Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2024/02000

 

2024 оны 05 сарын 06 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2024/02000

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,.......... тоотод оршин суух, Н-ын А /РД:....../-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .........тоотод оршин суух С-йн Т-т холбогдох

 

Хан-Уул дүүрэг, ......... тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, хариуцагч С.Т, нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.А би Нийслэлийн Хан-Уул дүүргийн ........ тоот хаягтай орон сууцны өмчлөгч бөгөөд ....... дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй. С. Т  гэр бүлийн хамт тус орон сууцад амьдарч байгаа бөгөөд байр суллаж өгөхгүй байдалтай байна. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү-22, их монгол улс гудамж, 110 дугаар байр, 603 тоот орон сууцыг С.Т  болон түүний гэр бүлийн эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч С.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй тодорхой хэмжээний мөнгө төгрөгийг тохиролцож, 07 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр тохиролцсон гэв.

 

3. Гуравдагч этгээд Л.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л-ийн Г  миний бие 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр С  овогтой Т-гтай гэр бүл болсон.Бид 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хурд пропертийз ХХК-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зээлээр Хан-Уул дүүргийн .......тоот 4 өрөө, улсын бүртгэлийн Ү-..............дугаар гэрчилгээтэй орон сууцыг худалдан авсан.Гэрчилгээн дээр өмчлөгчөөр 2 иргэн буюу С.Т Л.Б нар бүртгэлтэй байсан./Л.Б нь С.Т-гийн ээж бөгөөд 2019 онд нас барсан/. Нөхөр С-ийн Т нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүй, нууцаар одоо бидний амьдарч байгаа, дээрх байрыг О-ийн Бгэх этгээдэд шилжүүлж, 2022 оны 9 дүгээр сард О.Бнь Новогтой Агэх этгээдэд шилжүүлсэн болохыг Л.Ганзул миний бие 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нөхөр С.Төмөрхуяг болон Н.А нараас мэдсэн.Нөхөр С.Т нь гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрхэнд халдаж, хүүхдүүдийнхээ эрхийг зөрчиж, эрсдэлд оруулж байгаа тул миний бие Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шатны шүүхэд өмчлөх эрх тогтоолгох болон хэлцэл хүчингүй болгох асуудлаар өргөдөл гарган Иргэний хэрэг үүсэн, захирамж гарсан байгаа гэв.

 

4. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: Хариу тайлбар, 2018.05.05-ны өдрийн №110-603 дугаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2018.07.19-ний өдрийн №......... орон сууцны зээлийн гэрээ, 2018.07.03-2021.07.03-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2021.07.03-2022.10.05-ны өдрийн шилжүүлгийн баримт зэрэг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн байна

 

Гуравдагч этгээдээс: Иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Л.Б-гийн нас барсны гэрчилгээний хуулбар, 2018.05.05-ны өдрийн №1....... орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ, 2018.07.19-ний өдрийн №З........ үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2022.06.16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, С.Т , О.Б  нарын иргэний үнэмлэхний хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зэрэг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А  хариуцагч С.Т холбогдуулан Хан-Уул дүүрэг, .......... тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

С.Т, Л.Бнар 2018 оны 5 сарын 05-ны өдөр 110-6С дугаар орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг Хрд пропертийз ХХК-тай байгуулж, Хан-Уул дүүрэг, 1...........с тоот 79.98 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 244.738.000 төгрөгөөр тохиролцож, Х ХХК-иас 2018.07.19-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 170.000.000 төгрөгийн зээл авч, Хан-Уул дүүрэг, ............ тоот 3 өрөө, 79.98 м.кв орон сууцыг барьцаалсан байна.

 

Орон сууцны хамтран өмчлөгч Л.Б 2019 оны 02 сарын 23-ны өдөр нас барж, С.Т тухайн байрны өмчлөгч байх бөгөөд тэрээр тус орон сууцыг 2022.06.16-ны өдрийн худалдах худалдах авах гэрээгээр О.Ба-д худалджээ.

 

Хан-Уул дүүрэг, .............. тоот орон сууц 2022 оны 9 сарын 13-ны өдөр Н.Амарсайханы өмчлөлд шилжсэн байх бөгөөд тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иймд Хан-Уул дүүрэг, ............... орон сууцыг С.Т  болон түүний гэр бүлийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Хан-Уул дүүргийн .......... тоот орон сууцыг хариуцагч С.Т  болон түүний гэр бүлийн хууль бус эзэмшилээс чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Т-гаас 70.200 төгрөгийг аргуулж, нэхэмжлэгч Н.А-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ