| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 020/2014/0404/З |
| Дугаар | 128/ШШ2016/0157 |
| Огноо | 2016-03-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2016/0157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Ц.Мөнхзул, Л.Өлзийсайхан, нарийн бичгийн дарга Э.Н, иргэдийн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* нарыг оролцуулан Жд ХХК, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: Ж******* ХХК
Хаяг: Сүхбаатар дүүрэг, ,
Хариуцагч: Х ХХК
Хаяг: Сүхбаатар дүүрэг, ,,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 15160
Хариуцагч: Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарьд ордон
Гуравдагч этгээд: С А*******
Хаяг: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Твин хаус, 31/5 дугаар байр, 9 тоот
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжийн С.А*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Гэгээнтэн хотхоны ерөнхий төлөвлөгөөг иргэн С.А*******д эзэмшүүлсэн газартай давхцалгүй болгож, өөрчлөхийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгуулах.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж******* ХХК, Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Жд ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 198 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны /хуучнаар 1 дүгээр хороо/ нутаг дэвсгэрт 4700 м.кв газрыг, ХЭБА трейд ХХК нь 1310 м.кв газрыг тус тус эзэмших эрхтэй болсон. Эдгээр компаниуд нь дээрх эзэмшил газар дээрээ хамтран Гэгээнтэн үйлчилгээний зориулалттай цогцолбор барилга барьж дуусгаад байгаа юм. Мөн уг барилгын хойд талд /ертөнцийн зүгээр/ авто замын зэргэлдээ орших 400 м.кв газрыг нийтийн эдэлбэрийн, шугам сүлжээ бүхий газар гэж ойлгон хөрөнгө мөнгө зарцуулан ногоон байгууламж, авто зогсоол болгон тохижуулсан.
Харин барилга баригдаж байх хугацаанд буюу 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 423 тоот захирамжаар, 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжаар иргэн С.А*******д хууль зөрчин 400 м.кв газрыг баталгаажуулан олгосон байна.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамж нь дараах байдлаар нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захирамж болжээ. Үүнд:
1/ Иргэн С.А*******д 2010 оны 423, 2013 оны А/828 тоот захирамжаар 400 м.кв газрыг олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасныг зөрчжээ.
Энэ нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэж заасанд нийцэхгүй байна.
2/ Анх С.А******* нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн урд талд байрлах 80 м.кв газрыг нийтийн бие засах газрын зориулалтаар эзэмшиж байсан байна. Харин уг газраа зориулалтын дагуу эзэмших үүргээ биелүүлээгүй байхад нь 2010 оны 423 тоот захирамжаар 400 м.кв болгон нэмэгдүүлж, байршлыг шууд өөрчлөн эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасныг зөрчсөн.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тодорхой хуульчилсан, хүчингүй болгох нөхцөл бүрэн бүрдсэн байхад дахин 2013 оны 9 дүгээр сарын 05-нд захирамж гарган баталгаажуулсан нь үндэслэлгүй юм.
3/ Түүнчлэн С.А*******гийн эзэмшлийн гэх 400 м.кв газар дээр Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК-ийн 6 кВ-ын Цаст, зогсоол, *******, Б, *******, Б зэрэг 8 кабель, троллейбусны татах станцын 2 кабель зэрэг нийт 10 кабель байрлаж байна. Энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйл, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Авто замын тухай хуулийг зөрчжээ.
Иймээс Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжийн С.А*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т******* 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 46 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 12а байрны зүүн хойд талд байрлуулан дэлгүүр, нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар 0.008 га газрыг дуудлага худалдаагаар иргэн Ц.Б*******т 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Тус газар эзэмших эрхийг иргэн С.А******* Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 тоот захирамжаар 5 жилийн хугацаатай дэлгүүр, нийтийн бие засах газрын зориулалтаар шилжүүлэн авсан байна.
Иргэн С.А******* нь уг газарт барилгын ажлаа явуулахаар холбогдох газруудаас техникийн нөхцөл, инженер геологийн дүгнэлт, зураг төсөв гэх мэт ажлуудыг шат дараалан авсан боловч оршин суугчид хажуу барилгатай ойрхон гэж эсэргүүцэн барилгын ажлыг зогсоож, барилгын ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тул Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байршлыг өөрчлүүлэх хүсэлтийг 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргасан байна.
Тус хүсэлтийг Нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлөөр хэлэлцүүлж Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 423 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай үйлчилгээ, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Жд ХХК нь С.А*******гийн эзэмшил 400 м.кв газартай давхцуулан зөвшөөрөлгүй тохижилт хийн хашаа барьсан тул чөлөөлүүлэх албан бичгийг манай байгууллагаас хүргүүлж байсан болно. Нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Гуравдагч этгээд С.А******* 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн С.А******* миний бие иргэн Цэрэндорж овогтой Б*******тэй хамтран 12 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар нийтийн бие засах газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 46 тоот захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн бөгөөд уг газраа 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 тоот захирамжаар 5 жилийн хугацаатай дэлгүүр, нийтийн бие засах газрын зориулалтаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан билээ.
Миний бие энэ хугацаанд уг газарт барилгын ажлаа явуулахаар холбогдох газруудаас техникийн нөхцөл, инженер геологийн дүгнэлт, зураг төсөв гэх мэт тусгай зөвшөөрлүүдийг шат дараалан авч зураг төсөв боловсруулж, мэргэжилтнүүд ажиллуулж их хэмжээний санхүүжилт хийсэн боловч тухайн газар нь орон сууцтай ойрхон гэсэн шалтгаанаар оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч, барилгын ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тул Нийслэлийн Газрын албанд газрын байршлыг өөрчлүүлэх талаар удаа дараа хандаж ирсэн.
Улмаар Нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 423 тоот Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай захирамжаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд үйлчилгээ, конторын зориулалтаар 400 м.кв талбайг надад эзэмшүүлсэн ба миний бие тус газрынхаа томсгосон хэсгийн зөрүүг төлсөн болно.
Тухайн газартаа үйлчилгээтэй оффисын барилга барихаар зураг төсөв гарган батлуулж /Үүнд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд оруулж, эскиз батлуулах, магадлалын ерөнхий дүгнэлт хийлгэх гэх мэт/ холбогдох бүх зөвшөөрлүүдийг авч 150 сая гаруй төгрөгийн санхүүжилт гаргаж байтал уг газрын доогуур нь цэвэр усны шугам байна хэмээн мөн л оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгараад барилга үргэлжлүүлэх боломжгүй болсон. Нийслэлийн зураг төсөвт манай барилгажих хэсгийн доор ямар ч шугам байхгүй алдаатай зураг байсан бөгөөд дээрх асуудлыг Нийслэлийн Газрын албанд дахин тавьснаар тэд энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзээд газрын байршлыг өөрчлөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот шийдвэрээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 400 м.кв газрыг эзэмшүүлсэн болно. Манай хажууд газар эзэмшиж буй Х ХХК-ийн эзэмшлийн газарт Жд ХХК нь барилга барьсан ба эзэмшил газрынхаа хэмжээг өөрсдөө дур мэдэн томсгож үйл ажиллагаа явуулж, миний газар эзэмших эрхэнд саад учруулж байна. Би тэдэнтэй уулзаж газар эзэмших гэрчилгээгээ үзүүлж хашаагаа чөлөөлж өгөхийг хүссэн бөгөөд Ж******* миний эзэмшлийн газрыг чөлөөлөх нь бүү хэл 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр асфальт дэвсэж эхэлснийг мэдсэн. Улмаар Ж*******ын хуулийн зөвлөх Э*******тай /*******/ тоот утсаар 1612 цагт холбогдоход Шүүх дээр уулзъя гэдэг хариулт өгсөн.
Миний бие энэ хугацаанд Ж*******ийнхэнтэй өөрийн биеэр уулзаж хэлснийг үл тоосон, улмаар Нийслэлийн Өмчийн харилцааны газарт уг газраа чөлөөлүүлэхээр хандаж мэдэгдэл хүргүүлж, тэдний мэргэжилтнүүд очсон боловч газраа чөлөөлж чадаагүй ба биднийг өөрсдийн хамгаалагчдаараа хүч хэрэглэн хөөж гаргасан, бид арга мухардан цагдаагийн хамгаалалт хүсэж байсан.
Миний бие нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огтхон ч зөрчөөгүй бөгөөд Ж******* миний өмчлөх эрхэнд халдаж, хууль ёсны дагуу эзэмшиж буй Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 400 м.кв газарт хашаагаа дур мэдэн томсгож, хатуу хучилттай зам талбай хүч түрэн барьсан асуудалд туйлын гомдолтой байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т******* 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: ...Иргэн С.А*******гийн эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн газрын байршлын барилгажих хэсгийн доор ямар ч шугам байхгүйгээр зурагдсан нь алдаатай зураг байсан бөгөөд дээрх асуудлыг Нийслэлийн Газрын албанд /хуучин нэрээр/ дахин тавьснаар энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзээд газрын байршлыг өөрчлөн, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 400 м.кв газрыг эзэмшүүлсэн.
Гэтэл хажууд нь газар эзэмшиж буй Х ХХК болон Жд ХХК нь эзэмшил газрынхаа хэмжээг өөрсдөө дур мэдэн томсгож, иргэн С.А*******гийн эзэмшлийн газрыг асфальт дэвсэж, хатуу хучилттай зам талбай барьсан байна.
Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг хөндөөгүй тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжийн С.А*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* бие даасан шаардлагадаа: Ж******* ХХК, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шалгах явцад шүүхээс шинжээч томилж Гэгээнтэн цогцолборын ерөнхий төлөвлөгөө нь иргэн С.А*******д олгосон газартай давхцсан эсэх талаар дүгнэлт гаргуулсан.
Уг дүгнэлтээр Гэгээнтэн цогцолборын ерөнхий төлөвлөгөө нь иргэн С.А*******д олгосон газартай бүтэн давхцсан байна. Иймд дараах үнэдэслэлээр бие даасан шаардлага гаргаж байна:
1. Гэгээнтэн цогцолборын ерөнхий төлөвлөгөөг Ж******* ХХК болон Х ХХК-д эзэмшүүлэхээр олгосон газраас 12652 м.кв-аар томруулан баталсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Газрыг знэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ/, 27.3 /Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна/, 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/, 35.1.1 /Газар эзэмшигчийн эрх: гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах/, 35.3.1 /Газар эзэмшигчийн үүрэг: газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх/, Газар эзэмшүүлэх гэрээний 3.2 /Газар эзэмшигчийн эрх, үүрэг: газрын хэмжээ зориулалтыг өөрчлөхгүй байх/, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 /төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх/, 12.8 /Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна/-д заасныг тус тус зөрчсөн,
2. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 198 дугаар захирамжаар Х ХХК -д 0,131 га, Ж******* ХХК -д 0,47 га газрыг тус тус олгосон. Мэргэжлийн комиссын хурлаас байршлын схем зурагт барилгажих талбайн хэмжээг 5040 м.кв байхаар зөвшөөрсөн талаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 11/2978 тоот албан бичигт дурджээ. Үүнээс үзэхэд уг мэргэжлийн комиссын шийдвэр нь мөн Хот байгуулалтын тухай хуулийн зөрчиж 12.8-д заасныг зөрчиж нийт 6010 м.кв газрын 70 хувь болох 4207 м.кв-аас илүү талбайд барилгажихыг зөвшөөрчээ,
3. Гэгээнтэн хотхоны ерөнхий төлөвлөгөөнд хотхоны ертөнцийн зүгээр хойд талд автомашины зам байхгүй, уг зам руу орж гарах гарц, сагсны талбай, ханан байгууламж тусгагдаагүй байгаа нь нэхэмжлэгч нар батлагдсан ерөнхий төлөвлөгөөгөө зөрчжээ.
4. Ж******* ХХК болон Х ХХК нар эзэмшүүлсэн газрын хэмжээгээр газрын төлбөр төлдөг бөгөөд илүү газарт ямар нэгэн төлбөр төлдөггүй талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралд хэлсэн. Харин иргэн С.А******* өөрийн эзэмшлийн газрын төлбөрийг төлдөг боловч тухайн газрыг Ж******* ХХК, Х ХХК нар эзэмшиж үр шимийг нь хүртэж байна.
Ийнхүү бусдын өмчлөлийн буюу Нийслэлийн Өмчийн газрын эзэмшүүлэх шийдвэргүйгээр тохижилт, барилгажилт байгуулж тухайн газрыг иргэн С.А*******д эзэмшүүлэх Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтэд саад болж байгаа нь газар эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байна.
Ерөнхий төлөвлөгөөг эзэмшүүлсэн газрын хэмжээнд нийцүүлэн дахин батлах, иргэн С. А*******д олгосон газрыг чөлөөлүүлэхээр 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн засаг даргад хандан өргөдөл гаргасан боловч Нийслэлийн Өмчийн харилцааны газраас: Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй гэсэн хариуг 2015 оны 12 дугаар сарын 31 -ний өдөр өгсөн.
Иймд Гэгээнтэн хотхоны ерөнхий төлөвлөгөөг иргэн С.А*******д эзэмшүүлсэн газартай давхцалгүй болгож өөрчлөхийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгуулахаар бие даасан шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Жд ХХК, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянагдаж байгаа бөгөөд гуравдагч этгээд С.А*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан бие даасан шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Гуравдагч этгээд бие даасан шаардлагадаа Гэгээнтэн цогцолборын ерөнхий төлөвлөгөөг Жд ХХК болон Х ХХК-д эзэмшүүлэхээр олгосон газраас томруулан баталсан нь Газрын тухай хуулийн 27.1, 27.3, 27.4, 35.1.1, 35.3.1, Газар эзэмшүүлэх гэрээний 3.2, Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3, 12.8-д заасныг зөрчсөн гэжээ.
Нийслэлийн Засаг даргын 2008 оны 198 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны /хуучнаар 1 дүгээр хороо/ нутаг дэвсгэрт Жд ХХК 4700 м.кв газар, Х ХХК нь 1310 м.кв газрыг тус тус эзэмших эрхтэй болсон.
Улмаар уг газар дээрээ хамтран 2010 онд зураг төслийг батлуулан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд батлагдаж орсны дагуу Гэгээнтэн цогцолборыг барихаар болж 2011 онд барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авч барилгын ажил эхлэн 2013 онд ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд Гэгээнтэн цогцолбор хотхоны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу цогцолборыг тойрох нийтийн эзэмшлийн талбайг оршин суугч, өмчлөгч нарын амьдрах, ажиллах таатай орчныг бүрдүүлэх үүднээс тохижуулсан байдаг.
Өөрөөр хэлбэл Жд ХХК болон Х ХХК нь хууль, журмын дагуу газар эзэмших эрх олж авсан бөгөөд өөрийн эзэмшлийн газар дээрээ Гэгээнтэн цогцолбор хотхоныг барихаар зураг төсөл болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн хэсэгчилсэн төлөвлөгөөг батлуулан холбогдох зөвшөөрлийг авч барилга байгууламжаа барьж, ашиглалтад оруулан, тохижилтыг хийсэн.
Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тавигдах шаардлагыг зааж өгсөн бөгөөд 12.4.1-д хүн амын амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн, хот, тосгоны хөгжлийн чиглэлийг тодорхойлсон, хот, тосгоны хил хязгаар, газар нутгийн үүргийн бүсчлэл, инженер, зам тээвэр болон нийгмийн дэд бүтцийн хөгжил, түүх, соёлын дурсгалт байгууламж, архитектур-хот байгуулалтын шаардлага, экологийн болон эрүүл ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байх, 12.4.2-т, тухайн нутаг дэвсгэрийн инженер-геологи болон байгаль экологийн онцлогт тулгуурлан боловсруулсан суурь судалгаанд үндэслэсэн байх гэж заасан. Мөн уг хуулийн 12.5-д Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна гэж заасны дагуу Гэгээнтэн цогцолбор хотхоны ерөнхий төлөвлөгөө батлагдсан.
Мөн уг хуулийн 12.6-д Хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу дараах асуудлыг тооцон төлөвлөнө гэж, 12.6.3-д төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх, 12.8-д Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна гэж заасан.
Жд ХХК болон Х ХХК нь өөрийн эзэмшлийн газар дээрээ барилга байгууламж барьж, ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газар дээрээ авто машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэргийг тохижуулан байгуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна.
Харин 2010 онд зураг төслөө боловсруулан, барилга байгууламжаа барьж ашиглалтад оруулчихсан, ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гадна тохижилтыг гүйцэтгэн дуусаж байхад ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан, нийтийн эзэмшлийн талбай дээр газар эзэмших эрх олгож байгаа нь хууль бус юм.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжийн С.А*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн С.А*******гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан Ж******* ХХК, Х ХХК-ийн Гэгээнтэн хотхоны хэсэгчилсэн өрөнхий төлөвлөгөөг хүчингүй болгож, газрын хэмжээнд нь тааруулан дахин батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаартай Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл зөвшөөрч батлах тухай тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний үндсэн шийдлийг хэрэгжүүлэх, дэд бүтцийн шугам сүлжээнд ойр байрлалтай гэр хорооллыг барилгажуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 1, 11 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нийт 500,0 га нутаг дэвсгэрт хийгдсэн Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-ний зураг төслийг зөвшөөрч баталсан. Уг ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах асуудлыг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан.
Нийслэлийн Засаг даргын 2008 оны 198 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны /хуучнаар 1 дүгээр хороо нутаг дэвсгэрт Жд ХХК нь 4700 м.кв, Х ХХК нь 1310 м.кв газар эзэмших эрхтэй болсон.
Манай байгууллага нь батлагдсан Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-ний дагуу Ж******* ХХК, Х ХХК-ийн Гэгээнтэн хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан.
Гэгээнтэн хотхоны ерөнхий төлөвлөгөөг баталсан үйлдэл нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу хийгдсэн тул иргэн С.А*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн тайлбар, хэргийн бодит нөхцөл байдлыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 46 дугаар захирамжаар[1] Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 12а байрны зүүн хойд талд дэлгүүр, нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар 0.008 га газрыг дуудлага худалдаагаар[2] иргэн Ц.Б*******т 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. Тус газрын эзэмших эрхийг С.А******* Ц.Б*******ээс 2005 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн эрх шилжүүлэх тухай гэрээгээр[3] шилжүүлж авсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар[4] баталгаажуулж, улмаар 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 359 дүгээр захирамжаар[5] эзэмшил газрын хэмжээг 100 м.кв болгон нэмэгдүүлсэн байна.
С.А******* дэлгүүр, нийтийн бие засах газрын зориулалтаар газраа эзэмших гэтэл оршин суугчдын эсэргүүцлээс шалтгаалж барилгын ажлаа эхлүүлж чадаагүй[6] бөгөөд түүний эзэмшиж буй газрын байршлыг өөрчлүүлэх тухай хүсэлтийн[7] дагуу Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 423 дугаар захирамжаар[8] Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 400 м.кв газрыг 5 жилийн хугацаатай үйлчилгээ, конторын зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэжээ. Гэвч тус эзэмшүүлсэн газрын доогуур инженерийн шугам сүлжээ байрласан болох нь сүүлд мэдэгдсэн байна.
Тийм учраас С.А******* эзэмшил газрын байршил өөрчлүүлэх тухай хүсэлт Нийслэлийн Газрын албанд дахин гаргасны үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжаар[9] Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт (Гэгээнтэн хотхоны чанх ард) үйлчилгээ, конторын зориулалтаар 400 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. Ийнхүү удаа дараа эзэмшил газрын байршлыг сольж байгаа нь гуравдагч этгээд С.А*******гаас өөрөөс нь огт шалтгаалаагүй, тухайн газрын оршин суугчдын эсэргүүцэл, инженерийн шугам сүлжээний зураг төслийн алдаа зэргээс шалтгаалсан болохыг дурдах нь зүйтэй юм.
Мөн гуравдагч этгээд С.А******* Нийслэлийн Засаг даргын 2007 оны 577 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, 2010 оны 423 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тус тус эзэмшиж байсан газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшихээр холбогдох ажиллагаануудыг хийж байсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газраа ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч тал Маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар эзэмшүүлээгүй гэж маргадаг бөгөөд анхны 80 м.кв газар эзэмших эрхийг иргэн Ц.Б*******т дуудлага худалдаагаар олгосон бөгөөд хэдийгээр эзэмшил газрын байршил өөрчлөгдөж байгаа ч анх дуудлага худалдаагаар авсан газар эзэмших эрх-ийг л Нийслэлийн Засаг дарга захирамжаараа шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл дуудлага худалдаагаар эзэмшил газар худалдаж аваагүй, эзэмших эрх-ийг худалдаж авч байгаа юм.
Гуравдагч этгээдийн эзэмшиж байсан 80 м.кв газрыг 400 м.кв болгосон тухайд, С.А******* нэмэгдүүлсэн газрын үнэд дуудлага худалдааны анхны үнэ болох 5.068.800 төгрөгийг 2013 онд тушаасан, эзэмшсэн газар бүртээ барилгын эх загвар зураг /эскиз/ хийлгэж, суурийн нүх ухах зэрэг ажиллагаа хийж, тодорхой хэмжээний төсөв зардал гаргаж байсан бөгөөд төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа /инженерийн шугам сүлжээний зургийн алдаа/, оршин суугчдын эсэргүүцэл, А зэрэглэлийн бүсэд эзэмшүүлсэн газрыг шилжүүлсэн зэргээр гуравдагч этгээдээс үл хамаарах шалтгаанаар тодорхой хэмжээнд хохирсон байдлыг харгалзан үзэж, Нийслэлийн Засаг дарга газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлсэн нь газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хүндэтгэлтэй ханджээ гэж шүүх дүгнэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2008 оны 198 дугаар захирамжаар[10] Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд Ж******* ХХК-д 4700 м.кв, Х ХХК-д 1310 м.кв үйлчилгээний зориулалт бүхий газар эзэмших эрх тус тус 15 жилийн хугацаатай олгогдсон. Маргаан бүхий газар нь Гэгээнтэн цогцолборын газартай давхцаагүй, харин Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан Гэгээнтэн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу автомашины зогсоол, орц, гарц, төлөвлөгөөнд тусгагдаагүй сагсан бөмбөгийн талбай болон Гэгээнтэн цогцолбор хотхон гэх хаяг байрлуулсан хана зэрэгтэй давхцаж байна[11]. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т төлөвлөгөөнд хамруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх, 12.8-д Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна гэж тус тус заасны дагуу хуулийн шаардлагыг нэхэмжлэгч биелүүлээгүй бөгөөд өөрийн эзэмшил газрын 30-аас доошгүй хувьд хийх ёстой тохижилтоо С.А*******гийн эзэмшил газрыг асфальтаар хучиж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол байгуулах зэргээр хийсэн нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг болон Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг зөрчжээ гэж үзэхээр байна.
Мөн Ж******* ХХК 4700 м.кв, Х ХХК 1310 м.кв газрыг тус тус үйлчилгээний барилгын зориулалтаар эзэмшсэн хэрнээ газрын зориулалтыг өөрчлөх эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад тухайн газарт Гэгээнтэн цогцолбор хотхон нэртэйгээр үйлчилгээтэй 180 айлын орон сууц барьжээ. Ингэснээр оршин суугчдын авто зогсоол, орц, гарц, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай болон бусад зайлшгүй тохижилтыг хийх шаардлага үүссэн бөгөөд тохижилтоо өөрийн эзэмшил газраас хэтрүүлсэн, үүнийгээ нийтийн эдэлбэрт хамаарах газрыг тохижуулсан гэж тайлбарлах боловч тохижуулсан газар нь гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газартай давхцалтай болох нь маргаан бүхий газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Маргаан бүхий газрын төлбөрийг гуравдагч этгээд С.А******* төлдөг боловч бодит байдал дээр Гэгээнтэн цогцолбор хотхон автомашины төлбөртэй зогсоол ажиллуулж, тодорхой хэмжээний орлого олж байгаа нь шударга ёсонд үл нийцэх бөгөөд С.А******* нь хууль ёсоор эзэмшиж буй газраа зориулалтын дагуу эзэмшиж, үр шимийг нь хүртэж чадахгүй байгааг онцгойлон тэмдэглэх нь зүйтэй юм. Энэ нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, 35 дугаар зүйлийн 35.1.1-д гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах, 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэж заасантай нийцэхгүй байна.
Хэдийгээр С.А*******д эзэмшүүлсэн газрын доор хотын төвийн хэсгийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн тэжээлийн 6 кВ-ын өндөр хүчдэлийн тэжээлийн шугам дайрсан[12] боловч маргаан бүхий газрыг гуравдагч этгээд хэрхэн ашиглахаас шалтгаалж тус тэжээлийн шугамд нөлөөлөх эсэхэд шууд дүгнэлт өгөх боломжгүй юм. Учир нь одоогоор гуравдагч этгээдийн зүгээс эзэмшиж буй газартаа ямар нэг барилга байгууламж төлөвлөөгүй, эх загвар зураг батлуулаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар нэхэмжлэл гаргах үндсэн шаардлага нь нэхэмжлэл гаргаж буй иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх явдал юм. Нэхэмжлэгч Ж******* ХХК, Х ХХК нь ...С.А*******д газар эзэмшүүлснээр Гэгээнтэн цогцолборын орц, гарц хаагдсан... гэж маргадаг хэдий ч Гэгээнтэн цогцолбор нь бусад талаараа орц, гарцтай болох нь хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд Нийслэлийн Засаг дарга 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжаар С.А*******д эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгчийн ямар нэг эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэж шүүх дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болох ...Гэгээнтэн хотхоны ерөнхий төлөвлөгөөг иргэн С.А*******д эзэмшүүлсэн газартай давхцуулахгүйгээр өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгуулах шаардлагын тухайд, тус ерөнхий төлөвлөгөө нь 18662 м.кв талбайтайгаар батлагдсан бөгөөд Ж******* ХХК болон Х ХХК-д эзэмшүүлсэн нийт 6010 м.кв талбайгаас даруй 12652 м.кв хэмжээгээр илүү, хойд талаараа автозамын зорчих хэсэгтэй хэсэгчлэн, явган хүний замтай бүхэлд нь давхцалтай байна.
Хууль зүйн үндэслэлгүйгээр талбайн хэмжээг 12652 м.кв хэмжээгээр томруулсан нь гуравдагч этгээд С.А*******гийн эзэмшил газартай давхцалыг бий болгосон бөгөөд анхнаасаа Гэгээнтэн хотхоны ерөнхий төлөвлөгөөг эзэмшил 6010 м.кв талбайд нь нийцүүлж батлах нь зүйтэй байжээ. Энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д Хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу дараахь асуудлыг тооцон төлөвлөнө, 12.6.3-д төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх, 12.8-д Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна гэж заасныг тус тус зөрчсөн байна. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4, 70.2.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж******* ХХК, Х ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжийн С.А*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6, 12.6.3, 12.8-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд С.А*******гийн бие даасан шаардлагыг хангаж, Гэгээнтэн хотхоны ерөнхий төлөвлөгөөг С.А*******д эзэмшүүлсэн 18642308782966 нэгж талбарын дугаар бүхий 400 м.кв газартай давхцалгүй болгож өөрчлөхийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 70200 төгрөг болон шинжээчийн зардал 816.831 (найман зуун арван зургаан мянга найман зуун гучин нэгэн) төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд С.А*******д олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧИД Ц.МӨНХЗУЛ
Л.ӨЛЗИЙСАЙХАН
[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 69 дүгээр хуудас
[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 70 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 87 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 133 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас 67 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 88 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 103 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 137 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 140 дүгээр хуудас
[10] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 11 дүгээр хуудас
[11] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас 178 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 246 дугаар хуудас