Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/573

 

 

 

 

 

      2022          05            31                                          2022/ДШМ/573

 

    Б.М-т холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Шагдар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,        

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/318 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Отгонбаатарын 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.М-т холбогдох эрүүгийн 2009 02755 1528 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ийн М, 2000 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ дуудлагын засварчнаар түр ажиллаж байсан, ам бүл 2, эхнэрийн хамт ............................ тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................................................... оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............................../,

Шүүгдэгч Б.М нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дугаар байрны B-1 давхрын хонгилын өрөөний төмөр хаалганы цоожийг эвдлэн, уг өрөөний хананд бэхэлсэн байсан БЗ-46 СӨХ-д бүртгэлтэй 720.000 төгрөгийн үнэ бүхий хүйтэн усны насосын давтамж хувиргагч АВВ510 гэх төхөөрөмж,

2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн ...... дүгээр хороо, .......... хотхоны байрнаас ЕСБ-210 багаж 2 ширхэг, ТСV-50 хаалт багаж 1 ширхэг, Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, 220 мянгатын ....... дүгээр байрнаас ЕСБ-210 багаж 1 ширхэг, Сүхбаатар дүүргийн ..... дүгээр хороо, 220 мянгатын ....... дугаар байрнаас ЕСБ-210 багаж 1 ширхэг, Сүхбаатар дүүргийн ..... дугаар хороо, ..... дугаар байрнаас ЕСБ-210 багаж 1 ширхэг, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ..... байрнаас ЕСБ-210 багаж 1 ширхэг, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, .... байрнаас ЕСБ-210 багаж 1 ширхэгийг тус тус тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдэн бусдад нийт 7.639.120 төгрөгийн хохирол учруулсан,

 мөн Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... байрнаас “ECL-210 багаж хулгайлахдаа 929.728 төгрөгийн үнэ бүхий АС5-510 давтамж хувиргагч 7.5 кв багажийг шатааж гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Б.М-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо ..... тоотод түр оршин суух гэрээсээ зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарлаж, Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.М-оос нийт 5.045.758 төгрөгийг гаргуулж хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-д олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, АСS5-510 багаж 1 ширхэгийг хохирогч Г.С-д буцаан олгож, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор М.Отгонбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатар би, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/318 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцсан.Тус дүүргийн прокурорын газраас яллагдагч Б.М-ыг үргэлжилсэн үйлдлээр,

2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дзвсгэрт байрлах ... дугаар байрны ... давхрын хонгилын өрөөний төмөр хаалганы цоожийг эвдлэн, уг өрөөний хананд бэхэлсэн байсан .....-д бүртгэлтэй 720.000 төгрөгийн үнэ бүхий хүйтэн усны насосын давтамж хувиргагч ABB510 гэх төхөөрөмж,

2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо ...... хотхоны байрнаас ECL-210 багаж 2 ширхэг, TCV-50 хаалт багаж 1 ширхэг, Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, .... мянгатын .... дүгээр байрнаас ECL-210 багаж 1 ширхэг, Сүхбаатар дүүргийн .... дүгээр хороо, .... мянгатын .... дугаар байрнаас ECL-210 багаж 1 ширхэг, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ..... байрнаас ECL-210 багаж 1 ширхэг, Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, .....байрнаас ECL-210 багаж 1 ширхэг, Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, .... байрнаас ECL-210 багаж 1 ширхгийг тус тус тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдэн бусдад нийт 7.639.120 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Сүхбаатар дүүргийн ..... дугаар хороо, .... байрнаас "ECL-210 багаж хулгайлахдаа 929.728 төгрөгийн үнэ бүхий ACS-510 давтамж хувиргагч 7.5 кв багажийг шатааж гэмтээсэн гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн ...................... дугаартай хэрэгт 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 59 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.М-т холбогдох хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.М-ыг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримт болон шүүх хурэлдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм бурууг тогтоож, тооцож шийдвэрлэсэн. Шүүх ийнхүү шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан "хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн", мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан "хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэж үзэж дараах үндэслэлээр хэргийг давж заалдах шатны шүүхээр хянуулахаар эсэргүүцэл бичсэн. Шүүгдэгч Б.М нь мөрдөн байцаалтын шат болон анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаан болон удаа дараагийн шүүх хуралдаанд тэрээр гэм буруугийн талаар маргаж, хулгайлах гэмт хэрэг үйлдэж авсан эд зүйлсээс зөвхөн өөрт байсан зарим эд зүйлийг биет байдлаар буцаан өгснөөс хохирлыг огт төлөөгүй ба хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна" гэж заасан. Гэтэл шүүх, шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг огт төлөөгүй, төлөхөө илэрхийлээгүй нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага байхгүй байхад Б.М-т холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгч Б.М нь хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлөөгүй, төлөхөө илэрхийлээгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,1.3 дахь заалтыг баримтлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/318 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэхийг хэргийг хянуулж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн” гэжээ.

Прокурор Ц.Шагдар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор М.Отгонбаатарын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны B-1 давхрын хонгилын өрөөний төмөр хаалганы цоожийг эвдлэн, уг өрөөний хананд бэхэлсэн байсан ..... СӨХ-д бүртгэлтэй 720.000 төгрөгийн үнэ бүхий хүйтэн усны насосын давтамж хувиргагч АВВ510 гэх төхөөрөмж,

2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн ..... дүгээр хороо, ..... хотхоны байрнаас ЕСБ-210 багаж 2 ширхэг, ТСV-50 хаалт багаж 1 ширхэг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ..... мянгатын ..... дүгээр байрнаас ЕСБ-210 багаж 1 ширхэг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ..... мянгатын ..... дугаар байрнаас ЕСБ-210 багаж 1 ширхэг, Сүхбаатар дүүргийн ..... дугаар хороо, .... дугаар байрнаас ЕСБ-210 багаж 1 ширхэг, Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, .... байрнаас ЕСБ-210 багаж 1 ширхэг, Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, ..... байрнаас ЕСБ-210 багаж 1 ширхэгийг тус тус тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдэн бусдад нийт 7.639.120 төгрөгийн хохирол учруулсан,

 мөн Сүхбаатар дүүргийн ...... дугаар хороо, ...... байрнаас “ECL-210 багаж хулгайлахдаа 929.728 төгрөгийн үнэ бүхий АС5-510 давтамж хувиргагч 7.5 кв багажийг шатааж гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Хэрэглэгчид үйлчлэх төв 8-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-ын:  “би Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа хэрэглэгчид үйлчлэх төв 8-ын цахилгааны инженер ажилтай бөгөөд манай байгууллагын хамаарал бүхий засвар үйлчилгээг хариуцсан Сүхбаатар дүүрэг .... дугаар хороо, “.......” хотхоны оршин суугч нараас халаалт, халуун усны гомдол ирсний дагуу тухайн өдөр жижүүрээр ажиллаж байсан манай ажилтан Ж очиж шалгахад тус хотхоны Б блокийн сангийн узелын хэсгээс 2020 оны 11 дүгээр сарын 14-нөөс 05-нд шилжих шөнө “И сел-210” маркийн халаалт, халуун усны автомат тохируулагч удирдлага алга болсон талаар мэдээлсэн. ...2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ХҮТ-8, засварчин С-О нь узелын мэдээ авах гээд Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ....байрны подвал руу ороход И си эл 210 загварын халаалт, халуун усны автомат тохируулагч алга болсон байсныг мэдэгдсэн. ...Сүхбаатар дүүргийн .... дүгээр хороо, “........” хотхоны оршин суугчдаас халаалт, халуун ус ирэхгүй байна гэж гомдол ирсний дагуу шалгахад мөн узелын халуун усны тохируулагч алагдсан байсан. Тэрнээс хойш манай байгууллагын хариуцан ажилладаг Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, ....байр, .... байр, Сүхбаатар дүүргийн .... дүгээр хороо ..., ..... дугаар байруудаас халаалт, халуун усны автомат төхөөрөмж алдагдсан байсан. ...манай байгууллагаас нийт алга болсон одоо байхгүй байгаа 5 ширхэг и сел-210 төхөөрөмж, мөн хулгай хийх үедээ эвдрэл учруулсан шатаасан 1 төхөөрөмж нэхэмжилж байна. ..манай байгууллага М-О-ыг ажиллаж эхлэхээс өмнө ямар нэгэн байдлаар эд зүйл хулгайд алдсан зүйл байхгүй байсан. ...манай байгууллага нийт 7 ширхэг төхөөрөмж хулгайд алдсан. Хулгай хийх үедээ ус алдуулж шатаасан. Үүнээс хэрэгт холбогдогч М-О нь 1 ширхэг “ТСV Ф-50 хаалт, 2 ширхэг ЕС1-210 төхөөрөмж өөрийн биеэр авчирч өгч хохиролгүй болгосон. Одоо байгууллагын зүгээс 5 ширхэг ЕСL-210 төхөөрөмж, 1 ширхэг шатаасан төхөөрөмжийн үнийг нэхэмжилж байна... ЕС1-210 төхөөрөмжийн ширхэгийн үнэ 800.000 төгрөг, АС8-510, АВВ510 төхөөрөмжийн ширхэгийн үнэ нь 1.450.000 төгрөг. Ингээд нийт манай байгууллагад 5.450.000 төгрөгийн хохирол учирсан байна..." /хх-н 21-22, 24, 238/,

хохирогч Д.Б-ын: “...Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо, .... дугаар байрны .... дүгээр орцны подвалд байсан хүйтэн усны насосын удирдлага алга болсон байсан... 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 01 цаг 51 минутын үед камер шүүж харсан 2 хүн байсан. Ажлын хувцастай 2 эрэгтэй хүн байсан... Хүйтэн усны насосын давтамж хувиргагч АВВ 510 гэх төхөөрөмж байгаа... Орон сууц нийтийн аж ахуй удирдах газрын харьяа хэрэглэгчид үйлчлэх төвийн ажилчид байж магадгүй дүрэмт хувцастай хүн байсан... манай байрнууд кодтой байдаг мэддэг л хүн л авсан гэж бодож байна..." /хх-н 104/,

гэрч Б.Т-ын: “...2020 оны 10 дугаар сарын 21-ний орой манай найз М-О гэрийн гадаа буюу Баянгол дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр байрны гадаа ирсэн. Тэгээд хамт дуудлагад яваад ирэх үү гэхээр нь за гээд хамт явсан юм. Тэгээд М-О-ын машинтай хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, Ж-ын тэр хавьд хэд хэдэн байраар хамт орсон бөгөөд зарим нэг байр руу орох үед би машинд сууж үлддэг байсан. Тухайн үед би хулгай хийж байна гэж мэдээгүй надад ч ямар нэг зүйл хэлээгүй бөгөөд хаалганы цоож эвдэж байхыг нь огт хараагүй зүгээр л найзынхаа ажилд туслаад явж байна гэж бодсон юм. ... М-О-той хамтран оролцсон тийм зүйл огт байхгүй. М-О бид хоёр уул нь 10 жилийн сайн найзууд тухайн хэрэг болох үед Б.М надад шөнийн ээлжид ажиллаж байна хань болоод хоноод өгөөч гэсэн. Тэгэхээр нь би хань болох гэж очиж байсан. Тэр үед Б.М ажлаа шалгаж явж байна гээд намайг дагуулаад нэлээн хэдэн байрны доод подвалд орсон. Би яг төхөөрөмж авч гарч байгаа талаар нь сайн анзаарч хараагүй... М-О-той хамт төхөөрөмж хамт зарсан, зарсан талаар би ёстой мэдэхгүй байна..." /хх-н 110, 240/,

гэрч Б.Ж-ын: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн 09 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ..... дугаар төвийн засварчнаар ажиллаж хоносон. Энэ хугацаанд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн орчимд “....” хотхоны “Эс эл-210” загварын дулаан тохируулагч багаж шинээр сольж тавьсан. Гэтэл үүрээр 08 цаг 30 минутад манай нөгөө ээлжийн засварчин Б над руу залгаад тус сольсон багажийг алга болсон байна гэж мэдээлсэн..." /хх-н 25/,

гэрч О.Б-гийн: “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 09 цагаас ээлжинд гарсан ба өглөө 06 цагийн үед миний суудаг өрөөний паар хөрсөн байсан. Тэгээд доор мотор цохисон байж магадгүй гээд узелын өрөөг шалгах гээд очсон чинь узелын өрөөний цоож байхгүй байсан. Тэгээд хаалга онгойлгоод гэрэл асаагаад харсан чинь мотор зохисон байсан. Тэгээд дуудлага өгсөн ба дуудлагын дагуу Ж ирсэн..." /хх-н 26/,

гэрч Д.Э-Я-ын: “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө 09 цагг ажилдаа ирэхэд манай ээлжийн инженер Б нь “.....” хотхоны ....., ........ харьяа байрнаас халаалт, халуун усны тухай гомдол огцом ихээр ирлээ гэж надад танилцуулсан. Тус хотхон руу явсан манай ээлжийн засварчин Ж нь “халаалтын хуваарилагч алдагдсан” гэдгийг мэдээд цагдаад дуудлага өгсөн. ...Манай инженер Ө, Б нар хяналтын камерын бичлэгийг үзээд “өмнө нь манайд түр ажиллаж байсан Б.М байна” гэж хэлээд таньсан бөгөөд би тус бичлэгээс харахад М-О-той адилхан хүн байсан. Тэрээр хөлөө халуун усанд түлээд 2 сар гаран болж байгаа ба хазганаж явдаг..." /хх-н 28/,

гэрч О.С-ын: “...2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... байрны доор байдаг узелээс юм авахаар очтол гадаа хаалга нь онгорхой цоожгүй байсан. Тэгээд орж үзэхэд узелд байсан температур тохируулагч алга болсон байсан..." гэх мэдүүлгүүд /хх-н 60/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-34-35, 113-114/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Б.М-ыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Б.М нь  тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын өмчлөл, эзэмшил дэх эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч орох эрхгүй этгээд нэвтрэн орж, өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан тохиолдолд хүндрүүлэн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.М-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүх, шүүгдэгч Б.М-ын үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 7.639.120 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Их Хурлаас баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн хуулийн этгээд тус хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан бөгөөд шүүгдэгч Б.М-ын үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байна.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч О.Б нар оролцож, шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч О.Б-гаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж 5 хоногийн завсарлага авахаар хүсэлт гаргасан байх бөгөөд шүүгдэгч Б.М өмгөөлөгчийнхөө хүсэлтийг дэмжиж завсарлага авсан нөхцөл байдлыг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.М-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд, прокурор М.Отгонбаатарын бичсэн “...Шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг огт төлөөгүй, төлөхөө илэрхийлээгүй нь Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Прокурор М.Отгонбаатарын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/318 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/318 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор М.Отгонбаатарын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

                                 ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ