Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 00301

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа,

Насанд хүрээгүй хохирогч Б.Х-ийн хууль ёсны төлөөлөгч Б.У,

Шүүгдэгч Э.Ө нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ө-д холбогдох эрүүгийн 1738002990119 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Ө.

Шүүгдэгч Э.Ө нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Хилийн цэргийн арын засмал зам дээр ... ХӨҮ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас насанд хүрээгүй Б.Х-г мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Ө нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Хилийн цэргийн арын засмал зам дээр .... ХӨҮ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас насанд хүрээгүй Б.Х-г мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

Насанд хүрээгүй хохирогч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ангийн хоёр хүүхэд болох З, Э нарын хамт явж байгаад зам хөндлөн гарах гэтэл өөдөөс машин ирж байсан. Тэгээд зам гарахаа байгаад зогсож байсан машин зогссон. Тэгээд би машин зогсохоор нь гүйгээд гарах гэтэл мөргөсөн. Ингээд би газарт унасан. Тэгээд би босох гэтэл баруун хөл өвдөөд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч М.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг өнгөрөөд 18 цаг болох гэж байхад Хулан сургуулиас гараад З бид хоёрыг хүлээж байсан юм. Ингээд З бид хоёр сургуулиас гараад бид гурав хамт гэртээ харихаар явж байхад манай ангийн хүүхэд болох Х машин их явж байхад зам хөндлөн гарч гүйх гээд байсан юм. Тэгэхээр нь би болиулаад Х-ийн куртикны хажуу талаас бариад зогсож байтал Х ухасхийж гүйгээд машинд шүргүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Х.З-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн ангийн хүүхэд болох Х, Э нарын хамт сургуулиас гараад 17-18 цагийн багцаанд гэртээ харихаар Хилийн цэргийн хашааны хойд талд би Х, Э нараас жаахан зайтай явж байсан. Харин тэр хоёр хөтлөлцөөд явж байсан. Тэгсэн чинь Х гэнэт зам хөндлөн гүйгээд машины цаад талын гэрлийн тушаагаар мөргүүлж байгаа харагдсан. Тэгээд машин зогссон. Тэгээд би гүйгээд очсон чинь машины жолооч эгч машинаасаа бууж ирээд “яасан бэ зүгээр үү, яагаад машины урдуур ороод ирчихэж байгаа юм бэ” гээд тэр эгч Х-аас “хаана чинь өвдөж байна вэ” гэсэн чинь Х “хөл өвдөж байна” гээд тэр эгч машиндаа суулгаж аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 688 дугаартай:

1. 2017.10.10-ны өдрийн КТГ-ын шинжилгээнд Х-ийн биед баруун дунд чөмөг яс хугарал бүхий гэмтэл учирсан байна.

2. 2017.10.26-ны өдрийн 635 тоот дүгнэлтэд тусгагдсан баруун талын сүүж ясны хугарал нь үүсээгүй байна. Зөвхөн баруун дунд чөмөг ясны далд хугарал гэмтэл  нь үүссэн байна. Гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй.

3. Баруун дунд чөмөг ясны далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

Замын цагдаагийн зохицуулагч, ахлах дэслэгч М.Баттулгын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн:

  1. Тухайн зам тээврийн осол нь жолооч Э.Ө нь хөдөлгөөнөө эхлэхдээ аюулгүй байдлаа хангасан эсэхээ сайтар нягтлаагүй бага насны хүүхдүүд зам хөндлөн гарах гэж байна гэдгийг мэдсэн мөртлөө зам гарахаа больчихлоо гэж хөнгөмсгөөр найдсан, явган зорчигч Б.Х тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйсэн, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан зэрэг шалтгааны улмаас болж гарсан байна.
  2. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Мөрөн сумын 8-р баг Хилийн цэргийн арын замд Тоёота приус маркын ... ХӨҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6, 9.2 дугаар зүйлүүдэд заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөгдөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана”, “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг, явган зоригч Б.Х Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9в-д заасан “явган зорчигч ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв.
  3. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй.
  4. Тухайн зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн эд анги, ачаа тээш нөлөөлсөн зүйл байхгүй гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч Э.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Э.Ө нь насанд хүрээгүй хохирогч Б.Х-ийн хууль ёсны төлөөлөгч Б.У нартай 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээ /хх-ийн 55 дугаар хуудас/ байгуулж 1.842.650 төгрөгийг хагалгааны зардалд нөхөн төлсөн, 6-н сарын дараа хадаас авахуулах мэс засалд гарах зардалд туслалцаа үзүүлэхээр, хохирогч тал гомдол саналгүй гэсэн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У нь насанд хүрээгүй хохирогч Б.Х-ийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар шүүгдэгч Э.Ө-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулах зүйтэй байна.

Эрүүгийн 1738002990119 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Ө-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Ө-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тогтсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Эрүүгийн 1738002990119 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У нь насанд хүрээгүй хохирогч Б.Х-ийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар шүүгдэгч Э.Ө-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.НЯМСҮРЭН