Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 789

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00789

 

 

Д.Г, Ц.Д нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/00353 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Г, Ц.Д нарын хариуцагч НШШГГт холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 993 дугаар шүүгчийн захирамжаар Д.Г, Ц.Д нараас 100.657.950 төгрөгийг гаргуулж П.Энхболдод олгохоор шийдвэрлэсэн. НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Д.Гын өмчлөлийн Ү-2206003244 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 хороо, Нэхмэлийн 10 дугаар байрны 07 тоотын 32,5 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, шинжээч томилон үнэлгээ тогтоож 76.653.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 4/19493 тоот албан бичгээр мэдэгдсэн тул Д.Г 2018 оны 11 сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийг 76.653.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаарх гомдлоо гаргасан. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2018 оны 12 сарын 19-ны өдөр 183/ШЗ2018/14960 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, 2018 оны 12 сарын 20-ны өдөр 3487 тоот албан бичгээр хариуцагч байгууллагад хүргүүлж, 2018 оны 12 сарын 21-ний өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаагаар 53.757.100 төгрөгөөр худалдан борлогдсон тул султган чөлөөлөх тухай мэдэгдлийг 2019 оны 04 сард өгсөн. Бидний зүгээс 183/ШЗ2018/14960 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийн дагуу ажиллагааг түдгэлзсэн байхад ямар учраас үл хөдлөх эд хөрөнгө албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдож, улмаар султган чөлөөлөх ёстой байгаа талаар үл ойлгон гомдол гаргахад 2019 оны 04 сарын 30-ны өдрийн 4/321 дугаар хариу мэдэгдэх хуудсаар шүүгчийн захирамж тус газарт ирээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн хариу өгсөн. Ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн өгсөн хариуг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь, 2018 оны 12 сарын 19-ны өдөр 183/ШЗ2018/14960 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гарч Хан-Уул дүүргийн шүүхийн 993 дугаар шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг иргэний хэргийг хянан шийдвэрлэж дуустал түтгэлзүүлсэн. Захирамжийг шүүхээс 2018 оны 12 сарын 20-ны өдөр 3487 тоот албан бичгээр НШШГГазарт хүргүүлсэн. Гэтэл НШШГГазар орон сууцыг 2018 оны 12 сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдаагаар худалдсан, Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түтгэлзүүлсэнээс хойш 2 хоногийн дараа анхны албадан дудлага худалдааг зохион байгуулсан. Энэхүү хууль зөрчин гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тайлбарлахдаа шүүгчийн захирамж, албан бичиг тус газарт ирээгүй гэж тайлбарладаг. Иймд НШШГГазраас Д.Гын өмчлөлийн Ү-2206003244 дугаарт бүртгэлтэй, ХУДүүрэг, 2-р хороо, нэхмэлийн 10-р байрны 07 тоотын 32,5 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2018 оны 12 сарын 21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаагаар 53.757.100 төгрөгөөр худалдан борлуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 993 дугаар захирамжаар Д.Г, Ц.Д нараас 100.657.950 төгрөгийг гаргуулж П.Энхболдод олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 18290845 дугаар тогтоолоор үүсгэн, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч Д.Гын өмчлөлийн эрхийн улсын Ү-2206003244 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 10 дугаар байрны 07 тоотод байрлах орон сууцыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 18290845 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 18290845/01 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Д.Г, Ц.Д нарт үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/17886 дүгээр албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу Сэлэнгэ эстимэйт ХХК-г шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 74.653.000 төгрөгөөр үнэлснийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4/664 дүгээр албан бичгүүдээр мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр оруулах тухай мэдэгдлийг, тогтоолын хамт 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4/664 дүгээр албан бичгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Андууд 14/1-4 тоот хаягаар төлбөр төлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч Д.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүхээс дээрх нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус газраас 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан анхын албадан дуудлага худалдаагаар Д.Гын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Нэхмэлийн 10 дугаар байрны 07 тоот орон сууц нь 53.757.100 төгрөгөөр худалдан борлогдсон. Тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 14960 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлүүлэх тухай шүүгчийн захирамжийг мэдэгдээгүй, НШШГГ хүлээн аваагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.Гын өмчлөлийн Ү-2206003244 дугаартай Хан-Уул дүүргийн 2-р хороо, Нэхмэлийн 10-р байрны 07 тоотын 32.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2018 оны 12 сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар 53.757.100 төгрөгөөр худалдан борлуулсан хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Тус иргэний хэрэгт холбогдох хавтаст хэргийн материалд байгаа нотлох баримтаас харвал хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Д.Гад холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу хийж гүйцэтгэж байсан болох нь харагдаж байгаа тул тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Г, Ц.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна гэж заасан. Гэтэл шүүгчийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 14960 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гарсан байхад уг захирамжийг тус шүүхийн 2018.12.20-ны өдрийн 3487 тоот албан бичгээр хариуцагч байгууллагад хүргүүлсэн боловч шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж бүртгэх бүртгэлийн дэвтэрт хийсэн үзлэгээр 3487 дугаартай албан бичиг уг бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй, тус шүүхийн тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 116 дугаар албан бичигт 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3487 дугаартай албан бичгийг хариуцагч байгууллагад хүргүүлсэн талаар бүртгэлийн дэвтэрт бүртгэлийн дэвтэрт бүртгүүлээгүй талаар дурдсан байна гэж дүгнэсэн. Шүүх хариуцагч тал захирамжийг хүлээн аваагүй гэх нөхцөл байдлыг хэт нэг талыг барьж үнэлэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байх, хэвээр үйлчлэх хуулийг анхаарч үзэлгүй, хуульд заасан зүйл заалтыг буруу тайлбарлан шийдвэрлэсэн. Түүнчлэн шүүгчийн захирамж гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэх үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт хуульчилсан хуулийг шийдвэр гүйцэтгэх газар бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй, хүлээн аваагүй гэх үндэслэлээр биелүүлэхгүй байх эрх байхгүй. Мөн үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 12 сарын 21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг буруу дүгнэж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Д.Г, Ц.Д нар нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00993 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Г, Ц.Д нар нь 100 000 000 төгрөгийг П.Энхболдод 2018 оны 8 дугаар сарын 01-ний дотор төлөхийг зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-ийн 48-р тал/ Уг шийдвэрийг албадан биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн хураагдсан Д.Гын орон сууцыг шинжээч 74 653 000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Гын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Нэхмэлийн 10-р байр, 07 тоот, 32,5 мкв талбай бүхий, 3 өрөө орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 183/ШЗ2018/14960 дугаар захирамж, шүүхийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 3487 тоот албан бичиг зэргээр нотлогдсон. /хх-ийн 12, 13-р тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Хариуцагч НШШГГ нь дээрх орон сууцыг 2018 оны 12 сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар 53 757 100 төгрөгөөр худалдан борлуулсан байна. Хариуцагч нь өөрийн татгалзалдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай шүүгчийн захирамж тус байгууллагад ирээгүй, бид мэдээгүй гэж тайлбарладаг боловч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, уг хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хариуцагчаар оролцож байгаа тохиолдолд тухайн захирамжийг шүүхээс хүргэсэн эсэхээс үл хамааран хариуцагч энэ захирамжийг мэдэх боломжтой байсан гэж үзнэ.

Төлбөр төлөгч нар нь орон сууцыг худалдан борлуулсан албадан дуудлага худалдааг хууль бус болсон гэх гомдлоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт гаргасныг тухайн албан тушаалтнууд шийдвэрлэж, хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар 2019 оны 4 дүгээр сарын 30-ны 4/321 тоот, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4/1094 тоот албан бичгээр тус тус мэдэгджээ./хх-9, 119/

Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг оновчтой зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт Энэ хуулийн 55.7, 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2-т заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн дээрх зохицуулалтад заасан эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ, эд хөрөнгийн битүүмжлэлийг чөлөөлүүлэх гэсэн 2 төрлийн алинд ч хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох шаардлага нь хуулиар тогтоож харьяалуулсан шүүхээр хэлэлцвэл зохих шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлын хүрээнд шууд хамаарахгүй учир энэ үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль хэрэглээний хувьд зөв юм.

Иймд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардсан байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай шаардлага шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт заасныг зөрчжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх боловч хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны энэхүү зөрчил нь хэргийн шийдэлд нөлөөлөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болно.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад учирсан хохирлоо Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дах хэсэгт зааснаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/00353 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай Д.Г, Ц.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Б.НАРМАНДАХ