Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/00909

 

                М.Суурьбатын нэхэмжлэлтэй   

               иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 133 дугаар шийдвэр,

 Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар магадлалтай,

           М.Суурьбатын нэхэмжлэлтэй,

            Р.Чинзориг, Т.Энхтөр нарт холбогдох          

            Гэм хорын хохиролд 20.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн     

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагч Р.Чинзоригийн өмгөөлөгч М.Гансүх, хариуцагч Т.Энхтөрийн өмгөөлөгч Г.Амартүвшин, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Хариуцагч Р.Чинзориг, Т.Энхтөр нар нь хамтран санаа зорилготойгоор гүүгээ манай адууны жүчээ буюу адууны байшинд аваачиж тавьсан буруутай гэдэг нь хэргийн баримтаас тодорхой харагдаж байна. Цагдаагийн байгууллагад өгч байсан эдгээр хүмүүсийн мэдүүлэг, шүүхийн байгууллагад өгч байгаа тайлбарууд нь хоорондоо эрс зөрүүтэй байгаа бөгөөд энэ нь өөрсдөө хариуцлагаас зайлсхийх гэсэн боловч чадалгүй буруутай гэдгээ харуулсан явдал. Энэ хоёр хүн миний адууны жүчээнд зөвшөөрөлгүйгээр хулгайгаар гүүгээ авчирч тавьсан нь тухайн үед миний адууг маллан хариуцаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлгүүдээр тодорхой харагдаж байгаа бөгөөд тус гэрчүүд миний араб азаргыг Р.Чинзоригийн гүү өшиглөж хөлийг нь хугалсныг харсан гэдгээ мэдүүлсэн байна. Мөн цагдаагийн газрын шалгалт, прокурорын тогтоолд заахдаа Р.Чинзориг нь буруутай үйлдэл хийсэн гэдэг нь тогтоогдсон гэж заасан байгаа. Энэ дурдсан нотлох баримтууд байгаа учир буруутай үйлдэл хийсэн Р.Чинзориг, Т.Энхтөр хоёроос хохирлыг гаргуулж өгнө үү. Адууны жүчээ гэдэг бол битүү байшин бөгөөд гадуураа төмөр хашаатай байдаг юм. Ямар нэгэн адуу мал өөрөө нэвтрээд орох ямар ч боломжгүй. Тэгээд байнгын хүн харж маллаж байгаа учир адуу гаднаас өөрөө орох нөхцөлгүй. Р.Чинзориг, Т.Энхтөр нар нь үгсэн тохиролцож ашиг хонжоо олох зорилгоор намайг бие муу эмнэлэгт Улаанбаатар хотод эмчлүүлж байх үеийг тааруулан гүүгээ авчирч манай адууны жүчээнд оруулсан байдаг юм. Ийнхүү оруулахдаа худлаа яриад гүүгээ жүчээнд оруулсан байдаг. Энэ хоёр хүн ямар учраас гүүгээ манай адууны жүчээнд хулгайгаар оруулаад байгаагийн учир нь шунахай зорилго, ашиг хонжоо байгаа юм. Тэд гүүгээ миний эзэмшлийн араб азарганд хээлтүүлэх гэсэн зорилготой байсан. Араб азарганы унага өөрөө хурдтай, хурдан байдаг тул их өндөр үнэтэй зарагддаг. Араб адуу бүгд хурдны удамтай бүгд уралдааны морь байдаг учраас эдгээр хүмүүс араб азарганы үр төлтэй болох зорилгыг агуулсан байдаг. Араб адууны үр төл өсөж том болоод хурдан морины уралдаанд маш сайн уралддаг. Морины уралдаанд түрүүлсэн араб адуу түрүү морины бай шагнал авдаг бөгөөд хурдан морь сонирхогч уяач нар араб адууг их өндөр үнэтэй худалдаж авдаг билээ. Ийм болохоор Р.Чинзориг, Т.Энхтөр нар араб адууны үр төлтэй болох ашиг сонирхлын зорилгоор хулгайгаар манай адууны жүчээнд гүүгээ тавьсан буруутай үйлдлээс болж тэдний гүү манай араб азаргыг өшиглөж хөлийг нь хугалсны улмаас азарга халуурсан. Би азаргыг эмчид үзүүлж шаардлагатай эмчилгээ хийлгэсэн боловч халууныг даагаагүй. Энэ хоёр хүний буруугаас болж надад их хохирол учирсан. Өндөр үнээр худалдаж авсан араб адуугаар хохироод зогсохгүй өөрийн гүүнүүддээ араб азарганыхаа үр төлийг үлдээж чадаагүй хохирч байна. Би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд ирэхэд өөр гүү орж ирсэн байсныг хараад хэний эзэмшлийн гүү болохыг асууж мэдээд энэ гүүгээ одоо ирж ав, би адуунуудаа Зүүнбүрэн сум руу авч явах гэж байна гэж Р.Чинзориг, Т.Энхтөр хоёртой ярихад намайг Улаанбаатар хотоос ирснийг тэр хоёр мэдээд сандран хоорондоо бие бие рүүгээ буруугаа тохож худлаа яриад гүүгээ ирж аваагүй. Эдгээр нөхцөл байдлуудыг анхааран үзэж буруутай үйлдэл хийсэн Р.Чинзориг, Т.Энхтөр хоёроос надад учруулсан хохирлыг барагдуулж өгөхийг хүсье.” гэжээ.

           Хариуцагч Р.Чинзоригийн гаргасан хариу тайлбарт: “Би анх 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Т.Энхтөрийн орос жороо азарганд гүүгээ гишгүүлэхээр тохирч машинаар гүүгээ авчирч Т.Энхтөрийн адуунд орхисон. Би гүүгээ Т.Энхтөрийн азарганд нь тавъя гэж Т.Энхтөрөөс 2 жил гаруй гуйж байж зөвшөөрүүлсэн юм. Тэгээд Д.Энхтөрийн адуунд унагатай гүүгээ өгөхдөө 2 шуудай будаа нэг сав хивэгтэй өгсөн. Би уг будаагаа гэрийнх нь гадаа буулгаад байж байхад Т.Энхтөр надад чамд тэжээл байхгүй бол миний хашаанаас овъёос, будаа ав гэж хэлсэн. Тэгээд би будаа авах гээд очтол миний адуу Д.Энхтөрийн хашааны гадаа буюу М.Суурьбатын хашаа руу орсон байсан. Тэр үед хашааны гадаа Б.Бадамсамба, Т.Энхтөр мөн мал малладаг хүмүүс байсан. Тэгээд би явахдаа Т.Энхтөрд миний адуу танай хашаа руу орсон байна та нар харсан биз дээ гээд яваад өгсөн. Би унагатай гүүгээ орхичхоод наадмын дараа ирж авахаар тохиролцсон байсан. Түүнээс хойш би ирээгүй. 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр М.Суурьбат над руу утасдаж чиний саарал гүү миний араб азарганы хөлийг өшиглөж хугалснаас болж үхчихлээ гэдгийг хэлсэн. Тэгэхээр нь гүүгээ чиний адуунд тавиагүй, Т.Энхтөрийн адуунд тавьсан гэдгээ хэлсэн. 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Зүүнбүрэнгийн наадам дээр М.Суурьбатын намайг сураглаад явж байсан гэх боловч надтай уулзаагүй. Би тухайн үед миний бор саарал гүү Т.Энхтөрийн адуунд байгаа л гэж бодож явснаас М.Суурьбатын адуутай хамт явсан талаар мэдэхгүй. Цагдаа дээр дуудагдаж шалгахад л мэдсэн. Түүнээс биш би Т.Энхтөрийн орос жороо азарганд гүүгээ гишгүүлэх гэж л Т.Энхтөрийн адуунд унагатай гүүгээ орхиод явсан. Харин Т.Энхтөрийн адуутай хамт М.Суурьбатын адуу байсныг үгүйсгэхгүй. Тэгээд ч М.Суурьбатын араб азарга нь жүчээнд бүргэд хаалгатай, цоожтой байдаг юм байна лээ. М.Суурьбатын миний гүүг өөрийн адуутай хамт Мангирт луу аваад явсныг мэдээгүй. Тухайн үед хэний гүү өшиглөснийг мэдэхгүй. Тийм учраас би нэхэмжилж байгаа 20.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

            Хариуцагч Т.Энхтөрийн гаргасан хариу тайлбарт: “Миний хувьд энэ хэрэгт өөрийгөө хамааралгүй гэж бодож байна. Би М.Суурьбаттай найз гэдэг нь үнэн. Анх М.Суурьбат над дээр ирээд Г.Бямбаа ахаас араб азарга худалдаж авлаа. Танай хашааны ойролцоо би жүчээ барих гэсэн юм гэхээр нь би ч хүлээн зөвшөөрөөд хаяа ойрхон юм чинь харж хандаж байя гэж хэлсэн. Би өмнө нь М.Суурьбатын азаргыг наадамд уралдуулахаар уяж байсан. Би Зүүнбүрэнгийн наадамд өөрийн болон М.Суурьбатын азаргануудыг уралдуулахад азаргаа худалдаж авсан ашгийг нь гаргасан мөн цолонд оруулж байсан. Р.Чинзоригийн хувьд надаас манай адуунд унагатай гүүндээ азарга тавъя гэхэд нь би тэгээ гэж хэлсэн. Миний азарганууд үрээ азарганууд байдаг. Тэгээд Р.Чинзориг Дархан явахаар боллоо гээд унагатай гүүгээ орхиод явсан. М.Суурьбатын азарга бол жүчээнд байдаг. Би Б.Бадамсамбатай хамт М.Суурьбатын эзгүй үед нь азаргануудынх нь хоол ундыг өгөөд тусалж байсан. Би М.Суурьбатын морийг уяж, сойдог учраас бид хоёр өдөр болгон байнга л хамт байдаг. Хүү нь манайд байдаг. Би хүүд нь малын талаар өөрийн мэдэх зүйлээ зааж өгөөд л байж байдаг байсан. 2015 оны 06 дугаар сарын эхээр Р.Чинзориг машинтай ирээд хүрэн унагатай бор гүүг манай азарганд тавихаар орхиод явсан. Р.Чинзориг манай азарганд гүүгээ тавья гэж надаас 2-3 жилийн өмнө хэлж байсан. М.Сууоьбат хот руу эмчилгээнд явж ирээд адуугаа Мангирт луу авч явахдаа Р.Чинзоригийн бор унагатай гүүг аваад явсан байсан. Тухайн үед би морио уяад голын цаана адуугаа аваад гарсан байсан учраас Р.Чинзоригийн гүү, унагатайгаа үлдэж М.Суурьбатын адуутай бүгд нийлсэн байсан. М.Суурьбат явахдаа Р.Чинзоригийн гүүг унагатай авч явсан талаараа надад хэлээгүй, би авч явсныг нь тухайн үед мэдээгүй 1-2 хоногийн дараа чи яагаад Р.Чинзоригийн гүүг аваад явсан юм бэ гэхэд М.Суурьбат байж л байг гэснээс өөр зүйл яриагүй. Яагаад М.Суурьбат надад Р.Чинзоригийн гүүг орхиод явъя гэхэд хүлээн зөвшөөрөөгүй гэж яриад байгааг ойлгохгүй байна. Р.Чинзориг өөрийн гүүг манай адуунд тавьснаас хойш манайд ирээгүй бөгөөд өөрийн гүүг М.Суурьбатын адуунд цуг байсныг ч мэдээгүй юм. Р.Чинзориг бид хоёр нийлж М.Суурьбатын араб азарганд Р.Чинзоригийн гүүг ерөөсөө тавиагүй. Тэгээд ч би хүний азарганд гүү тавих нь битгий хэл өөрийхөө азарганд ч гүү тавьж чадахгүй байсан. Алтанбулаг сумын наадам болох өдөр л М.Суурьбат над руу утасдаж Р.Чинзоригийн гүү араб азаргыг өшиглөж хөл нь хугарсан талаар хэлсэн. Тухайн үед хаана, ямар байдлаар, ямар учраас хөл нь хугарсан талаар хэлээгүй. Сүүлд л Р.Чинзоригийн гүү М.Суурьбатын азаргыг өшиглөж хөлийг нь хугалснаас болж үхсэн гэдгийг л сонссон. Түүнээс биш гүү, азарга өшиглөж байхад би хажууд нь байгаагүй ямар учраас яаж байгаад гүү өшиглөсөн талаар мэдэхгүй. Би энэ хэрэгт хамааралгүй учраас энэ нэхэмжилсэн 20.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

          Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 133 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.2-т тус тус зааснаар М.Суурьбатын нэхэмжлэлтэй Р.Чинзориг, Т.Энхтөр нарт холбогдох “гэм хор учруулсны хохирол 20.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон 1 хуудас баримтыг нотлох баримтаас хасч тооцон шийдвэрлэжээ.

           Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч М.Суурьбатын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонтой санал нийлэхгүй байгаа болно. Давж заалдах шатны шүүх шаардлагадаа гэрч Г.Батзоригийн “ ... Т.Энхтөр ах орой адуу услаад байж байхад портер машинтай хүнтэй цуг ирээд эзэнд нь хэлсэн гээд унагатай бор гүү адуунд нийлүүлсэн, н.Бадамсамба ахад Т.Энхтөр ах нэг хүнтэй ирээд унагатай бор гүү тавиад гэдгийг тухайн үед нь хэлсэн...” гэсэн мэдүүлгүүд нь Р.Чинзоригийн бор гүү М.Суурьбатын араб азаргыг өшиглөж гэмтээсэн болохыг нотолж чадаагүй байна, гэж шүүх үзжээ. Гэтэл азарга хөлөө хугалахыг тухайн үед адууг минь маллаж байсан Б.Ганзориг харсан бөгөөд түүний мэдүүлгийг авч хэлэлцээгүй байна. Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.2-т “гэрийн тэжээвэр амьтан, эсхүл мэргэжлийн үйл ажиллагааны зүйл болдог бусад амьтны үйлдлээс бусдад гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй бол тэрээр гэм хорыг хариуцахгүй" гэж заасан ба бор гүүний өмчлөгч Р.Чинзориг нь Т.Энхтөрийн өмчлөлийн азаргатай нийлүүлэх хүсэл зоригийн дагуу Т.Энхтөрийн эзэмшилд гүүгээ орхиж явсан, Т.Энхтөрийн эзэмшилд байсан гүүг М.Суурьбат нь түүнд хэлж мэдэгдэлгүй асууж тодруулалгүйгээр өөрийн адуутайгаа авч явсан нь тогтоогдсон байх тул Р.Чинзориг, Т.Энхтөр нар хуульд зааснаар гэм хорыг хариуцах үндэслэлгүй гэжээ. М.Суурьбат би Зүүнбүрэн рүү адуугаа тууж явахдаа бор гүүг Т.Энхтөрийнд үлдээхээр очсон боловч Т.Энхтөр “наад гүүг      чинь би чиний адуунд тавиагүй болохоор надад хамаагүй” гээд авч үлдээгүй болно. Энэ тухай иргэн Б.Ганзориг мэдүүлэгтээ дурдсан болно. Уг бор гүүг Р.Чинзориг, Т.Энхтөр нар нь тэр үед авч үлдээгүйгээр барахгүй өвлийн 11 сар хүртэл манай адуунаас аваагүй, нэг ч удаа асууж сураглаагүй бөгөөд би өөрөө Найрамдал суманд нь аваачиж өгсөн болно. Р.Чинзориг, Т.Энхтөр нар бор гүүний өмчлөгч, эзэмшигч мөн боловч М.Суурьбат гүүг өөрийн эзэмшилдээ байлгаж байх цаг үед уг үйл явдал болсон, мөн азарганы хөл хугарсан нь гүү өшиглөснөөс болсон уу эсвэл үгүй юу? гэдгийг бүрэн гүйцэд тогтоогдсон гэж үзэхгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг нь зөвхөн нэхэмжлэгчид байдаг болно гэжээ. М.Суурьбат би анхнаасаа өөрийн эзэмшилдээ бор гүүг байлгах санаа бодолгүй байсан бөгөөд Р.Чинзориг, Т.Энхтөр нар үгсэн хуйвалдаж манай адуунд зориудаар байлгаж байснаас гадна азарганы хөлийг “адуунд өшиглүүлж хугарсан” гэдгийг цагдаа, прокурорын дүгнэлт нотолж байгаа болно. Иймд миний гомдлыг барагдуулж үнэн шударгаар шүүж өгөхийг хүсье.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгч М.Суурьбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч М.Суурьбат нь хариуцагч Р.Чинзориг, Т.Энхтөр нарт холбогдуулан тэдний буруутай үйлдлийн улмаас түүний араб үүлдрийн азарга үхсэн гэж хохирол  20.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч М.Суурьбатын бусдаас 20.000.000 төгрөгөөр худалдаж авсан “ЭНАП” цэвэр цусны араб азарганы хөл 2015 оны 06 дугаар сард хугарч гэмтсэнээс 3 хоногийн дараа үхсэн байна. Р.Чинзориг нь өөрийн бор гүүг унагатай нь хамт Т.Энхтөртэй харилцан түүний адуунд тавихаар 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүргэж өгсөн. М.Суурьбат 2015 оны 06 дугаар сард Мангирт гэх газар руу өөрийн адуугаа авч явахдаа Р.Чинзоригийн унагатай бор гүүг хамт авч явсан үйл баримт нь зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.       

Харин гэрч Б.Бадамсамба, Б.Мөнхтөр, Г.Батзориг нарын мэдүүлгээр хариуцагч Р.Чинзоригийн бор гүү нэхэмжлэгч М.Суурьбатын араб азаргыг өшиглөж, гэмтээснийг нотолж чадаагүй байх тул  анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагч Р.Чинзоригийн гүү өшиглөснөөс нэхэмжлэгчийн өмчлөлийн араб азарганы хөл хугарсан, хариуцагч нар ашиг олох зорилгоор унагатай гүүгээ нэхэмжлэгчийн азарганд тавьсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.2-т “гэрийн тэжээвэр амьтан, эсхүл мэргэжлийн үйл ажиллагааны зүйл болдог бусад амьтны үйлдлээс бусдад гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй бол тэрээр гэм хорыг хариуцахгүй” гэж заасантай нийцсэн байна.  

           Анхан шатны шүүх хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар явуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.2 дахь хэсгийг зөв хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэхгүй.

          Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М.Суурьбатын “… би анхнаасаа өөрийн эзэмшилдээ бор гүүг байлгах санаа бодолгүй байсан бөгөөд Р.Чинзориг, Т.Энхтөр нар үгсэн хуйвалдаж манай адуунд зориудаар байлгаж байснаас гадна азарганы хөлийг “адуунд өшиглүүлж хугарсан” гэдгийг цагдаа, прокурорын дүгнэлт нотолж байгаа ...” тухай хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 133 дугаар шийдвэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Суурьбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

           2. Нэхэмжлэгч М.Суурьбатын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 257.950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                                          ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН