Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 148

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Ц,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө.Б-д холбогдох 1728000700067 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 

Шүүгдэгч Ө.Б нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг Ёлын индэрт гэх газарт худгийн хажууд байсан А.Д ийн эзэмшлийн усны насос /мотопомп/-ыг хулгайлж А.Д т 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Б шүүх хуралдаанд: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч А.Д ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Ханхонгор сумын Мандах багийн нутаг Ёлын индэрт гэх газарт байх худгийн хажууд манайх мотопомп буюу худагнаас ус соруулдаг насос байрлуулж тавьсан байсан. 2017 оны 06 дугаар сарын 12-ны өглөө малаа услах гээд худаг руу очиход мотопомп хулгайд алдагдсан байсан. Өмнөх өдрийн орой 20 цагийн үед мал услахад байж байсан юм. Тухайн насосыг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос 600.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Хэсгийн төлөөлөгч Нэргүй манай усны насосыг хулгайлсан хүнийг олж миний мотопомпыг надад хүлээлгэж өгсөн. Ажиллуулж үзэхэд бүрэн бүтэн байсан. Усны насосоо бүрэн бүтнээр нь хүлээж авсан учир надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хөдөө мал маллаж амьдардаг учраас нааш цааш яваад байх зав байхгүй, иймд шүүх хуралд оролцож чадахгүй.” гэжээ. /хх-14/,

Гэрч А.Д ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би 2017 оны 06 дугаар сарын 12-ны өглөө мал услах гээд ус руу явж байхад өөдөөс нэг хүүхэн алхаж ирсэн. Би тэр хүүхнээс “Чамайг хэн гэдэг вэ? Хаанаас ямар ажлаар явж байгаа юм бэ?” гэж асуухад “Намайг Ө.Ба  гэдэг, бид нар 4-үүлээ машинаар шөнө аймгаас гараад ууланд ирсэн. Намайг машинаас буугаад уул руу гарах гэж байх хойгуур нөгөө 3 хүн машинтайгаа яваад өгсөн байна” гэсэн. Тэр хүүхэн надаас “Танай энэ хавиар машин явж өнгөрсөн үү?” гэхэд “Өглөө 7 цагийн үед манай гэрийн хойд талаар саарал өнгийн жижиг машин зүүн тийш уруудаад явсан” гэж хэлсэн. Би тэр хүүхнээс “Чамайг наашаа ирэх замд худаг байсан уу?, Худаг дотор ус соруулдаг мотопомп буюу насос байсан уу?” гэхэд “Таггүй худаг байсан, хажууд нь ус соруулдаг усны мотопомп насосын зүйл байгаагүй” гэсэн. Би худаг дээр очиход ус соруулдаг усны насос байхгүй байсан. Би тэр хүүхнийг 16 цагийн үед аймаг руу авч явах үед замд нэг машин байхаар нь очиж үзтэл “Энэ миний сууж явсан машин мөн байна” гэж Ө.Ба  гэх хүүхэн хэлсэн. Тэр хүмүүс машинаа эвдээд хээр хаяад явсан байсан. Алга болсон насос маань Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн хуванцар бензиний банктай, тог гаргадаг цахилгаан мотороос жижиг усны мотопомп насос байсан. Улаанбаатар хотоос би өөрөө 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 600.000 төгрөгөөр аваад 20 гаруй хонож байсан, 15 метрын гүнээс ус татах хүчин чадалтай, гүний мотопомп насос байсан. Тэр гээд хэлэх содон шинж тэмдэг байхгүй. Би Ө.Ба  гэдэг хүүхэнтэй хамт явсан 3 хүнийг сэжиглэж байна. Жолооч нь Ө.Б  гэдэг гэж Ө.Ба  хэлсэн. Өөр хүн худгийн ойролцоо яваагүй. Би Ө.Ба  гэх хүүхнийг танихгүй, 1996 онд төрсөн гэж хэлж байсан. Махлаг шар царайтай, монхор хамартай, онигор нүдтэй, хар үстэй хүүхэн байсан. Ө.Ба ын гэр аймгаас урагш хөдөө 13 км-т байдаг, аймагт Баруунсайханы 16-7 тоотод ирдэг гэж өөрөө надад хэлж байсан. 3 залуугийн талаар мэдэхгүй.” гэжээ. /хх-15/,

Гэрч Ө.Ба ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би 2017 оны 06 дугаар сарын 11-нд Баруунсайханы 16-7 тоотод хамаатны найз хүүхэн Тунгаагийнд 19 цагийн үед утсаар ярьж байгаад очсон. Тунгаа бид хоёр гарч Шарга дэлгүүрээс 2.5 литрийн пиво нэгийг аваад гэртээ ирээд хувааж уусан. Орой 22 цагийн үед Тунгаа руу нэг хүн залгаад 2 цагийн дараа Ө.Б  гэдэг залуу 2 залуутай машинтай ирсэн. Тунгаа үлдээд би тэр гурван залуутай хамт машинаар шөнө явж Төгөлд нэг айлд очиж тэд нар 750 граммтай архи, ундаа, тамхи авсан. Тэр хүмүүс тал руу гаръя гэж яваад аймгаас баруун тийш малын хорооны дэргэд ирээд архиа хувааж уусан. Архи талдаа орж байхад би унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь ууланд ирчихсэн, нар гараагүй байсан. Би машинаас буугаад уулын өөд өгсөж явж байгаад унтаад өгсөн. Өглөө болж нар гарсан байхад би сэрсэн. Цаг хэд болж байсныг би мэдээгүй, тэр хүмүүс машинтайгаа явсан байсан. Зүүн зүгт хадан хавцал дунд сайртай газраар ам уруудаад алхаад явж байтал худаг таарсан. Цангаад худагнаас ус уусан, ам уруудаад зүүн тийш явж байтал дэнж дээр айл байхаар нь очсон. Би Ө.Б г бага зэрэг мэднэ, нөгөө хоёрыг нь огт танихгүй. Тэр хүмүүстэй яагаад хамт явснаа хэлж мэдэхгүй байна. Тунгаатай хамт нэг том пиво хамт уугаад согтсон байсан. Хөдөө явахдаа хаагуур ямар газраар явсныг мэдэхгүй байна. Би Ө.Б г нэг үеийнх гэдгээс өөрөөр сайн танихгүй. Би согтсон учраас болсон зүйлийн талаар мэдэхгүй байна. Тэд нарын хэнийх нь ч дугаарыг мэдэхгүй, хэн нь ч надтай холбоо бариагүй.” гэжээ. /хх-16/,

Гэрч Э.О гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 06 дугаар сарын дунд үе байх яг хэдэн байсныг сайн санахгүй байна. Нэг орой манай нөхөр болох Б.А  ажлаасаа тараад гэртээ ирээд Ө.Б  над руу залгаад “Мотопомп байна авах уу, авах хүн байна уу, мөнгөний хэрэг гараад” гээд ярьсан. Манай нөхөр хөдөө байдаг гэр рүү яриад мотопомп үзэхээр болоод нөхөр Ө.Б  рүү ярихад Баруунсайханд айлд байна гэсэн. Бид хоёр Шарга дэлгүүрээс хойш Баруунсайханд айлд очсон. Ө.Б  нэг залуутай гарч ирээд манай машинаар бид 4 аймгаас зүүн тийш ойрхон хөдөө нэг айлд очоод нөхөр бид хоёр мотопомп үзээд эргэж аймаг ороод Ө.Б  тэр залуу хоёрыг хүргэж өгөөд гэртээ харьсан. Гэрт ирээд хөдөө гэр лүү яриад авахаар болоход Ө.Б  манай нөхөр лүү утсаар яриад манай мотоцикльтой нэг залуутай хамт ирээд тэр 2 мотоциклоо орхиод манай нөхөр, Ө.Б , тэр залуу бид 4 манай машинаар оройдоо хөдөө айлын гэрт очоод мотопомпыг машины багажид ачиж гэрт ирсэн. Би Ө.Б гийн данс руу мобайлаар 130.000 төгрөг шилжүүлээд бэлнээр 35000 төгрөг өгсөн. Тэгээд Ө.Б  тэр залуутай явсан. Ө.Б  манай нөхөртэй танил. Би бол сайн танихгүй. Манай нөхрийн ажил дээр ирж утас засуулдаг хүн гэсэн. Ө.Б  мотопомпыг “Манай энэ хамт явж байгаа дүүгийнх” гэсэн. Нэр хэлээгүй. Хар өнгийн рамтай, нэг талдаа урт, нөгөө талдаа богинохон, шар өнгийн шаланктай жижгэвтэр мотопомп байсан. Ө.Б тэй хамт явж байсан хүнийг танихгүй. Дунд зэргийн өндөр, туранхай бор залуу байсан. Ө.Б  манай дүү гээд байсан. Ө.Б  надтай ямар ч байсан холбоо бариагүй, манай нөхөртэй ярьсан үгүйг мэдэхгүй байна.” гэжээ. /хх-17/,

Гэрч Ц.С гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 06 дугаар сарын эхээр одоо дүрийг нь мартсан байна. Манай нөхөр Ө.Б  Гооноо гэх залуутай хамт Өмнөговь аймгийн төв дээр өөрийнхөө худалдаж аваад сар гаруй болж байсан машинтай “Санато 5” маркийн машинаа янзлуулаад гэртээ ирээд бид 2 хөдөө хүнсэнд яваад ирье гэж хэлсэн. Цогтцэций сум яваад маргааш өглөө нь манай ээжийнд хүнсээ авчихлаа одоо буцлаа гэж хэлээд гараад  явсан гэсэн. Дараа нь аймгийн төв дээр ирсэн байна, машиныхаа дугуйг янзлуулж байна, одоо очлоо гэж ээжтэйгээ ярьсан байсан. Би аймгийн төв дээр хадам ээжтэйгээ байсан юм. Тэр өдрөө Ө.Б  гэртээ ирээгүй. Би утас руу нь залгасан чинь холбогдохгүй байсан, маргааш нь би найз Боогийтой нь утсаар ярихад манайд унтаж байна гэж хэлсэн. Ө.Б  гэртээ ирсэн, би “Машинаа яасан юм бэ?” гэж асуусан чинь Баяндалай явах замд суучихсан гэж хэлсэн. Ө.Б  машинаа очиж авч ирье гэж хэлээд такси аваад Б.Т  гэх залуутай бид гурав явсан. Очоод машины арын багажнаас усны насос аваад очсон машинд ачаад аваад хашаанд аваачиж буулгасан. “Юу юм бэ?” гэж асуухад С.М ынх гэж хэлж байсан. Ө.Б г мотопомп хулгай хийсэн гэж мэдээгүй.” гэжээ. /хх-18/,

Гэрч Б.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 06 дугаар сарын дунд үе байх яг хэдэн байсныг сайн санахгүй байна. Нэг өдөр Ө.Б  гэдэг хүн над руу утсаар залгаад “Надад мотопомп байна, чи авах уу, авах хүн байна уу?” гэж асууж байсан. Би очиж үзэхээр болоод Ө.Б  рүү залгахад баруун сайханд айлд байна гэсэн. Би эхнэр Оюунтуяагийн хамт машинаараа баруунсайханд “Шарга” дэлгүүрээс хойш яваад очиход Ө.Б  нэг намхан шар залуутай гарч ирээд манай машинд суугаад 4-үүлээ хөдөө аймгаас зүүн тийш айлд очиж мотопомп үзээд буцаж аймагт ирээд Ө.Б  тэр хоёрыг баруунсайханд Ө.Б гийн байсан хашаанд хүргэж өгөөд эхнэр бид хоёр гэртээ харьсан. Хөдөө гэр рүү яриад авахаар болоод Ө.Б  рүү ярьсан. Орой нь Ө.Б  манайд ирэхдээ нэг залуутай хамт мотоциклоор ирсэн. Манай эхнэр Оюунтуяа, Ө.Б  тэр залуу бид 4 манай машинаар аймгаас зүүн тийш хөдөө айлдаа очиж мотопомпоо аваад гэрт ирсэн. Би Ө.Б д 350000 төгрөг бэлнээр, 130000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тэгээд тэр хоёр мотоциклоор явсан. Би Ө.Б г сайн танихгүй. Манай ажил дээр ирж утас засуулах гээд ирдэг хүн. Ө.Б  мотопомпыг хамт явж байгаа дүүгийнх гэсэн. Нэрийг нь хэлээгүй. Хар өнгийн рамтай, нэг талдаа урт, нөгөө талдаа богинохон шар өнгийн хоолойтой, шар банктай, жижгэвтэр мотопомп байсан. Ө.Б тэй хамт явж байсан хүнийг танихгүй. Дунд зэргийн өндөр, туранхай бор залуу байсан. Ө.Б  манай дүү гээд байсан. Мотопомп авснаас хойш түүнтэй холбоо бариагүй. Мотопомп Ханбогд сумаас хойш байх манай хадмын хөдөө байдаг гэрт байгаа.” гэжээ. /хх-19/,

Гэрч Б.А ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт:

“Би Ө.Б  гэдэг залуугаас анх мотопомпыг худалдаж авахдаа хулгайн эд зүйлс гэж мэдээгүй авсан. Ө.Б  надад 165000 төгрөгийг буцааж төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ. /хх-20/,

Гэрч М.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би он сарыг нь сайн мэдэхгүй байна, 2017 оны 06 дугаар сарын 10-ны үед байх өглөө гэртээ байхад С.М  утсаар залгаад хүрээд ир гэхээр нь яваад очтол С.М  Ө.Б гийн хашаанд байгаа мотопомпыг танайд аваачаад тавьчихъя гэж хэлсэн. С.М  бид хоёр миний мотоциклоор шинэ Даланзадгадын урд баригдаж байгаа барилгын хашаанд очиж Ө.Б гийн гэрийн гаднаас нэг мотопомп аваад манай өвөлжөөний гэрт аваачиж тавьсан. Би С.М ыг гэрт нь хүргэж өгөөд гэр лүүгээ харьсан. Хэд хоногийн дараа хадам дүү Б.Тү  руу яриад Ө.Б  мотопомпоо авсан юм уу гэж асуусан чинь надтай хамт очоод авсан гэж хэлсэн. Би уг мотопомпыг Ө.Б гийнх юм байх гэж бодсон. Ө.Б  манай хадам ээжийн төрсөн эгчийн хүүхэд, С.М  манай хадам аавын талын хамаатны хүүхэд, Б.Т  С.М ын найз болохоор таньдаг.” гэжээ. /хх-21/,

Гэрч Б.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“...2017 оны 06 дугаар сарын дунд үе байх. Би дундсайханд гэртээ ээжтэйгээ байхад Ө.Б  манайд ороод ирсэн. Ө.Б  намайг “Хоёулаа гаръя, манай нэг ах мотопомп зараад өг гээд байгаа юм” гэсэн. Бид хоёр баруунсайханд С.М  ахынд алхаж очсон. Ө.Б  “Унаа байна уу?” гэж С.М аас асуухад гадаа Бя манайд мотоциклоо үлдээсэн байгаа гэсэн. Ө.Б  нэг хүнтэй уулзсан. Ө.Б  бид хоёр мотоциклоо тэр айлын хашаанд орхиод ах эгч хоёртой хамт машинд нь суугаад дөрвүүлээ хамт аймгаас зүүн тийш 5 км-т Бс гийн хөдөө гэрт очсон. Ө.Б  мотопомпыг гэрээс гаргаад машины арын багаж руу хийсэн. Машины жолооч ах бид 2 шаланкийг багаж руу хийсэн. Эргэж жолооч ахын гэрт очиход жолооч ах Ө.Б д бэлнээр 30000-40000 төгрөг өгөөд байх шиг байсан. Үлдсэнийг нь данс руу нь утсаар мобайлаар шилжүүлсэн. Тэндээс Ө.Б  бид хоёр ява мотоциклоороо гарч яваад манайд очоод Ө.Б  намайг хот явах уу гэсэн. Би явахгүй гээд гэртээ үлдсэн. Маргааш нь Ө.Б  над руу утсаар залгаад Цогтцэций явлаа явах уу, хамт ажил хийе гэхээр нь би явахгүй гэсэн чинь ажил төрөл хий гээд намайг загнаж байсан. Жип машинтай нэг ахтай ирээд Цогтцэций суманд очиж нэг кемпэд 2 хоног ажиллаад Ө.Б гийн хадам ээжийнд хэд хонож байгаад би аймагт ирсэн. Ө.Б  нь манай ээжийн эгч Өлзийдэлгэр гэх хүний хүүхэд, бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Ө.Б мотопомпыг миний нэг таньдаг ахынх гэж хэлж байсан. Нэрийг нь хэлээгүй. Ө.Б бид хоёр мотопомп авч байгаа хүмүүстэй хамт машинаар Бс гийн хөдөө гэрт очиход гэрийн хаалганд цоож байгаагүй. Хаалгыг шар өнгийн оосор уяагаар уясан байсан. Хар өнгийн рамтай, бүдүүн шар хоолойтой цахилгаан гаргадаг мотороос арай жижиг мотопомп харагдсан. Би мотопомп худалдаж авсан 2 хүнийг танихгүй, нэрийг нь ч мэдэхгүй. Цагаан өнгийн суудлын жижиг машинтай байсан. Ө.Б  мотопомпыг ах, эгч хоёрт 130000-140000 төгрөгөөр зарсан байх. Яг хэдэд зараад байгааг би сайн мэдэхгүй байна. Ө.Б  бэлнээр 40000 төгрөг авч дансаар үлдсэн мөнгийг нь авч байх шиг байсан. Ах эгч, Ө.Б  бид хэдийг хөдөө айлд очиход гэр цоожгүй, хаалгыг уяагаар уясан байсан.” гэжээ. /хх-22/,

Гэрч Б.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Та 2017 оны 06 дугаар сарын 10-нд би баруунсайхан 17а-22 тоотод Н ахынд байхад Ө.Б  С.М  хоёр машинтай ирсэн. Бид гурав уулзаад юм ярьж байгаад Ө.Б  хэдүүлээ шар юманд явъя гээд гэрээс явсан. Шар юманд явах гэхэд багаж олдохгүй болохоор орой нь Цогтцэций сум яваад маргааш нь үдээс өмнө аймаг дээр буцаж ирсэн. Ирээд өдөр би note-1 гэх гар утсаа ломбарданд 50.000 төгрөгөөр тавьж мөнгөтэй болоод дугуй завсар дээр очоод оройн 21 цагийн үед дугуйгаа засуулж дуусаад С.М , Ө.Б  бид гурав газын колонк ороод машинаа цэнэглээд 23 цагийн үед бид гурав аймгийн төвд “Гандирс” худалдааны төвийн доор байх бааранд ороод эргэж гараад Ө.Б  айлд очъё гээд баруунсайханы 16-07 тоотод нэг айлын гадаа очоод Ө.Б  бид хоёр түрүүлж ороод сүүлд нь С.М ыг дуудсан.  Тэр айлаас бид гурав хоёр хүүхэнтэй хамт Төгөлд П  гэх айлд очиж ундаа, тамхи аваад Баяндалай сум руу явдаг засмал замаар явж байгаад баруун зүгт засмалаас буугаад чигээрээ яваад нэг малын саравчтай хорооны гадаа очиж зогсоод авсан архиа Б , Ө.Б , С.М  бид дөрөв хувааж уугаад өглөө үүр цайж байхад Ө.Б , С.М  хоёр аймаг явъя гээд ярьж байсан. Нэг сэрэхэд өглөө болсон нар гарсан уулын бэл рүү орж байсан. Уулын ам өгсөөд явсаар байгаад хавцалын дунд нэг худагтай газар очсон. Бид хоёр машинаас буугаад гар нүүрээ худгийн усаар угааж байхад Ө.Б  тэр хүүхэн хоёр машинд үлдсэн. Удалгүй Ө.Б , Б  гэх хүүхэн хоёр муудалцаад машинаас гараад баруун тийш яваад эргээд Ө.Б  ганцаараа хүрээд ирсэн. Би Ө.Б гээс нөгөө хүүхэн чинь яасан гэхэд уурлаад баруунтай үлдсэн гэхээр нь би тэр хүүхнийг аргадах гээд очиход уурлаад байхаар нь орхичихоод хүрээд ирсэн. Тэгсэн Ө.Б  явцгаая гэснээ С.М  та хоёр энэ мотопомпыг машины багаж руу хийчих гэхээр нь С.М  “Яах гэж байгаа юм” гэхэд Ө.Б  “Энэ уулын аманд байгаа айлыг би таньдаг юм, манай ахнынх байгаа юм” гэсэн. С.М  бид хоёр худгийн хажууд байсан мотопомпыг өргөж багажид хийгээд бид гурав уулнаас зүүн тийш уруудаад аймаг явж байтал машин эвдрээд зогссон. Тэндээ машинаа түгжиж орхиод засмал зам руу очсон. Цагаан өнгийн портер машинд бид гурав суугаад мод үржүүлэхээс хойно засмал замын зүүн талд бууж үлдээд Их-Уулд Ө.Б гийн найз гээд  нэг айлд алхаж ирсэн. С.М  гэр рүүгээ харьсан. Ө.Б  бид хоёр айлд хоол хийлгэж идээд би тэр айлд унтаад өгсөн. Орой 19 цагийн үед сэрэхэд тэр залуугийн эхнэр хүүхэд хоёр байсан. Би тэр айлаас гараад баруунсайханд С.М ынд очоод байж байтал гадаа машин сигналдаад байхаар нь гараад очтол Ө.Б  эхнэртэйгээ таксигаар ирсэн байсан. Ө.Б намайг хөдөө машин руу хамт явчих гэсэн. Би Ө.Б г машинаа засаж авчрах гэж байгаа юм байна гэж бодоод хамт явсан. Ө.Б  бид гурав таксигаар явж өдөр орхисон машин дээр очиж мотопомпоо аваад буцаж аймаг ирээд би баруунсайханд С.М ын аавынд үлдээд Ө.Б  эхнэртэйгээ явсан. Маргааш өглөө нь бу Ө.Б  рүү залгахад утсаа авахгүй байсан. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй. Бидний очсон газар уулын ам нарийн хавцал байсан. Аймгаас баруун хойно 20-30 орчим км зайтай байх. Нэг худаг байсан. Тэр худгийг машины дугуйгаар өрөөд хийсэн, төмөр тагтай, гүн биш худаг байсан. Худгийн зүүн талд төмрөөр хийсэн урт нарийхан мал усалдаг онгоц байсан. Худгийн амсарыг чулуугаар дарж өрсөн байсан. Мотопомп худгийн баруун хажуу талд нь ил байсан. Хар өнгийн төмөр рамтай, улаан өнгийн төмөр бензиний банктай, 2 талдаа урт, богино шар өнгийн хоолойтой мотопомп байсан. Ө.Б намайг машин дээр очоод ирье гэсэн. Тэр үед би Ө.Б г машинаа засаж авчрах гэж байгаа юм байна гэж бодсон. Намайг өглөө машинд сэрэхэд 06 цаг болж байсан. Машиныг Ө.Б жолоодож явж байсан. Ө.Б архи нэг их уугаагүй, С.М хүүхэн бид гурав нэлээд согтуу байсан. Бид нартай хамт явсан хүүхнийг Б  гэж Ө.Б дуудаад байсан.  С.М  бид хоёр арван жилийн нэг ангийн найзууд. Ө.Б бол М дамжиж танилцсан. Надтай хамаатан биш. Б гэх хүүхэн тар рүү гаръя гээд байсан болохоор хөдөө гарсан. С.М  бид хоёр мотопомпыг хэнийх гэдгийг мэдэхгүй. Ө.Б манай ахынх гэж хэлсэн. Тухайн авч явсан мотопомпыг хаана хэнд өгсөнийг мэдэхгүй.” гэжээ. /хх-23-24/,

Гэрч Б.Т ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт:

“Тухайн үед Ө.Б  хэлэхдээ та хоёр наад мотопомпоо машины багажид аччих гэхээр нь С.М  Ө.Б гээс “Яах гэж байгаа юм бэ?” гэхэд Ө.Б уулын аманд байгаа айл манай хамаатан гэж хэлэхээр нь хулгай хийж байна гэж бодоогүй машины арын багажид ачиж өгсөн. Хэрэв хулгай хийж байна гэж мэдсэн бол мотопомпыг ачиж өгөхгүй байсан. Ө.Б гийн машинтай уулнаас уруудаж буугаад аймаг руу явж байтал Ө.Б гийн машин замдаа эвдэрсэн. Ө.Б машинаа цоожилж үлдээгээд бид гурав алхаад аймагт ирсэн. Би тэр мотопомпыг хаана хэнд зарсанг мэдээгүй, бас мөнгөнөөс нь ч аваагүй. Хулгай хийсэн гэдгийг анхнаасаа мэдээгүй.” гэжээ. /хх-25/,

Гэрч С.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“...2017 оны 06 дугаар сарын 10-нд би гэртээ байж байтал Ө.Б  машин авсан гэж манайд ирээд Б.Т агийнд очиж Б.Т атай уулзаад бид гурав юм ярьж байгаад Б.Т  манай нэг таньдаг найз Цогтцэцийд байдаг юм, хэдүүлээ явах уу? гээд орой нь Цогтцэций сум яваад маргааш нь үдээс өмнө аймаг дээр буцаж ирсэн. Ирээд өдөр дугуй завсар дээр очоод оройн 21 цагийн үед дугуйгаа засуулж дуусаад Б.Т , Ө.Б  бид гурав газын колонк ороод машин цэнэглээд 23 цагийн үед бид гурав аймгийн төвд “Гандирс” худалдааны төвийн доор байх бааранд ороод эргэж гараад Ө.Б  айлд очъё гээд баруунсайханы 16-07 тоотод нэг айлын гадаа очоод Б.Т , Ө.Б  хоёр түрүүлж ороод сүүлд нь Б.Т  намайг дуудаад ороход хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүмүүс согтуу байсан. Бид гурав тэр 2 хүүхэнтэй хамт  Төгөлд П  гэх айлд очиж ундаа, тамхи аваад эргэж баруунсайханд айлдаа очоод нэг хүүхэн нь үлдээд Б  гэх хүүхэн бид гуравтай хамт эргээд П  гэх айлдаа очоод архи тамхи аваад Баяндалай гардаг засмал замаар явж байгаад баруун зүгт засмалаас буугаад чигээр яваад малын саравчтай хорооны гадаа очиж зогсоод авсан архиа Б , Ө.Б , Б.Т  бид дөрөв хувааж уугаад өглөө үүр цайж байхад аймаг гаръя гаад машинтайгаа явсан. Би машинд унтсан байсан. Өглөө сэрэхэд худагтай газар ирсэн байсан. Би Ө.Б гээс “Энэ юун газар вэ? Аймаг явна гэсэн яасан” гэтэл Ө.Б  энэ шатын ам гэдэг газар, надад жаахан ажил гараад энд ирлээ гэсэн. Би машинаас буугаад гар нүүрээ худгийн усаар угааж байхад нөгөө хүүхэн Ө.Б  хоёр муудалцаж байгаад хүүхэн нь уул руу яваад өгсөн. Ө.Б  “Наад мотопомпоо машины ар руу хийчих” гэхлээр нь яах гэж байгаа юм гэхэд Ө.Б  аман дээр байгаа айлыг би танина гэсэн. Б.Т  бид хоёр худгийн хажууд байсан мотопомпыг машины арын багажид хийсэн. Уулын амнаас уруудаад нэг айлын хойгуур аймаг явж байтал машин эвдрээд тэндээ машинаа түгжиж орхиод засмал зам руу очиж замын машинд бид гурав суугаад мод үржүүлэхээс хойно засмалын зүүн талд бууж үлдээд Их-Уулд Хайрхан дэлгүүрийн баруун хойно айлд алхаж ирээд  Ө.Б , Б.Т  хоёр үлдсэн. Тэр айлыг хэнийх гэдгийг нь би мэдээгүй. Би таксигаар гэртээ харьсан. Б.Т  орой 21 цагийн үед манайд ирээд явсан. Маргааш өглөө нь Ө.Б  над руу утсаар залгаад би төвд ажилтай явж байна, манай хашаанд барилга баригдаж байгаа болохоор мотопомп саад болоод байна, чи нөгөө мотопомпыг Бя гийн хөдөө гэрт тавьчих гэсэн. Би гэрт байж байтал Бя манай гэрт ирэхээр нь “Ө.Б  манайд нэг мотопомп байгаа түүнийг танайд аваачаад тавьчих” гэж хэлсэн. Бя г гуйгаад  шинэ Даланзадгадын урд баригдаж байгаа барилгын хашаанаас мотопомпыг аваад мотоциклоор аймгаас зүүн тийш Бя гийн хөдөө гэрт авчирч тавьсан. Тэр үед тэдний гэр цоожгүй уяагаар уясан байсан. Тэр өдрийн үдээс хойш 14 цагийн үед Ө.Б  над руу утсаар залгаад чи хаана байна гэхээр нь би гэртээ байна гэхэд нөгөө хүмүүс мотопомп үзэх гээд ирсэн гэсэн. Удалгүй манай гадаа цагаан өнгийн суудлын жижиг машинтай эрэгтэй эмэгтэй хоёр хүнтэй Ө.Б  хамт ирээд намайг аваад бид дөрөв машинаар мотопомп байгаа айлын гэрт очоод мотопомп үзүүлсэн. Нөгөө хүн манай талбайг услахад арай багадах юм байна, гэхдээ эргээд яръя гэсэн. Бид дөрөв эргэж аймаг ороод намайг тэр хэд гэрт хүргэж өгөөд явсан. 2-3 хоногийн дараа Бя бид хоёр хөдөө гэрт очиж нөгөө мотопомпыг үзэхэд гэрт байгаагүй. Түүнээс хойш би ч залгаагүй. Ө.Б  ч надтай холбоо бариагүй. Нэлээд хэд хоногийн дараа Цогтцэций суманд байгаа гэх сураг сонссон. Бид нарын очсон газар аймгаас баруун хойш 20-30 км орчим зайтай байх. Худгийг машины дугуйгаар өрж хийсэн. Төмөр тагтай, гүн биш ус нь худгийн амсарт ойрхон байсан. Худгийн зүүн талд төмрөөр хийсэн урт нарийхан мал усалдаг онгоц байсан. Худгийн амсарын дугуйг чулуугаар дарж өрсөн байсан. Мотопомп худгийн баруун хажуу талд нь ил байсан. Хар өнгийн төмөр рамтай, улаан өнгийн төмөр бензиний банктай, 2 талдаа урт, богино шар өнгийн хоолойтой мотопомп байсан. Б.Т  бид хоёр арван жилийн нэг ангийн найзууд, надтай хамаатан биш. Ө.Б  бол манай аав бөө болохоор ирдэг байсан юм. Ө.Б тэй танилцаад нэг жил гаран болж байна. Надтай хамаатан биш. Мотопомп байсан газрыг би мэдэхгүй. Надад Ө.Б  шатын ам гэж хэлсэн. Б  гэх хүүхэн тал руу гаръя гээд байсан болохоор хөдөө гарсан. Бс  гэдэг манай хамаатны хүргэн байгаа юм. Мотопомпны талаар асуухад нь би Ө.Б гийнх гэдгийг хэлсэн. Б.Т  бид хоёр мотопомпны талаар мэдэхгүй, уулын аманд байгаа айлыг танина гэж хэлсэн. Б  гэх хүүхний бүтэн нэрийг мэдэхгүй, танихгүй Ө.Б  л сайн таних байх. Мотопомп үзэх гэж ирсэн 2 хүнийг ч танихгүй. Ө.Б  мотопомпыг уулнаас бууж ирдэг шөнө явж авчирсан гэсэн. Хэнтэй явж авч ирснийг сайн мэдэхгүй байна.” гэжээ. /хх-26-27/,

Гэрч С.М ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт:

“Ө.Б  мотопомпыг хэнд хэдэн төгрөгөөр зарсан эсэхийг мэдэхгүй байна. Мөнгөнөөс нь аваагүй. Тухайн үед хулгай хийж байна гэж огт мэдээгүй, Ө.Б  наад мотопомпоо машины багажид хийчих аман дээр байгаа айлыг танина гэж хэлэхээр нь юу ч бодолгүй машинд нь ачсан. Хулгай хийж байна гэж бодоогүй. Хэрэв хулгай хийж байна гэж мэдсэн бол би ачиж өгөхгүй байх байсан. Би өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй.” гэжээ. /хх-28/,

Шүүгдэгч Ө.Бгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:

“...2017 оны 06 дугаар сарын эхээр байх, би гэрээсээ машинтай С.М ынд очсон. С.М тай уулзаад байж байгаад Б.Т агийнд очиж бид гурав уулзаж юм ярьж байгаад Цогтцэций сум явах болоод тэр оройдоо гарсан. Бид гурав сум орж айлд хоноод маргааш өглөө нь аймаг руу гараад ирсэн. Аймаг дээр ирээд Б.Т  хэдүүлээ нэгэнт гарсаных өнөөдөр жаахан зугаалъя гээд Б.Т  өөрийн барьж байсан note-1 гэх гар утсаа ломбарданд тавиад тэр мөнгөөрөө машины дугуй засуулаад нэлээд орой болсон. Бид гурав баруунсайханд блокон хашаатай айлд очоод таньдаг эмэгтэйг аваад газын колонк дээр очиж машинаа цэнэглээд дундсайханд байдаг шөнийн дэлгүүрээр орж 0.5 литрийн Хараа нэртэй архи, тамхи аваад хөдөө Баяндалай руу явдаг засмал замаар явж байгаад нэг малын хороо, бууцан дээр зогсож авсан архиа хувааж уугаад чигээрээ баруун тийш уулын амаар өгсөж очоод нэг худгийн хажууд очоод зогссон. Машинаас бүгдээрээ буугаад байж байтал хамт явсан хүүхэн Б.Т  хоёр хоорондоо муудалцаад байсан. Б.Т  орой аймаг гарахаас өмнө баруун ууланд худаг дээр нэг мотопомп гаргаад тавьсан байгаа, тэрийг зараад хэдүүлээ хот явна гэж хэлж байсан тэр мотопомпыг С.М  бид хоёр өргөөд машины багажид хийсэн.  Б.Т , С.М  бид нар тэр хүүхнийг орхиод явсан. Замдаа явж байтал машин эвдрээд явж болохгүй байхаар нь машинаа орхиод бид гурав алхаж засмал зам руу очоод цагаан өнгийн портер машинд суугаад аймаг руу орж мод үржүүлэхийн баруун хойд талд буугаад  Нандинболор гэх айлд алхаж очсон. Тэндээс С.М , Б.Т  хоёр гэр лүүгээ явж би тэндээ үлдсэн. Тэр өдрийн орой 18 цагийн үед С.М  над руу залгаад нөгөө мотопомпоо авъя унаа байна уу гэсэн. Надад унаа байхгүй гэхэд С.М  чи унаа аргалаад  ирээч гэхээр нь  би Нандинболорынд ирсэн байсан Эрдэнэбат гэх хүний “Ява” мотоциклийг ганцаараа унаж яваад хөдөө орхисон машинаас нөгөө мотопомпоо аваад сумын Тамгын газрын өмнө талд байх гэртээ авчираад гэртээ хоносон. Маргааш нь С.М  над руу залгаад нөгөө мотопомп чинь байна уу? өөр газар байлгаж байгаад заръя гэсэн. Намайг төвд явж байхад гэрээс очиж аваад явсан байсан. Би Цогтцэций сум руу ажил хийх гээд явсан. Тэрнээс хойш С.М тай холбогдоогүй. Б.Т  хэд хоногийн дараа над руу залгаад утас авсан уу? Би чамаас утсаа авъя гэсэн. Би мөнгөө төлөөд ав гэсэн. Тэр мотопомп хар өнгийн рамтай, бүдүүн шар өнгийн хоолойтой, цахилгаан гаргадаг мотороос арай жижиг байсан. Тухайн мотопомп нарийхан хавцал дунд худгийн хажууд ил байсан. Худгийн зүүн талд төмрөөр хийсэн нарийхан усны онгоц байсан. Худгийн амыг төмөр тагаар тагласан, худгийн баруун талд мотопомп ил байсан. С.М , Б.Т  хоёр энэ замаар явна гээд байсан. Тэгээд худаг дээр очсон. Б.Тү  гэх залуугийн бөөгийн багш гэх Нэргүй гэж ах байдаг. Тэр Нэргүй гэх хүний хүүхэд нь С.М  байгаа юм. Би тэднийхээр очдог байсан болохоор танилцсан. С.М тай төрөл садан биш. Бид гуравтай хамт явсан эмэгтэйг танихгүй. Манай нэг найзын иргэний үнэмлэхийг аваад явсан гээд тэр айлд найзтайгаа хамт өмнө нь очиж байсан. Эрхэлсэн ажил байхгүй байх. Уул руу явахад шөнийн 03-04 цагийн үед үүр цайж байхад яваад өдөр 15-16 цагийн үед худаг дээрээс буцаад уулын ам уруудаад явж байтал машин эвдэрсэн. Бид гурвыг машинтай уулнаас уруудаад явж байхад замд айл байгаагүй. Намайг мотопомп авч ирэхэд манай ээж, эхнэр хоёр байсан. Мотопомпыг С.М , Б.Т  хоёр аваад явсан. Яасныг нь мэдэхгүй байна.” гэжээ. /хх-29-30/,

            Шүүгдэгч Ө.Бгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:

“...2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би гэрээсээ машинтай гараад С.М ын гэрт очсон. С.М  бид хоёр Б.Т тай уулзахаар гэрт нь очсон. Бид гурав Цогтцэций сум руу явах болоод тэр оройдоо Цогтцэций сум яваад айлд хоноод маргааш нь аймаг дээр ирсэн. Тэр оройноо “Гандирс” худалдааны төвийн доор байдаг бааранд ороод баарнаас гараад баруунсайханд айлд очиход манай найз 2 эмэгтэйтэй хамт явж байсан. Тэр хоёр эмэгтэй нь Төгөлд байдаг П  гэдэг айлд очиж ундаа тамхи аваад буцаад нөгөө айлдаа очсон. Бид хэдийг явах гэтэл Б  гэдэг хүүхэн нь хамт явъя гэхээр нь хамтдаа яваад нөгөө Төгөлд байдаг П  гэх айлаас нэг шил архи, тамхи аваад хөдөө Баяндалай гардаг засмал замаар явж байгаад засмал замаас баруун зүгт буугаад малын хороо бууцан дээр зогсож  байгаад авсан архиа хувааж уусан. Цааш чигээрээ уулын ам руу өгсөөд нэг худгийн хажууд очоод зогссон. Би Б  гэдэг хүүхэнтэй маргалдсан чинь тэр хүүхэн уулын ам руу өгсөөд яваад өгсөн. Жаахан хүлээж байгаад ирэхгүй байхаар нь явахаар болсон. Худгийн хажууд мотопомп байхаар нь Б.Т , С.М  хоёрт наад мотопомпоо машины багажид хийчих гэж хэлээд хийлгүүлсэн. С.М  “Яах гэж байгаа юм бэ?” гэхээр нь би “Уулын аманд багаа айлыг танина, манай нэг эгчийн ногооны талбайн усны мотопомп нь ажиллахгүй байгаа юм, тэнд хэрэглэнэ гэж худлаа яриад тэр хоёроор мотопомпыг ачуулсан. Тэр хоёр хулгай хийж байна гэж мэдээгүй. Аймаг руу машинтайгаа хөдлөөд явж байхад машин эвдэрсэн учраас машинаа хөдөө орхиод бид гурав алхаад зам руу очоод замын машинд гар өргөж суугаад аймгийн хойно байдаг мод үржүүлэхийн хажууд буугаад Их-Уулд байдаг Нандинболор гэдэг манай найзын гэрт очсон. С.М , Б.Т  хоёр гэр рүүгээ явлаа гэж хэлээд явсан. Би ч гэсэн гэр рүүгээ харьсан. Тэр өдрийн орой 21 цагийн үед би Б.Т  болон эхнэрийнхээ хамт такси бариад хөдөө орхисон машин дээрээ очоод машинаа авах гэсэн боловч таван бул нь эвдэрчихсэн байсан болохоор машинаа үлдээгээд машин доторх эд зүйлс болон мотопомпыг аваад аймагт ирээд гэрийнхээ гадаа буулгасан. Маргааш нь би С.М  руу утсаар яриад манай хашаанд байгаа мотопомпыг чи өөр нэг газар аваачаад тавьчих гэж хэлээд С.М  Бс гийн гэрт аваачиж тавьсан байсан. Би гар утас засдаг Б.А  гэдэг залуу руу утсаар яриад “Мотопомп авах уу?, авах хүн байна уу?” гэж асуусан чинь хөдөө байдаг гэр лүүгээ залгаад асууя гэж хэлсэн. Б.А  над руу залгаад мотопомпыг чинь үзье гэсэн. Тэр үед би баруунсайханд С.М ын гэр байж байсан. Б.А ыг С.М ын гэрт дуудсан чинь Б.А  эхнэртэйгээ хамт ирээд бид дөрөв Бс гийн гэрт хамт очиж мотопомпыг үзүүлсэн. Буцаад С.М ын гэрт хүргүүлсэн. Б.А хөдөө гэр лүүгээ дахиад ярьж асуугаад ирээд хэлье гээд явсан. Орой нь намайг Б.Тү ын гэрт байхад Б.А  утсаар яриад нөгөө мотопомпыг чинь авъя гэж хэлсэн. Б.Тү тай хамт мотоциклоор Б.А ын гэрт очсон. Б.А ын машинтай Бс гийн гэр лүү очиж мотопомпыг аваад Б.А д 165000 төгрөгөөр зарсан. Мөнгөө би өөрөө үрж дуусгасан. Намайг мотопомп хулгай хийсэн талаар хэн нэгэн мэдээгүй, С.М , Б.Т  хоёрт би худлаа ярьсан юм. Эхнэртээ С.М ынх гэж худлаа ярьсан. Тухайн үед жаахан архи уучихсан байсан, эзгүй хөдөө хээр газарт мотопомп байхаар нь авч яваад хэдэн төгрөгнөөс өгнө гэж бодсон. Тэд нарын хэн нь ч хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Б.А ын хохирлыг барагдуулаагүй байгаа, Б.А д 165000 төгрөгийг буцааж өгнө.” гэжээ. /хх-37-38/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

А.Д ийн өргөдөл /хх-5/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, мэргэжилтэн оролцуулах тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-9/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, мэргэжилтэн оролцуулах тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-11/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-12/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-13/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-31/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №105 тоот дүгнэлтэд: “15 метрийн гүнээс ус татах хүчин чадалтай гүний мотопомп насос зах зээл дээр ямар үнэ ханштай байгааг ижил төстэй, жил хүчин чадалтай мотопомп насосны үнэ судлан зах зээлийн дундаж ханшаар 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үнэлгээг 350000 төгрөг болохыг тогтоов.” гэжээ. /хх-32/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-33,34/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол,  хувийн баталгаа гаргасан баримт /хх-35,36/,

Шүүгдэгч Ө.Бгийн өмгөөлөгчгүй оролцоно гэсэн хүсэлт /хх-39/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-40/,

Шүүгдэгч Ө.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-41/,

Өмнөговь аймаг, Даланзадгад сумын Цагаан булаг 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-42/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43-44/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №48/2496 тоот албан бичиг /хх-45/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоол /хх-46-48/,

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоол /хх-49-53/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоол /хх-54-60/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-61-68/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-69-70/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-71/,

Мөрдөгчийн тэмдэглэл /хх-72-74/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-75-77/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-78/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ө.Б нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг Ёлын индэрт гэх газарт худгийн хажууд байсан А.Д ийн эзэмшлийн усны насос /мотопомп/-ыг хулгайлж А.Д-т 350000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ө.Бгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Төгөлд байдаг П  гэх айлаас нэг шил архи, тамхи аваад хөдөө Баяндалай гардаг засмал замаар явж байгаад засмал замаас баруун зүгт буугаад малын хороо бууцан дээр зогсож байгаад авсан архиа хувааж уусан. ...Би Б гэдэг хүүхэнтэй маргалдсан чинь тэр хүүхэн уулын ам руу өгсөөд яваад өгсөн. ...Худгийн хажууд мотопомп байхаар нь Б.Т , С.М  хоёрт наад мотопомпоо машины багажид хийчих гэж хэлээд хийлгүүлсэн. С.М  “Яах гэж байгаа юм бэ?” гэхээр нь би “Уулын аманд багаа айлыг танина, манай нэг эгчийн ногооны талбайн усны мотопомп нь ажиллахгүй байгаа юм, тэнд хэрэглэнэ гэж худлаа яриад тэр хоёроор мотопомпыг ачуулсан. Тэр хоёр хулгай хийж байна гэж мэдээгүй. ...Б.А од 165000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-37-38/, гэрч С.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед хулгай хийж байна гэж огт мэдээгүй, Ө.Б  наад мотопомпоо машины багажид хийчих аман дээр байгаа айлыг танина гэж хэлэхээр нь юу ч бодолгүй машинд нь ачсан. Хулгай хийж байна гэж бодоогүй...” гэх мэдүүлэг /хх-26-28/, гэрч Б.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ө.Б  хэлэхдээ та хоёр наад мотопомпоо машины багажид аччих гэхээр нь С.М  Ө.Б гээс “Яах гэж байгаа юм бэ?” гэхэд Ө.Б  уулын аманд байгаа айл манай хамаатан гэж хэлэхээр нь хулгай хийж байна гэж бодоогүй машины арын багажид ачиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-23-25/, гэрч Б.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ө.Б  мотопомпыг миний нэг таньдаг ахынх гэж хэлж байсан. Нэрийг нь хэлээгүй. Ө.Б  бид хоёр мотопомп авч байгаа хүмүүстэй хамт машинаар Бс гийн хөдөө байдаг гэрт очиход гэрийн хаалганд цоож байгаагүй. Хаалгыг шар өнгийн оосор уяагаар уясан байсан. Хар өнгийн рамтай, бүдүүн шар хоолойтой цахилгаан гаргадаг мотороос арай жижиг мотопомп харагдсан. Би мотопомп худалдаж авсан 2 хүнийг танихгүй, нэрийг нь ч мэдэхгүй...” /хх-22/ гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ө.Б г дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хууль ёсны байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Д т гэмт хэргийн улмаас нийт 350.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: Хар өнгийн төмөр рамтай, шар өнгийн дөрвөлжин бензин банктай, хажуудаа шар өнгийн дугуй төмөртэй, мөн нөгөө хажуу талдаа саарал өнгийн дугуй төмөр ус сорох, гарах цорготой, цоргоны хажуу талд хятад бичиг наалттай, бүдүүн шар өнгийн хоолой 3.05 метр, мөн өнгийн нарийн хоолой нь 3.55 метр урттай зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өгсөн /хх-12/ байх бөгөөд 350.000 төгрөгийн хохирлыг төлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Ө.Б усны насос /мотопомп/-ыг Б.А од зарж борлуулсан бөгөөд түүнд учирсан хохирол төлбөр буюу 165000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь гэрч Б.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ө.Б надад 165000 төгрөгийг буцааж төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-20/ гэх мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Ө.Б г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.Б д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч Ө.Б гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял болох 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч Ө.Б хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзэн түүнийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын гаргасан саналын хүрээнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б г нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө.Б-г бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-г 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Ө.Б бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ