Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 118/ШШ2024/0011

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн шүүгч Л.Тунгалаг, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Золбадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөл

Гуравдагч этгээд: Д. нарын хоорондын төрийн албаны сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., гуравдагч этгээд Д., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Б. нь Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн "Нэр дэвшүүлж санал болгох тухай” тогтоолын Д.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөл 2023 оны 04 сарын 05-ны өдрийн "Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 12 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын Хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтнээр ын г томилуулахаар нэр дэвшүүлж, тухайн албан тушаалд томилохыг Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.од санал болгосон байна.

3. Хэргийн нөхцөл байдал: Завхан аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар Б.ийг Боловсрол, шинжлэх ухааны газрын Хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтнээр түр томилсон байна.

Тус ажлын байрны сул орон тооны захиалгыг 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 1/340 дүгээр албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлж, улмаар 2023 оны 03 сард төрийн албаны тусгай шалгалтыг зарласан байна. Уг шалгалтад Б., Д. нар орж нэхэмжлэгч Б. 49,8 оноо, гуравдагч этгээд Д. 65,8 оноо авчээ.

4. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нараас Д. нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д заасан шаардлагыг хангаагүй байхад Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөл бүртгэн авч шалгалтад оруулсан нь хууль зөрчиж байна гэж үзсэн.

Хариуцагч тал Д. нь Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн шагнал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн байсан тул Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолд зааснаар  төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй гэж үзэн хамтын шийдвэр гарган шалгалтад оруулсан гэж тайлбарлаж байна.

5. Нэхэмжлэгч нь дээрх тогтоолын талаарх гомдлоо Төрийн албаны зөвлөлд гарган 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02/899 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөл нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй  иргэнийг сонгон шалгаруулалтын бүртгэлд хамруулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн хариу авснаар 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

6. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д. гэдэг хүн 2021 онд Татварын хэлтэст ажиллаж байгаад ажлын байр нь зарлагдаад тухайн үед нөөцөд бүртгэлгүй байна гэдэг үндэслэлээр тусгай шалгалт өгөх эрх нь цуцлагдаж байсан. Тэгээд 2022, 2023 онд ерөнхий шалгалтад орсон юм болов уу гээд мэдээллийг нь шалгахаар  шалгалтад ороогүй байсан. 2023 онд Боловсрол соёл шинжлэн ухааны газрын хөрөнгө оруулалт төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний сул орон тоон дээр Д. надтай өрсөлдөөд шалгалтад орохоор нь би нөөцөд байгаа эсэх мэдээллийг нь харсан чинь байхгүй байсан. Д.гийн төрийн албатай холбоотой бүхий л баримт бичгийг би буруу байна гэж үзэж байгаа. Боловсрол соёл шинжлэх ухааны газрын хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний сул орон тооны сонгон шалгаруулалтад Д. 65.8 оноо, би 49.8 оноо авсан. Д.д давуу эрх олгож уг шалгалтад орох эрх үүсгэсэн байна гэж үзэж байгаа. Тийм учраас Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд холбогдох салбар зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар нэр дэвшүүлж, санал болгох тухай тогтоолын Д.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...1. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 06- 05/2526 тоот албан бичгийг үндэслэж Д.г төрийн жинхэнэ албаны нөөц бүртгэлтэй гэж үзэж, Завхан аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын Хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад оролцуулахаар бүртгэсэн шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “...тусгай шалгалтыг энэ хуулийн 27.1.3...-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна" гэж заасныг зөрчсөн байна. Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 08 сарын 12-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай” 6/20 дугаар тушаалаар Д.г Завхан аймгийн Засаг даргын туслах, төрийн шагнал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсөн байдаг. Төрийн албаны Зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам"-ын 2.2.3-т "Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авч, төрийн жинхэнэ албаны ямар нэгэн албан тушаалд ажиллахгүйгээр төрийн албанаас чөлөөлөгдсөн Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүрэлдэхүүн хэсэгтэй байна" гэжээ. Уг журмын 3.3, 3.3.3-т "Энэхүү журмын 2.2.1, 2.2.2, 2.2.3, болон 2.2.4-т заасан төрийн жинхэнэ алба хаагчийг албан тушаалаас чөлөөлсөн тухай томилох эрх бүхий этгээдийн шийдвэр гарснаас хойш тус тус ажлын 3 хоногт багтаан нөөцийн бүртгэлд тэмдэглэл хийхийг Төрийн албаны зөвлөл, аймаг нийслэл дэх салбар зөвлөлд даалгасан. Мөн Төрийн албаны Зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам"-ын 2.1-д “Нөөцийн сан нь доор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна" гээд 2.1.5-д "Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасан болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу цэргийн тэтгэвэр тогтоолгож /дээд офицер, офицер, ахлагч/ төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэний нөөц” гэжээ. Мөн журмын 3.1.2, 3.2-т “энэ журмын 2.1.2, 2.1.3, 2.1.7-д заасан нөөцийн бүртгэл, хөдөлгөөнийг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, бусад нөөцийн бүртгэл, хөдөлгөөнийг харьяалах Салбар зөвлөл бүртгэж, нөөцийн бүртгэл, хөдөлгөөнийг батлагдсан загварын дагуу хөтөлнө", 3.5-д "Салбар зөвлөл нь нөөцийн бүртгэл, хөдөлгөөний тайланг тухайн оны 7 дугаар сарын 1, дараа оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор гаргаж Төрийн албаны зөвлөлийн Ажлын албанд хүргүүлнэ" гэж тус тус журамласан байна. ... Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 03 сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолоор томилогдсон бүртгэлийн ажлын хэсэг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын Хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн 2 иргэний материалыг хянан шалгаж ажилласан. Тухайн сул орон тоонд Д. бүртгүүлэхдээ нөөцөд бүртгэлтэйг нотлох баримт хэсэгт Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 06-05/2526 тоот албан бичгийг хавсаргасан нь тухайн иргэнийг нөөцөд бүртгэлтэй гэж үзэн хамтын шийдвэр гарган шалгалтад оруулсан болно гэсэн тайлбар. Дээрх баримтуудаар Д. Төрийн албаны Зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам", Төрийн албаны Зөвлөлийн 2019 оны 17 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам"-ын дагуу нөөцөд бүртгэгдээгүй байсан нь тодорхой байна. 2. Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 08 сарын 12-ны өдрийн 6/20 дугаар "Ажлаас чөлөөлөх тухай" тушаалаар Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дүгээр заалтыг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын туслах, төрийн шагнал хариуцсан мэргэжилтэн Д.г 2016 оны 08 сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн байдаг. Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т "Төрийн жинхэнэ албан хаагчийн хангагдах нэмэгдэл баталгааг" хуульчилсан байдаг ба 27.2.4-д "төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно" гэж заасан. Ийнхүү Б/20 дугаар тушаалаар Д.г албан тушаалаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг үндэслэх бодит нөхцөл байгаагүй. Өөрөөр хэлбэл, 2016 оны 08 сарын 12-ны өдрийн байдлаар Д.гийн ажиллаж байсан Завхан аймгийн Засаг даргын тамгын газар татан буугдаагүй, өөрчлөн байгуулагдаагүй нь нийтэд илэрхий үйл баримт юм. Д.г ажлаас чөлөөлөх тухай Б/20 дугаар шийдвэр гаргасан албан тушаалтан Д. “өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар аймгийн Засаг даргын туслахын албан тушаалын орон тоо нь хасагдсан тул Д.г Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар албан тушаалаас чөлөөлсөн гэж мэдүүлсэн”. 3. Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2012 оны 12 сарын 11-ний өдрийн "Ажилд томилох тухай Б/67 тушаалаар ...Завхан аймгийн Засаг даргын туслах, төрийн шагнал хариуцсан мэргэжилтнээр Д.г 2012 оны 12 сарын 11-ний өдрөөс томилсон байна... Харин 2017 онд баталсан Засаг даргын туслах, төрийн шагнал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн П. боловсруулж, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.******* баталсан байна. Уг тодорхойлолтоор бол албан тушаалын ангилал: дэс түшмэл, албан тушаалын зэрэглэл: Т3-5, шууд харьяалан удирдах албан тушаалын нэр: төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, ажлын байранд тавигдах шаардлага: боловсрол: дээд боловсролтой, бакалавраас доошгүй зэрэгтэй байх, мэргэжил: төрийн захиргааны удирдлага, мэргэшил: төрийн удирдлага, хүний нөөцөөр мэргэшсэн байх, туршлага: төрийн албанд 2-оос доошгүй жил ажилласан байх шаардлага хангасан хүн тухайн албан тушаалд томилогдох эрхтэй байхаар байна. Гэтэл гуравдагч этгээд Д.г 2012 оны 12 сарын 11-ний өдөр албан тушаалын дээрх шаардлагыг хангаагүй байхад тухайн албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 "Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн" гэснийг, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 "Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө" гэснийг илт зөрчиж төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгаруулалтад ороогүй, тухайн албан тушаалын болзол шаардлагыг хангаагүй иргэнийг төрийн жинхэнэ албанд томилсон нь хууль бус байна. Д.г Завхан аймгийн Засаг даргын туслах, төрийн шагнал хариуцсан мэргэжилтнээр томилогдох цаг үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн ...6.1.14-т "Улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал"-ыг улс төрийн албан тушаалд хамааруулсан. Иймд Завхан аймгийн Засаг даргын туслахын албан тушаал нь дээр зааснаар төрийн улс төрийн албан тушаалд хамаарч байна... Иймд Д. анхнаасаа төрийн албанд томилогдох эрхгүй байсан тул Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 27 дугаар зүйлийн 24.2.4-т заасан баталгааг эдлэх эрхгүй гэж үзэж байна. 4. Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйл, Төрийн албаны Зөвлөлийн 2019 оны 17 дугаар "Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам, загвар батлах тухай тогтоол"-ын 4.2 дэх заалтыг үндэслэн 1 дэх заалтаар "Төрийн албаны тухай хуулийн дагуу нөөцөд бүртгэгдэх үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн, *******гийн *******, ын , *******ын ******* нарын ирүүлсэн хүсэлтийг үндэслэн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэсүгэй" гэж, 2 дахь заалтаар "Нөөцийн бүртгэлийг журмын дагуу хөтөлж хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь Салбар зөвлөл нарийн бичгийн дарга П.д даалгасугай” гэжээ. Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 17 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь Салбар зөвлөлийн 2022 оны 02 сарын 08-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, хэлэлцэх асуудлын жагсаалт зэрэг баримтыг хуурамч байж болзошгүй гэж үзэж байна... Шүүхийн үзлэг хийх ажиллагаагаар хавтаст хэргийн 44 хуудсанд авагдсан бүртгэл гарч ирсэн бөгөөд, үзлэг хийх ажиллагааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хэрэгт авагдсанаас өөр бүртгэл байхгүй. Уг бүртгэлийг 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 17 дугаар тогтоол гарсантай холбоотой 2022 онд бүртгэж байсан. Үүнээс өөр бүртгэл байхгүй гэж тайлбарлаж байсныг тэмдэглэлд тусгасан байдаг. Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 17 дугаар тогтоолд *******гийн *******, ын , *******ын ******* нарын 3 иргэнийг бүртгэхээр тогтоол гарсан боловч тогтоолыг үндэслэн 2022 онд бүртгэсэн гэх бүртгэл нь ын , *******ийн *******, *******ын ******* гэсэн огт өөр хүмүүсийн нэр бүхий бүртгэл байдаг. ... Уг бүртгэлийг Завхан аймаг дахь Салбар зөвлөлийн 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 17 дугаар тогтоол гарсантай холбоотой 2022 онд бүртгэж байсан. Үүнээс өөр бүртгэл байхгүй" гэж мэдүүлсэн мэдүүлгээр дээрх дүгээр хуудаст авагдсан 14 иргэний бүртгэлийг үгүйсгэдэг. Шүүх 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 118/АБ2023/0116 дугаартай албан бичгээр "Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам"-д заасны дагуу Д.г нөөцөд бүртгэсэн баримтыг ирүүлэхээр хариуцагчид мэдэгдсэн боловч Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 17 дугаар тогтоолыг ирүүлээгүй байдаг. Дээрх баримтуудаар Салбар зөвлөлийн 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 17 дугаар тогтоол энэ цаг хугацаанд гарсан нь няцаагдана. Иймд Төрийн албаны тухай хуулийн 27.1.3, 33.3-т заасан журмыг зөрчиж, Төрийн албан хаагчийн нөөцөд байхгүй иргэн Д.г төрийн албаны тусгай шалгалтад бүртгэж, шалгаруулалтад оруулж, улмаар маргаан бүхий албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаартай тогтоолын Д.д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Боловсрол шинжлэх ухааны газрын хөрөнгө оруулалт, төсвийн мэргэжилтний албан тушаалын сул орон тооны захиалгыг Боловсрол, соёл шинжлэн ухааны газраас өгсөн. Тухайн албан тушаалд Б., Д. нар бүртгүүлсэн. Тухайн бүртгүүлсэн 2 иргэний материалыг Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор батлагдсан ажлын хэсэг хянаж үзэхэд иргэн Д. нь 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 тоот тушаалаар Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн шагнал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн байсан. Ингэж чөлөөлөгдсөн нь Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолд зааснаар  төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэх үндэслэл болж байгаа. Уг тогтоолын 2.3-т Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 заасан төрийн албаны байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд тухайн хүнийг нөөцөд байна гэж заасан учраас иргэн Д.г төрийн албан хаагчийн нөөцөд байгаа гэж үзэж уг шалгалтад бүртгэсэн. ...Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2019 оны 17 дугаар тогтоолын дагуу Д. нь төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байсан. Тухайн үед мөрдөгдөж байсан журмын дагуу удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад ороод, төрийн албаны шалгалт өгснөөр тооцогдож, энэ албан тушаал дээр томилогдон ажиллаж байсан. Б.ийн өргөдлийг Төрийн албаны төв зөвлөлөөс хянаж үзээд Д. нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалтаар ажлаас чөлөөлөгдөж байсан нь нөөцөд байх үндэслэлтэй юм гэсэн тайлбарыг гаргаж өгч байсан. Иргэн Д.гийн хувьд хууль зөрчиж томилогдсон, Төрийн албаны шалгалтад орсон зүйл байхгүй. Их дээд сургууль төгссөн диплом үнэмлэхүүд нь байдаг гэв.

9. Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн албаны сул орон тоог нөхөх шалгалтад орж аймгийн Боловсрол Шинжлэх Ухааны газрын "Хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл" хариуцсан мэргэжилтний сул орон тоонд шалгалт өгч өрсөлдөгчөөсөө 16 оноо илүү авч тус ажлын байранд тэнцсэн. Гэвч надаас бага оноо авсан Б. нь Д. намайг "Төрийн албаны ерөнхий шалгалтад ороогүй, төрийн албаны нөөцөд байхгүй байж тусгай шалгалтад орсон хууль бус" хэмээн үзэж танай шүүхэд гомдол гаргасан нь өөрөө илт хууль бус юм. Д. миний бие 2012-2016 онд аймгийн ЗДТГ-т мэргэжилтнээр ажиллаж байгаад тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам, 2019 оны 17 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журамд тус зааснаар Төрийн албаны тухай хуулийн 27.2.4- т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн ба уг журмаар чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийг нөөцөд байгаад тооцдог хуулийн зохицуулалттай. Миний бие өөрийгөө нөөцөд байгаа эсэхийг тодруулахаар 2021 оны 12 сард Төрийн албаны төв зөвлөлд хандахад “Нөөцөд байгаад тооцно” гэсэн албан бичгийг надад ирүүлсэн. Тусгай шалгалттай холбогдон Салбар зөвлөлөөс батлан гаргасан 2023 оны 04 сарын 05-ний өдрийн 12 тоот дугаартай тогтоолд шалгалтад хамгийн өндөр оноо авсан иргэнийг нэр дэвшүүлж 2023 оны 04 сарын 25-ний дотор ажлын байранд нь томилохыг даалгасан байдаг. Б. гэдэг хүний анх нэхэмжлэл гаргахдаа Д. намайг анх төрийн албанд хууль бусаар орсон талаар гомдол гаргаагүй. Намайг ажлаас чөлөөлөгдсөн тушаал дээр гомдол гаргасан. Анхан, давж заалдах шатны шүүх хэлэлцээд, гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Дараа нь энэ хүн маань төрийн албаны тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг энэ ажлын байран дээр тэнцэх эсэх асуудал дээр нэхэмжлэл гаргасан байсан. Учир эдийн засгийн сургуулийн дипломоо гаргаж өгсөн. Анх төрийн албанд орохдоо дээд боловсрол эзэмшээгүй гэсэн учраас Архангай аймгийн Багшийн сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр бакалавр эзэмшсэн дипломынхоо дугаарыг тавьж өгсөн. Бүх юм нээлттэй болсон өнөө үед дипломын дугаараар тухайн сургуулийг төгссөн эсэхийг мэдэх бүрэн боломжтой. Нэхэмжлэгч талаас миний дипломыг хуурамч эсэхийг шалгуулахаар Боловсролын яаманд хандсан. Тэр бичгийн чинь хариу ирсэн үү? хариуц нь ирсэн бол хариуг өнөөдрийн хурал дээр мэдэгдээсэй гэж хүсэж байна. 2012 онд төрийн албан хаагчийн шалгалтад ороогүй байж, төрийн албанд орсон гэж байна. Тухайн үед Төрийн албаны 2002 оны хуулиар явж байсан. Тэр хуулиар Засаг дарга туслахаар хэнийг тавихаа өөрөө мэддэг байсан. Тухайн үед ерөнхий шалгалт өгөөгүй хүн төрийн албанд орж ажиллаж байгаад ажлын байрны орон тоо зарлагдах үед одоогийн ерөнхий шалгалт гэж нэрлээд байна шалгалтыг өгөөд, тэнцвэл, ажлын байрандаа томилогддог байсан. Хууль өөрчлөгдөөд 2020 оноос төрийн албанд анх орохдоо Төрийн албаны ерөнхий шалгалтыг өгдөг болсон. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2020 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2020 онд хэрэгжиж эхэлсэн хуулийг миний төрийн албанд орж байсан үетэй ижил мэтээр ярьж байгаа нь учир дутагдалтай байна. Би Төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан талаарх бүх нотлох баримтаа хавтаст хэрэгт нотариатаар батлуулаад, гаргаж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч тал Төрийн жинхэнэ албан хаагч байсан нь нотлогдохгүй байна гэж ярьж байгаа бодит байдлыг зориудаар мушгиж байгаа юм шиг санагдаж байна гэв.

10. Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт: Нэхэмжлэгч Б.ийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Завхан аймгийн Төрийн албаны салбар зөвлөл нь өөрөө хууль зөрчиж, иргэн Д.г ажлаас чөлөөлсөн байна гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн "Нэр дэвшүүлж санал болгох тухай” 12 дугаар тогтоолын Д.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2. Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн маргаж буй үндэслэл, үйл баримтад дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нь маргаан бүхий сул орон тооны захиалга, сонгон шалгаруулалтын дүн, маргаж буй албан тушаалд тавигдах ерөнхий болон мэргэжлийн тусгай шаардлагын талаар маргахгүй байх тул хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй байна.

4. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчөөс уг хэргийн гуравдагч этгээд Д. Завхан аймгийн Засаг даргын туслах, төрийн шагнал хариуцсан мэргэжилтнээр томилогдохдоо дээд боловсрол эзэмшсэн байсан эсэх нь тодорхойгүй, Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг зөрчиж томилогдсон, Засаг даргын туслах, төрийн шагнал хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдаагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн нь хууль бус гэх үндэслэлийн тухайд:

4.1  Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар тушаалаар Д.г аймгийн Засаг даргын туслах, төрийн шагнал хариуцсан мэргэжилтнээр томилж, түүний албан тушаалын ангилал зэрэглэлийг ТЗ-5-д хамруулсан ба Завхан аймгийн Засаг даргын 2014 оны А/10 дугаар захирамжаар дэс түшмэлийн дөтгөөр зэрэг, 2016 оны А/29 дүгээр захирамжаар дэс түшмэлийн гутгаар зэрэг олгосноос үзэхэд гуравдагч этгээдийг 2012-2016 онуудад төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй ба Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Д.г Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн тухайн албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд уг захиргааны акт хүчин төгөлдөр байна.

4.2 Шүүх нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн "Нэр дэвшүүлж санал болгох тухай” 12 дугаар тогтоолын Д.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн буюу нэхэмжлэлийн шаардлага чиглэж буй захиргааны үйл ажиллагаа, түүний үйлчлэлд өртөж, зөрчигдсөн эрх, ашиг сонирхол, шаардлагад хамаарахгүй асуудлаар дүгнэлт хийх эрх хэмжээгүй ба Д.г аймгийн Засаг даргын туслах, төрийн шагнал хариуцсан мэргэжилтний ажилд томилсон Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 67 дугаар тушаал, ажлаас чөлөөлсөн 2016 оны Б/20 дугаар тушаалын үйлчлэл, үр дагаварт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол цаг хугацаа, эрх зүйн үйлчлэлийн хувьд хөндөгдөх боломжгүй байх тул шүүхээс эдгээр актын үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

4.3 Түүнчлэн Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаал нь Д.д сөрөг нөлөөлөлтэй захиргааны акт хэдий ч тухайн актыг хүчингүй болгуулахаар Д. эрх бүхий этгээд болон шүүхэд гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр үйлчлэлтэй хэвээр байх ба дээрх Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 129 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 0644 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон тул шүүх Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалын үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

5. Хариуцагчаас төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй иргэн Д.г Төрийн албаны тусгай шалгалтад бүртгэж, сонгон шалгаруулалтад оруулж, маргаан бүхий албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.3-т заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбар, үндэслэлийн тухайд:

5.1 Маргаан бүхий захиргааны акт болох Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 04 сарын 05-ны өдрийн "Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 12 дугаар тогтоол нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам, загвар батлах тухай” журмын 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг баримталж, салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын Хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтнээр Д.г томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.

5.2 Гуравдагч этгээд Д. нь Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан үндэслэлээр Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлөгдсөн байна.

5.3 Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “...тусгай шалгалтыг ... энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна”, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.2-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас”, 27.1.3-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс” сонгон шалгаруулж томилохоор зохицуулсан байна.

5.4 Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмыг баталсан байх ба тус журмын 2.2-д “Нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн дэд бүтэцтэй байх бөгөөд энэ нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна” ...2.2.3.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авч, төрийн жинхэнэ албаны ямар нэгэн албан тушаалд ажиллахгүйгээр төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэж, 4.2-д “энэхүү журмын ...2.2.3-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй” гэж заажээ.

5.5 Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолоор дээрх 99 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байх ба 17 дугаар тогтоолын 2.1.5-д Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасны дагуу ...төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэний нөөц гэж байхаар, 4.2-т Энэ журмын 2.1.3-2.1.5-д заасан нөөцөд байх хугацаа хуульд өөрөөр заагаагүй бол тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр дуусгавар болно гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоол батлагдсанаар тэтгэвэр тогтоолгох насанд хүртэл тус тус нөөцөд байхаар байна.

5.6 Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 3.3-д “Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасан /Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 27.2.4-тэй ижил зохицуулалт/ үндэслэлээр төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдсөн албан хаагчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн нөөцөд бүртгэнэ” гэж заажээ. Гуравдагч этгээд Д. нь төрийн албаны нөөцөд бүртгүүлэх хүсэлтээ Төрийн албаны зөвлөлд гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 06-05/2526 дугаар албан бичгээр нөөцөд бүртгүүлэх хүсэлтийг нь шийдвэрлүүлэхээр шилжүүлсний дагуу Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар нөөцөд бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэж, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар тогтоолоор гуравдагч этгээдийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэсэн үйл баримт тогтоогдож байна.

5.7 Гуравдагч этгээд Д. нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш Завхан аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар татварын хэлтсийн нягтлан бодогчоор түр, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/623 дугаар тушаалаар татварын хэлтсийн нягтлан бодогчоор тус тус томилогдож, төрийн үйлчилгээний албан тушаалд 2022 оны 03 дугаар сарын 31 хүртэл буюу Төрийн албаны зөвлөлийн 17 дугаар тогтоол батлагдах хүртэл төрийн жинхэнэ албан тушаалд томилогдоогүй төрийн албаны нөөцөд хэвээр байсан байна.

5.8 Иймд дээрх журмуудаар төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байх хугацааг хязгаарлаагүй бөгөөд гуравдагч этгээд Д. нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн тул Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний сонгон шалгаруулалтад бүртгэж, дээрх албан тушаалд томилуулахаар санал болгосон хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн "Нэр дэвшүүлж санал болгох тухай” 12 дугаар тогтоолын Д.д холбогдох хэсэг нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.3, 33.12 дахь хэсэгт заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн “2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшүүлж санал болгох тухай” 12 дугаар тогтоолын Д.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч Б.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ч.ЦЭНД-ОЧИР

                                                ШҮҮГЧИД                 Л.ТУНГАЛАГ

                                                                                    Э.ЗОЛБАДРАХ