Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/463

 

С.Б-д холбогдох эрүүгийн

                                                         хэргийн тухай                         

                                                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ч.Батбаатар,

            шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч С.Цэдэндамба,  

            нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч С.Цэдэндамбын гаргасан давж заалдах гомдлоор С.Б-д холбогдох эрүүгийн 2103004050007 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

У овгийн С-н Б, ................. ял шийтгэлгүй, /РД: .........................;

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Монгол Улсын боловсролын их сургуулийн урд талын замд “Тоёота королла аксио” загварын, 32-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч А.А-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Уваш овогт Сандагдоржийн Болдбаатарыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Сандагдоржийн Болдбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Б-н тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, эрх хасах ял болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг анхааруулж, тэнсэгдсэн ялтан С.Б-д хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Төв аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн осол хэрэг болох үеийн нөхцөл байдлыг харуулсан Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч С.Б-н В, С ангиллын 629719 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Б нь хохирогч А.А-д түүний эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол төлбөрт нийт 2.030.000 /хоёр сая гучин мянга/ төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч А.А нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч С.Цэдэндамба давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Б-н жолоодон явсан “Тоёота королла аксио” загварын, 32-42 УБА улсын дугаартай автомашин 40 км цагийн хурдтай явж байх үедээ зорчигч А.А-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэдий боловч энэ хэргийг гарах болсон үндсэн гол шалтгаан нөхцөл нь шүүгдэгч С.Б эсвэл хохирогч А.А-с болсон эсэхийг анхан шатны шүүх үнэн зөв тогтоож чадахгүй хууль зүйн үндэслэлгүйгээр шийтгэх тогтоол гаргаж С.Б-г хохироолоо. Шийтгэх тогтоолд хохирогч А.А-г согтууруулах ундаа хэрэглэж үйл хөдлөлөө зөв удирдан жолоодох чадваргүй үедээ явган хүний гарц , гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэж явсан буруутай гэж дурдсан боловч жолооч С.Б-г Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гаргасан гэж дүгнэжээ. Гэтэл хохирогч А.А архи ууж, ухаан мэдрэлээ бүрэн алдчихсан хаана, яаж яваагаа мэдэхгүй, согтсон байх үедээ Замын хөдөлгөөний дүрмийн хоёр заалтыг ноцтой зөрчсөнөөс болж энэ осол гарсныг зөв тогтоож, хууль зүйн үүднээс дүгнэлт хийж чадсангүй. Тухайлбал, хохирогч А.А нь Замын хөдөлгөөний 5.12 дугаар зүйлийн А-д явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн дүрмийн 5.6 дугаар зүйлд “явган зорчигч нь явган хүний гарц, гарамгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах хайс хашлагагүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн гарна гэсэн заалтыг зөрчсөнөөс энэ авто осол гарсан байна. Хохирогч А.А нь зарим үед өөрийгөө хамгаалсан мэдүүлэг өгөхдөө “...Би машин ирж явахыг харсан амжаад гарчихна гэж бодоод урдуур нь явсан юм гэж мэдүүлдэг боловч түүний энэ мэдүүлэг ямарч ор үндэслэлгүй болох нь өөрийнх нь өгсөн мэдүүлгээр батлагдаг. Үүнд, А.А осолд ороод хөл нь хугарчихаад байхад түүнийхээ өвдөж зовиурлахыг мэдэхгүйгээр гэмтлийн эмнэлэгт очсон хойноо, өглөө нь ухаан орж мэдэрсэн гэсэн мэдүүлэг өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой байгаа. Үүнээс үзэхэд хохирогч маань ямар ч ухаан мэдрэлээ алдчихсан үед 40 км цагийн хурдтай явж байсан машины урдуур гэнэт явж орсон болох нь тодорхой байна. Гэрч Н.О-н “...Манай нөхөр С.Б тээврийн хэрэгсэл жолоодоод багшийн дээдийн нүхэн гарц өнгөрөөд зүүнээс баруун чиглэлд 3 эгнээ замын 2 дугаар эгнээнд явж байтал урд талын замаас явган хүний гарцгүй газраар явган зорчигч эрэгтэй гэнэт гэрэлд орж ирэхэд машин тооромзлосон боловч мөргөгдөөд зам дээр унасан...” гэсэн мэдүүлэг, С.Б-г шийтгэсэн тогтоолын 2 дугаар хуудсанд камерын бичлэг бүхий сидид үзлэг хийсэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэлийн 14 дэх талд уншсан байдлаар яллах дүгнэлт болгож бичжээ. Шүүх хуралдаад сиди бичлэгийн тэмдэглэлийг 14 дүгээр хуудаснаас хурал даргалагчаас унших гэхэд нь өмгөөлөгч С.Цэрэндамба би “сиди бичлэгийн тэмдэглэл чинь зөвхөн яллах байдлаар бичигдчихсэн тэмдэглэл байгаа, тийм учраас уг бичлэгийг нүдээрээ харж үзье” гэдэг хүсэлт гаргаснаар тухайн тэмдэглэлийг уншихгүйгээр бичлэгийг удаа дараа давсан үзсэн. Тэгэхэд хохирогч зам хөндлөн гарч ирж байгаа нь харагдахгүй зөвхөн машины гэрэлд гэнэт орж ирээд мөргөгдсөн байгаа нь харагдсан. Үүнээс үзэхэд жолоочид эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруу байхгүй байгаа юм. Багшийн их сургуулийн урд талын 2 урсгалтай 6 эгнээ зам нь эсрэг урсгалыг тусгаарласан хайс хашлагагүй зөвхөн эсрэг урсгалыг тусгаарласан үргэлжилсэн цагаан шугамаар тэмдэглэгдсэн зам учраас эсрэг урсгалаар явж байгаа машинуудын гэрэлд цохигдон гялбаж байснаас болж зөвхөн Б-н жолоодож явсан машины өөрийнх нь гэрэлд гэнэт орж ирээд мөргөгдсөн болох нь С.Б болон гэрчийн мэдүүлгээр батлагдаж байгаагийн гадна, камерын бичлэгээр давхар батлагдаж байна. Хэрвээ эсрэг гэрлийн гялбаанд ороогүй байсан бол хохирогч баруун тийш урсгалтай замын урд талын эгнээ рүү орж ирээд явсаар байгаад машинд мөргөгдсөн бичлэг гарах ёстой. Иймээс эсрэг урсгалын гялбаанд жолооч орсон учраас жолооч болон камерын бичлэг харагдахгүй зөвхөн С.Б-н машины гэрэл гэнэт орж ирсэн хойноо жолооч болон камерын бичлэгээр харагдаж байгаа нь тодорхой байна. Цагт 40 км/цаг хурдтай явж байгаа машин 1 минутад 66.6 м 1 секундэд 11.6 см явдаг болох нь батлагдсан тооцоо юм. Жолооч С.Б нь тухайн үед 40 км/цаг хурдтай явснаа удаа дараа мэдүүлдэг бөгөөд ийнхүү 40 км/цаг хурдтай явж байгаа үед машины урдуур гэнэт хүн орж ирэхэд тооромзлоод шууд зогсоох ямарч боломж байхгүй. Жолооч С.Б нь хохирогчийг машины урдуур гэнэт орж ирэхэд нь тоормозоо гишгэсэн. Зам дээр тоормосны мөр 2-З метр газарт тухайн үедээ гарсан байсан боловч цагдаагийн хүмүүс 2 цаг орчмын дараа удаж ирсэн. Энэ хугацаанд хэргийн газарт ямарч хамгаалалт хийгээгүйн улмаас машинууд зам дээгүүр явсанаас автын үзлэг хийх үед тоормозны мөр арилчихсан байсан гэж байгаа нь үнэн байх бөгөөд цагдаад дуудлага өгснөөс хойш 1 цаг 45 минутын дараа ирж хэргийн газрын үзлэг хийгдсэн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тодорхой байгаа. Иймээс жолооч С.Б тухайн үед машинаа зогсоох талаар авсан арга хэмжээ нь жолоочийн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй болчихоод байна. Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д: Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед жолооч нь хурдаа хасах буюу зогсоох арга хэмжээ авахыг заасан. Тэгвэл жолооч С.Б-д хохирогч А.А машины гэрэлд гэнэт урдуур нь орж ирэхийг мэдмэгцээ тоормоз гишгэхэд машин тэр дороо зогсох ямарч боломжгүй байсан болох нь камерын бичлэг гэрчийн мэдүүлгүүдээр тодорхой батлагдаж байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан заалт чинь жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ л хурдаа хасах, зогсоох арга хэмжээ авахыг заасан байдаг болохоос биш хот дотор зөвшөөрөгдсөн хурдаар яваа үед аюул саад тулгарахыг мэдээгүй үедээ хурдаа хасах машинаа зогсоох арга хэмжээ авдаггүйч энэ хэргийг шийдвэрлэсэн хууль ч (шүүгч) зөвөөр ойлгохгүйгээр жолооч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн явдалд ихээхэн гомдолтой байна. Харин ч онц шаардлагагүй үед хэт удаан явахыг хориглосон заалт Замын хөдөлгөөний дүрмийн 12.6 дугаар зүйлийн г-д заасан байгааг харгалзан үзэх ёстой. Шүүх хурал дээр шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгийг сонсоод асуулт хариулт явагдсаны дараа хурал даргалагчаас: Улсын яллагчаас хэргээс нотлох баримтаа унш гэхэд: Улсын яллагч нь ялын дүгнэлтэд яллах нотлох баримт дурдагдсан учраас хэргээс унших зүйл байхгүй гэж хэлээд суусан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 3-д “улсын яллагч яллах дүгнэлтийг уншиж сонсгосноор шүүхийн хэлэлцүүлэг эхэлнэ” гэж тодорхой заасан байгаа. Үүнээс үзэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд улсын яллагч зөвхөн шүүхийн хэлэлцүүлгийг эхлүүлээд орхисноос биш шүүгдэгчийн үйлдсэн хэргийг ямар нэг байдлаар нотолсон үйл ажиллагаа явагдаагүй байхад зөвхөн яллагчийн яллах дүгнэлтээ хэлснээр С.Б-д шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь утга учиргүй зүйл боллоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж магадлагаа гаргаж болно гэж заасан. Хуулийн энэ заалтыг үндэслээд энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулсан мөрдөгч Бямбабат нь шинжээчийн эрхийг хэрэгжүүлээд 340 тоот магадлагаа гаргасан. Мөрдөгч Бямбабат ийнхүү шинжээчийн эрхийг хэрэгжүүлсэн магадлагаа гаргахдаа яллагдагч С.Б-н үйлдэл замын хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн буруутай гэж магадлагаа дүгнэлт гаргасан. Гэтэл уг магадлагаа дүгнэлтэд хохирогч замын хөдөлгөөний дүрмийн 5.6, 5.12 заасан заалтыг зөрчсөнийг бүрэн бодитойгоор дүгнээгүй харин нэг заалтын хагас дутуу дурдаад дээрх 2 заалтын нэгийг нь огт дурдаагүй дүгнэлт, магадлагаа гаргасан нь хэтэрхий яллах нэг талыг барьж дүгнэлт, магадлагаа гаргасныг харуулж байна.  Мөн нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4-д: Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа энэ хууль, шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлахыг тодорхой дугарсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1.1-т: тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгчөөр оролцсон бол шинжээчээр оролцож дүгнэлт гаргаж болохгүй гэсэн заалтыг зөрчиж магадлагаа дүгнэлт гаргасан нь процессын хуулийг ноцтой зөрчсөн. Шүүх шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.1-д тухайн хэрэгт мөрдөн байцаагчаар оролцсон бол шинжээчээр оролцож дүгнэлт гаргаж болохгүй гэж заасан заалтыг зөрчсөн. Ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дугаар зүйлийн 1.1шүүх шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.1-д заасан заалтуудыг зөрчиж С.Б-г яллах нотлох баримт болгосон нь хуулийг ноцтой зөрчсөн ажиллагаа болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д заасан заалт чинь тусгай нарийн мэргэжил эзэмшсэн тухайлбал: Криминалисткийн нарийн мэргэжилтэй мөрдөгч хүн өөрийнхөө мөрдөөгүй өөр хэрэгт мэргэжлийнхээ дагуу шинжээчийн эрх эдэлж магадалгаа дүгнэлт гаргаж болохыг хуульчилсан заалт юм гэдгийг мөрдөгч, прокурор шүүгч ойлгохгүйгээр асуудлыг шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөтөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямарч нотлох баримт байж болохгүй гэж тодорхой заасан заалт зөрчигдлөө. С.Б-н хэргийг 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хэлэлцсэн шүүх хурал хуралдаж завсарлаад шүүгч нар магадлал гарган С.Б-г гэм буруутайг тогтоогоод 1678495 төгрөгийг хохирогчид төлөх ёстой гэж дурьдаад тухайн шүүх хуралдааныг шүүгдэгчийн хүсэлтийг үндэслэн ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулж 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 14 цагт хуралдуулахаар шийдвэр гаргаад товлосон өдрөө хурлаа үргэлжлүүлэн явуулж улсын яллагчийн дүгнэлтийг сонссоны дараа өмгөөлөгчийн үг хэлэх зөвшөөрлийн дагуу би үг хэлэхдээ С.Б-н үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй тухайгаа ярьж байтал хурал даргалагчаас намайг та гэм буруугүй талаар урьд нь ярьсан. Харин одоо ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар л ярих ёстой гэж хэлэхэд нь би, хурал даргалагчийн хэлсэн үгэнд оролгүй прокуророос энэ хэргийг яллаж чадаагүй талаар яриад нэгэнт би энэ хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэж үзэж байгаа учраас ялыг хөнгөрүүлэн оногдуулах үг хэлэх нь энэ хүнийг өмгөөлж байгаа биш, харин ч яллаж байгаа хэрэг болно гээд цааш үргэлжлүүлэн үгээ хэлж байтал шүүх хурлын зохицуулагч цагдаа миний өмнө хүрч ирээд миний үгийг шууд зогсооход нь би хэргийг хэрэгсэхгүй болгох талаар урьд тавьсан саналаа дэмжиж байна гэж хэлээд суусан болно. Гэтэл шүүх 3 дугаар сарын 2-ны өдөр гэм бурууг тогтоосон магадлал шийдвэрээ гаргаагүй. Харин 3 дугаар сарын 9-ний өдрийн шийтгэх тогтоолоор гэм бурууг нь тогтоосноо шийтгэх тогтоолдоо бичсэн байна. Жолооч С.Б-н энэ холбогдож байгаа гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээний гэм буруу байхгүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна. ...” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирол төлбөр төлөх зорилгоор 5 хоногийн завсарлага аваад хохирол төлбөр төлж барагдуулсан. Хохирогчийн буруутай үйлдэл энэ хэрэгт байгаа. Гарцгүй газраар зам хөндлөн гарсан нь үнэн. Гэхдээ энэ нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болохоос хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шалтгаан биш юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох боломжтой гэж үзээд мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, магадлагаа бичсэн болохоос шинжээчийн эрх мэдлийн хүрээнд магадлагаа гаргасан зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болнохэмээн заасан байдаг. Хяналтын камерын бичлэгт энэ талаар тодорхой харагддаг. Явган зорчигч нь С.Б-г тээврийн хэрэгслээ унаад явж байхад нь хажуу талаас нь гэнэт гүйж очоод урдуур нь орсон зүйл байхгүй. Зам дээр явж байхад нь цаанаас жолооч мөргөсөн үйлдэл камерын бичлэгт тодорхой харагддаг юм. Иймд анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн урд талын замд “Тоёота Королла Аксио” загварын, 32-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч А.А-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

хохирогч А.А-н “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр найз Ч-той таараад бөхийн өргөөнд байрлах Чинзоригийн найзынд 1 шил 0.75 архийг гурвуулаа хувааж уусан. ...Би нэлээн согтчихсон 3 дугаар сургуульд байрлах найзындаа очих гээд явснаа санаж байгаа тэгээд тасарчихсан байсан. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлгийн хүлээн авахад ухаан орсон. ...Эмчилгээний зардал мөнгөө буруутай жолоочоос гаргуулчихвал гомдол байхгүй. ...” /хх 17-18/,

гэрч Н.О-н “...манай нөхөр Б нь “Киа групп” ХХК-ийн нэр дээр байдаг боловч өр зээлийг төлсөн "Тоёота королла аксио" маркийн .... УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод би жолоочийн хажуу талд суугаад 2 хүүхэд хойд талын суудал дээр суугаад унтаж явахад Багшийн дээдийн нүхэн гарц дөнгөж өнгөрөөд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд 3 эгнээ замын 2 дугаар эгнээнд явж байтал Багшийн дээдийн урд талын замаас явган хүний гарцгүй газраар явган зорчигч эрэгтэй гэнэт автомашины гэрэлд орж ирээд урд хэсэгт мөргөгдөөд урд салхины шилэн дээр явган зорчигч мөргөөд зам дээр унасан. ...зам халтиргаа гулгаатай байсан. Гадаа харанхуй, замын гэрэл гэрэлтүүлгүүд асч байсан. Замын хөдөлгөөн сийрэг байсан. ..." /хх 22-23/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай: “...А.А-н биед дагз ясны төвгөрөөс дагз ясны суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, баруун тахилзуур болон шаант ясны зөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгт шарх, нүүрэнд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна... Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хх 48-50/,

Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 340 дугаартай мөрдөгчийн магадлагаа ...Тоёота королла” маркийн 32-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” /хх 67-68/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-12/, камерийн бичлэг бүхий сидид үзлэг хийсэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл /хх 14/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Шүүгдэгч С.Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, С.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч С.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Б-н тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тус тус тохирсон байна.

Шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч С.Цэдэндамбын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...”, 2 дахь хэсэгт “... Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж хэргийг бодит байдлыг тогтоох зарчимыг тодорхойлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн нотлох баримтуудаар өмгөөлөгчийн гомдолд дурдсанчлан “... шүүгдэгч С.Б гэрлийн гялбаанд орсон, тээврийн хэрэгсэл жолоодох үеийн хурд 40 км/цаг байсан, хохирогч гэнэт гарч ирэн мөргүүлсэн” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин осол хэрэг гарахад хохирогчийн зохих буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, тухайлбал, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн  5.6 дахь хэсэгт “...Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна...” гэснийг зөрчсөн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, замын хөдөлгөөний камерын бичлэгт авагдсанаар тогтоогдсон.

Түүнчлэн, мөрдөгчийн магадлагаа Шүүхийн шинжилгээний тухай хуулиар зохицуулагдах харилцаанд хамаарахгүйн гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “...Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно...” гэсэн эрх хэмжээний хүрээнд гаргасан магадлагааг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Камерийн бичлэг бүхий сидид үзлэг хийсэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл /хх 14/ 02 цаг 03 минут 30 секундэд замын гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин саадгүй зэргээс үзэхэд мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 340 дугаартай “... Toyota Corolla маркийн 32-42 УБА улсын дугаартай  тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” /хх 67-68/ гэж дүгнэсэн магадлагаа нь өмгөөлөгчийн гомдолд дурдсан ашиг сонирхлын зөрчил үүсгээгүй, хуульд заасан шаардлагад нийцсэн байна.           

Хэдийгээр өмгөөлөгч С.Цэдэндамба хэргийн талаар эсрэг байр суурьтай, гэм буруугийн талаар маргаж шүүх хуралдаанд оролцсон боловч шүүгдэгч С.Б нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, энэ хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

    Иймд шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч С.Цэдэндамбын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч С.Цэдэндамбын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ

                               ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧ                                                      М.АЛДАР