Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/66

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,

Улсын яллагч: Д.Алимаа,

Хохирогч Б.М, Г.О

Хохирогч Б.М-гийн өмгөөлөгч О.Хишигсүрэн

Шүүгдэгч Д.Л, Л.С, тэдгээрийн өмгөөлөгч Д.Дашцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Л, Л.С нарт холбогдох 1727000000003 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум 7 дугаар баг “Шанх” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Д.Л

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 11 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Өвөрхангай аймгийн Хархорин сум 7 дугаар баг “Шанх” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Л.С

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Д.Л нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг дэвсгэрт “Цагаан эрэг” гэх газарт Б.М-гийн биед хөнгөн хохирол учруулсан,

мөн Д.Л нь зэвсэг хэрэглэж Д.С-тай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг дэвсгэрт бусдад хүч хэрэглэж, будсын эд хөрөнгийг гэмтээж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Яллагдагч Л.С нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг дэвсгэрт “Цагаан эрэг” гэх газарт Г.О-ийн биед хөнгөн хохирол учруулсан,

мөн Л.С нь Д.Л-тэй бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг дэвсгэрт бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэнд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “2017 оны 07 дугаар сарын 11-ны өдөр согтуу явж байгаад гэмт хэргийг өөрөө үйлдсэн. Хүн хохироосон байна лээ. Гэмшиж байна. Ийм юманд орчихоод явж байна” гэв.

Шүүгдэгч Л.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Би энэ хоёрыг хэдэн малаа харж чадахгүй хүний малтай нийлүүлж хүний мал тараалаа л гэж хэлсэн. Өөр ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дэрсэн худаг гэдэг газар Л-гийн хонинд манай хадмын 3 хонь нийлсэн байсан. Би 3 хонио авсан. С гээд манай ах тэр үед Л-гийн хонин дээр байсан. С ах намайг Л гуайд хэлээд хонио аваад яв гээд Л-г дуудна гээд явсан. Л ах намайг 3 хонио аваад мотоциклтой явж байхад өөдөөс ирж байсан. Ирээд 3 хонио тавь гэсэн. Би өөрийнхөө хонийг аваад явж байна гэсэн чинь над руу хута шидээд мотоциклийн дугуй хагалсан” гэв.

Хохирогч Г.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хүний хамт аавыхаа алга болсон 3 хонины араас явж Лхагавсүрэнгийн хониноос 3 хонио аваад С ахад танай хонинд байна авлаа гэсэн чинь С ах Л-д хэл гэсэн. Тэгэхээр нь та хэлчих бид хоёр завгүй явна гэж хэлсэн. С ах л Л ахад хэлэхээр явсан. Бид хоёр 3 хургаа барьж аваад Л ахыг өөдөөс ирж байхад нь өмнөөс нь очсон. Л ах ирээд наад 3 хонио тавь гэсэн. Тэгэхээр нь манай аавын хонь байгаа юм гээд эм тэмдэг нь мөн гэж эвээр хэлсэн. Л ах манай нөхрийг 3 хургаа тавь гээд шанаа руу нь 3 удаа цохисон. Бид хоёр гурван хургаа мотоцикл дээр дүүрсэн байсан. Бид хоёрыг 3 хургатай, мотоциклтой түлхэж унагаасан. Л ах энгэр тус газраасаа хутга гаргаад манай нөхрийг хөөж элдсэн. Манай нөхөр зугтаасан чинь араас нь хөөсөн. Мотоциклийн 2 дугуйг цоолсон. Тэр хооронд С ах нилээн хугацааны дараа морьтойгоо бид гурав дээр ирээд намайг банзал хүүхэн нөхөртэйгөө нийлж хонь хулгай хийлээ гэсэн. Би буруу хараад зогссон байсан. С ах миний ар нуруу руу шилбүүрээр ороолгосон” гэв.

Хохирогч Г.О мөрдөн байцаалтын шатанд 2017-07-25-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр С гуай ирээд намайг муу янхан, банзал авгай чи энд нөхөртэйгөө хулгай хийх гэж хамт яваа юм уу гээд морин дээрээсээ хонь туудаг шилбүүрээрээ нуруу хэсэгт 2 удаа, баруун хөлийн шилбэний булчин хэсэгт 2 удаа, зүүн хөлийн гуяны ар хэсэгт 2 удаа тус тус нийт 6 удаа цохьсон. Миний шилбүүрээр цохиулсан хэсгүүд хөхөрсөн маш их өвчтэй байна. Эхлээд Л манай нөхрийг нүүрэн тус газар хоёр удаа цохиж аваад мотоциклиос нь түлхэж унагааж дараа нь мотоциклийн дугуйг хутгаар исгэж хагалсан. Тэгээд нөхрийн араас хөөж илдсэн. Гүйцэхгүй болохоороо хутгаа шидсэн. Харин миний биед гэмтэл учруулаагүй намайг зодож хэл амаар доромжилсон асуудал огт байхгүй. Манай нөхрийн хамаатан С ойролцоогоор 10 минутын дараа ирээд намайг шилбүүрээр 6 удаа ороолгож хэл амаар доромжилсон. Тухайн үед миний бие их өвдөж байсан эмчид үзүүлсэн зүйл байхгүй. Халуураад байхаар нь халуун буулгах эм ууж хэрэглэсэн. Одоо биеийн байдал бараг зүгээр байгаа. С манай нөхрийг зодоогүй харин хэл амаар доромжлоод байсан. Намайг С шилбүүрээр ороолгож байхад манай нөхрийг Д.Л хутга бариад хөөж байсан. Тухайн үед Д.Л манай нөхрийг ална гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 54-56/

Хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд 2017-08-20-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хадам аавын 3 тооны хонь олдохгүй байсан юм. Тэгээд эхнэр О-ын хамт хадам аавын цэнхэр өнгийн “Даюун” маркийн мотоциклийг унаж явж байгаад Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг “Дэрсэн худаг” гэх газар оршин суух Д.Л гэж хүний хонин сүрэгт очиж хонийг нь үзэж байтал манай хадам аавын 3 тооны хонь байсан. Тэгээд хонийг авч явах гэтэл Д.Л хутга бариад миний урдаас дайрсан тэгэхээр нь би зугтаасан тэгтэл миний араас Д.Л хутга шидсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Д.Л миний араас шидсэн хутгыг авч миний унаж явсан мотоциклийн дугуйг хутгаар исгэж хагалсан. Намайг эхэлж цохиж аваад дараа нь хутга гаргаж ирээд ална гэж хэлсэн. Тухайн үед Д.Л архи ууж хэрэглэсэн шинжтэй байх шиг байсан. Би эхнэрийхээ хамт хонин сүргээс нь хадам аавынхаа 3 тооны хонийг авсан тэгтэл Д.Л ирээд миний хонийг авлаа гэж хэлээд зодсон тэгэхээр нь би манай хадам аавын хонь гэж хэлсэн. Тэрнээс болж хэрүүл, маргаан эхэлсэн. Миний эхнэр О-ыг Д.Л зодоогүй. Харин миний аавын төрсөн дүү С манай эхнэрийг шилбүүрээр ороолгож байсан. Бид 4-өөс өөр хүн байгаагүй. Бид нар Д.Л гэж хүний хонины бэлчээр дээр хэрэлдэж маргалдсан...” гэсэн мэдүүлэг /хх 58-59/,

Иргэний нэхэмжлэгч Б.Г мөрдөн байцаалтын шатанд 2017.08.22-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багийн нутаг Од 2-8 тоотод байдаг. Би хувьдаа хэдэн тооны хонь, ямаа малладаг юм. Миний эзэмшлийн хонин сүргээс 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 3 тооны хонь дутсан. Тэгээд эрээд олдохгүй байсан. Тэгтэл манай хүргэн М Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг “Ихэр” гэх газраас нүүж Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг “Дэрсэн худаг” гэх газарт буусан айл болох Л-гийн хонин сүрэгт очиж хонийг нь шүүж үзье гэж хэлээд эхнэрийнхээ хамт явж байгаад очиж үзвэл манай хонь байсан гэсэн. Тэгээд хонийг авч явах гэсэн чинь Л манай хонийг өгөхгүй гэж хэлсэн гэсэн. Тэрнээс болж маргаан гарсан гэж надад хүргэн М, охин О нар хэлсэн. Сүүлд би өөрөө очиж 3 хонийг ачиж, өөрийнхөө хоёр дугуй нь хагарсан байсан мотоциклийг ачиж Хархорин суманд ирсэн. Миний мотоциклийн хоёр дугуйг хагалсан байсан. Иймд би мотоциклийн хоёр дугуй гэж 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийг нэхэмжлэх болно. Харин Хархорин сумын Шанх багийн нутагт оршин суух     Мэргэн буюу Л нь миний 3 тооны хонины хөлийг хутгаар исгэж гэмтээсэн байсан. Цаг хугацааны явцад уг 3 тооны хонины хөл эдгэрсэн. Иймд би хонио нэхэмжлэхгүй. Би мотоциклийнхоо 2 дугуйг нэхэмжлэх болно. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирол гэж 120.000 төгрөгийг өгвөл надад гомдол санал байхгүй. Бусад миний охин, хүргэн нарт гэмтэл учруулсан нь хуулийн дагуу шийдэгдэх байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх 52-53/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №246 дугаартай дүгнэлтэд “1. Г.О-ын биед нураан, баруун хөлийн шилбэний булчинд, зүүн хөлийн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэргийн цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 74/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №245 дугаартай дүгнэлтэд “1. Б.М-н биед, тархи доргилт, хүзүү, зүүн шанаа, баруун шанаанд зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэргийн цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 81/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол / хх 1/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 4/,

- Мотоциклийн 2 ширхэг дугуй, хутга, олс зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэлүүд /хх 6-28/,

- Яллагдагч Д.Л-гийн 3 тооны адуу, яллагдагч Л.Сын 2 тооны үхрийг тус тус битүүмжилсэн санал, тэмдэглэл, үнэлгээ /хх 29-45/

- Шүүгдэгч Д.Л-г 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаас авсан мэдүүлэг /хх 95-96/, шүүгдэгч Л.С-ийг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаас авсан мэдүүлэг /хх 92-93/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 100, 104/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч нарыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй болно.

Иймд шүүгдэгч Д.Л, Л.С нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.Л, Л.С нарыг хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч Д.Л, Л.С нарыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь шүүгдэгч  Д.Л, Л.С нарыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч “...3 тооны хонийг авсан тэгтэл Д.Л ирээд миний хонийг авлаа гэж хэлээд зодсон тэгэхээр нь би манай хадам аавын хонь гэж хэлсэн. Тэрнээс болж хэрүүл, маргаан эхэлсэн.” гэсэн талаар хохирогч Б.М мөрдөн байцаалтанд өгсөн  мэдүүлэг /хх-58-59/, “...2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 3 тооны хонь дутсан. Тэгээд эрээд олдохгүй байсан. Тэгтэл манай хүргэн М Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг “Ихэр” гэх газраас нүүж Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг “Дэрсэн худаг” гэх газарт буусан айл болох Л-гийн хонин сүрэгт очиж хонийг нь шүүж үзье гэж хэлээд эхнэрийнхээ хамт явж байгаад очиж үзвэл манай хонь байсан гэсэн. Тэгээд хонийг авч явах гэсэн чинь Л манай хонийг өгөхгүй гэж хэлсэн гэсэн. Тэрнээс болж маргаан гарсан гэж надад хүргэн М, охин О нар хэлсэн....” гэсэн талаар иргэний нэхэмжлэгч Б.Гөлгөөгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-52-53/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгcөн шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгч Д.Л, Л.С нар нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэхээс илүү хувийн таарамжгүй харилцааны улмаас болж өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын үйлдлийн хувьд тус тусдаа, хэрэг болсон цаг хугацааны хувьд өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн ба 3 тооны хонин дээрээс болж   маргалдаж улмаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Л, Л.С нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, ял шийтгэл оногдуулсан болно. 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  олс, хутга, мотоциклийн 2 ширхэг дугуйг устгах, шүүгдэгч Д.Л-гийн эзэмшлийн 3 тооны адууг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн санал бүхий прокурорын шийдвэр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”-ийг, шүүгдэгч Л.С-ийн эзэмшлийн 2 тооны үхрийг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн санал бүхий прокурорын шийдвэр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”-ийг тус тус хүчингүй болгох, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Л, Л.С нарт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.Л, Л.С нарыг хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Л.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.Л, Л.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дэхь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн олс, хутга, мотоциклийн 2 ширхэг дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д.Л-гийн эзэмшлийн 3 тооны адууг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн санал бүхий прокурорын шийдвэр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”-ийг, шүүгдэгч Л.С-ийн эзэмшлийн 2 тооны үхрийг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн санал бүхий прокурорын шийдвэр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”-ийг тус тус хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Л, Л.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснашийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өврхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН