Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/02217

 

2024 оны 05 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2024/02217 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, …….. давхарт байрлах Т  ХХК /РД:…../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, …… ресторанд байрлах Т  ХХК /РД:……../-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 114.752.256 төгрөг, гэрээний алдангид 51.124.360 төгрөг нийт 165.876.616 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь рестораны тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг бөгөөд "Т  " ХХК-тай 233,308,004 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг худалдан авах харилцаа үүссэн байсан бөгөөд нийт төлбөрөөс 118.555.748 төгрөгийг төлсөн байсан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр үлдэгдэл төлбөр болох 114,752,256 төгрөгийг нийт 5 хувааж, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 15.000.000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 05 дугаар сарын 30-ны өдөр 30.000.000 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, 07 дугаар сарын 30-ны өдөр 24,752,256 төгрөгийг тус тус эргэн төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцож, Худалдах-Худалдан авах гэрээ байгуулсан болно. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлж, гэрээнд заасан тоног төхөөрөмжийг хариуцагчид хүлээлгэн өгсөн боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа болно. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ." 261 дүгээр зүйлийн 261.1-т "Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан мөн тус гэрээний 5.1-т "худалдан авагчаас гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах", 5.8-т "Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол Худалдан авагчаас гэрээгээр тохиролцсон төлбөрийг товлосон хугацаанд төлөх, худалдан авсан бараагаа хүлээн авахыг шаардах эрхтэй", гэж тус тус заасны дагуу гэрээгээр тохирсон үндсэн төлбөр болох 114,752,256 төгрөг, гэрээний тусгай нөхцөлийн 5- т "Хоёр тал харилцан адил Гүйцэтгээгүй үнийн дүнгийн хоног тутамд 0,5% алданги тооцно. Энэхүү хугацаанд төлбөр барагдуулаагүй тохиолдолд нийлүүлсэн тоног төхөөрөмжийг буцаан авах ба төлөгдсөн төлбөрийг буцаан олгохгүй болно" гэж заасны дагуу алданги 51,124,360 төгрөг нийт 165,876,616 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэснийг уншиж танилцуулав.

2. Хариуцагч Т  ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т  ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд холбогдуулан хариуцагч "Т  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хариу тайлбар гаргаж байна. "Т " ХХК-иас "Т ХХК-д холбогдуулан гаргасан Худалдах- Худалдан авах гэрээний үүрэгт 114,752,256 төгрөг, гэрээний алдангид 51,124,360 төгрөг нийт 165,876,616 төгрөгийг хариуцагчаас гаргуулах" гэх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1. "Тулга Төхөөрөмж" ХХК нь Худалдах- Худалдан авах гэрээний үүргийн дагуу худалдаж буй бараа бүтээгдэхүүн болох рестораны тоног төхөөрөмжийг нийлүүлэхдээ харилцан хүлээж авах акт үйлдээгүй мөн нийлүүлсэн гэх бараа бүтээгдэхүүн нь Иргэний хуулийн 251.1-т заасны дагуу биет байдлын доголдолтой байсан билээ. 2. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардаж буй 114,752,256 төгрөгөөс 24,752,256 төгрөг нь анх өгсөн үнийн саналд дурдагдаагүй мөнгөн дүн байна. 3. Алдангийн хувьд Т  ХХК Иргэний хуулийн 13 дугаар зүйлд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлэх зарчмыг зөрчин өөрт гэрээний үндсэн дээр олгогдсон хууль ёсны давуу байдлаа ашиглан үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ үл хэрэгжүүлсэний үр дүнд тус алданги буй болсон гэж үзэж буй тул гэрээний алдангид шаардаж буй 51,124,360 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. 4. "Т " ХХК болон "Т ХХК нар нь урт хугацаанд хамтран ажиллаж буй аж ахуй нэгжүүд ба урт хугацааны туршид арилжааны эрх зүйн суурь зарчим болох итгэлцэл дээр үндэслэн гэрээ хэлцэл байгуулан хамтран ажиллаж ирсэн. Иймд "Т ХХК-иас нийлүүлж байсан тоног төхөөрөмжүүд доголдолтой мөн бидний зүгээс төлбөрийг хоцроох асуудлууд гарч байсан ч хэн хэндээ хохирол учруулалгүй төлбөр тооцоо нийлж, харилцан итгэлцлийн үндсэн дээр асуудлыг шийдвэрлэж ирсэн билээ. Иймд тус маргаантай асуудлыг нэхэмжлэгч талтай эвлэрлийн гэрээ байгуулан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.08.28-ны өдрийн …. дугаар итгэмжлэл, компанийн дүрэм, 2023.03.01-ний өдрийн №23/11 дугаар худалдах, худалдан авах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2023.10.26-ны өдрийн нотлох баримт гаргах тухай, 2023.05.18-ны өдрийн Т  ХХК-д мэдэгдэл хүргүүлэх албан бичиг, Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2021.08.01-2022.12.31-ний өдрийн Тэнгэрийн дуу ХХК-ийн харилцагчийн авлагын тооцоо, 2022.05.17-ны бараа материалын баримт, 2022.04.03-ны өдрийн бараа материалын баримт, 2022.04.20-ны өдрийн бараа материалын баримт, 2022.04.19-ний өдрийн бараа материалын баримт, 2021.08.27-ны өдрийн бараа материалын баримт, 2021.09.04-ний өдрийн бараа материалын баримт, 2021.10.25-ны өдрийн бараа материалын баримт, 2021.10.25-ны өдрийн бараа материалын баримт, 2021.09.04-ний өдрийн бараа материалын баримт, 2022.04.20-ны өдрийн Зарлагын баримт, 2021.10.21-ний өдрийн зарлагын баримт, 2022.04.20-ны өдрийн зарлагын баримт, 2022.04.15-ны өдрийн зарлагын баримт, 2022.08.23-ны өдрийн дансны хуулгын баримт, 2022.10.31-ний өдрийн дансны хуулгын баримт, 2021.07.08-2021.07.09-ний өдрийн хоорондох дансны хуулгын баримт, 2021.08.17-ны өдрийн дансны хуулгын баримт, 2021.09.20-ны өдрийн дансны хуулгын баримт, 2021.10.18-ны өдрийн дансны хуулгын баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

4.Хариуцагчаас: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.09.18-ны өдрийн итгэмжлэл, хариу тайлбар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Т  ХХК зээлийн Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 114.752.256 төгрөг, гэрээний алдангид 51.124.360 төгрөг, нийт 165.876.616 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Т  ХХК-д холбогдуулан шаарджээ.

 

Хариуцагч Т   ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй худалдсан бүтээгдэхүүн биет байдлын доголтой байсан, алданги төлөхөөс татгалзаж байна, маргаантай асуудлыг нэхэмжлэгч талтай эвлэрлийн гэрээ байгуулан шийдвэрлэх боломжтой гэж 2023 оны 11 сарын 02-ны өдөр хариу тайлбар гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Зохигчийн хооронд 2023 оны 3 сарын 01-ний өдөр биет байдлын доголдолгүй үйлдвэрийн шинэ рестораны 233.308.004 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохирч, барааг 2021.06.13-ны өдөр хүргэж өгсөн, хариуцагч нь 118.555.748 төгрөгийг төлж, үлдэгдэл 114.752.256 төгрөгийг төлөөгүйн улмаас 2023 оны 3 сарын 01-ний өдрийн үлдэгдэл төлбөрийг 2023.03.30-нд 15.000.000 төгрөг, 2023.04.30-нд 15.000.000 төгрөг, 2023.05.30-нд 30.000.000 төгрөг, 2023.06.30-нд 30.000.000 төгрөг, 2023.07.30-нд 24.752.256 төгрөг төлөхөөр гэрээний буцаан төлөлтийн график байгуулж, талууд гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн.

 

Нэхэмжлэгч Т  ХХК худалдах худалдан авах гэрээний үүргээ шаардах эрхтэй ба хариуцагч нь худалдсан бараа бүтээгдэхүүн биет байдлын доголдолтой байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2023 оны 3 сарын 01-ний өдрийн гэрээний тусгай нөхцөлийн 6-д Энэ гэрээгээр тогтоосон бараа нийлүүлэх үнийн дүнгийн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно, энэхүү хугацаанд төлбөр барагдуулаагүй тохиолдолд нийлүүлсэн тоног төхөөрөмжийг буцаан авах ба төлөгдсөн төлбөрийг буцаан олгохгүй болно гэж заасан, худалдах худалдан авах гэрээний 7.3-д Талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутмаар тооцож худалдагчид өгнө гэж тус тус заажээ.

 

Хариуцагч Т  ХХК гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардаж буй 114,752,256 төгрөгөөс 24,752,256 төгрөг нь анх өгсөн үнийн саналд дурдагдаагүй мөнгөн дүн байна. Алдангийн хувьд Т ХХК Иргэний хуульд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлэх зарчмыг зөрчин өөрт гэрээний үндсэн дээр олгогдсон хууль ёсны давуу байдлаа ашиглан үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ үл хэрэгжүүлсэний үр дүнд тус алданги буй болсон гэж үзэж буй тул гэрээний алдангид шаардаж буй 51,124,360 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэх боловч энэ талаар баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч нь худалдах худалдан авах гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан, 2023 оны 3 сарын 03-ны өдрийн байдлаар тооцооны үлдэгдлийн баталгаа ……….. дугаарт баталгаажуулж, 114.752.256 төгрөгийн үлдэгдэлтэй байна. /хх-ийн 28 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь 114.752.256 төгрөгийн алдангийг гэрээний тусгай нөхцөл 6-д заасны дагуу 0.5 хувиар тооцож, 51.124.360 төгрөг шаардсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцөл, худалдах худалдан авах гэрээнд алдангийн хэмжээг өөр өөрөөр тодорхойлжээ.

 

Иймд шүүх худалдах худалдан авах гэрээний 7.3-д зааснаар 114.752.256 төгрөгийн алдангийг 0.1 хувиар тооцож, 2023.03.03-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023.08.28-ны өдөр хүртэл 148 хоногоор тооцож, /114.752.256 төгрөгийн 0.1 хувь 114.752 төгрөг, 114.752х148=16.983.296/ 16.983.296 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэв.

 

2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12:00 цагт товлосон шүүх хуралдааны товыг хариуцагч Т  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Иймд хариуцагч Т  ХХК-иас гэрээний үүрэгт 114.752.256 төгрөг, алданги 16.983.296 төгрөг, нийт 131.735.552 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34.141.064 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 987.333 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 816.628 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Т ХХК-иас 131.735.552 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34.141.064 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Т ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 987.333 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК -иас 816.628 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО