| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2017/0215/З |
| Дугаар | 221/МА2017/0790 |
| Огноо | 2017-11-09 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2017/0790
Н.Б-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Д.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0603 дугаар шийдвэртэй, Н.Б-гийн нэхэмжлэлтэй, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0603 дугаар шийдвэрээр: “Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.7, 24.1.8, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-гийн гаргасан “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2 дугаар хуралдаанаас гарсан “хамгийн өндөр оноо авсан 3 нэр дэвшигчийг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах” шийдвэрийг хүчингүй болгуулах, Л.Н-ыг ерөнхий захирлаар томилсон Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг хуульд заасны дагуу дахин явуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.Б давж заалдах гомдолдоо: “...Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.6-д “Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогсдоос ажлын хэсэг 2-оос доошгүй нэр дэвшигчийг шалгаруулж, Үндэсний зөвлөлийн хэлэлцүүлэгт оролцуулна” гэж заасан нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.8-д “олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирлыг энэ хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах замаар томилж болно” гэж заасантай зөрчилддөг юм.
Тодруулбал, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг томилж, чөлөөлөх нь Үндэсний зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах ба ингэхдээ сонгон шалгаруулалтын журмаар хэрэгжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд ч мөн адил сонгон шалгаруулалтын замаар сонгон томилох эрх нь зөвхөн Үндэсний зөвлөлд хадгалагдаж байгаа болно.
Гэтэл Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолын 2 дахь хэсгээр ажлын хэсгийг байгуулсан байх бөгөөд энэхүү ажлын хэсэг нь маргаан бүхий журмын дагуу 9 нэр дэвшигчдээс 3 нэр дэвшигчийг сонгон Үндэсний зөвлөлд танилцуулж, хуулиар тусгайлан олгосон Үндэсний зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэн 6 нэр дэвшигчийн эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан. Хэдийгээр ажлын хэсэг нь журмаар олгогдсон эрхийн хүрээнд шийдвэрлэсэн гэх боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хамтын удирдлагатай захиргааны байгууллагын шийдвэрийг нэг гишүүн дангаар, цөөнхөөр, эсхүл эрх олгогдоогүй этгээд гаргахгүй” гэж зааснаар Үндэсний зөвлөлийг төлөөлөхгүй бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж заасан ба Захиргааны ерөнхий хууль болон Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд дээрх бүрэн эрхийг бусад этгээдэд шилжүүлэх эрхийг мөн олгоогүй тул хариуцагч байгууллага “МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам”-д дээрх зохицуулалтыг оруулсан нь буруу болсон.
2. “МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам” нь хэм хэмжээний акт болох тухайд: Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.7-д зааснаар журам батлах эрхийг олгосон байдаг ба уг журам нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хэм хэмжээний актын шинжийг бүрэн агуулсан байдаг.
Тухайлбал, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Олон нийтийн радио, телевиз энэ хуулийн дагуу байгуулагдаж, гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д тус тус зааснаар нийтийн эрх зүйн захиргааны байгууллага мөн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх”, маргаан бүхий журмын 1 дүгээр зүйлийн 1.3-д “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд Монгол Улсын иргэн нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрхтэй. Ерөнхий захиралд аль нэг байгууллага, хамт олон, хэсэг бүлгээс нэр дэвшүүлэхгүй” гэсэн нь гадагш чиглэсэн болохыг илтгэнэ. Улмаар нэр дэвшин өрсөлдөж буй иргэн бүр Ерөнхий захирал болохын тулд уг журамд заасны дагуу материалыг бүрдүүлж холбогдох хугацааг нь баримтлах ёстой тул заавал биелүүлэх шинжийг агуулах ба Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах бүрт хэрэглэгдэх нь байнга үйлчлэх шинжийг илтгэнэ.
Тиймээс уг журамд Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлага, 65 дугаар зүйлд заасан бүртгэх ажиллагаа, 67 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр болох нөхцөлүүд мөн адил үйлчлэх ёстой билээ.
Анхан шатны шүүх харин яагаад хэм хэмжээний актын шинжийг агуулахгүй байгаа талаар тодорхойгүй үлдээснээс гадна нэхэмжлэгчийг “журамтай нь бүхэлд нь маргаагүй” гэж буруутгасан байх бөгөөд журмын зарим хэсэг нь хууль зөрчсөн байх нь түүнийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Ийнхүү дээрх байдлаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0603 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Н.Б нь шүүхэд “МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах тухай журам”-ын 5.4 дэх хэсэгт “Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогсдын материалыг Үндэсний зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг энэхүү журмын дагуу судалж, дүгнэж, санал дүгнэлтээ Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулна”, 5.6 дахь хэсэгт “Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогсдоос ажлын хэсэг 2-оос доошгүй нэр дэвшигчийг шалгаруулж, Үндэсний зөвлөлийн хэлэлцүүлэгт оролцуулна” гэсэн заалт нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар 3 жилийн хугацаагаар томилно” гэж заасантай нийцэхгүй байна гэж маргажээ.
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.7-д “олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, томилох журмыг батлах”, 24.1.8-д “олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг энэ хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах эрхтэй” гэж заасан бүрэн эрхийн хүрээд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл нь Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журмыг баталсан байна.
Тус журмын 5 дугаар зүйлийн 5.1-д “МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журмыг сонгон шалгаруулалт явуулахаас өмнө ажлын 7 хоногийн өмнө нийтэд нээлттэй ил тод зарлана”, 5.3-д “Материалыг сонгон шалгаруулалт зарласнаас хойш ажлын 7 хоногийн дотор хүлээн авна. Хүлээн авах хугацаа мөн өдрийн ажлын цаг буюу 18:00 цагаар тасалбар болно” гэж заасны дагуу Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвшигчдийн материалыг ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэл хүлээн авч, сонгон шалгаруулалтыг явуулсан байх бөгөөд ажлын хэсгээс хамгийн өндөр оноо авсан 3 нэр дэвшигчдийг Үндэсний зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэсэн нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасныг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.
Тодруулбал, хэрэгт авагдсан Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдааны протокол, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн нэгдсэн дүн, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг сонгох сонгуулийн тооллогын комиссын хуралдааны 2 дугаар тогтоол, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 06 дугаар тогтоол зэрэг баримтаар Үндэсний зөвлөл нь Ерөнхий захиралд нэр дэвшигчдээс ажлын хэсгийн баталсан шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан 3 хүнийг хэлэлцэж, гишүүдийн нууц санал хураалтаар олонхийн санал авсан Л.Н-ыг томилсон болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийн баталсан шалгаруулалтын нэгдсэн дүнгээр хамгийн өндөр оноо авсан 3 хүнээс Үндэсний зөвлөл нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан өөрийн эрхийнхээ хүрээнд нийт гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар гуравдагч этгээд Л.Нинжамцыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлын албан тушаалд томилсон ба “МҮОРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.4, 5.6 дахь заалт нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Энэ талаар анхан шатны шүүх “МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгээс сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Л.Н, Б.Цовдондорж, Б.Ундраа нарыг Үндэсний зөвлөлд танилцуулж, Ерөнхий захирлыг сонгох тооллогын комиссын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2 дугаар тогтоолоор Үндэсний зөвлөлийн олонхийн санал авсан Л.Н-ыг ...Ерөнхий захирлаар томилсон нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2-т тус тус заасантай нийцсэн ...” гэж хуулийг зөв тайлбарлан дүгнэлт хийжээ.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам”-ыг хүлээн зөвшөөрч сонгон шалгаруулалтад орсон бөгөөд тухайн үед нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон тус журмын 5.6 дахь заалттай маргаагүй ба хожим сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн нэгдсэн дүн гарсны дараа уг заалтыг хүчингүй болгуулахаар маргаж байгааг хүлээн авах боломжгүй юм.
Мөн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...уг журам нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хэм хэмжээний актын шинжийг бүрэн агуулсан. ...Тиймээс уг журамд Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлага, 65 дугаар зүйлд заасан бүртгэх ажиллагаа, 67 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр болох нөхцөлүүд мөн адил үйлчлэх ёстой” гэж дурдсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” хэмээн заажээ.
“МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.1-д “МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигчийг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.7, 31 дүгээр зүйлийн 31.3 заалт...-г үндэслэн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмын зорилго оршино” гэж зааснаар тус журам болон маргаан бүхий 5.6 дахь заалт нь Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн удирдлага, зохион байгуулалтыг тогтооход чиглэсэн төдийгүй Ерөнхий захирлын албан тушаалд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцож буй иргэдэд чиглэсэн, үйлчлэл нь байнга дахин давтагдах шинжийг агуулахгүй байх тул захиргааны хэм хэмжээний акт гэж үзэх боломжгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА