Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 823

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00823

 

 

Ё.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00327 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ё.Тын хариуцагч Х.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 762 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Ё.Таас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 01 дүгээр сарын 07-нд хариуцагч Х.Б нь зээлийн гэрээ байгуулаад 3 500 000 төгрөгийг авсан. Хугацаа хэтрүүлбэл хоног тутамд 0,05 хувийн алданги тооцно гэж, 08 дугаар сарын 07-нд төлж дуусгахаар гэрээнд тус тус заасан. 2019 оны 01 дүгээр сарын 08-нд дүүгийнхээ данснаас Х.Бгийн гэрээнд заасан ХААН банк дахь 5075359669 тоот данс руу нь мөнгөө шилжүүлсэн. Энэ мөнгийг өгсөн зорилго нь Х.Б Солонгос улс руу гэрээт ажилчнаар гаргах виз гаргаж өгнө гэсний дагуу өгсөн. Хариуцагч өөрөө мөнгөө өгсөн гэдэг баталгаатай болгож зээлийн гэрээ байгуулсан. Мөнгө зээлүүлээд буцааж авах гэсэн зорилго байгаагүй. Х.Б л уулзаж ярилцаж бболохоос Амгалан агада гэдэг компанийг мэдэхгүй, тус компанийн бүртгэлийн ажилтан гэж өөрийгөө эхлээд хэлж байсан. Х.Бд мөнгөө өгсөн учраас түүнээс л мөнгөө нэхэмжилж байгаа. Тэгээд хугацаандаа мөнгө өгөөгүй учир гэрээний дагуу алдангид 262 500 төгрөг нэмж нэхсэн. Би нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Х.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 онд Бат-Амгалан гэдэг хүнтэй хамтарч ажилласан ба Солонгос улс руу явуулах гэрээт ажилчдын бүртгэл хийх саналыг тавьсан. Ингээд 12 дугаар сараас нь эхэлж хүмүүсийг бүртгэж ажиллагааг эхэлсэн. Тухайн үед Бат-Амгалан ах одоо ийм хүн очно шүү, зээлийн гэрээ хийчих гээд хүмүүсийг явуулж байсан. Энэ нэхэмжлэгчийн хувьд өөрөө ирж уулзсан, маргааш нь бид нотариат дээр очиж зээлийн гэрээг хийсэн. Тухайн үед нь энэ зээлийн гэрээний үндсэн үүргийн дагуу үүрэг хүлээж гэрээ хийгээгүй шүү, та нарт найдвартай гэдэг үүднээс л зээлийн гэрээ хийж байгаа шүү гэж хэлж байсан. Өөрөө мэдэж л байгаа. 2019 оны 04 дүгээр сард гэрээт ажилчдыг Халамж үйлчилгээний төвд бүртгүүлсэн. Энэ бүртгэлд Ё.Т орсон байсан. Ингээд 06 дугаар сард Ё.Тыг шалгалтанд оруулж явуулах байсан боловч амжаагүй бөгөөд 08 дугаар дахин бүртгэл болно гэж Бат-Амгалан захирал хэлсний дагуу мөн нэхэмжлэгчид дамжуулан хэлсэн. 08 дугаар сард бүртгэл хийгдсэн ба түүнд Тайванбаатар хамрагдсан. Бат-Амгалан захирал шалгалтанд орох шаардлагагүй, бүх зүйлийг цаанаас нь зохицуулна гэж хэлсэн. 10 дугаар сард Бат-Амгалан захирал өөрөө Тайванбаатарыг дуудаж уулзахад он гартал хүлээе гэж байсан. Тэгээд Бат-Амгалан захиралтай 12 дугаар сард, 2019 оны 02 дугаар сард уулзсан. Бат-Амгалан захирал өөрт нь энэ асуудал удаашралтай байна, чи яаруу гэвэл Солонгос улс руу 3 сарын дотор аяллын виз гаргаж явуулж болно гэж хэлэхэд нь Тайванбаатар ар гэрийнхэнтэйгээ ярилцаад 3 хоногийн дараа явах боломжгүй боллоо, мөнгөө авъя гэсэн. Ингээд Тайванбаатар нь Бат-Амгалан захиралтай уулзсан байх. Бат-Амгалан захирал холбогдохгүй 30 орчим хоног болсон бөгөөд тэгтэл цагдаад баривчлагдсан байсан. Ингээд нэхэмжлэгчид чи бусад хүмүүстэйгээ хамтраад цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй байх гэдгийг хэлсэн. Иргэн Э.Санчир, Э.Эрдэнэбулган нар мөн Тайванбаатартай ижил нөхцлөөр мөнгөө шилжүүлсэн, тэд нар цагдаад хандсан, одоо эрүүгийн хэрэг үүсгэгдсэн шалгагдаж байгаа. Дансанд шилжүүлсэн 3 500 000 төгрөгийг өдөрт нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 08-нд Бат-Амгалангийн данс руу шилжүүлсэн байгаа. Энэ нь дансны хуулгаар тодорхой харагдаж байна. Уг мөнгийг өөртөө авч хэрэглээгүй тул хариуцах ёсгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас түүнд нэгтгэгдэн шалгагдаж шийдвэрлэхдэх нь зөв. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Х.Бгээс 3 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Тт олгож, нэхэмжлэлээс 262 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчэс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 920 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: БНСУ-руу гэрээт ажилтан зуучлан гаргах үйл ажиллагаа явуулж байсан Г.Бат-Амгалан захиралтай Амгалан агад ХХК-д бүртгэлтийн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа иргэн Ё.Тыг 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэж авсан. Тухайн үед бүртгэлийн урьдчилгаа төлбөр болох 3 500 000 төгрөгийг Ё.Т нь дансаар шилжүүлсэн ба Г.Бат-Амгалан нь одоогоор зуучлалын гэрээ байхгүй учир бүртгүүлж буй хүмүүстэй түр зээлийн гэрээ байгуулсан гэсний үндсэн зээр Ё.Ттай зээлийн гэрээ байгуулж байсан. Тус мөнгө нь хэдийгээр Х.Б миний данс руу шилжсэн боловч захирал Г.Бат-Амгалангийн данс руу шилжүүлсэн бөгөөд энэ асуудлыг Ё.Т нь мэдэж байсан. Энэ талаараа ч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь өөрөө илэрхийлдэг бөгөөд Х.Б миний тайлбарыг үгүйсгэдэггүй. Дээрх нотлох баримтуудаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэл бий болсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлтийн 201100120, 201100121 дугаартай хэрэгт Х.Б, Г.Бат-Амгалан нар гэрчээр асуугдсан бөгөөд 20 гаруй иргэнийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш бүртгэн БНСУ-руу явахад зуучлах нэрийдлээр мөнгө авсан талаар мэдүүлсэн ба Ё.Т нь уг хугацаанд Х.Б, Г.Бат-Амгалан нартай харилцаж байсан нь тогтоогддог тул уг асуудал нь уг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгагдах ёстой гэж ойлгож байна. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00327 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ё.Т нь хариуцагч Х.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 500 000 төгрөг, алданги 262 500 төгрөг, нийт 3 762 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Ё.Т нь БНСУ руу гэрээт ажилчнаар явахын тулд тус улсад оршин суух зөвшөөрөл гаргуулах зорилгоор 3 500 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, ингэхдээ баталгаа болгож зээлийн гэрээ байгуулсан үйл баримт нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлэг, ХААН банк дахь 5075359669 тоот дансны хуулга, талуудын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. /хх-ийн 3, 17 дугаар тал/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө, төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө, эсхүл мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг. Зохигчид 3 500 000 төгрөгийг БНСУ руу гэрээт ажилчнаар явах, тус улсад оршин суух зөвшөөрөл гаргуулах зорилгоор тохиролцон шилжүүсэн байх тул тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Талууд дээрх эрх зүйн харилцааг зээлийн гэрээний харилцаа гэж тодорхойлсон байх хэдийч анхан шатны шүүх үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Мөнгөн хөрөнгийг олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй тул хариуцагчийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Хариуцагч Х.Б нь татгалзлын үндэслэлээ Г.Бат-Амгалангийн даалгавараар хэлцэл хийсэн, Г.Бат-Амгалангаас шаардах ёстой гэх боловч өөрийн тайлбар, татгалзлыг эргэлзээгүй баримтаар нотлоогүй. Нөгөө талаар нэхэмжлэгч нь Г.Амгаланбаатарт мөнгийг дамжуулан өгөх байсан гэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст Э.Эрдэнэбулган, Э.Санчир нараас гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хэрэг хянан шалгах ажиллагаа явагдаж байгаа, уг хэрэгтэй хамтад нь шийдвэрлүүлэх нь зөв гэх тайлбар, гомдол гаргасан боловч анхан шатны шүүх уг хэрэгтэй хамааралгүй гэж зөв дүгнэжээ. Цагдаагийн байгуулагаас шалгаж буй уг хэрэг бүртгэлтийн хэрэгт нэхэмжлэгч Ё.Т өргөдөл, гомдол гаргасан, хохирогчоор оролцож байгаа талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж үзэх боломжгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг зөрчөөгүй болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг маргааны үйл баримтад харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлсэн байх бөгөөд хариуцагчаас 3 500 000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцнэ.

Хариуцагч Х.Б нь уг мөнгөн хөрөнгийг Г.Бат-Амгалангаас шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00327 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 920 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Б.НАРМАНДАХ