Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2017/0888/З |
Дугаар | 346 |
Огноо | 2018-09-26 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 346
О.О-гийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин,
аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын
яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын
газрын даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Л.Атарцэцэг
Шүүгчид: Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай,
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын О.Од олгосон 2014/31 дугаартай газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгуулах тухай.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0256 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0375 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0256 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан О.Огийн “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээд О.Эрдэнэсайханы “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас О.Од олгосон 2014/31 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” гэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад холбогдуулан гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалын О.Эрдэнэсайханд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0375 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0256 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь зөрчигдсөн гэж үзэж байгаа эрхээ өөрөө тодорхойлж хуулийн үндэслэлийг заах үүрэгтэй ба түүний дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээрх шүүх хэргийг хянан шийдвэрлэх байтал “нэхэмжлэгчийн үндэслэлийг тодруулах” гэсэн байдлаар нэг талыг барьж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгчийн эрх дуусгавар болсон тул ямар хууль ёсны эрх хэрхэн зөрчигдөж байгаа нь тодорхойгүй” гэж зөв дүгнэсэн боловч “газар ашиглах эрхийг сунгасан тухай тодруулах, ашиглах эрхтэй эсэх тухай нотлох баримтыг цуглуулах, дүгнэх шаардлагатай” гэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Байгаль орчны сайдын 2007 оны 116 дугаар тушаалаар Зайсангийн аманд 5 га газрыг ашиглах эрхтэй болж, 5 жилийн хугацаатай гэрчилгээ авсан, 2008 оны 160 дугаар тушаалаар 2.5 га газрыг 5 жилийн хугацаатай олгосон, үүний дагуу Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас О.Од 7.5 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар газар ашиглах 678 тоот гэрчилгээг өгсний дагуу газар ашиглах эрхийн хугацаа 2013 онд дуусгавар болсон байна.
4. Нэхэмжлэгчээс Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу хүсэлт гаргасан тухай баримт байхгүй, үүнийг өөрөө шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд түүний газар ашиглах эрх нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу дуусгавар болсон ба хэрэгт авагдсан нотлох баримтууд, хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр, дүүргийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “О.О-тэй газар ашиглах гуравласан гэрээ байгуулахгүй” гэсэн хариу өгсөн байдаг ба эдгээр шийдвэрүүдтэй нэхэмжлэгч маргаагүй, газрын төлбөрийг 2014 оноос хойш төлөөгүй, нэхэмжлэгч нь тухайн газарт газар ашиглах эрх дуусгавар болсон гэдгээ мэдэж байсан, хүлээн зөвшөөрсөн зэргээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын гаргасан тайлбар, шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь тодорхой болсон байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хариуцагчаас нотлох баримт гаргуулах, бичиг баримтад үзлэг хийх зэргээр энэ талаарх нотлох баримтыг хангалттай цуглуулсан, нэхэмжлэгчээс энэ тухай нотлох баримтыг гаргаж өгөөгүй, гаргуулах хүсэлт гаргаагүй, сунгасан тухай шийдвэр байгаа гэж маргаагүй болно.
5. Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд О.Э-д газар эзэмших эрх хэрхэн үүссэн болох талаарх баримтыг тодруулах шаардлагатай гэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс “...илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба ингэхдээ бусдын ашиглах эрхтэй газрыг олгосон гэж маргасан тул “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай адилаар хууль зөрчсөн эсэхийг тодруулах шаардлагагүй бөгөөд захиргааны акт илт хууль бус байх хуульд заасан тодорхой нөхцөлүүдийн хүрээгээр хязгаарлагдана гэж үзэж байна. Гуравдагч этгээдээс бие даасан шаардлагын үндэслэлээ “Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын тушаалгүйгээр газар ашиглах гэрчилгээ олгох хуулийн үндэслэлгүй” гэж тайлбарласан ба 2014/31 дугаартай гэрчилгээг гаргасан этгээд нь шүүх хуралдаанд гэрчээр асуугдан ямар нэгэн тушаал байхгүй талаар мэдүүлсэн, хариуцагч нар үүнийг хүлээн зөвшөөрсөн.
6. Нэхэмжлэгч О.Огийн ашиглаж байсан 7.5 га газраас 2.5 га-г “Эс девелопмент” ХХК-д шилжүүлж, үлдэх 5 га-д Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргаас 2014/31 гэрчилгээгээр 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг өгсөн гэжээ. Газрын хэмжээг багасгасан боловч дахин 5 жилийн хугацаатайгаар олгох эрх Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргад хуулиар олгогдоогүй ба өөрт үлдсэн газраа ашиглах эрх нь анх олгогдсоноос хойш үлдсэн хугацаандаа байх ёстой юм. Мөн уг гэрчилгээнд 5 тусдаа газарт газар ашиглах эрх шинээр бий болгож байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж заасантай нийцээгүй ба сайдын тушаалаар олгогдох ёстой байна. Иймд, дээрх байдлаар хууль буруу тайлбарлан хэрэглэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэснээс маргааны үйл баримтад холбогдох дүгнэлт хийх боломжгүй гэж үзэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
8. Нэхэмжлэгч О.О нь “...миний ашиглаж буй гэрчилгээтэй газрыг давхардуулан ашиглуулсан” гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /тухайн үеийн нэрээр/-ын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/443 дугаар тушаалын О.Эрдэнэсайханд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, гуравдагч этгээд О.Эрдэнэсайхан нь “...сайдын тушаалгүйгээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон” гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад холбогдуулан О.Од олгосон 2014/31 дугаартай газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргажээ.
9. О.Од анх 5 га газрыг 5 жилийн хугацаагаар Байгаль орчны сайдын 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаар тушаалаар, дараа нь нэмж 2.5 га газрыг 5 жилийн хугацаагаар мөн сайдын 2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 160 дугаар тушаалаар тус тус олгосон, мөн 2.5 га газрыг “Эс девелопмент” ХХК-д шилжүүлснийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн А-293 дугаар тушаалаар шийдвэрлэсэн, эдгээр шийдвэрүүдийн дагуу Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 5 га газар ашиглах эрхийн 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 392 дугаар гэрчилгээг 5 жилийн хугацаагаар, 7.5 га газар ашиглах эрхийн 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээг 5 жилийн хугацаагаар, 5 га газар ашиглах эрхийн 2011 оны 12 дугаар сарны 30-ны өдрийн 2011/83 дугаар гэрчилгээг 5 жилийн хугацаагаар тус тус олгосон байх ба дахин олгосон 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2014/31 дугаар гэрчилгээний хавсралтад уг гэрчилгээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусахыг тэмдэглэгдсэн байна.
10. Шүүхэд О.О 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан, дээрх байдлаас үзвэл түүний нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаарх баримтыг шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй, энэ үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0375 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ