| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2023/02139/И |
| Дугаар | 183/ШШ2024/01880 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2024/01880
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2024/01880
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн....... тоот хаягт оршин суух, М-ын Д /РД:....... /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ....... тоот хаягт оршин суух, Э-ын А /РД:........ /-д холбогдох,
3.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.ДЕ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Д нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Э.А-т холбогдуулан 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр .......... арлын дугаартай авто машиныг 28.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг машины мотор эвдрэлтэй байгаа тул буцаах хүсэлттэй байна. Иймээс 28.677.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа болох 28.677.000 төгрөг гаргуулах шаардлагаа өөрчилж, хариуцагч Э.А-аас хөдөлгүүр солиулахад гарсан зардал болох 3.500.000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Тус машиныг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шатах камерын оношилгоо буюу моторын ком оношилгоонд орсон. Оношлох явцад дээд клапан 45 хувийн дуутай, гавлын жийрэг болон тагны жийргээр тос алдсан, хуруувч резин солих шаардлагатай, моторын гинж 30 хувийн дутагдалтай. Иймд энэ хөдөлгүүрийг цаашид ашиглах боломжгүй болсон тул хөдөлгүүрийг сольж эзэнд нь хүлээлгэж өгсөн гэх Б.Б, Д.Д, Б.Би гэх хүмүүсийн гарын үсэгтэй Д ХХК-ийн дүгнэлт ба санхүүгийн баримтууд байгаа. Талууд худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Нэхэмжлэгч тухайн үед машины мотор болохгүй байгааг мэдэнгүүтээ хариуцагчид шаардлага тавьсан.Гэтэл хариуцагч уулзахаас зугтааж, утсаа аваагүй. Үүнээс үзэхэд машины мотор эвдэрсэн мэдэж байсан ба зах зээлийн үнээс доогуур өгсөн. Тиймээс хариуцагч Э.А нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийг догогдлыг арилгаж өгөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч машиныг зах зээлийн үнээс доогуур өгсөн гэж ярьж байна. Тухайн үед М.Д машиныг өөрөө үзэж авсан. Цааш нь дам борлуулж ашиг олох зорилготой байсан учраас зах зээлийн үнээс доогуур авсан. Худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, зөвхөн итгэмжлэлийн гэрээ хийсэн. Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан анхны тайлбартаа бичсэн. Машины мотор дуугарч дуутай байгааг хоёулаа мэдэж байсан. М.Давааням тосыг нь солиулахаар зүгээр болчихдог гэж хэлээд Доктор авто сервис дээр очиж тосыг солиулаад одоо зүгээр байна гэж хэлээд машинаа аваад явсан. Бидний зүгээс машиныг М.-д хүчээр ав гэж тулган шаардсан зүйл байхгүй. 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үзээд машинаа аваад явсан. 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр оношилгоонд орж, ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй тул тус оношилгоондоо тэнцсэн байсан. Тэгээд 04 дүгээр сарын 20-ны өдөр мотор болохгүй байна гэж залгасан. Иймд машины мотор гэмтэлтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Гаалийн хилээр нэвтрэх барааны мэдүүлэг, 2023.04.07-ны өдрийн итгэмжлэл, зураг, дансны хуулга, 2023.04.01-2023.04.20-ны өдрийн дансны хуулга, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, 2023.05.25-ны өдрийн итгэмжлэл, Даян моторс ХХК-ийн дүгнэлт, зарлагын болон и-баримт зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас: Хариу тайлбар, 2023.04.07-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, машины зураг гаргаж өгсөн байна.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Дхариуцагч Э.А-т холбогдуулан 28.667.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа худалдан авсан автомашины хөдөлгүүр солиулахад гарсан зардал болох 3.500.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч тухайн үед өөрөө автомашинаа үзэж хараад авсан, Доктор авто сервис дээр очиж машины тос солиулаад явсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Э.А ........... арлын дугаартай, ........ гаалийн мэдүүлгийн дугаартай, Lexus HS250h маркын 2010 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн суудлын автомашиныг 2023 оны 4 сарын 07-ны өдөр ... дугаар итгэмжлэлээр М.Д-мд бусдад худалдах, бэлэглэх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, нэр шилжүүлэх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг шилжүүлэн өгчээ.
Хариуцагч нь итгэмжлэлээр автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлсэн, 2023 оны 4 сарын 07-ны автомашины үнэ 28.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй бөгөөд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасны дагуу М.Д автомашины хөдөлгүүр солиулахад гарсан зардал болох 3.500.000 төгрөгийг шаардах эрхтэй.
М.Д худалдан авсан автомашины догодлыг арилгахад 3.500.000 төгрөг зарцуулсан болох нь Д ХХК-ийн 2023.06.27-ны өдрийн 3/...дүгнэлт, Д ХХК-ийн 2023.06.27-ны өдрийн зарлагын баримт, и-баримтаар тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн автомашины мотор гэмтэлтэй байсныг зөвшөөрөхгүй гэж маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан бөгөөд М.Д автомашины доголдлын талаар 6 сарын дотор мэдсэн байна.
Эдгээр үндэслэлээр хариуцагч Э.А-аас 3.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Д-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.А-аас 3.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Д-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301.335 төгрөгийн 70.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 230.385 төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч Э.А-аас 70.950 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.Д-мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО