Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 141

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

            Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа, И.Оюунгэрэл,

Шүүгдэгч: Т.Б, Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т нарт холбогдох 1728000290042 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

       Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 6 дугаар сарын 27-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Оюутын 6-48 тоот хашаанд иргэн Н.Тын биед халдах зорилгогүйгээр өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт,

       Шүүгдэгч Н.Т нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хохирогчоор тогтоогдон, хуулинд заагдсан эрх үүрэгтэй танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн, гарын үсэг зурсныхаа дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

       Шүүгдэгч Т.Б, Н.Т нарыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тэр үед архи уусан байсан. Би найзыгаа санаатай тийрээгүй. Би санамсаргүй тийм үйлдэл гаргасан. Би тэр үед согтсон байсан учраас Б.Сыг хэл амаар доромжилж өдсөн юм билээ. Би тэрийгээ сайн мэдэхгүй байгаа. Б.С өөрөө хоёулаа гадаа гараад муудалцсан. Чамайг авирлаад байхаар чинь би шууд нохой мордоод унагасан шүү гэсэн. Б.С бид 2 зууралдаад байж байхад Н.Т хүрээд ирсэн юм билээ. Би Б.Сыг биеэсээ зайлуулах гээд л тийрсэн юм билээ. Бусдаар бол өшиглөсөн асуудал байхгүй. Эмчилгээний зардалд 250.000 төгрөг өгсөн. Хийсэн үйлдэлдээ би харамсаж байна.

          Шүүгдэгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хэн хэн нь согтуу байсан. Тухайн үед хоорондоо муудалцсан зүйл байхгүй. Олон жил найзалсан. Т.Быг хэрэг төвөгт холбогдчихвий гэж бодсон.  Ямар нэгэн шалтгаан байхгүй. Хар багаасаа найзалсан найз учраас харанхуй шөнө гудманд явж байгаад танихгүй хүмүүст өшиглүүлсэн гэж ярьсан. Байцаалт үнэн зөв гэсэн дээр гарын үсэг зурсан.

          Хохирогч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Т.Бынд очиход Т.Б ганцаараа нэг шил архи уугаад дуусаж байсан. Бид 2 тухайн үед уулзаагүй нэлээн олон сар болсон байсан учраас бид 2 юм ярьж сууж байгаад Б.Сынд очиж нэг шил архи ууж дуусаад би явахаар болоод, Т.Б унтахаар болоод байж байхад Б.С та 2 хоёулаа унтаад явахгүй юу гэсэн чинь Т.Б явна гээд Б.Стой маргасан. Энэ хоёрыг гараад явчихаар нь би араас нь гараад очсон. Энэ 2 зууралдаад байхаар нь нэг нэгнийгээ зодчих гэж байгаа юм болов уу гэж бодоод очиж салгах гэж байгаад тийрүүлчихсэн. Энэ хэрэг санамсаргүй болсон. Тухайн үед баруун уушгинд няцрал үүссэн байсан. Т.Б эмчилгээний зардал өгсөн. Одоо гомдол санал байхгүй. Тухайн үедээ хавирга хугарсан байна гэж бодоод тоогоогүй. Сүүлд нь хүнд гэмтэл байна гэдгээ ойлгосон. Найз нөхдөө хэрэгт оруулчих юм болов уу гэж бодсон. Т.Б бид 2 хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Б.Сыг л биенээсээ холдуулж тийрэхэд нь би очиж тонгойж таараад цохиулсан. Б.С яг дээрээс нь дараад суучихсан. Т.Б дээшээ хараад ойччихсон байсан.

          Хохирогч Н.Тын 2017.07.10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:”...2017.06.27-ны өдрийн орой 23 цагийн үед би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайхан гэдэг хорооллын гудамжинд ганцаараа алхаж явж байхад хоёр залуу зодолдож байсан би хажуугаар нь зүгээр өнгөрсөн чинь миний баруун талын хавирга руу нэг нь өшиглөсөн. Би тэгээд зүгээр цаашаа явсан. Тэгсэн маргаашнаас нь эхлээд хавирга өвдөөд байхаар нь 07 дугаар сарын 06-ны өдөр гэмтлийн эмнэлэгт ирж хэвтсэн. Тэгээд баруун уушгиндаа цус хурсан оноштой хавсарсан гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоо харсан ч танихгүй, би тэр үед царайг нь сайн хараагүй цаашаа явсан. Хамт зодолдож байсан залуугийн царайг нь бас хараагүй. Баруун уушгинд цус хурсан өөр гэмтэл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй, хүн нь тодорхойгүй юм чинь ...Одоо тэр намайг цохисон хүний царайг хараагүй юм чинь гомдол санал байхгүй цагдаагаар шалгуулах хүсэлгүй байна.” /хх-ийн 13-14-р хуудас/,

Хохирогч Н.Т 2017.08.04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн орой 21 цагийн үед Ханхонгор сумын Жаргалант багт байдаг гэрээсээ мотоцикльтой гараад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүнсайхан гэр хороололд байдаг найз Т.Бынд очиход Т.Б гэртээ ганцаараа нэлээд согтуу байж байсан. Тэгээд бид хоёр уулзаагүй удсан байсан болохоор нэлээд ярьж суусан. Тэгсэн Т.Б нэг шил архи аваад Б.Сынд очих уу гэхээр нь би тэгье гэж хэлээд бид хоёр мотоцикльтой яваад замаараа Баясах дэлгүүр орж 1 шил 0,5 граммын Ерөөл архи авч Б.Сынд очиход эхнэр хүүхэдтэйгээ хамт байсан. Тэгээд бид нар авч ирсэн 1 шил Ерөөл архиа хувааж уусан. Тухайн үед Б.С нээх уугаагүй, Т.Б бид хоёр хуваагаад уучихсан. Тэгж байтал яг юунаас болж муудсаныг мэдэхгүй байна. Т.Б, Б.С нар хашааны гадаа маргалдаж байгаад Б.С Т.Быг цээжээр нь тэврээд газар унагаасан. Тухайн үед Б.С Т.Бын дээр нь хамт унасан юм. Тэгэхээр нь би очиж салгах гээд Б.Сыг одоо боль гээд татах гээд тонгойход Т.Б хөлөөрөө Б.Сыг тийрэх гэж байгаад миний цээж рүү тийрчихсэн. Тэгээд би Б.Сыг гэр лүү нь оруулчихаад Т.Быг авч үлдсэн. /Тухайн үед Т.Б нэлээд согтуу хашгичаад байсан/ Тэгж байтал Т.Бын уур гараад хашааны гадаа суугаад үлдсэн. Би Б.Сынд ороод унтах гэсэн чинь миний цээж рүү өвдөөд унтаж чадахгүй байхаар нь Дундсайханд байдаг манай нутгийн Мөнхбат гэх залуугийнд очиж унтсан. Өглөө үүрээр цээж өвдөөд байхаар нь Мөнхбатыг эмийн сан орж өвчин намдаах эм олоод ир гээд явуулсан чинь онгорхой эмийн сан алга байна гээд буцаад ирсэн. Тэгээд 09 цагийн үед Мөнхбатыг эмийн сан руу дахин явуулж өвчин намдаах эм авч уугаад 8 дугаар багийн манаач ахынд очоод байж байхад Т.Б над руу утсаар яриад өчигдөр ухаангүй согтсон байна, юу болсон бэ гэж асуусан. Тэгэхээр нь би Б.С та хоёр хэрэлдээд маргалдаад байхаар нь салгах гэж очсон чинь чи Б.Сыг тийрэх гэж байгаад миний цээж рүү тийрээд хавирга эвгүй болгочихлоо гэж хэлсэн. Тэгсэн Т.Б одоо яахаар байна гэж асуусан. Тэгэхээр нь би зүгээр зүгээр гэж хэлсэн. Тэгээд хэд хоног зовиуртай байж байгаад 6 дахь хоногоос халуураад байсан. Тухайн үед нэг их тоохгүй явж байгаад Улаанбаатар хот руу наадам үзэхээр аав Наранбат, ээж Нялхдүү нарын хамт хотод очоод бие өвдөөд байхаар нь Мөнгөн гүүр гэдэг хувийн эмнэлэгт очиж цээжний зураг авахуулж, эход харуулсан чинь баруун уушгинд шингэнтэй байна гэж хэлэхээр нь цээжний зургаа аваад 1 дүгээр эмнэлэгт очиж, уушгиндаа байгаа шингэн юу болохыг тогтоох гээд соруулж үзсэн чинь цус байсан. Тэгээд 1 дүгээр эмнэлгээс гэмтэлд очиж хэвт гэж явуулсан. Тэгээд би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэмтэлд хэвтэн эмчлүүлж байгаад 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр уушиг дарсан хөндий цээжинд байсан цусыг гуурс тавьж соруулж авсан. Эмч хэлэхдээ 1 литр цус авсан гэж байсан.Одоо миний бие зүгээр эрүүл болсон, ямар нэг гомдол санал байхгүй. Т.Б бид хоёр нэг нутгийн хүмүүс байгаа юм. Хар багаасаа найзалж, нөхөрлөж ирсэн. Т.Б маань багын түнхний гэмтэлтэй, группд байдаг намайг ямар санаатай өшиглөсөн биш. Тэгээд найзыгаа хэрэгт холбогдох байх гэж бодоод худлаа хэлчихсэн. Миний эмчилгээний зардал 260.000 төгрөг гарсан намайг Улаанбаатар хотод эмчилгээ хийлгүүлж байхад манай найз Т.Б 100.000 төгрөг явуулсан, мөнгөтэй болохоороо үлдэгдэл мөнгийг нь өгнө гэсэн. Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие зүгээр болсон....Т.Б миний доороос хөлөөрөө тийрсэн. Т.Б надад үлдэгдэл мөнгө болох 160.000 төгрөгийг өгсөн. Надад Т.Баас нэхэмжлэх зүйл байхгүй. Зүгээр болж эдгэрсэн. Зовиур байхгүй. Надад гомдол, санал байхгүй. Т.Б намайг санамсаргүй тийрч гэмтээсэн. Т.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас ял шийтгэлгүй салгамаар байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 18-р хуудас/,

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 06 дугаар 27-ны өдөр шиг санаж байна, би 22 цагийн үед гэртээ унтаж байхад манай 2 найз Т.Б, Н.Т нар согтуу ирсэн. Ирэхдээ 1 шил 0,5 граммын архитай ирсэн. Нөгөө архиа гэрт уух гэхээр нь би гэрт дэмий эхнэр хүүхэд сэрчихнэ, гадаа гарч ууя гээд гарсан. Тэгээд хашаанд гараад нөгөө архийг нь задлаад хоёр найздаа архийг нь аягалж өгсөн. Тэр архинаас би уугаагүй. Тэр хоёр архиа ууж дуусаад Т.Б явлаа, гэртээ харьж амарна гэхээр нь би эндээ амраад л явахгүй юу даа гэхэд явна гээд зөрөөд, уурлаад байсан. Тэгж байгаад хашааны гадаа гарахаар нь би барьж аваад мордож унагаагаад дээр нь сууж байсан. Тэгсэн Н.Т бид хоёрын хажууд хүрээд ирсэн. Тэгснээ Санчираа боль боль гээд намайг татсан. Тэгээд би босоход Т.Б намайг тийрэх гэж байгаад намайг оноогүй Н.Тыг тийрсэн. Тэгээд би хашаа руу орсон. Тэр үед Н.Т, Т.Бын дээр нь гарчихсан сууж байсан. Би хашаанд байсан машинд ороод хараад сууж байсан учиргүй зодолдвол очиж салгана гэж бодоод, тэгэхэд тэр хоёр зодолдохгүй хэсэг байж байгаад Н.Т гэрт ороод ирсэн. Тэгээд унтах гэж байж байгаад хавирга сонин болчихлоо гэж байгаад гараад явсан. Тэгээд би гэртээ орж амарсан, ийм зүйл болсон. Бид хоёр муудалцаж зодолдсон зүйл байхгүй. Т.Б л гэр лүүгээ явна гээд зөрүүдлээд байхаар нь цээжээр нь тэврээд хөлийг нь мордож унагаагаад дээр нь гараад сууж байсан юм. Н.Т уушигнаас цус авахуулсан гэсэн. Тухайн үедээ бол хавирга сонин болоод байна гэж байсан, сүүлд нь болохоор жин цохисон байж магадгүй гээд гэрт ирэхээр нь би бумба тавьж өгөөд нэмэр болоогүй юм. Н.Тт учирсан гэмтлийг Т.Б тийрч учруулсан байх гэж бодож байна. Т.Б бол санаатай Н.Тыг тийрсэн юм байхгүй. Н.Т намайг Т.Бын дээрээс босгоод тонгойход нь Т.Б намайг тийрэх гэж байгаад Н.Тыг оносон юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Гэрч Б.Нялхдүү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 06 дугаар сарын сүүлээр хэзээг нь санахгүй байна, аймаг руу явсан. Тэгээд Н.Т гэртээ очихгүй байсан юм. Тэгэхээр нь би хэд хоногийн дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр аймагт ирээд, ээж нь худалдааны төв дээр ирсэн байна, ирээд ав гэхэд хачин царайтай юм хүрээд ирсэн. Тэгээд яасан ийсэн гэхэд хавирга гэмтсэн гээд хэлэхгүй байсан. Тэгээд маргааш нь хот руу аваад явсан юм. Хотод очоод “Мөнгөнгүүр” гэх эмнэлэгт үзүүлсэн, дараа нь 1-р эмнэлэг, тэгээд Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд уушгинд нь цус хурсан байсан. Тэгээд эмнэлэгт хэвтэж, гуурс тавьж 1л 250 гр цус гарсан гэсэн. Тэгээд хэд хоног эмнэлэгт хэвтэж байгаад гайгүй болоод ирсэн юм. Хотод очоод яасан талаар хоргоож байж Т.Б санамсаргүй тийрсэн гэж хэлсэн юм. Т.Б манай нутгийн хүүхэд байгаа юм. Энэ хоёр багаасаа найзалж өссөн хүүхдүүд байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

Шүүгдэгч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:”... Т.Б бид хоёр тухайн үед зодолдож, ноцолдсон юм байхгүй санамсаргүйгээр ийм асуудал болсон болохоор, Т.Б бид хоёр хар багаасаа найзалж ирсэн болохоор, Т.Быг хэрэгт оруулчих байх гэж айгаад танихгүй хүнд өшиглүүлсэн гээд хэлчихсэн юм. Өөр санаа байгаагүй. Т.Бын үйлдэл санамсаргүй байсан учир ял шийтгэлгүй салгаж өгөх боломж байна уу гэж хүсэж байна, өөр зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

Шүүгдэгч Н.Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 6 дугаар сарын 20-ны үеэр байх би гэртээ байж байгаад архи уумаар санагдаад 1 шил архи ганцаараа уучихаад байж байхад манай найз Н.Т гэрт ороод ирсэн. Бид хоёр уулзаагүй нэлээд удсан болохоор нэлээд юм ярьж сууж байгаад хоёулаа 1 шил архи аваад найз Б.Сын гэрт очьё гээд гэрээс гараад Н.Т мотоциклоо унаад би араар нь суугаад явсан. Тэгээд “Баясах” дэлгүүр орж нэг шил 0,5 грамын Ерөөл архи аваад 131-р цэргийн ангийн доод талд байх хаягийг нь сайн мэдэхгүй Б.Сын гэрт очсон. Б.Сын гэрт Н.Т бид хоёр 22 цагийн үед очсон байх, тэгээд Б.Сын гэрт ороод архиа задлаад ууж эхэлсэн. Тэгээд нэг мэдэхэд гадаа юм яриад сууцгааж байсан. Тэр архинаас Б.С нэг их уугаагүй, би ихэнх архийг нь уусан. Тэгээд согтоод ухаанаа алдсан. Тэгээд нэг мэдэхэд гэртээ сэрсэн, тэгээд байж байхад Б.С утсаар залгаад Н.Тын цээж рүү чи тийрсэн. Цаадах чинь цээж өвдөөд байна гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би худлаа яриад бай, би яасан гэж Н.Ттай мууддаг юм бэ гэхэд Б.С чи намайг өдөөд, үзье гээд байсан. Тэгээд байхаар чинь би чамайг нохой мордоод унагаагаад дээр чинь сууж байгаад босоход чи намайг тийрэх гэж байгаад Н.Тын цээж рүү тийрсэн юм гэж хэлсэн. Тэгээд би Н.Т луу залгаад юу болсон юм бэ гэхэд Н.Т чи өчигдөр согтчихоод Б.Сыг өдөөд байсан, тэгээд та хоёр муудалцах гээд байсан. Тэгэхээр нь би дундуур нь боль гээд очиход чи Б.Сыг тийрэх гэж байгаад намайг тийрсэн гэж хэлсэн. Тэгээд Н.Т миний хавирга эвгүй болсон юм шиг байна цээж рүү өвдөөд сонин болоод байна гэж байсан. Тэгээд тэрнээс хойш холбоо аваагүй 10-аад хонож байхад Н.Т над руу залгаад би хотод эмчлүүлэх гээд ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь яасан юм бэ гэж асуухад дээрээс хойш цээж рүү өвдөөд тэрийгээ эмчлүүлэх гээд ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь эмчилгээндээ хэрэглээрэй гээд 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд нэг их удалгүй Н.Т эмнэлгээс гараад ирсэн, одоо эрүүл мэнд нь зүгээр болсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 371 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: Н.Тын биед цээжний битүү гэмтэл, баруун уушгины няцрал гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь цээжний хөндийн баруун хэсгийн цус хуралдалтаар хүндэрчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 24-р хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2017.09.20-ны өдрийн Прокурорын тогтоол /хх-ийн 01-р хуудас/

Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-07-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/,

Хохирогч Н.Таас ирүүлсэн эмнэлэгт үзүүлсэн баримтууд /хх-ийн 58-63-р хуудас/,

Эвлэрлийн гэрээ /хх-ийн 66-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч  Т.Б, Н.Т нарын гэм буруутай үйлдэл тогтоогдож байна гэж үзэн шийдвэрлэв.  

Шүүгдэгч Т.Б, Н.Тын нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд энэ зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.

          Шүүх Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Т.Бын үйлдлийн улмаас хохирогч Н.Тын эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.08.09-ний өдрийн 371 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч Н.Т нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Надад Т.Баас нэхэмжлэх зүйл байхгүй. Зүгээр болж эдгэрсэн. Зовиур байхгүй. Надад гомдол санал байхгүй. Т.Б намайг санамсаргүй тийрч гэмтээсэн. Т.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас ял шийтгэлгүй салгамаар байна” гэсэн мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч Т.Быг хохирогч Н.Тт төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул  шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүх хуульд зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү хэрэгтэй холбогдуулан эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Халзан морьт овгийн Наранбатын Н.Тыг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бын тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тт 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.6, 1.8, 1.9-д зааснаар  шүүгдэгч Н.Т, Т.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн  баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Т.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА