Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 825

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00588 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Эын БНХАУ-ын иргэн Ш.Ж.Гыг /Shi Zhong gang/ сураггүй алга болсонд тооцуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Хүсэлт гаргагч Г.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай Түмэнтал ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдаж, ашигт малтмалын ашиглалтын М\/005356 тоот тусгай зөвшөөрөлтэй гөлтгөний орд болон ашигт малтмалын ашиглалтын М\/-017423 тоот тусгай зөвшөөрөлтэй шохойн чулууны ордыг эзэмшиж, үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Гэтэл БНХАУ-ын иргэн Ш.Ж.Г нь танай шохойн чулууны болон гөлтгөний дээрх ордуудад чинь та нараас ямарч хөрөнгө гаргуулахгүйгээр шаардлагатай бүх хөрөнгө оруулалтыг би өөрийн хөрөнгөөр хийж, хамтарсан компани байгуулж хамтран ажиллая гэсэн санал тавьсныг нь Монгол талын хувьцаа эзэмшигчид түүнд итгэж хүлээн зөвшөөрсөн юм. Энэхүү тохиролцооныхоо дагуу Монголын Түмэнтал ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай Монгол-Хятадын хамтарсан Түмэнтал ХХК болгон өөрчилж, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 320 000 000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө (Дүрмийн сан)-тэйгээр байгуулж, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус компанийн нийт хувьцааны 20,0 хувийг Монгол Улсын иргэн Гүржавын Энхжаргал, 20,0 хувийг Монгол Улсын иргэн Ганхуягийн Ганболор эзэмшиж, харин хувьцааны 60,0 хувийг дээрхи амлалтыг нь үндэслэн, хэрэв гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй нөхцөлд өөрийн эзэмшиж байгаа 60,0 хувийн хувьцаагаа хамтарсан Түмэнтал ХХК-д эдэлж байгаа эрхийн хамт Монгол талын хувьцаа эзэмшигчдэд үл маргах журмаар шилжүүлэн өгөх нөхцөлтэйгээр БНХАУ-ын иргэн Ш.Ж.Гд эзэмшүүлэхээр болсон юм. Монгол-Хятадын хамтарсан Түмэнтал ХХК-ийг хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар байгуулж, хамтарсан компанийн гэрээ, дүрмийг баталсан. Улмаар уг хуралдаанаар хамтарсан компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, БНХАУ-ын талаас Ш.Ж.Гын хүсэлтээр өөрийг нь болон түүний хүү Ши Жун Чөн хоёрыг Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулсан. Төлөөлөн Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ш.Ж.Гыг өөрийнх нь хүсэлтээр хөрөнгө оруулагчийнх нь хувьд хамтарсан компанийн гүйцэтгэх захирлаар томилсон юм. Санхүүч-Аудит ХХК компанийн 2015 оны үйл ажиллагаанд аудитын шалгалт хийж тус компанийг 2015 онд 287,9 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, компанийн нийт өр 908,9 сая төгрөгт хүрч, энэ нь компанийн нийт хөрөнгийн 96,6 хувьтай тэнцэж, өөрийн хөрөнгө 32,0 сая төгрөг болж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс 10 дахин буурсан байна гэж дүгнэсэн юм. Ийнхүү хамтарсан компанийн гүйцэтгэх захирал Ш.Ж.Гы хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж, 2016 оны жилийн эцсийн байдлаар тус компани татвар, нийгмийн даатгалын байгууллага, 20-иод компани, хүмүүст нийтдээ 1020673521,73 төгрөгийн өртэй болж, компанийн алдагдал 287979950,94 төгрөгт хүрч, тус компани хөрөнгийн бүрэн чадваргүй болж үндсэндээ дампуурхад хүрсэн юм. Монгол талын хувьцаа эзэмшигч бид Ш.Ж.Гыг анх хамтарсан компанийг байгуулахад өөрийн хөрөнгө оруулсан 100,0 мянган доллартай тэнцэх хэмжээний 600,0 мянган юаниасаа хууль бусаар 330,0 мянган юанийг дур мэдэн хувьдаа буцааж авсан асуудлаар түүнд эрүүгийн хэрэг үүсгүүлсэн бөгөөд уг хэрэг Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байх үед тэрээр мөнгө олж ирнэ гэж Монгол талын хувьцаа эзэмшигчид болон Нийслэлийн прокурорын газрыг хууран мэхэлж, БНХАУ руу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр яваад түүнээс хойш 3 жил гаруй хугацаа өнгөрч байхад одоо болтол хамтарсан компани дээрээ буцаж ирээгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй сураггүй болоод байна. Мөн Ш.Ж.Гы хүү хамтарсан Түмэнтал ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ши Жин Ченээс Нийслэлийн прокурорын газарт би өөрийнхээ аавыг Хятад улс руу яваад ирэх хугацаанд Монгол Улсад байхаа баталж байна гэсэн батлан даалтыг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монгол, Хятад хэл дээр гаргаж өгсөн боловч уг батлан даалтаа хэрэгжүүлэлгүйгээр мөн л сураггүй болсон. Нэгэнт компаний захирал Ш.Ж.Г нь БНХАУлсруу яваад сураггүй болсон тул түүнийг төлөөлөх итгэмжлэл бүхий хуулийн этгээд тус компанид байхгүйгээс компани үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн чадамжгүй болсоноор байгууллага, хүмүүстэй гэрээ хэлцэл байгуулах, төр захиргаа, татвар, нийгмийн даатгалын байгууллагатай харилцах ямарч боломжгүй болж хамтарсан компанийн үйл ажиллагаа 2017 он, 2018 он, 2019 онд бүрэн зогсоод байна. Ш.Ж.Г нь Хятад Улсруу явахдаа компанийн гүйцэтгэх захирлыг төлөөлөх итгэмжлэлийг хэнд ч олгоогүй учир түүний үүргийг хэн ч орлон гүйцэтгэх эрхгүй 2. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэж заасан учир хамтарсан компанийн нийт хувьцааны 60,0 хувийг эзэмшигч Ш.Ж.Гы оролцоогүйгээр хурал хийх ямарч боломжгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох гэж заасан нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх боломжгүй болоод байна. З.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хийж тулгамдаж буй дээрх асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэхээр Төлөөлөн удирдах зөвлөлийн 5 гишүүний хоёр нь (Ш.Ж.Г, түүний хүү Ши Жин Чен) байхгүй учир Компанийн тухай хууль-ийн 80 дугаар зүйлийн 80.5-д Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно гэж заасан тул хурлын ирц хүрэхгүй байгаа болно. Ш.Ж.Г нь 2016 онд Хятад Улсруу явахдаа компанийг 287,9 сая төгрөгийн алдагдалд оруулж, 20-иод байгууллага, хүмүүст 1020,7 сая төгрөгийн өр тавиад алга болсон тул дээрх алдагдал хохирол, өр төлбөрийг барагдуулахын тулд цаашид компанийн үйл ажиллагааг сэргээж явуулах, түүний эзэмшлийн хувьцаа болон эд хөрөнгөнд эрхлэн хамгаалалт тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Иймээс Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.2-т Монгол Улсын шүүх дор дурдсан олон улсын Иргэний эрх зүйн холбогдолтой иргэний хэргийг өөрийн харьяалалд хамааруулан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна гэж заасны дагуу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2.1, 189.2.3-т заасан дээрх асуудлыг Монгол Улсын шүүх хянан шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Оршин суугаа газраасаа алга болсноос хойш хоёр жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон иргэнийг сонирхогч этгээдийн хүсэлтээр, шүүх сураггүй алга болсонд тооцож болно гэж заасан, мөн Монгол Улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1.2-т Сураггүй алга болсонд тооцогдох буюу нас барсан гэж зарлагдах этгээд хамгийн сүүлд Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байсан гэж заасныг тус тус үндэслэн БНХАУ-ын иргэн Ш.Ж.Гыг сураггүй алга болсоныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан БНХАУ-ын иргэн Shi Zhonggang /Ш.Ж.Г, РД: CHN580627М200624619203100/-ыг сураггүй алга болсонд тооцох тухай Г.Эын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...БНХАУ-ын иргэн Ш.Ж.Г нь Монгол Улсын хилээр гарч явсан байх тул Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон гэж үзэхгүй. Мөн иргэний хуулийн 543 дугаар зүйлийн 543.7 дахь хэсэгт "Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аливаа этгээдийг сураггүй алга болсонд тооцох, нас барсан гэж зарлах асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ" гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1.2 дахь хэсэгт "сураггүй алга болсонд тооцогдох буюу нас барсан гэж зарлагдах этгээд хамгийн сүүлд Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байсан" тохиолдолд иргэний сураггүй алга болсонд тооцохоор заасан бөгөөд Шин Жун Ган нь Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байхдаа алга болоогүй, Монгол Улсын хилээр гарч явсан тул Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн191 дүгээр зүйлийн 191.1.2-т зааснаас үзэхэд сураггүй алга болсонд тооцогдох этгээд нь хамгийн сүүлд Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байсан байх хуулийн шаардлага тавигдаж байгааг анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж дүгнэсэн байх ба БНХАУ-ын иргэн Ш.Ж.Г нь Монгол Улсаас гарч явсан гэх баримтыг үндэслэн хамгийн сүүлд оршин сууж байсан газар нь Монгол Улсад биш гэж үзсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар дээрх иргэн нь Монгол Улсад оршин сууж хөрөнгө оруулалт хийж. "Түмэн тал" ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байхын зэрэгцээ одоогоор хаана байгаа нь тодорхойгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн, хилээр гарч явсан зэрэг нөхцөл байдлууд нотлогдсоноор Иргэний хуулийн 543 дугаар зүйлийн 543.7-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр сураггүй алга болсонд тооцох хууль зүйн боломжтой гэж үзэхээр байна. Цаашлаад дээрх хуулиудын агуулга нь гадаад улсын иргэнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт алга болсонд тооцож болохоор хуульчилсан нь тухайн этгээдийг гадаад улсдаа хаа нэгэн газар амьдарч байгааг үгүйсгээгүй, харин аль улсад, ямар хаягт оршин суугаа нь тодорхойгүйн зэрэгцээ, зөвхөн Монгол Улсын хувьд тухайн этгээд сураггүй алга болсонд тооцогдох ба сураггүй алга болсонд тооцогдсон этгээд хуульчилсныг анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн БНХАУ-ын иргэн Ш.Ж.Г нь "Түмэн тал" ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал, 60 хувийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ын гишүүн бөгөөд ийнхүү хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсоны улмаас тухайн компани ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй, хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ын хурлаа ч хийх боломжгүй, мөн гүйцэтгэх захирлыг ч солих боломжгүй болсон тул түүнийг Монгол Улсад байхадаа компанийн нэрийн өмнөөс Монгол Улсын хуулийн этгээдүүд, иргэдтэй холбоотой үүсгэсэн өр төлбөр, мөн татвар, нийгмийн даатгалын байгууллага болон хувь хүмүүст тавьсан 1020,6 сая төгрөгийн өр төлбөрийг барагдуулахын тулд цаашид компани үйл ажиллагааг сэргээж явуулах, түүнийг эзэмшлийн хувьцаа болон эд хөрөнгөнд эрхлэн хамгаалалт тогтоох шаардлагатай болоод байгаа нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй. Мөн Ш.Ж.Гы анх хамтарсан компанийг байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт болох 100,0 мянган доллартай тэнцэх хэмжээний 600,0 мянган юанийг компанид оруулсан бөгөөд хууль бусаар 330,0 мянган юанийг дур мэдэн хувьдаа буцааж авсан ба түүнээс өөрөөр ямар нэгэн хөрөнгө оруулалт, бусад биет хөрөнгө Монгол Улсад байхгүй тул "Түмэн тал" ГХОХХК-д түүний эзэмшлийн 60 хувийн хувьцаанаас л зөвхөн хамаарч дээрх хэмжээний өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй болсны зэрэгцээ, компанийн үйл ажиллгаа сүүлийн 3 жилийн хугацаанд бүр мөсөн зогсонги байдалтай, дампуурахад хүрээд байгаа юм. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар  сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00588 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

            Нэхэмжлэгч Г.Э нь БНХАУ-ын иргэн Ш.Ж.Гыг /Shi Zhong gang/ сураггүй алга болсонд тооцуулах тухай шаардлага гаргажээ. / хх-1-3 дугаар тал/

Г.Э хүсэлтийн үндэслэлээ БНХАУ-ын иргэн Ш.Ж.Г нь Түмэн тал ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр БНХАУ руу яваад буцаж ирээгүйгээс компанийн үйл ажиллагаа явагдах боломжгүй болсон, компанийн үйл ажиллагааг явуулах, Ш.Ж.Гы эзэмшиж буй хувьцаанд эрхлэн хамгаалалт тогтоох шаардлагатай байна гэж тодорхойлсон.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Түмэн тал ХХК-ийг 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар гадаадын хөрөнгө оруулалтай хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилж, уг компанийн хувьцааны 60 хувийг БНХАУ-ын иргэн Ш.Ж.Г, 20 хувийг хүсэлт гаргагч Г.Э, 20 хувийг иргэн Г.Ганболор нар эзэмшиж, компанийн гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Ш.Ж.Гыг томилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн,  БНХАУ-ын иргэн Ш.Ж.Гыг Түмэн тал ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж компанид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолоор онц их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдоогүй буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болсон, дээрх хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр БНХАУ-ын Ш.Ж.Г нь Монгол Улсын хилээр гарч явсан байх ба 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр орж ирээд 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дахин буцаж гарсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Түүнчлэн, БНХАУ-ын иргэн Ш.Ж.Гыг эрэн сурвалжилсан тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/00339 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байна./хх-31-33/

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 13 дугаар зүйлийн 13.1,133 дугаар зүйлийн 133.1.2-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж, хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах эрхтэй.

Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар “Оршин суугаа газраасаа алга болсноос хойш хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон гэдэгт байнга амьдарч байсан газраасаа тухайн иргэн өөрийн хүсэл зоригийн дагуу санаатайгаар алга болоогүй байхыг хамааруулах бөгөөд байнга амьдарч байсан газраасаа алга болсноос хойш 2 жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй байгаа” тохиолдолд тухайн иргэнийг сураггүй алга болсонд тооцох хууль зүйн үйл явдал бий болсон гэж үзнэ. БНХАУ-ын иргэн Ш.Ж.Г нь Монгол Улсын хилээр гарч явсан тухай баримт хэрэгт авагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон гэж үзэхгүй.

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аливаа этгээдийг сураггүй алга болсонд тооцох, нас барсан гэж зарлах асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэхээр Иргэний хуулийн 543 дугаар зүйлийн 543.7 дахь хэсэгт зохицуулсан. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1.2 дахь хэсэгт сураггүй алга болсонд тооцогдох буюу нас барсан гэж зарлагдах этгээд хамгийн сүүлд Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байсан тохиолдолд иргэний сураггүй алга болсонд тооцхоор заажээ.

Шүүхээс уг хэрэгт хамааралтай үйл баримтыг тодруулахын тулд нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг өөрийн санаачилгаар хийж, Хил хамгаалах ерөнхий газраас БНХАУ-ын иргэн Ш.Ж.Гыг улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагааг, Гадаадын иргэн, харъяатын газраас Монгол Улсад хаана, хэдий хугацаагаар оршин сууж байсан талаарх лавлагааг  тус тус гаргуулан авсан байна./хэргийн 57-77 дугаар тал/

Хэргийн 58 дугаар талд авагдсан лавлагаанд 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан талаарх баримт бүртгэгдсэн байна.Уг этгээдийн хамгийн сүүлд Монгол Улсад байсан гэх үндэслэл няцаагдаж байгаа.

Иймд БНХАУ-ын иргэн Ш.Ж.Г нь сураггүй алга болсонд тооцох үндэслэлгүй тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, Г.Эийн БНХАУ-ын иргэн Ш.Ж.Гыг  сураггүй алга болсонд тооцуулах тухай шаардлагын үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэхдээ Иргэний хуульд нийцүүлсэн, онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй болно.  

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00588 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

 

                                                                                           Б.НАРМАНДАХ