| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00215/и |
| Дугаар | 152/ШШ2024/00297 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 152/ШШ2024/00297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Н.Хийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Увс аймгийн Зүүнхангай сумын сургуулиас бага ангиасаа буюу 3 дугаар анги төгсөөд гарч аав, ээжийн хамт мал маллаж эхэлсэн. Ингээд 16 насанд хүрч Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд 1984 оны 1 дүгээр сараас эхлэн малчнаар ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 0138 дугаар цэргийн ангид хувиарлагдаж очсон боловч эрүүл мэндийн шалтгаанаар /сонсгол муу/ 1 сар болоод халагдсан. Цэргээс халагдаж ирээд үргэлжпүүлэн тус нэгдэлдээ 1990 оныг дуустал малчнаар ажилласан. Бод мал голдуу үхэр маллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч Увс аймгийн Зүүнхангай сумын нийгмийн даатгалын байцаагч энэ хөдөлмөрийн дэвтрээр тэтгэвэрт орох боломжгүй гэсэн хариу өгсөн. Учир нь ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд байхгүй. Мөн Увс аймгийн Зүүнхангай сумын архив шатсан тул ямар ч баримт аймгийн архивт шилжиж ирээгүй юм байна лээ. Ингээд би 1984-1991 оны хооронд ажилласан талаар нотлох баримтгүй болж хохирч байна. Иймд миний Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд 1984 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагч Н.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие ажиллаж байсан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан. Би Зүүнхангай сумын 3 дугаар багт хөдөө мал маллаж амьдардаг бөгөөд хүн хүч хомс, ам бүл цөөтэй, дахин шүүхэд ирэх боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж миний ажилласан жилийг тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын засгийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 792 дугаартай тодорхойлолт, Н.Хийн хөдөлмөрийн дэвтэр эх хувиар, 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Давшилт нэгдлийн зөвлөлөөс Н.Хид олгосон диплом зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Хийн ХААТР-1 маягт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн 1984-1991 оны баримтаас Н.Хид холбогдох баримт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас Н.Хийн цэргийн алба хаасан эсэх лавлагаа, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас Н.Хийн цэргийн алба хаасан эсэх лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетыг тус тус нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.Хийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Н.Х нь шүүхэд хандаж 1984 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Н.Хийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Н.Х нь түүний эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан ба Н.Хийн, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
4. Хүсэлт гаргагч Н.Х нь 1984 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
4.1. Н.Х нь 3 дугаар ангидаа сургуулиас гарч эцэг, эхийн хамт мал маллаж эхэлсэн бөгөөд 16 настайдаа буюу 1984 оны 01 дүгээр сард Давшилт нэгдлийн гишүүнээр элсэж, малчнаар ажиллаж эхэлжээ. Улмаар 1987 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдах хүртэл тус нэгдэлд малчнаар ажилласан.
4.2. 1987 оны 10 дугаар сард Увс аймгийн Зүүнхангай сумаас цэргийн албанд татагдсан боловч сонсголын бэрхшээлтэй учир нэг сарын дараа цэргийн албанаас чөлөөлөгдсөн. Ингээд үргэлжлүүлэн Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд 1990 оныг дуустал хугацаанд малчнаар ажилласан боловч Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн баримт аймгийн архивт шилжиж ирээгүй, ажилд томилсон, чөлөөлөгдсөн тушаалаа олж авах боломжгүйн улмаас өндөр насны тэтгэвэр тогтоолгоход дээрх малчнаар ажилласан хугацааг тооцуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна гэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус шүүхэд 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 523 дугаартай албан бичгээр Н.Хийн ХААТР-1 маягтыг хуулбарлан ирүүлсэн. Тус ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн байх бөгөөд тус маягтын 14 дүгээрт Н.Хийн ажилладаг байгууллага-Давшилт нэгдэл, ажилд орсон он -1984 он, эрхэлдэг ажил-үхэрчин гэж тус тус тэмдэглэжээ.
Түүнчлэн, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 364 дугаартай албан бичгээр Н.Хийн цэргийн алба хаасан эсэх лавлагаа болон цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетыг нотлох баримтаар ирүүлсэн.
Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 06/1719 дугаар лавлагаагаар Н.Х нь Батлан хамгаалахын сайдын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Увс аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, Ардын армийн 126 дугаар ангид алба хааж байгаад Цэргийн госпиталийн эмч нарын комиссын 1987 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 89 дүгээр магадлагааг үндэслэн Зэвсэгт хүчний жанжин штабын 4 дүгээр газрын 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5/4444 дүгээр албан бичгээр өвчний учир цэргийн албанаас халагдсан болох нь тогтоогдож байна.
Н.Хийн цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетад Н.Хийг 1984 онд Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд үхэрчнээр ажиллаж эхэлсэн гэж тэмдэглэжээ.
Иймд дээрх үйл баримтад үндэслэн Н.Хийг 1984 онд Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд үхэрчнээр ажиллаж эхэлсэн ба 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдах хүртэл Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Улмаар 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн Н.Хийн ХААТР-1 маягтад түүнийг Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд үхэрчнээр ажилладаг гэж тэмдэглэсэн байх тул хүсэлт гаргагч Н.Хийг 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цэргийн албанаас халагдаад үргэлжлүүлэн Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.
5.2. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх зорилгоор Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Архивын тасгаас Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн 1984-1991 оны тушаал болон цалингийн баримтаас Н.Хид холбогдох баримтыг шүүлгэхэд тус архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 78 дугаар албан бичгээр “Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн 1984-1991 оны тушаал, цалингийн баримт тус архивт шилжиж ирээгүй тул Н.Хид холбогдох баримтыг гаргах боломжгүй” гэх хариу ирүүлжээ.
5.3. Хүсэлт гаргагч Н.Хоос 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн зөвлөлөөс түүнд олгосон “Диплом” гэх баримтыг эх хувиар нотлох баримтаар гаргаж өгсөн. Дээрх баримтад Н.Х нь 1989 онд эмнэг адуу сургаж, эдэлгээнд оруулан номхруулсан тул сумын эмнэг хангал сургалтын аварга цол олгож, мөнгөн шагнал олгов гэж тэмдэглэжээ.
Энэхүү баримт нь хэрэгт эх хувиар авагдсан ба засваргүй, тамга дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байх бөгөөд Н.Х нь 1989 онд Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан эсэх үйл баримтыг сэргээн тогтооход нотолгооны ач холбогдолтой, хамааралтай баримт байна.
Иймд шүүхээс хүсэлт гаргагч Н.Хийн 1984 оны 01 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл буюу цэргийн албанд татагдах хүртэл, цэргийн албанаас өвчний учир чөлөөлөгдснөөс хойш буюу 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, цэргийн алба хаасан нэг сар, 12 хоногийн хугацаанд Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.
4. Шүүхээс хүсэлт гаргагч Н.Хийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 4 дүгээр сарын 25-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Н.Х ийн 1984 оны 01 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Н.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА