Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2024/03065

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2024/03065 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Ц.Оюунбилэг, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 30 дугаар хороо, ******* хотхон 1 гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг 15 дугаар хороо, ******* гудамж, 1, 5 давхарт байрлах, ХХК /РД:/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 86 468 056 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Д.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Иргэдийн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан Гэм хорын хохиролд 86 468 056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ХХК-д 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр цахилгаанчнаар ажилд орсон. Ажиллах явцдаа 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ажлын байрнаасаа ээлжийн ажлаасаа буугаад явахдаа тухайн өдрийнхөө 18 цагийн орчимд аймгийн сумын нутаг дэвсгэр дэх кемпээс гараад Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт явж байхдаа тээвэрлэж явж байсан автомашины дугуй салсан шалтгаанаар зам тээврийн осолд ороод гэмтсэн. Энэ хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлээд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Зам тээврийн ослын улмаас болоод нэхэмжлэгчийн аарцаг, нурууны ясны гэмтэл, сэртэн яс хугарсан гэх мэт эрүүл мэндийн хохирол учирсан. Үүнийг хүндэвтэр гэмтлийн зэргийн ангилалд тогтоогоод хэрэг шийдвэрлэгдсэн байна. Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх явцад иргэний хариуцагчаар тогтоосон ажил олгогч ХХК-аас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэдгийг дурдаад эрүүгийн шийтгэх тогтоол гарсан. Тийм учраас иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн ажиллах үедээ нэхэмжлэгч нь гар дээрээ 1 750 000 төгрөгийг авч байсан. Ажлын дундаж цалин хөлсийг 6 сараар тооцох аргачлалын дагуу 1 403 533 төгрөгийг нэг сарын дундаж цалин гэж үзэж гаргасан. 2022 оны 6 дугаар сараас 12 дугаар сар хүртэл нийт 6 сар үйлдвэрлэлийн осолд ороод ажилгүй байсан байна. Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хугацаа нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байсан. Үүнээс дахин нэг жил сунгагдаад 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадварыг эхлээд 50 хувь, сүүлд 60 хувиар алдалтыг тогтоосон учраас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь ажилласан бол нэг сард 1 403 533 төгрөгийн хэмжээгээр цалин олох ёстой байсан боловч олж чадаагүй. Иймд хариуцагчийг буруутай гэж үзэж байна. Тийм учраас 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт цалин 16 842 396 төгрөг, мөн 2022 оны 6 дугаар сараас 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны цалин 28 650 660 төгрөг, мөн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 40 975 000 төгрөгийг нэхэмжилсэн. Нийт 86 468 056 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Мөн нийгмийн даатгалыг зохих ёсоор төлүүлэхийг шаардсан. Үйлдвэрлэлийн осолд орсон үеэс хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгуулах шаардлага гаргасан. Осолд орсон 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалыг төлөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

2. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаачлан зам тээврийн осолд Б.******* өртсөн. аймгийн 3 дугаар багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол болсон. аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийн жолооч Цогтоогийн Батбаатарыг Эрүүгийн хуулийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцсон. Осолтой холбогдуулаад ХХК нь хуулийнхаа дагуу үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Учир нь ХХК нь үйлдвэрлэлийн осол, хурц, хордлогыг судлан бүртгэх дүрэмд заасны дагуу үйлдвэрлэлийн осолд тооцон Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 125.1.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын дундаж цалин хөлсийг 9 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг олгож хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг үндэслэсэн байсан. Энэ заалтад зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэж, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлнө гэж заасан. Тэгэхээр энэ ослоос учирсан гэм хорыг хариуцах этгээд нь ХХК биш. Ц.Батбаатар буюу эрүүгийн хариуцлага хүлээсэн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, ослыг үйлдсэн этгээд хариуцах ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад хэлэхэд Б.******* нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр осолд орсноос хойш хугацаанд ямар ч цалин хөлс аваагүй гэх байдлаар тайлбар хэлдэг. Гэтэл огт цалин хөлс аваагүй биш. Бүх зүйл хууль дүрмийн дагуу явж байгаа. Үйлдвэрлэлийн осолд орсон учраас хуулийн дагуу лист олгогдсон. Цалин хөлс Б.*******д олгосон баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайлбал, 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 7 373 767,50 төгрөгийг голомт банкны цалингийн данс руу шилжүүлсэн. Энэ нь 9 сарын тэтгэмж гэсэн байгаа. 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр мөн данс руу 3 831 687 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 1 650 864 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1 871 289 төгрөг гэх мэтчилэн нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу цалин хөлс, тэтгэмжээ авч байсан. 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн шилжүүлсэн 7 373 767 төгрөг нь 9 сарын тэтгэмж буюу үйлдвэрлэлийн ослын мөнгө юм. Нөгөө талаас компани ажилтнуудаа хуулийн хүрээнд даатгадаг. Амар даатгал ХХК-аас тухайн сарын цалинтай дүйцэх хэмжээний тэтгэмж олгож байсан. Энэ баримтыг шүүхэд мөн нотлох баримтаар гаргаж өгсөн. 10 000 000 гаруй төгрөгийн даатгалын мөнгө авсан байгаа. Үйлдвэрлэлийн осол гэж тооцоод 9 сарын тэтгэмжээ авсан. Мөн нийгмийн даатгалын сангаас 50 хувь хөдөлмөрийн чадвар алдсан гэсэн тэтгэмжээ бас авч байгаа. Одоо бол 60 хувиар авч байгаа. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу бүх зүйл явж байгаа. Компанийн зүгээс эрхийг зөрчсөн зүйл байхгүй. Гэтэл цалин хөлсөө би бүрэн авах ёстой. Энэ осолд орсноос хойш авч чадахгүй байна гээд нэхэмжлэл гаргасан мөнгөн дүнг үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэм хорыг хариуцвал зохих этгээд компани биш гэж үзэж байна. Хуулийн дагуу бүх төлбөр, тэтгэмжээ авсан. Компани бол хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу нэхэмжлэгч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хор уршгийг арилгах төлбөрт 40 975 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь шинэчлэн найруулсан шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоох үнэлгээний талаар зохицуулсан. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. Энэ хуульд энэ хэсгийг буцаан хэрэглэх талаар дурдаагүй. Мөн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Б.******* нь 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр осолд орж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хохирогчоор тогтоогдож, хэрэг нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхээр шийдвэрлэгдсэн. Өөрөөр хэлбэл, энэ журам хэрэгжихээс өмнө эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдсэн. Иймээс сэтгэцэд учирсан гэм хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх үйлдэл хамаарахгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: 2022.05.22-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, 2021.06.01-ний өдрийн ЕА-2021/60 дугаар хөдөлмөрийн гэрээ, 2022.03.01-ний өдрийн АА-2022/******* дугаар Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, төлбөрийн баримтууд, 2023.01.12-ны өдрийн 0050 дугаар итгэмжлэл, 2022.12.02-ны өдрийн аймгийн сум дахь сум дундын шүүхийн дүгээр шийтгэх тогтоол, 2022.05.22-ны өдрийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, рентген зураг, 2022.05.26-ны өдрийн дүрс оношилгооны хариу, 2022.06.05-ны өдрийн дүрс оношилгооны хариу, 2022.06.11, 2022.06.23, 2022.08.18, 2022.09.21, 2022.10.10-ны өдрүүдийн эмнэлгийн магадлагаа, 2022.10.14-ны өдрийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, амбулиториор эмчлүүлэгсдийн картыг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 5-24, 56-69 тал/

 

4. Хариуцагчаас: 2023.04.07-ны өдрийн ХХК-ийн 23/060 дугаар итгэмжлэл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2023.09.13-ны өдрийн Амар даатгалын 23/09-018 дугаар ХХК-д хүргүүлсэн албан бичиг, хавсралт, ХХК-ийн мемориалын баримтууд, цалин хөлсийн тодорхойлолт, цахим гүйлгээний баримтууд зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх *******-29, 44-50, 83-87 тал/

 

5. Шүүх хариуцагчийн хүсэлтээр ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2023.05.09-ний өдрийн 341 дүгээр албан бичиг, ХХК-ийн нэхэмжлэх, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас №11012206240039, ХХК-ийн тэтгэмж олгосон 2022.07.20-2022.07.20-ны өдрийн тэтгэмж олгосон жагсаалт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023.10.*******-ны өдрийн 01/1947 дугаар албан бичиг, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0576622 дугаар акт, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас, нийгмийн даатгалын лавлагаа, нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч ХХК-иас 2023.12.12-ны өдрийн 23/163 дугаар нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг, ажлын байрны тодорхойлолт, 2021.06.01-ний өдрийн ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б-165 дугаар тушаал, 2022.04.01-ний өдрийн ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б-165 дугаар тушаал, ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмыг тустус бүрдүүлсэн. /хх 38-42, 76-81, 91-143, 160 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 86 468 056 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ ...Б.******* нь хариуцагч ХХК-д цахилгаанчнаар ажиллаж байх хугацаандаа 2022.05.21-ний өдөр аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах ажлын байран дахь ээлжийн ажлаасаа буугаад Улаанбаатар хот руу явахдаа зам тээврийн осолд орж аарцаг, нурууны ясны гэмтэл, сэртэн яс хугарсан гэх хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан. Уг зам тээврийн осолтой холбоотой дараах хохирлууд гарсан. Үүнд: 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт цалин 16 842 396 төгрөг, мөн 2022 оны 6 дугаар сараас 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны цалин 28 650 660 төгрөг, мөн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 40 975 000 төгрөгийг, нийт 86 468 056 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Мөн нийгмийн даатгалыг зохих ёсоор төлүүлэхийг шаардсан. Үйлдвэрлэлийн осолд орсон үеэс хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгуулах шаардлага гаргасан. Осолд орсон 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалыг төлөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэж тайлбарласан.

3. Хариуцагч ХХК ...Манай компани хуулийнхаа дагуу үүргээ биелүүлсэн бөгөөд үйлдвэрлэлийн осол, хурц, хордлогыг судлан бүртгэх дүрэмд заасны дагуу үйлдвэрлэлийн осолд тооцон Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын дундаж цалин хөлсийг 9 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг олгож хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. ... энэ ослоос учирсан гэм хорыг хариуцах этгээд нь ХХК биш, Ц.Батбаатар буюу эрүүгийн хариуцлага хүлээсэн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, ослыг үйлдсэн этгээд хариуцах ёстой гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 Зохигч 2021.06.01-ний өдөр ЕА-2021/60 дугаар Хөдөлмөрийн гэрээг байгуулж, Б.******* нь ХХК-ийн аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах ажлын байранд кемпийн цахилгаанчины ажлын байранд ажиллахааар харилцан тохиролцож, улмаар 2021.06.01-ний өдрөөс Хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж, мөн 2022.03.01-ний өдөр АА-2022/******* дугаар Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан, /хх 7-14 тал/

4.2 Нэхэмжлэгч Б.******* нь 2022.05.21-ний өдөр ажлын байрнаасаа бууж, тус компаниас гаргаж өгсөн улсын дугаартай пургон машинаар Улаанбаатар хот руу явах замдаа зам тээврийн осолд орсон,/хх-ийн

 

4.2 2022.05.22-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар 2021.05.21-ний өдөр гарсан энэхүү зам тээврийн ослын нөхцөл нь Засгийн газрын 2015 оны 269-р тогтоолын хавсралт Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.5-д Ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн төөврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед заалтад хамаарч байгаа тул энэхүү актыг Хөдөлмөрийн /хөдөлмөрийн эрүүл ахуйн/ хяналтын улсын байцаагчид хүргүүлэн батлуулж холбогдох арга хэмжээг авах шаардлагатай гэж үзсэн, /хх 5-6 тал/

 

4.3 2022.12.02-ны өдрийн аймгийн сум дахь Сум дундын шүүхийн дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн, /хх 18-24 тал/

 

4.4 Б.******* 2022.07.26-ны өдрөөс эхлэн 2023.08.28-ны өдөр хүртэл нийт 580 000 төгрөгийг эмчилгээ, хяналтын байгууллагад дуудагдахад нь гарсан шатахууны зардалд төлсөн, /хх 16 тал/

 

4.5 Б.*******д хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид өдрийн 92 324,3 төгрөгөөр тооцож, олговол зохих тэтгэмжийг ажил олгогчоос 253 892 төгрөг, нийгмийн даатгалын сангаас 101 734 төгрөг, нийт 356 068 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн, /хх 39-42 тал/

 

4.6 2022.05.22-ны өдрийн эмнэлгийн Дүрс оношилгооны шинжилгээний хариугаар Аарцгийн цагирагийн хэлбэр зөв, баруун талын умдаг ясны доод салаа хэсэгт 0.8 сам хүртэл хэмжээтэй ясны эдийн фрагментүүд бүхий бага зэрэг зөрүүтэй шинэ хугаралттай, сүүжний тогоонд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй, хоёр талын түнхний үе үүсгэгч яснуудын гадаргуу жигд, үений харьцаа хэвийн, ууц-сүүжний болон симфиз үений харьцаа хэвийн, шинжилгээнд багтсан хэсэгт бүсэлхий L4/L5 нугалмуудын зүүн хажуугийн хөндлөн сэртэн сэлтэрсэн шинэ хугарлуудтай болохыг тогтоосон, /хх 56-57 тал/

 

4.7 2022.05.23-ны өдрийн эмнэлгийн Дүрс оношилгооны шинжилгээний хариугаар Бага тархины зүүн дэлбэнгийн арын субарахнойд зайд 2,0x1,9 см, баруун дэлбэнгийн арын сухарахнойд 2,4х1,2 см тус тус хэмжээтэй уйланхайт өөрчлөлттэй, зүүн талын хацар ясны ухархайн хажуу хэсгийн ханыг хамарсан ясны эдийн нягтрал ихэсч зузаарсан, склеротик бүхий өөрчлөлттэй, fibrous dysplasia сэжиглэнэ, зүүн талын нүдний ухархайн дотор хана самалдгийн хөндийрүү цөмөрсөн хуучин хугаралтай, хамар ясанд хуучин хугаралтай, хамрын таславч S хэлбэрээр бага зэрэг муруйсан, баруун талын хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан зэрэг гэмтлийг тогтоосон, /хх 58 тал/

 

4.8 2022.05.26-ны өдрийн эмнэлгийн Дүрс оношилгооны шинжилгээний хариугаар Зүүн уушгины доод хилэнцэр, хоёр уушгины доод дэлбэнгийн арын сегментүүдийн плевр жигд бус бага татагдаж 9 мм хүртэл зузаарсан, Сээр болон бүсэлхийн нугалмуудад дегенератив өөрчлөлтүүдтэй, Зүүн талын II/III хавирга өвчүүтэй бэхлэгдэх хэсэгт зөрүүгүй, зүүн талын V/VI/VII хавиргууд эгэмний дунд шугамаар зөрүүгүй бүрэн бус цочмогдуу хугарлуудтай, зүүн талын VII/VIII хавиргууд суганы урд шугамаар ялимгүй зөрүүтэй эдгэрлийн элемент бүхий цочмогдуу хугарлуудтай. Зүүн талын IX хавирга өвчүүтэй бэхлэгдэх хэсэгт зөрүүгүй шинэ хугарлуудтай зэрэг гэмтлийг тогтоосон, /хх 59 тал/

 

4.9 2022.06.05-ны өдрийн эмнэлгийн Дүрс оношилгооны шинжилгээний хариугаар Духны дэлбэнгүүдийн гадрын доорх цагаан бодисын өөрчлөлттэй, бага тархины ар хэсэгт 3,9х2,2 см орчим хэмжээтэй арахнойд уйланхайтай /хоргүй, төрөлхийн бүтэц/, 2 талын элхэгийн хөндийн салат эрс, хоншоорын хөндийн салст илэрхий, дух ба суурийн хөндийнүүдийн салст бага зэрэг зузаарсан. Хамрын таславч бага зэрэг зүүн тийш муруйлттай зэрэг гэмтлийг тогтоосон, /хх 60 тал/

 

4.10 2022.06.10-ны өдрөөс 2022.10.20-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаагаар баруун талын умдаг ясны доод салаа бага зэрэг зөрүүтэй хугаралттай үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, /хх 61-65 тал/

 

4.11 2022.12.14-ний өдрийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 50 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсаныг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 12 сараар тогтоосон, /хх 66 тал/

 

4.12 Б.*******д хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан 2023.01.01-ний өдөр 790 322 төгрөг, 2023.02.01-ний өдөр 500 000 төгрөг, 2023.03.01-ний өдөр 500 000 төгрөг, 2023.04.01-ний өдөр 500 000 төгрөг, 2023.05.01-ний өдөр 500 000 төгрөг, 2023.06.01-ний өдөр 500 000 төгрөг, 2023.07.01-ний өдөр 637 739 төгрөг, 2023.08.01-ний өдөр 637 739 төгрөг, 2023.09.01-ний өдөр 637 739 төгрөг, 2023.10.01-ний өдөр 637 739 төгрөгийг тус тус тэтгэвэрт олгосон байна. /хх 76-79, 80 ар тал/

 

4.13 Говь круйзер ХХК-иас Б.*******д 2022 оны 5 дугаар сарын цалинд 1 923 500 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын цалинд 1 568 436 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын цалинд 420 000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын цалинд 420 000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын цалинд 420 000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын цалинд 420 000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын цалинд 420 000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын цалинд 8 952 075 төгрөг, нийт 14 544 011 төгрөгийг тооцож олгохоор тооцоог үйлдсэн, /хх 85 тал/

 

4.14 ХХК-ийн Голомт банкны 3205112578 тоот данснаас 1178001235 тоот данс руу 2022.07.08-ны өдөр 1 650 864 төгрөгийг, 2022.10.10-ны өдөр 1 871 289 төгрөгийг, 2023.01.10-ны өдөр 7 373 767 төгрөгийг, 2022.11.09-ний өдөр 3 831 687 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна, /хх 83-84, 86-87 тал/

 

4.15 2023.09.13-ны өдөр Амар даатгалаас ХХК-д 88С2200215 тоот Гэнэтийн ослын даатгалын гэрээний даатгуулагч ХХК-ийн гэрээний даатгуулагч ХХК-ийн ажилтан Б.*******д даатгалын гэрээний 11.8.2, 11.9.1, 11.10-т тус тус заасны дагуу тооцоолж, нийт 10 000 000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон, /хх 49-50 тал/

 

4.16 Тус шүүхийн шүүгч 2023.12.21-ний өдрийн 183/ШТ2024/00007 дугаар тогтоолоор, сэтгэцэд ямар нэгэн хохирол учирсан эсэх, сэтгэцийн эрүүл мэндэд нь хохирол учирсан эсэх, сэтгэц, сэтгэцийн эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учирсан тохиолдолд, хохирлын зэрэглэлийг тогтоох, Гэмт хэргийн улмаас хохирогч сэтгэцлийн эмгэгтэй болсон эсэх, Гэмт хэргийн улмаас хохирогчийн мэдэрч буй өвдөлт зовиур шаналал хэрхэн илэрч байгаа эсэх, Хохирогч нь амьдралын баяр баясал мэдэрч байгаа эсэх, Бусадтай харвцах чадвар хэвийн болон хэвийн бус эсэх, Хувийн зан байдалд нь сөргөөр нөлөөлсөн эсэх зэргийг тогтоолгож, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчээр томилсон боловч 2024.02.02-ны өдрийн 13/879 дугаар албан бичгээр шинжлүүлэгч Б.******* өнөөдрийг хүртэл ирж үзүүлээгүй үндэслэлээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй тул шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзаж, тогтоолыг буцаасан байна, /хх 160 тал/

 

4.17 2024.01.18-ны өдрийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 60 хувиар хөдөлмөрийн чадвараа алдасныг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 12 сараар сунгасан байна. /хх 173 тал/

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

 

Дээрх хуулийн зохицуулалт нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол учруулсан үйл баримттай шалтгаант холбоотой байхыг ойлгодог.

Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.

 

7. Эдгээрээс дүгнэхэд хариуцагч ХХК нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүйгээс буюу ажилтныг аюулгүй, найдвартай тээврийн хэрэгслээр Улаанбаатараас кемп хүргэх, кемпээс Улаанбаатар хүргэх үүргээ биелүүлээгүйгээс зам тээврийн осол гарч, улмаар нэхэмжлэгч бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдож байх ба хариуцагч ХХК нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг дараах байдлаар хариуцан арилгах үүрэгтэй байна.

8. Дутуу авсан цалин, хөлс 45 493 056 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

8.1 Хэргийн баримтаар нэхэмжлэгч зам тээврийн осолд орохоос өмнө авч байсан 3 сарын дундаж цалин, хөлснөөс нэг өдрийн цалинг хавтаст хэргийн 40-р талд тогтоосон 92 324 төгрөгөөр /Хөдөлмөрийн чадвар түр алдасны тэтгэмжийг тооцохдоо 92 324 төгрөг гэж тогтоосон/ тооцож, нэхэмжлэгчийн тодорхойлсон хугацаагаар буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын 524 хоногоор тооцоход нэхэмжлэгч нь дээрх хугацаанд нийтдээ 48 377 776 төгрөгийн цалин, хөлс авах байжээ.

Үүнээс ажил олгогчийг 7 353 840 төгрөгийг олгосон, мөн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Б.******* нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид 12 117 041 төгрөгийг, нийт 19 470 881 төгрөгийг хасаж, үлдэх 25 407 895 төгрөгийг дутуу олгосон цалин, хөлсөд тооцож, хариуцагч ХХК-аас гаргуулах үндэслэлтэй.

 

8.2 Сэтгэл санааны хохиролд 40 975 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Б.*******д бие махбодь болон сэтгэл санааны хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байх ба сэтгэл санааны хохирлыг Дээд шүүхээс гаргасан аргачлалд нийцүүлэн тооцох нь өөрөө хууль буцаан хэрэглэх зарчимд харшлахгүй юм.

дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай 25 дугаар тогтоолын хавсралтын 4 дүгээрт зааснаар нэхэмжлэгч биед учирсан хүндэвтэр гэмтэл нь сэтгэцийн эмгэг зэрэглэлийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байх ба энэ тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 хувиар нэмэгдүүлснээр тооцож, нөхөн төлбөрийг олгохоор заасан байна.

Шүүхээс дээрх журмыг үндэслэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 онд тогтоосон 660 000 төгрөгөөр тооцож, нийт хэмжээг 18 сараар тооцож, нэхэмжлэгч сэтгэцэд учирсан хохиролд 11 880 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч Б.мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагаас 37 286 895 төгрөгийг хангаж, үлдэх 49 181 161 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

9. Иргэдийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтдээ: Компани ажилтантай байгуулсан гэрээний эрх үүргийг зөрчиж ажлын талбар болох кемпээс Улаанбаатар руу зорчигч тээврийн хэрэгслийн бүрэн бүртэн байдлыг хангаагүйн улмаас тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл осолд орж ажилтан бие эрүүл мэндээрээ хохирсон. Ажилтан Мөнх-Эрдэнийн осолд орсоны дарах эмнэлэг, эм тарианы мөнгийг компани цаг алдалгүй төлж байсан байна. Мөн осолд орсоны дараах 6 сарын цалинг олгосон. Хүн эрүүл саруул байж байж гэр бүл үр хүүхдүүдээ тэжээж ажил хөдөлмөр эрхэлдэг. ******* одоо тийм чадамгүй болсон байна. Түүний 2025 оны 1 сар хүртэлх нэхэмжлэхийг дэмжиж байна. Харин сэтгэцэд учирсан хохирлын нэхэмжлэхийг албан ёсны эрх бүхий байгууллагаар гаргасан зөв болов уу. гэсэн байна.

 

10. тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч ХХК /РД:/-иас 37 286 895 /гучин долоон сая хоёр зуун наян зургаан мянга найман зуун ерин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /РД:*******/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49 181 161 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 344 384 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ

 

ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ