Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2024/02893

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ****** хаягт оршин суух БНХАУ-ын иргэн S******* /Паспортын дугаар *******/ /Г** овогтой С*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ****** хаягт оршин суух Б******* овогт С*******ын Б******* /Регистрийн дугаар *******/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 50,190,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.З*******,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Ж.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Г** овогтой С******* би 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр С.Б*******т харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөг зээлээд одоо хүртэл зээлээ авч чадахгүй байгаа тул иргэний шүүхэд гурав дахь удаагаа нэхэмжлэл гаргаж байна. Өмнө нь 2022 оны 4 дүгээр сард өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З*******гээр иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэгч С******* өөрийн биеэр нэхэмжлэл гаргах, нэхэмжлэл гаргах хугацаа хүчинтэй хэвээр байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн хариу өгсөн. Мөн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хариуцагч С.Б*******т холбогдох 50,190,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн S******* /паспортын дугаар ******* /Г** овогтой С*******/-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай. Үндэслэл нь: Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн байх бөгөөд нэхэмжлэлийг монгол хэл дээр үйлдэн ирүүлсэн, нэхэмжлэлд өөрийн монгол хэл мэддэг талаарх баримтыг хавсарган ирүүлээгүй байх тул дээр дурдсан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж нэхэмжлэлийг өөрийн хэл дээр үйлдэн албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулсан байх, эсвэл өөрийн монгол хэл мэддэг талаарх албан ёсны баримтыг хавсарган ирүүлбэл зохино. Шүүгчийн захирамжид заасан зөрчлөө арилгаж харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно гэсэн хариу авсан болно. Зөрчлийг арилгаж нэхэмжлэлийг хятад, монгол хэл дээр бичсэн, мөн би өөрөө монгол үндэстэн, монгол хэлээр сайн ойлгож, ярьдаг, харин кирилл үсэг мэддэггүй учир өөрийн монгол хэл сайн мэддэг болохоо өөрийн гараар уйгаржин монгол бичгээр тайлбар хийж бичив. Зээлдэгч С.Б******* нь надад анх өөрийгөө үнэнч шударга, монголын улс төрд нэр нөлөөтэй, итгэлтэй хүн гэж ярьж ойлгуулсан. Тэгэхдээ Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай хамт авхуулсан зургаа үзүүлдэг байсан. Мөн Дархан Улаанбаатар чиглэлд авто зам тавих ажил олж өгнө гэж бас амласан, тэгээд би энэ хүнд итгэх болсон. С.Б******* надтай уулзаад яаралтай мөнгөний хэрэг гарлаа, Дарханы чиглэлийн автозамын ажил бүтсэн, танай компани автозам барина, маргаашаас ажилдаа ороорой. Би Бээжингээс ирээд мөнгийг чинь шууд өгнө, санаа зовох хэрэггүй гэж хэлээд яг одоо 40 сая төгрөг шаардлагатай байна гэсэн тул би тэр дор нь 40 сая төгрөг дансаар шилжүүлж С.Б******* авсан. Зээлийн гэрээг бид байгуулахдаа нотариатаар батлуулъя гэсэн боловч шаардлагагүй, итгэ гэж С.Б******* хэлсэн учир бид шамдаагүй. Зээлийн гэрээ байгуулж С.Б******* зээлээ авсан өдрөөс хойш энэ хугацаанд надад 25,000 юань өгсөн. Бидний хооронд өөр ямар ч тооцоо хийгдээгүй. Тухайн үеийн Монгол банкны ханш: 2019 онд нэг юань 392.39 төгрөг байсан. Би 2019 оны 9 дүгээр сард БНХАУ-руу ажлаар яаралтай яваад эргэж ирэх гэж санаж байсан боловч ковидын улмаас Монгол Улсад ирж чадалгүй өнөөг хүрч сая 2023 оны 7 дугаар сард нэг сарын хугацаатай визээр ирсэн. Мөнгө зээлсэн цагаас хойш олон удаа С:Б*******тай утсаар харилцаж мөнгө авъя гэж хэлж байсан боловч эхэн үедээ ярьдаг байсан боловч сүүлдээ утсаа авахаа больж харилцаагаа бүрэн тасалсан. Ярих болгонд одоо өглөө, одоо өгнө, түр хүлээж бай гэдэг байсан боловч энэ бүгдэд итгэх итгэл байхгүй болсон. Одоо эргэн бодоход тэр миний итгэлийг алдаж анхнаасаа санаатай залилан байсан гэж бодож байгаа. Тийм учир би Монгол Улсын иргэний шүүхэд хандаж хохирлоо нэхэмжилж доорх байдлаар зээлээ төлүүлэх хүсэлт гаргаж байна.. Зээлийн үлдэгдэл 40.0000.000 төгрөгөөс өгсөн 25.000 юанийг 1 юанийг 392.39 төгрөгөөр тооцож 9.809.750 төгрөгийг хасаж үлдэгдэл 30.190.250 сая төгрөг. Гэрээгээр хүлээсэн үүргийн хугацаа бол 3 сар байсан, энэ хугацаа 2019 оны 8 дугаар сарын 29-нд дууссан, өнөөдөр бүтэн 4 жил болж байна. Иймд гэрээгээр хүлээсэн эрх, үүргийн хүрээнд С.Б******* нь гэрээнд заасан гэрээний 3.1.4 заасны дагуу 3.1-д заасан хугацаанд зээлээ бүрэн төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан хариуцлагаа хүлээж 6.1-д учирсан бүхий л хохирол, зардлыг нөхөн төлөх, 6.2-т хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дунгийн 0.5 хувийн алданги тооцон төлүүлэх журмаар алданги тооцож хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна. Жилийн 5 сая төгрөгийг алданги гэж тооцож 4 жилийн алданги 20 сая төгтөг нэхэмжилж байна. Гэрээгээр бол хоног тутам алданги тооцвол өдрийн 151,000 төгрөг байгааг С.Б*******т анхааруулахыг хүсэж байна. Бусад олон зардал гарсныг тооцохыг хүссэнгүй. Миний бие нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь зээлийн үлдэгдэл 30.190.250 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, бүгд 50.190.250 төгрөгийн хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна гэв.

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн тухай баримт болон бусад холбогдох баримтуудыг хавсаргасан байна. Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зээлийг буцаан төлөх хугацааг 3 байхаар тусгасан байна. Үүнээс үзвэр 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Энэ хугацаанаас шаардлага гаргах, шүүхэд хандах эрх үүссэн байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тус тус хуульчилсан. Талуудын хооронд үүссэн маргаан нь гэрээний үүрэгтэй холбоотой байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2022 оны 4 дүгээр сард хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэж тусгасан боловч үүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох, үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болохыг нотолсон баримтаа өөрөө гаргаж өгөх үүргийг хүлээсэн. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэл дээр бичээгүй байгаа боловч нэлээн ажил хийж өгсөн, С.Б******* мөнгө аваад өөртөө хэрэглээгүй, ажил төрөл хөөцөлдөж явахдаа зарлагдсан. Ажил төрөл бүтэхээ байлаа гээд 25,000 юань буцааж өгөөд хоёр тийшээ болсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувьд хариуцагчтай ярилцахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч тодорхой хэмжээнд өгөх мөнгөний бололцоо юу байна гэхэд С.Б******* хамтарч ажиллаж байсны хувьд энэ хүнд мөнгө өгөхгүй гэж хэлээгүй, 10-15 сая төгрөг өгөх боломжтой гэсэн гэв.

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл хятад, монгол хэл дээр /хх-1-3, 4-6/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-7/, фото зураг /хх-8/, 2019.05.28-ны өдрийн Зээлийн гэрээ /хх-9-12/, 2023.08.07-ны өдрийн итгэмжлэл /хх-13-14/, монгол хэл мэддэг талаарх бичиг /хх-15/, паспортын хуулбар /хх-16/, Голомт банкны 2019.05.30-ны өдрийн Орлогын мэдүүлэг /хх-17/, ХААН банкны 2019.05.30-ны өдрийн зарлагын мэдүүлэг /хх-17/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.08.16-ны өдрийн 101/ШЗ2023/19137 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-18-20/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2024.01.02-ны итгэмжлэл /хх-30/, хариу тайлбар.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн S******* нь хариуцагч С.Б*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 30,190,250 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 50,190,250 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.

4. БНХАУ-ын иргэн S******* /Г** овогтой С*******/ болон С.Б******* нар нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 40,000,000 төгрөгийг хүүгүй, 3 сарын хугацаагаар зээлдүүлэх, гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 9-12/

5. Зохигчдын хооронд мөнгө зээлдүүлэх, зээлсэн мөнгийг буцаан төлөх талаар харилцан тохиролцсон зээлийн харилцаа үүссэн байх ба байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба талууд зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

5а. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

5б. Хариуцагч С.Б******* нь зээлийн гэрээний дагуу 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан талаар маргаагүй ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээл олгох үүргээ гүйцэтгэсэн байх тул зээлийг буцаан шаардах эрхтэй.

5в.. Хариуцагч нь 2019 оны 7 дугаар сард 25,000 юанийг нэхэмжлэгчид төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.

5г. Нэхэмжлэгч нь шилжүүлсэн 25,000 юанийг 2019 оны тухайн үеийн Монгол банкны ханшаар буюу 1 юанийг 392.39 төгрөгөөр тооцож 9,809,750 төгрөгийг зээлийн дүнгээс хасаж зээлийн төлбөрт 30,190,250 төгрөгийг шаардсан ба хариуцагч зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 30,190,250 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

6. 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний 6.2-т Зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж заасан байх ба анз тогтоосон зээлийн гэрээг Иргэний 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт алданги 20,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэхгүй ба хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн дүн нь 30,190,250 төгрөг тул уг үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алдангийг шаардах эрхтэй болно.

7. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан

7а. Зохигчдын хооронд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан тул гэрээний үүрэг шаардах эрх 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс үүссэн байх ба уг өдрөөс нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дуусахаар байна.

7б. Нэхэмжлэгч тал нь 2022 оны 4 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй ба нэхэмжлэгчийн уг тайлбар буюу 2022 оны 4 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

7в. Нэхэмжлэгч нь 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2023/19137 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 18-20/

7г. 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан үндэслэлээр түр зогссон, 79 дүгээр зүйлд заасан үндэслэлээр тасалдсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

7д. Иргэний хуулийн 82 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагаврын асуудлыг зохицуулсан ба 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй ба уг үндэслэлээр татгалзаж буй хариуцагчийн татгалзал үндэслэл бүхий байна.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө буюу хүсэлтийн шатанд ямар нэгэн хүсэлт гаргаагүй бөгөөд шүүх хуралдаан завсарлахаас өмнө гаргасан нэмэлт тайлбартаа 2022 оны 4 дүгээр сард нэхэмжлэл гаргасантай холбоотой баримтыг гаргах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хүсэлтийг хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй

9. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч тал нь гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч авсан мөнгийг өөртөө хэрэглээгүй, ажил төрөл хөөцөлдөж явахдаа зарлагдсан, хөөцөлдсөн ажил бүтэхгүй боллоо гээд 25,000 юань буцааж өгсөн, хамтарч ажиллаж байсны хувьд 10-15 сая төгрөгийг өгөх боломжтой гэх тайлбарыг гаргасан тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

10. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч С.Б*******аас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,190,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408,901 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.Б*******аас 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн S******* /Паспортын дугаар *******/ /Г** овогтой С*******/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,190,250 /гучин таван сая нэг зуун ерэн мянга хоёр зуун тавин/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408,901 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б*******аас улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР