Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/58

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Дашцэрэн

Шүүгдэгч Г.Б, Ш.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б, Ш.Ц нарт холбогдох эрүүгийн 201715010013 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 01 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Г.Б

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Ш.Ц

Холбогдсон хэргийн талаар:

Г.Б, Ш.Ц нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Г-ын 1 тооны адууг хулгайлан авч хохирогч Б.Г-т 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ээж, аав 2 Улаанбаатар хот руу үзүүлэх гээд явсан байсан. Би Ш.Ц-ийн барьж ирсэн адууг элбэлцэж хийлцсэн. Ш.Ц тэр өдөр 9 цаг өнгөрөөгөөд морио унаад явсан. Тэгээд хөх цавьдар гүү хөтлөж ирсэн. Ирээд хулгайн адуу байгаа юм. Хоёулаа хийе гэхээр нь би элбэлцэж хийлцсэн. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр адууны махыг борлуулах гэж байгаад баригдсан” гэв.

Шүүгдэгч Ш.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Би тухайн өдрийн орой нь хонь, хургаа хотлуулчхаад морио тавих гэж яваад Б.Г-ын адуунаас 1 морь хөтлөж ирсэн. Хулгай хийхдээ ганцаараа явсан” гэв.

Хохирогч Б.Г мөрдөн байцаалтын шатанд 2017-01-29-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4 дүгээр багийн нутгаас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-нд шилжих шөнө хөх зүсмийн 2 тооны тамгатай хээлтэй гүүг алдсан юм. Би 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр адуугаа бүртгэж гэрийнхээ ойролцоо авчирсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр адуундаа очилгүй өнжсөн. Маргааш өдөр нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн адуугаа тус багийн иргэн Б-ийн урд хавиас адуугаа олж бүртгэж үзтэл хөх зүсмийн хоёр тамгатай 2016 оны сувиарсан энэ онд хээлтэй байсан гүүг алдсан байсан. Би 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр алдсан хөх зүсмийн 2 тооны тамгатай гүүг 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр үнэлэх болно. Иймд би өөрийн алдсан адууныхаа хохирлыг зах зээлийн ханшаар нэхэмжлэх болно...” /хх 46-48/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Г мөрдөн байцаалтын шатанд 2017-02-16-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайхаас алдагдсан адууны үнэлгээг сум орон нутаг үнэлэхдээ 850.000 төгрөгөөр үнэлсэн байна. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Манайхаас адуу хулгайлсан хүмүүсээс хохирлын мөнгө гэж нийт 1.050.000 төгрөг авсан. Үүнд адууны 850.000 төгрөг адуу эрж хайсан болон мэдүүлэг өгсөн зардал болох 200.000 төгрөг орж байгаа. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” /хх 49/ гэсэн мэдүүлэг,

Гэрч У.Б мөрдөн байцаалтын шатанд 2017-01-19-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат З буюу Б над руу утсаар ярьж миний ээж Улаанбаатар хотод хагалгаанд орж байгаа юм. Би өөрийн хүнсэнд хэрэглэж байгаа махнаас зарна гэж хэлээд Улаанбаатар хот оруулж махыг зараад мөнгийг дансаар явуулчих гэсэн. Тэгэхээр би Б-той утсаар холбогдож ярьсаар байгаад гэрт очиж адууны 2 хаа, 1 гуя, 1 нуруу, 1 өвчүү зэргийг өөрийн 22-61 УБӨ улсын дугаартай автомашин дээр ачиж Улаанбаатар хот явж байгаад Булган аймгийн Рашаант сумын цагдаа нарт шалгуулж Б-ийг өгсөн мах хулгайн мах байсан талаар мэдсэн...” / хх 53-54/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.Н мөрдөн байцаалтын шатанд 2017-02-23-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутаг Манлай Тод хүнс барааны захад мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг ажилтай. Энэ үзүүлж буй адууны мах хуучин өнгөн хэсэг нь хатсан мөн харалсан байна. Иймд килограммыг 2400 төгрөгөөр худалдан авах боломжтой байна. Уг махыг хиллэж үзэхэд 127 кг болж 127*2400=304.800 төгрөг болж байна...” / хх 58-59/ гэсэн мэдүүлэг,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол хх 190/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

- Адууны маханд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 12-22, 62-63/,

- Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 30/

- Олс, хутга, мөнгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоолууд /хх 70, 130/

- Яллагдагч Г.Б, Ш.Ц нарын бүлэглэн хулгайлсан адууны хохирлын үнэлгээ, адууны махны үнэлгээ /хх 26, 65/

Шүүгдэгч Г.Б-ийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр сэжигтнээр /хх 83-85/, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаас авсан мэдүүлэг /хх 88-89/, шүүгдэгч Ш.Ц-ийг 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр сэжигтнээр /хх 82-83/, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаас авсан мэдүүлэг /2 дугаар хх 86-87/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 97-98, 105-106/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд тусгайлсан санал гаргаагүй болно.

Иймд шүүгдэгч Г.Б, Ш.Ц нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Г.Б, Ш.Ц нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Б, Ш.Ц нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх байдлуудыг тус тус харгалзан үзэж, тэдэнд шүүх ял оногдуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн олс, хутга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 304.800 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх,

 шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Г.Б-ийн эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний Г-1018004575 дугаартай 423.11мкв хэмжээний газрыг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг, иргэн Б.Г эзэмшлийн 16 настай хүрэн зүсмийн морийг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөгчийн санал бүхий прокурорын шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Б, Ш.Ц нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Б-ийг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ш.Ц-ыг 2 жил 06 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ш.Ц нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ш.Ц нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ш.Ц нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Г.Б, Ш.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Г.Б-ийн эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний Г-1018004575 дугаартай 423.11мкв хэмжээний газрыг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг, иргэн Б.Г эзэмшлийн 16 настай хүрэн зүсмийн морийг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөгчийн санал бүхий прокурорын шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн олс, хутга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Эрүүгийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 304.800 төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б, Ш.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б, Ш.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН