Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/57

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч: Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Д-т холбогдох эрүүгийн 1727000320022 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 10 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум Нарийн хүр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Т.Д

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Д нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутагт хохирогч Ц.Г-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Тухайн үед би гэртээ байж байхад намайг дуудаад мэндийн зөрүүгүй бариад авсан. Эхнэр нь араас ташуураар нүдээд байсан. Та яаж байгаа юм гэж хэлсэн. Намайг гэрээс гарсан чинь мэндийн зөрүүгүй шууд багалзуур шахсан. Манай эхнэр хүүхдийг ална гээд байсан. Манай эхнэр хүүхэд аваад зугтаасан. Би багалзуурдаад байхаар нь тавьчих гэсэн чинь чамайг одоо ална гээд байсан. Гэрийн гадаа байсан хадуурыг би аваад шидсэн. Тэр нь үзүүртэй юм байсан юм билээ. Тэгсэн гарыг нь зүсчихсэн. Тэгээд намайг өөрийг нь хутгалсан гээд цагдаад хэлнэ гэсэн. Миний буруу байсан. Намайг ална гээд том чулуу өвөртөө хийчихсэн над руу шидээд байсан” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ц.Г мөрдөн байцаалтын шатанд 2017-08-11-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Б.Х-ийн хамт хуц ухнаа эргүүлэхээр мал дээрээ очиход манай малыг гол гаргачихсан байсан. Өмнө нь дурандахад манай хуц, ухныг Т.Д нь гол гаргаж тууж байсан. Тэгээд Т.Д-тай очоод дүү хүү яагаад манай малыг үертэй усаар гол гаргаж хөөгөөд байна. Гол гаргасан малаа буцаад гаргаж өг гэхэд би чиний малыг гаргаж өгөх юм уу битгий хуц гэж намайг хэлсэн. Тэгээд бид хоёр барилцаад авсан. Тухайн үед Т.Д намайг тавь гээд байхаар нь гарыг нь тавьсан чинь зөрүүлээд өмднийхөө баруун халааснаас хутга гаргаж ирж миний баруун талын гарыг зүсэж гэмтээчихээд Т.Д нь явган зугтаад явчихсан. Би араас чи эр хүн юм бол гар боож цус тогтоо гэж хэлэхэд эргэж харалгүй зугтаад явчихсан. Тэгээд манай хэдэн малыг дуусгана гэж заналхийлсэн. Тухайн үед Т.Д нь эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /хх 6-7/

Хохирогч Ц.Г мөрдөн байцаалтын шатанд 2017-09-20-нд өгсөн мэдүүлэгтээ: “Д бид хоёр хоорондоо эвлэрсэн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суух шаардлага байхгүй” /хх 8/ гэсэн мэдүүлэг, 

Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд 2017-08-11-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед нөхөр Ц.Г бид хоёр гэрээсээ гараад өөрийнхөө хуц, ухна эргүүлэхээр очиход Т.Д нь өмнө нь манай хуц, ухныг голын зүүн тийш гаргаад хөөчихсөн байсан. Тэгэхээр нь Т.Д-тай очиж чи байнга манай хуц, ухныг гол үертэй байхад гаргаж хөөх юм. Чи өөрөө буцааж гол руу гаргаж өг гэхэд манай нөхөртэй Т.Д маргалдаж хоорондоо барилцаж авсан. Тэгээд би тэр хоёрыг хоорондоо маргалдахаар нь боль айл саахалт хүмүүс байж ингэж болохгүй гэхэд манай нөхөр Т.Д-ын дээлнээс зуурсан байсныг тавиулахад Т.Д нь өмднийхөө баруун хаалснаас төмөр иштэй эвхмэл хутга гаргаж ирээд манай нөхөр Ц.Г-ын баруун гарын эрхий хурууны хэсгээр зүсэж гэмтээчихээд зугтаад явчихсан. Т.Д эрүүл харагдаж байсан. Манай нөхөр ч архи уугаагүй. Эрүүл байсан. Манай хуц, ухныг гол гаргаж хөөсөн асуудлаас болж маргалдсан юм. Манай хуц, ухныг гол гаргаж хөөдөг асуудал нэг биш удаа болж байгаа юм...” /хх 9/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №279 дугаартай дүгнэлтэд “1. Ц.Г-ын биед, баруун гарын эрхий хуруунд шарх, зүүн хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлийн шарх нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, цус хуралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Амь насанд аюулгүй гэмтэл байна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 11/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/,

- Шүүгдэгч Т.Д-ын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаас авсан мэдүүлэг /хх 14-15/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 20/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй болно.

Иймд шүүгдэгч Т.Д-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Т.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Т.Д-ын эзэмшлийн 2 тооны адуу битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөгчийн санал бүхий прокурорын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.Д-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүний  бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Т.Д-ын 2 тооны адуу битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөгчийн санал бүхий прокурорын шийдвэрийг хүчингүй болгож болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН