Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/52

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                               Прокурор С.Баярчимэг

                                                Нарийн бичгийн дарга Х.Билгүүн нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Түмэндэмбэрэлд холбогдох эрүүгийн 2126000000180 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Зузаан овогт Борбандийн Түмэндэмбэрэл /РД:ЙЭ73112014/.

Борбандийн Түмэндэмбэрэл нь хохирогч Ш.Дамбатай маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар ç¿éëèéí 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Зузаан овогт Борбандийн Түмэндэмбэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 303500 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Дамбад олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдан,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэл гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/158 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би бага боловсролтой, бичиг үсэг мэдэхгүй, хэргийн материалтай танилцаагүй шүүх хуралд орсон. Мөн Ш.Дамбын гаргаж өгсөн гэм хорын хохиролтой танилцаж ойлгоогүй. Сайн ойлгосон бол хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ш.Дамба нь “Чин-Мэнд” эмнэлэгт үзүүлж эмчилгээ огт хийлгээгүй. Учир нь эхнэрийнх нь эгч нь тус эмнэлгийн дарга, танил талаараа хуурамч бичиг баримт авсан. Мөн Ш.Дамба нь миний хоолойг боож, хүзүү, хоолой 2-3 хоног юм залгих үед эмзэглэлтэй, улаан хүрэн ором гарсан, ажлын байран дээр ирж агсан согтуу, тавьж олон нийтийн газар, хэл амаар доромжилж, зарж байсан айргийг маань хүртэл асгах гэж оролдсон. Тэнд байсан хүмүүс гэрчилнэ, би гомдолтой байна. Айраг зарж байхад ирж агсан, согтуу тавьж боож унагааж байхад нь арга бараад цагдаа дуудаад асуудлыг шийдвэрлэж байхад энэ хүнд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгээгүй, намайг гэм буруутайд тооцож 303500 төгрөг Ш.Дамбад төлж барагдуул гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг дахин хянан шалгаж хэргийн материалтай танилцах боломжоор хангаж үнэн зөвийг олж өгнө үү гэжээ.

Прокурор С.Баярчимэг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн гаргасан гомдолтой танилцсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу танилцуулалгүй шүүх хуралдаанд оролцуулсан гэжээ. Хэдийгээр шүүгдэгч нь бага боловсролтой боловч бичиг үсэг мэддэг талаар өөрийнх нь мэдүүлэг болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд бичиг үсэг мэднэ, өмгөөлөгч авахгүй гэж бичгээр хүсэлт гаргаж оролцсон байдлаар тогтоогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид хэргийн материалыг танилцуулсан. Мөн хохирогч Ш.Дамба нь хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэсэн байна. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорт хүсэлт гаргаагүй. Шүүгдэгч нь хэргийн материалтай танилцсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр гарын үсэг зурагдсан байгаагаар тогтоогдож байна. Хэрэв нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн бол прокурорын шатанд гомдол, хүсэлт гаргах бүрэн эрх нь байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Борбандийн Түмэндэмбэрэл нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бумбат” худалдааны төвийн баруун талын “Хөхүүрийн айраг” нэртэй газарт, тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ш.Дамбатай маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогч Ш.Дамба, гэрч Ц.Сумъяа нарын өгсөн мэдүүлэг болон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 334 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн Борбандийн Түмэндэмбэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлд 2021 оны 08 сарын 03-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч Б.Цолмон эрх, үүргийг нь танилцуулсан баримт хэрэгт авагдсан /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/, мөн өдөр шүүгдэгч нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө бичиг үсэг мэднэ, өмгөөлөгч авахгүйгээр мэдүүлэг өгнө, эрх, үүргээсээ асуух зүйл байхгүй талаар мэдүүлэг өгсөн ба хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан / хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр анхан шатны шүүхэд ...өмгөөлөгчгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлтийг гаргаж байсан нь түүнийг бичиг үсэг мэдэхгүй гэснийг үгүйсгэж байх тул түүний давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

            Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Түмэндэмбэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.      

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.