримтаар тогтоогдож байх тул 152.147.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь төлбөр барагдуулах гэрээний 3.3-т төлбөр төлөгч нь төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хоног тутамд төлнө гэж зааснаар 150.000.000 төгрөгийн алданги 56.250.000 төгрөгийг шаардсан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэх заалтын дагуу алданги 20.000.000 төгрөгийг гаргуулж, алданги 56.250.000 төгрөг илт их байна гэж үзэж, 36.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иймд хариуцагч Д.У-аас 150.000.000 төгрөг, нотариатын зардал 142.500 төгрөг, орчуулгын зардал 2.005.000 төгрөг, алданги 20.000.000 төгрөг нийт 172.147.500 төгрөгийг гаргуулж Эйтийм ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Д.У талуудын хооронд байгуулсан 2023 оны 5 сарын 10-н өдрийн 23/01 тоот гэрээг хуурч мэхэлж хийсэн тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2023.5.10-ны өдрийн 2/02 албан бичгээр айлган сүрдүүлж, намайг эрүүгийн хэрэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж итгүүлж хийсэн, хууль мэдэхгүйн улмаас энэ гэрээнд гарын үсэг зурсан гэжээ.

 

ЭХХК-ийн 2023.05.10-ны өдрийн 000 албан бичигт Довогтой У /рд: ....../ нь 2021 оны 8-р сараас тус байгууллагын Соорсинг мэргэжилтний албан тушаал дээр ажиллаж байгаа бегөөд 2022 оны 2 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд байгууллагын мөнгөн хөрөнгийг шамшигдуулах, харилцагч руу шилжүүлсэн мөнгийг дур мэдэн буцаан өөрийн дансруу шилжүүлж авах, мөн харилцагчийн дансийг худал хэлж байгууллагын мөнгийг өөр дансруу шилжүүлж авах зэргээр байгууллагад онц их хэмжээний хохирол буюу одоогийн байдлаар ойролцоогоор 200.000.000 орчим төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдоод байна. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйл. Хөрөнгө завших: Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхээр байна. Д.У-гын дээрх үйлдэл нь байгууллагын нэр хүндийг унагаж, харилцагчдын манайд итгэх итгэлийг багасгаж, цаашдын хамтын ажиллагаанд ноцтой сэв суух эрсдлийг бий болгоод зогсохгүй бидний бизнесийн үйл ажиллагааг ч доголдуулах байдалд оруулаад байна. Иймд манай байгууллагад учруулсан хохирол болох 200.000.000 төгрөгийг 5 хоногийн дотор буюу 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор буцаан шилжүүлэхийг шаардаж байна. Хэрэв уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт хандан хуулийн дагуу гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна. Бид үүссэн нехцөл байдалд аль болох хүлээцтэй хандаж, хүнлэг байхыг эрмэлзэж байгаа төдийгүй Оюу толгойн төслийн ачааг яаралтай горимоор нийлүүлж, алдагдсан нэр хүндээ сэргээж авахаар хичээн ажиллаж буйг хүлээн авч, хамтарч ажиллахыг хүсье. Ажилтныг ажлын ширээнээс гэмт хэрэгтний ширээнд шилжүүлэхийг урьтал болгохыг хүссэнгүй гэжээ.

 

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэж заасан бөгөөд ЭХХК-ийн албан бичгээс үзэхэд хариуцагч Д.У-гыг айлган сүрдүүлсэн, энэ албан бичгээр Д.У-ын хууран мэхэлсэн гэх үйлдэл тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд Д.У 2023.05.10-ны өдрийн 23/01 төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.2.8-д зааснаар хариуцагч Д.У-аас 172.147.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Д.У-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.198.537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Уя-гаас 1.018.687 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ