Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 00299

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, шүүгч М.Эрдэнэ-Очир, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Иргэдийн төлөөлөгч А.Ганбаатар,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Хохирогч Г.П,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 201722000078 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Н.

Үйлдсэн хэргийн товч утга: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутагт байрлах Баяннуур захын орчимд согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.П-ын цээжний ар дээд хэсэгт хайчаар хатгаж улмаар цээжний хөндийд нэвтэрч хатгагдсан шарх, цээжний зүүн ар дээд хэсгийн хатгагдсан, зүсэгдсэн шарх, баруун уушигны уналт, цээжний баруун хөндийд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Баяннуур” захын орчимд хохирогч Г.П-ын цээжний ар дээд хэсэгт хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…манай гудамжны үзүүрт байх гагнуурын газрын гаднаас жижигхэн хуучин хайч хэвтэж байсныг би авчихсан. Тэгээд цаашаа үзүүр рүү гараад засмал зам гараад “Баяннуур” захын хашааны гадаа П-тай тааралдаад П миний хажуугаар зөрөөд машин руугаа суух гэж байгаа бололтой машиныхаа тийшээ явж байхаар нь би араас нь очоод нөгөө гудамжнаас олсон хайчаараа баруун дал орчимд нь хоёр удаа дүрчихсэн. Тэгсэн П болъё гэснээ таксинд суугаад яваад өгсөн. Тэгээд би тэндээ байж байсан чинь цагдаа ирээд намайг аваад эрүүлжүүлэхэд авчирч эрүүлжүүлсэн боловч халдварт өвчинтэй гээд намайг эрүүлжүүлэхээс гаргасан. Бид хоёрын өмнөх маргааны улмаас болж тийм зүйл болсон. Тухайн өдөр би салхин цэцэгтчихсэн, банкны мөнгө тулчихсан дотроо бухимдчихсан явсан болохоор П-тай тааралдаад өмнө нь маргаж байсан, намайг доромжилж байсан нь санагдаад уур хүрээд очоод хайчаар дүрчихсэн юм. Түүнээс биш өс хонзонгийн асуудал байхгүй. Бид хоёр өмнө нь газрын маргаантай байсан юм. Намайг нийтийн эзэмшлийн газарт юм зарж байхад надаас татвар авдаг байсан. Тэгээд оны өмнө “Лха” телевизээс сурвалжлага аваад ил задгай бараа зараад байгаа талаар асуусан. Тэгэхэд нь би П гуайд татвар төлдөг түүний газар дээр зогсож байгаа гээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь П гуай ирээд “чи миний нэр хүндэд халдаж зурагтаар ярилаа” гээд бид хоёрын хооронд маргаан болсон. Өмнө ч гэсэн над дээр ирээд хэрүүл хийгээд хөөж туугаад байдаг байсан. Над руу бүр тамхиныхаа ишийг хүртэл шидэж байсан удаа бий. Тэр бүгдээс болоод хэрэг гарах өдөр биеийн байдал тааруу, дээрээс нь архи уучихсан ядаж байхад банкны зээлийн мөнгөө хийж чадаагүй бухимдалтай явж байсан. Тэгэхэд П тааралдаад тийм асуудал болчихсон юм… Надаас хохирол 5.000.000 төгрөг нэхэмжилсэн. Би эхлээд 3.000.000 төгрөг, дараа нь 2.000.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 37-41 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Г.П-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “2017 оны 01-р сарын 28-ны өдөр би 15 цагийн орчим “Баяннуур” зах дотор байрлах ажлын байран дээрээ очиж байж байгаад орой 17 цагийн орчим ажлаасаа тараад “Баяннуур” захын үүдэнд тавьсан байсан машин руугаа очих гээд явж байтал Б /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/ гэж залуутай “Баяннуур” зах руу ордог хаалганы гадна талд тааралдсан. Яг тааралдах ч биш Б хойноос урагшаа чиглэлтэй явж байсан. Би урдуур нь хөндлөн гарсан, тэгэхдээ толгой дохиж мэндлээд өнгөрсөн. Би тэндээс явсаар машин дээрээ очоод машинаа онгойлгох гэж байтал хойноос миний зүүн талын дал орчим хэсэгт хүн алгадах шиг болсон. Тэгэхээр нь би эргэж харах гэж байтал миний баруун талын дал орчимд хүн гараа атгаж байгаад цохичих шиг болсон. Тэгсэн дахиад эргэж харах хооронд миний баруун дал орчим цохисон. Тэгээд эргээд хартал Б надаас метр орчмын зайд гартаа хайч барьчихсан зогсож байсан. Би эргэж хараад “яаж байна аа” гэсэн чинь “чамайг ална” гээд над руу дахиад хайчаа далайгаад дайрахаар нь би хойшоо болоод тэнд байсан машинуудыг тойроод зугтаасан. Тэгж бид хоёр барагцаагаар 30 орчим минут хөөцөлдсөн. Б-с тэгж зугтааж байгаад нэг таксинд суугаад хаалгаа дотроос нь цоожлоод нөгөө машины жолоочийг хөдлөөрэй гэж хэлээд тэр чигтээ зугтаагаад эмнэлэг дээр очсон. Би эмнэлэг дээр очоод ганцаараа бууж чадахгүй байсан болохоор таксины жолооч намайг эмнэлэг рүү оруулж өгсөн. …Бид хоёр өмнө нь хэрэлдэж маргалдаж байсан. Манай “Баяннуур” захын эзэмшлийн газарт Н ямар нэгэн зөвшөөрөлгүй машин дээрээс орос бараа зардаг. Тэгэхээр нь би энд зогсож байгаа татвараа төл гэхээр урдаас хэрэлддэг. Нэг удаа намайг бүр барьж аваад ална гэж заналхийлж байсан. Би Н-ыг өдөрт 1.000 төгрөг өгөөд зогс үгүй бол захын хаалга таглаж битгий зогс гэж хэлдэг байсан. Н заримдаа мөнгөө өгчихдөг, заримдаа хэрэлдээд мөнгөө огт өгдөггүй. Тэр маргаанаас болж намайг ална гэж заналхийлдэг байсан. Тэгээд тэр өдөр санаагаа гүйцэлдүүлэх гэж байсан байх гэж бодож байна. ... Би шүүгдэгчээс 5.000.000 төгрөгийг эмчилгээний зардал гэж авсан. Миний бие одоо ч гэсэн сайн эдгэрээгүй байна. Мөн гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай юм байна лээ. Би цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгчээс нэхэмжилнэ гэж бодож байна. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ хэр зэрэг гэмшиж байгааг би мэдэхгүй байна. Одоо би их амьсгаадаж, хөдөлгөөн хурдан хийж чадахаа байсан. Гомдол санал байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Т.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…би хугацааг яг нарийн санахгүй байна, би өөрөө таксинд явдаг. Тухайн хэрэг гарах өдөр би “Цагаан-Уул” захын урд талын таксины зогсоол дээр зогсож байхад хоёр хүн хөөцөлдөөд тэнд байсан машинуудыг сүлжээд гүйгээд байсан. Тэгэхээр нь би нэг их юм бодолгүй машин дотроо сууж байсан. Тэр хоёр хүн хөөцөлдөж байгаад миний машины хажуугаар хойшоо гүйгээд явчихсан. Түүний дараа миний машинд хоёр хүн суугаад 2-р хороо руу явна гэхээр нь би хөдлөөд захын түгжрэлд ороод явж байтал жолоочийн хажуу талын хаалгыг хүн онгойлгосноо намайг хутгалчихлаа хөдлөөрэй гэхээр нь би машиндаа суулгаад хаалгаа түгжээд цаашаа хөдөлсөн. Тэгэхэд нэг хүн ирээд машины хаалга татаж үзчихээд яваад өгсөн. Тэгээд би тэндээс нөгөө машинд суусан хүнээ аваад эмнэлэг орсон. Би эмнэлэг дээр очоод нөгөө хүнийг бүр эмнэлэг рүү оруулж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 116 дугаартай:

  1. Г.П-ын биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Г.П-ын биед цээжний баруун ар дээд хэсгийн цээжний хөндийд нэвтэрч, хатгагдсан, зүсэгдсэн шарх, цээжний зүүн ар дээд хэсгийн хатгагдсан, зүсэгдсэн шарх, баруун уушигны уналт, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3. Дээрх цээжний баруун ар дээд хэсгийн цээжний хөндийд нэвтэрч, хатгагдсан, зүсэгдсэн шарх, цээжний зүүн ар дээд хэсгийн хатгагдсан, зүсэгдсэн шарх гэмтлүүд нь тус бүрдээ 1 удаагийн ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
  5. Дээрх гэмтлүүдийн цээжний баруун ар дээд хэсгийн цээжний хөндийд нэвтэрч хатгагдсан, зүсэгдсэн шарх, баруун уушигны уналт, цээжний баруун хөндийн шингэн хуралдалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, харин цээжний зүүн ард дээд хэсгийн хатгагдсан, зүсэгдсэн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  6. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 810 дугаартай: Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн гаргасан 116 тоот дүгнэлт  үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 180-181 дүгээр хуудас/,

Шинжээч, эмч Ц.Нандинцэцэгийг байцаасан: “…П-ын биед үзлэг хийхэд цээжний ар дээд хэсэгт хоёр шарх үүссэн байсан. Уг хоёр шархны зүүн ар дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь цээжний хөндийд нэвтрээгүй, харин баруун ар дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх байсан. Дээрх баруун ар дээд хэсгийн нэвтэрсэн шархны улмаас цээжний хөндийд шингэн хурсан байсныг цээжний урд дээд хэсгээс 3, 4-р хавирганы завсраар хатгалт хийж шингэнийг авсан байсан. Цээжний баруун ар дээд хэсгийн цээжний хөндийд нэвтэрч хатгагдаж зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэл, цээжний баруун хөндийн шингэн хуралт, баруун уушгины уналт нь тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна” гэх тэмдэглэл /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4 дүгээр хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялын доод хэмжээг багасгасан байх тул шинэ хуульд нийцүүлж, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.  

Иймд шүүгдэгч Б.Н-ын үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, ажил, үйлчилгээ эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Хохирогч Г.П нь эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 5.000.000 /таван сая/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Н нь ХААН банкны өөрийн ... дугаар данснаас хохирогч Г.П-ын ХААН банкны ... дугаар данс руу 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1.500.000 төгрөгийг /хх-ийн 196 дугаар хуудас/, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1.390.700 төгрөгийг /хх-ийн 220 дугаар хуудас/, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 2.100.000 төгрөгийг нөхөн төлсөн нь ХААН банкны орлогын мэдүүлгийн маягт, маягтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Харин хохирогч Г.П нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Н-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Эрүүгийн 201722000078 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Н-д оногдуулсан 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тогтсугай.
  4. Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Г.П нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч Б.Н-с нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  7. Эрүүгийн 201722000078 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.НЯМСҮРЭН  

                                           ШҮҮГЧИД                                М.ЭРДЭНЭ-ОЧИР

                                                                                           Н.АРИУНЖАРГАЛ