Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/443

 

                                                             Ц.Н-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Батзориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Амармөрөн,

шүүгдэгч Ц.Н-н өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон дээд шатны прокурор Э.Амарбатын бичсэн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр Ц.Н-д холбогдох эрүүгийн 2009008801270 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Ц.Н, ........................ /РД:............../;

Шүүгдэгч Ц.Н нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Юу би эйч” төвд үйл ажиллагаа явуулдаг “Б В” ХХК-ийн лавлагаа, мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан шинжилгээний захиалгыг хүлээн авдаг пос программд захиалга цуцлагдсан гэх хуурамч мэдээлэл оруулж 2018 онд 437 ширхэг захиалгыг гүйлгээг цуцалж 17.726.800 төгрөг, 2019 онд 474 ширхэг захиалгын гүйлгээг цуцалж 23.355.500 төгрөг буюу нийт 911 ширхэг шинжилгээний захиалгыг цуцалж 41.082.300 төгрөгийн хохирол учруулж завших гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Н-г албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ц.Н-г 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Монгол Улсын Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-г шаардлагатайгаас бусад тохиолдолд өөрийн оршин суух Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13в-14 тоот газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Н-с 36.807.122 төгрөгийг гаргуулж, хохирогч “БВ” ХХК-нд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгчийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийг 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчилсэн байдаг. Чухамдаа албан тушаалын байдлаа ашигласан гэж ямар үндэслэлээр албан тушаалын байдлаа ашигласан талаар шүүх дүгнээгүй бөгөөд миний үйлчлүүлэгчийн ажил мэргэжлийн онцлогийг дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан байна. Учир нь миний үйлчлүүлэгч тус хохирогч байгууллагад мэдээлэл, лавлагааны ажилтнаар ажиллаж байсан бөгөөд төлбөр тооцоотой холбоотой асуудлыг шууд хариуцдаг субъект биш байсан. Иймд албан тушаалын байдлаа ашиглах гэсэн агуулгыг хавтаст хэргийн ямар нотлох баримтаар тогтоогоод байгаа тухай, мөн албан тушаалын байдлаа ашиглаж завших гэмт хэрэг үйлдэхийг ойлгох тухай хууль зүйн хувьд анхан шатны шүүх дүгнээгүйгээр хэргийн зүйлчлэл, хэргийн нөхцөл байдлыг зөвөөр тодорхойлох ач холбогдлыг алдагдуулан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

            Шийтгэх тогтоолын 6 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13в-14 тоот газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасан байдаг. Чухамдаа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүний эрх, амьдрах газраа чөлөөтэй сонгох, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд Зорчих эрхийг хязгаарлах ялыг тусгасанаас авч үзвэл хүний нийгмийн болон жам ёсны эрхийг хөндөлгүйгээр хязгаарлалтыг тогтоохыг зорчих эрхийг хязгаарлах эрхээр ойлгож байдаг. Энэ өнцгөөс үзвэл миний үйлчлүүлэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орон байраа чөлөөтэй сонгох эрхэд шууд утгаар халдсан. Нөгөөтээгүүр хохирогчийг хохирол өр төлбөрөө барагдуулж авах боломжийг хязгаарласан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1-д эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхой тусгасан байдаг бөгөөд бодит байдалд нийцсэн гэмт үйлдэл хийсэн этгээдэд нийгэмд аливаа этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хохиролыг нөхөн төлүүлэхэд ач холбогдол өгч байдаг. Энэ ч утгаараа хохирогчид хамгийн гол зүйл нь хохиролоо барагдуулах байдаг. Харин тус шийтгэх тогтоолоор гэрээсээ ч гарах боломжгүй болгож, эсхүл хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хохирогчийг хохирол өр төлбөрөө хурдан хугацаанд авах хүсэл, эрмэлзлийг үгүй хийж байгаатай агаар нэг адил. Миний үйлчлүүлэгчийн хувьд одоогоор нялх нярай хүүхэдтэй хүний хувьд боломжоороо 4.275.178 төгрөгийн хохирол төлсөн байдаг. Үүнийг ч хохирогч талаас үгүйсгэлгүй нотолсон зэргээс үзвэл заавал миний үйлчлүүлэгчид хорих ял бус, зорчих эрхийг хэт хязгаартайгаар тавих бус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үйлдэлтэй нь холбоотойгоор сонгох санкцын нэг болох торгуулийн шийтгэлийг оногдуулсан нь аль алиндаа шударга үр дагаварыг, хууль ёсны шийдвэрийг гаргах үндэслэл болох нь гэж үзэж байна, Чухамдаа миний үйлчлүүлэгч ажил хийж байж, орлого олох боломжтой болж байж хохирогчийн хохирлыг барагдуулах, хохирогч богино хугацаанд хохирлоо барагдуулж авах боломж бий болно. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4-д заасан үндэслэлээр буюу хэргийн зүйчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж миний үйлчлүүлэгчид холбогдох ял шийтгэлийг торгуулийн ялаар өөрчилж өгөх боломжтой. Тус заалтад 10000-40000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэх санкц, хариуцлагын зохицуулалт байдаг. Уг зохицуулалтыг ашигласанаар өмнө нь дурдсан хохиролоо барагдуулах, үйлчлүүлэгчийн маань хувийн байдал зэргээс хамаарч хамгийн зөв шийдэл гэж харж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 жил хүртэлх хугацаагаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шүүх шийдвэрлэх боломжтой учраас миний үйлчлүүлэгчид оногдуулсан ялыг 10000 нэгжэй тэнцэх хэмжээний торгох ялаар сольж, тус ялыг 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Миний бие шийтгэх тогтоолын 3, 4, 5 дахь заалтуудтай холбоотой тайлбарыг давж заалдах шатны шүүхийн хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарлах болно. Тус заалтуудын нөхцөл байдлуудаас хамаарч хэргийн зүйлчлэл болон хэргийг шийдвэрлэсэн байдлыг харгалзсан шийтгэх тогтоолын үндэслэлд дүгнэлт хийх, хэргийг шийдвэрлэх боломж туйлын бага байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах ойлголт яригдахыг үгүйсгэхгүй тул шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарлах болно.

Эцэст нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д “... тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана" тусгасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзсан, үйлдсэн үйлдлээ гэмшин ухаарч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, хохирлоос 4.275.178 төгрөгийг төлсөн нөхцөл, хохирогч өөрийн хохиролоо хурдан шуурхай авах хүсэл эрмэлзлийг нь харгалзаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөл оруулах”-аар тусгасан зохицуулалтын хүрээнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар торгох ялаар өөрчлөлт оруулах, торгох ялын хувьд 10000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр, мөн тус торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 жил хүртэлх хугацаагаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Дээд шатны прокурор Э.Амарбатын бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхээс шүүгдэгч Ц.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хөрөнгө завших" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ...эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно. ..” гэж заасныг журамлан, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “коронавируст халдвар /Ковид-19/- ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ..."Хөрөнгө завших"... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл...” 9.2 дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг...”-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй гэж хуульчилсан байхад шүүхээс шүүгдэгч Ц.Н-н үйлдсэн гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн байна. Мөн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “...Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хзлтрүүлнэ...” гэж заасан буюу Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн зохицуулалт нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны тухайд хэрэглэгдэх зохицуулалт байх тул шүүгдэгч Ц.Н-д хэрэглэсэн нь Эрүүгийн хууль болон Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгчид ял завшуулах үндэслэл тогтоогдож байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Амармөрөн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн гомдолд шүүгдэгчийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй гэж дурдсан байна. Хэргийн материалтай танилцахад шүүгдэгч нь тухайн өдрийн шинжилгээний тооцоог аваад, өдөртөө кассын няравтайгаа тулгадаг байсан, мөн пос машиныг өөр дээрээ авч хэрэглэн тухайн өдрийн орлогыг тушаадаг байсан зэрэг нь албан тушаалаа урвуулан ашиглаж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшиж буй хэлбэр гэж үзэж байна. Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Прокуророос Ц.Н-г “Юу би эйч” төвд үйл ажиллагаа явуулдаг “БВ” ХХК-ийн лавлагаа, мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан шинжилгээний захиалгыг хүлээн авдаг пос программд захиалга цуцлагдсан гэх хуурамч мэдээлэл оруулж 2018 онд 437 ширхэг захиалгыг гүйлгээг цуцалж 17.726.800 төгрөг, 2019 онд 474 ширхэг захиалгын гүйлгээг цуцалж 23.355.500 төгрөг буюу нийт 911 ширхэг шинжилгээний захиалгыг цуцалж 41.082.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх шүүх хэргийг хэлэлцээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгтзааснаар Ц.Н-г 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Монгол Улсын Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан нь буруу байна.

Тухайлбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг ...” үйлдсэн хүнийг өршөөлд хамруулахгүй байхаар зохицуулсан бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгох, энэ хуульд заасан бусад үндэслэлээр өршөөл үзүүлэх эрх хэмжээг шүүхэд олгоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж тус тус заажээ.

Иймд дээд шатны прокурор Э.Амарбатын бичсэн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Ц.Н-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэрэг буцсантай холбогдуулан тус шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Н-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ц.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                       ШҮҮГЧ                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧ                                      Б.БАТЗОРИГ

                            ШҮҮГЧ                                      М.АЛДАР