Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/464

 

Б.А, Б.Т, А.М

        нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай       

                                                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Мөнгөнсүх,

            шүүгдэгч Б.А, Б.Т нарын өмгөөлөгч О.Оюунчимэг,

            шүүгдэгч А.М-н өмгөөлөгч Д.Чинзориг,

            нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.М-н өмгөөлөгч Д.Чинзориг, шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч О.Оюунчимэг, шүүгдэгч А.М нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.А, Б.Т, А.М  нарт холбогдох эрүүгийн 2105011311458 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. А.М, ............./РД: ................./,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хэрэгт гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн;

            2. Б.А, /РД: ................../,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

3. Б.Т, /РД: ................/;

Шүүгдэгч А.М, Б.А, Б.Т нар бүлэглэж 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .............. 24 тоотод хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн танил О.Г-н эзэмшлийн 375.000 төгрөгийн үнэ бүхий “Айфон 7” загварын, Н.Д-ын эзэмшлийн 2.375.000 төгрөгийн үнэ бүхий “Айфон 11 про макс” загварын гар утаснуудыг зэвсэг хэрэглэж буюу хутга тулган “утсаа өг, ална шүү” гэх зэргээр айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж авсан “дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.А, Б.Т, А.М  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.А, Б.Т, А.М  нарыг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын эд хөрөнгийг “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-г 5 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.М-ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Т-г 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Б.А, А.М нарт оногдуулсан тус бүрийн 5 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.А, А.М, Б.Т нарын тус бүрийн цагдан хоригдсон 12 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.А, Б.Т, А.М нар бусдад төлөх хохирол, төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн хар иштэй, 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин Б.Т болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.М-н өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хуульд заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ...” эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүхийн бүрэн эрх хэдий боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар үндэслэлээ Тодорхойлох хэсэгтээ дүгнэдэг. Шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэггүй ч... нөгөө талаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаагийн илэрхийлэл гэж үзнэ. “... шүүгдэгч А.М, Б.А нар урьд өмнө шүүхээс ял шийтгэл хүлээж байсан нь тэдгээрийн хувийн байдлыг харуулах баримт тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан... зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй.” гэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байгаа юм. Учир нь, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг ойлголт нь аль ч үе шатанд хэрэгжих боломжтой бөгөөд тэр тусмаа шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа этгээдийн сэтгэхүйн хандлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...” гэх ойлголтод хамааруулдаг. Харин өнгөрсөн цаг хугацаанд буюу “хүлээн зөвшөөрч байсан бол” гэх агуулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлээс олж харахгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарч байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэх зохицуулалттай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн заалтыг чанд сахих үүрэгтэй анхан шатны шүүх нь шүүгдэгч А.М-г урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэдгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхээс татгалзсан нь Хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байх агаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлд мөн хамаарч байна. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүхээс А.М-г мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, урьд ял шийтгүүлж байсан хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангид заасан ялын доод хэмжээнээс багаар хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.А, Б.Т нарын өмгөөлөгч О.Оюунчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ял оногдуулан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Учир нь, Б.А үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хүлээн зөвшөөрч, гэм буруудаа маргадаггүй, бусдад учруулсан хохирлоос өөрт оногдох хэсгийг нөхөн төлж хохирогчийг гомдолгүй болгосон. Иймд Эрүүгийн хууль дахь “энэрэнгүй ёсны зарчим”-д нийцүүлэн шүүхээс Б.А-д оногдуулсан 5 жилийн хорих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад хамруулан багасгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч А.М давж заалдах гомдолдоо: “...Миний бие урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн тэнсэн харгалзах ял авч, уг тэнсэнгийн хугацаа 2020 оны 1 дүгээр сарын 1-нд дуусгавар болсон байтал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.М урьд яд шийтгүүлж байсан гэх үндэслэлээр хувийн байдал болон эрх зүйн байдлыг минь дордуулж байна. 2021 оны 6 дугаар сарын 2-оос 3-нд шилжих шөнө үйлдсэн гэмт хэрэг урьд өмнө үйлдсэн гэмт хэргүүд 2 өөр төрлийн, 2 өөр цаг үед үйлдэгдсэн гэмт хэргүүд тул эрх зүй болон хувийн байдлыг минь дордуулах үндэслэл болохгүй байтал урьд өмнө шүүхээс ял шийтгүүлж байсан нь хувийн байдлыг харлуулах баримт юм гэх тайлбар шийдвэртэй санал нийлэхгүй гомдолтой байна. Миний гэр бүл айлын хашаа байшинд амьдарч ажил хөдөлмөр эрхэлж ар гэртээ тус дэм болдог байсан. А.М миний аав болох Г нь 2021 оны 1 дүгээр сард нас барж, ар гэрийн байдал хэцүү байгаа. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж 5 жилийн хорих ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримталж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/180 дугаартай шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шүүх заавал хэрэглэх үүрэг болгосон заалт биш юм. Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А, Б.Т, А.М нар бүлэглэж 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ................... 24 тоотод хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн танил О.Г-н эзэмшлийн 375.000 төгрөгийн үнэ бүхий “Айфон 7” загварын, Н.Д-н эзэмшлийн 2.375.000 төгрөгийн үнэ бүхий “Айфон 11 про макс” загварын гар утаснуудыг зэвсэг хэрэглэж буюу хутга тулган “утсаа өг, ална шүү” гэх зэргээр айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, дээрэмдэж авсан болох нь:

хохирогч Н.Д-н “... дүү О.Г, найз Г бид гурав өчигдөр гэртээ хоол идээд хөзөр тоглож байгаад пиво ууцгаая гэж ярилцаад дэлгүүр хаахаас өмнө 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво гурвыг аваад ууцгаасан. 2 дахь пивоо ууж дуусгаад би маргааш ажилтай учраас эртхэн амарлаа гээд 23 цаг өнгөрч байхад унтсан. Г, Гш нар үлдсэн. Тэгээд унтаж байтал Г-хүлэг манай өрөөнд орж ирээд намайг сэрээгээд “ахаа хүмүүс ирчихлээ, та бид нартай хамт жаахан суух уу” гэнэ гэхээр нь босоод том өрөөнд ороход 5 эрэгтэй хүн ирчихсэн байсан. Уг эрэгтэйчүүдээс 3 эрэгтэйг нь өмнө нь харж байгаагүй, гурвуулаа халзан, бие нь битүү шивээстэй байсан, нөгөө хоёр эрэгтэйг нь Т, Б-заяа гэдэг. Тэ-тэй волейбол тоглож байгаад 1 жилийн өмнөөс таньдаг, Б-заяа нь Тэнгисийн найз учраас таньдаг болсон. Намайг гарахад том өрөөнд ширээ тойроод сууцгаачихсан архи ууж байсан. Би архинаас нь 1 хундагыг уугаад өглөө ажилтай учраас нэг их удаан суулгүй 20-30 минут орчим болоод өрөөндөө ороод унтахаар явсан. Тэгээд унтаж байтал гэрт хүмүүс маргалдаад орилолдох чимээгээр би сэрэхэд утсаа өг, ална шүү гэх мэтээр хараалын үг хэлээд маргалдаад байсан учраас би цагдаа дуудсан. Тэгээд хэсэг хугацааны дараа 3 халзан эрэгтэй орж ирээд, адилхан халзан шивээстэй учраас хэнийг нь гэж ялгахгүй байгаа ба 1 эрэгтэй нь орон дээр гарч ирээд хутгаа далайгаад гар утас чинь хаана байна, пизда минь гэхэд нөгөө эрэгтэй нь миний хүзүүг гараараа дарсан. Тэгэхээр нь би хутгалчих байх гэж айгаад өөрийн эзэмшлийн “Айфон 11 про макс” загварын гар утсаа өгсөн. Нэг эрэгтэй нь авсан. Би утсаа түгжээгүй байсан. Миний гар утсыг авсан эрэгтэй нь цагдаа дуудчихсан байна, явцгаая гээд өрөөнөөс гараад явсан. ...” /хх 8-9/,

хохирогч О.Г-н “...2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр байр түрээслүүлэгч хуурай ах Гш болон Д нарын хамт гэртээ хоолоо идчихээд, хоолныхоо дараа пиво уухаар болоод дэлгүүр хаахаас өмнө 2.5 литрийн “Нийслэл” нэртэй 3 пиво, 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архийг би гэрийнхээ урд талын дэлгүүрээс авсан. Бид гурав кино үзээд пиво уугаад сууж байгаад Др ах, Гш нар Т-г таньдаг учраас би Т-г дуудаад хамт сууцгаая гэж бодоод Гш ахын утас болох 80004143 дугаарын утсаар Тэнгисийн 88174595 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байхаар нь би Т-н найз Б-заяагийн утасны дугаар руу залгахад Т утсыг нь аваад “бид хэд хамт Саппоро дээр ууж байна” гэхэд Т “уух юм чинь бэлэн юм уу” гэхээр нь би “уух юм дуудлагаар захиалаад авчихъя, хүрээд ир” гэсэн. Тэгтэл удалгүй Д ах “өглөө ажилтай” гээд унтахаар өрөө рүүгээ явсан. Би дуудлагаар хүргэлтийн пивоны үйлчилгээ дуудаад Аш ах бид хоёр 2.5 литрийн “Нийслэл” нэртэй 3 пиво захиалаад 00 цагийн үед авсан. Гш ах бид хоёр пиво уугаад сууж байтал удалгүй Т, Б-заяа нар халзан толгойтой, нүүр, гаран дээрээ шивээстэй 3 эрэгтэйн хамт гаднаас орж ирсэн. Тэр хэдийг ороод ирэхээр нь би Д ахыг сэрээгээд “хүмүүс ирчихлээ, хамт сууя” гээд босгож ирсэн. Д ах удалгүй буцаад өрөөндөө орсон. Тэгээд бид нар пиво уугаад ярилцаад суух гэсэн боловч манай гэрт ирсэн 5 эрэгтэй өмнөх болсон үйл явдлаа яриад бид хоёртой ярианы сэдэв нийлэхгүй байсан. Гш ах утсаа оролдоод бид хоёр ярилцаад сууж байхад тэр халзан 3 эрэгтэй ариун цэврийн өрөө рүү хамтдаа ороод “эд нар цагдаа дуудах гээд байгаа юм биш үү, аргалахгүй юм уу” гэх мэтээр яриад байсан нь надад сонсогдсон. Гш ахыг утас оролдоод суугаад байхаар нь буруу ойлгосон юм шиг байсан. Тэр яриаг нь би сонсоод Гш-г “утсаа өгчих” гэж аваад гал тогооны өрөөнд шүүгээнд хийчихсэн. Тэ намайг “ханиндаа балкон гараад тамхи татчихаад ирье” гэхээр нь би Тэ-тэй хамт балкон дээр хань болохоор гараад удалгүй буцаад том өрөөнд ортол Гш-г буйдан дээр суулгачихсан 4 эрэгтэй тал талаас нь бүх биеийн хэсэг рүү нь өшиглөөд цохиод байсан. Тэгээд би салгах гээд очих гэтэл Тэ “би найзуудыгаа аргалаад аваад явчихъя, чи битгий цагдаа дуудаарай” гэсэн. Тэгсэн нэг халзан эрэгтэй гал тогооны шүүгээнээс хар өнгийн иштэй, жижиг хутга аваад миний баруун гар талд гэдэс орчимд хутга тулгаад “утсаа гаргаад ир, кодоо тайл “id” кодоо гарга” гэж хэлсэн. Тэр үед нөгөө 4 эрэгтэй нь хараад зогсож байсан. Тэгээд би айсандаа өөрийн эзэмшлийн “Айфон 7” загварын гар утасныхаа “id”-г гаргатал хутга тулгадаг эрэгтэй утас авсан. Тэгээд миний утсыг авчихаад хутга тулгадаг эрэгтэй нь түрүүлээд Д ахын унтаж байгаа жижиг өрөөний хаалгыг онгойлгоод орсон. Араас нь нөгөө 4 эрэгтэй дагаж ороод Тэнгис бид хоёр араас нь өрөөнд ороход Д ах орон дээрээ хэвтчихсэн над руу хутга тулгадаг эрэгтэй Д ахын эгц дээрээс хутга тулгачихсан “утсаа гаргаад ир, пизда минь” гэж орилоод, нөгөө 2 халзан эрэгтэйгийн нэг нь Д ахын 2 гарыг ард нь барьчихсан байхаар нь би “Д ахаа утас чинь хаана байгаа юм, утсаа гаргаж өг л дөө” гэхэд Д ах утсаа гаргаад тэр халзан толгойтой эрэгтэйчүүдийн нэгэнд нь өгсөн. Тэгээд шууд утсыг нь аваад гараад явчихсан. ...” /хх 11-12/,

гэрч Д.Гш-н “...тухайн өдөр манай дүү Г, найз Д бид гурав нэг юм уугаад сууж байгаад Д, Г хоёр нэг хүнтэй яриад ирэх юм уу, яах юм гээд асуугаад байсан. Нөгөө ирэх хүн нь тавуулаа ирнэ гэж байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй гаднаас гурав нь халзан толгойтой, хоёр нь халимаг үстэй, шивээс болсон залуучууд орж ирсэн. Нэг шил архи хувааж уугаад, дахиад нэг шил архи гаргаж ирээд уугаад байж байхад Д “жаахан унтаадахъя” гээд унтлагын өрөө рүү явсан. Г халимаг үстэй залуутай балкон руу тамхи татна гээд гарсан. Тэр хойгуур үлдсэн 4 залуу нэг л сэжигтэй шивэр авир гээд байхаар нь “одоо та нар явцгаа” гэж хэлсэн. Тэгтэл арай махлаг халзан толгойтой нь “чи одоо юу гээд байгаа юм” гэж над руу дайраад миний нүүр лүү цохиод авсан, би барьцалдаж аваад “би энд гэрийн эзэн, хэнийг оруулахаа би мэдэж байна” гэхэд дахиад хоёр халзан залуу давхар над руу дайраад, тэгээд би Г-г дуудсан. Г нөгөө залуутайгаа орж ирээд бид хэдийг салгасан. Тэр үед би уурлаад өрөө рүүгээ ороод хаалгаа түгжээд хэвтээд өгсөн. Үүрээр хоёр цагдаа хаалга эвдээд ороод ирсэн. Д, Г хоёр бид хоёрт хутга тулгаад дээрэмдчихлээ гэж хэлсэн. ...” /хх 26-27/,

гэрч Г.Тэ-н “...би Саппоро дээр 03 цагийн үед найз А-тай уулзаад байж байхад А-н утас дуугараад аваад ярихад Ганбаа “Гранд хилл хотхоны хажуу талын байранд хүрээд ир” гээд дуудсан. А хэдэн найзууд руугаа залгаад дуудаад байсан. Тэгээд Б-заяа, Т бас нэг танихгүй найз нь ирсэн. Бид нар тавуулаа Гранд хиллийн хажууд 5 давхар улаан тоосгон байшингийн 3 давхарт 24 тоотод ороход Ганбаа хоёр найзтайгаа байсан. Тэгээд нэг архи 2 пиво уугаад байж байхад Ганбаа өрөөндөө ороод унтсан. Би Ганбаагийн найзтай хамт балкон дээр гараад тамхи татаад байж байхад зодоон болоод байсан. Орж ирээд салгаад нөгөө өрөөнд оруулаад байж байхад А-ийн найз халзаа гэх залуу орж ирээд цохиод авсан. Б-заяа бид хоёр салгах гэж оролдсон, гэтэл Т, Халзаа хоёр нэмээд зодсон. Тэгээд бид нар том өрөөнд үлдсэн. А хутга аваад “энэ утасныхаа кодыг тайл, ална шүү” гээд кодыг нь тайлуулсан. Тэгээд Ганбаагийн унтаж байсан өрөө рүү ороод хутга тулгаад гар утсыг нь аваад шууд зугтаасан. ...” /хх 57-58/,

гэрч Б.Б-н “... би тэр өдөр найз Тэ-тэй хамт Саппорогийн автобусны буудал дээр байж байхад Тэнгис рүү нэг хүн залгаад “хүрээд ир, цуг ууя” гээд байсан. Тэгээд Тэ гурван найзыгаа дуудсан. Удаагүй байж байхад Ариука, Мөнгөөнөө, Төөтөө 3 ирээд бид нар цуг байж байсан. Тэгээд бөөндөө хороололд Модны 2-ын голын замд улаан тоосгон байрны 3 давхарт нэг айлд очиход тухайн айлд 3 залуу байсан. Бөөндөө тойрч суугаад персингтэй нэг ах нь хөргөгчөөсөө нэг архи гаргаж ирээд юм яриад уугаад байж байсан. Тэ нэг ахтай балкон дээр юм ярьж байсан. Би нойл ороод гараад ирсэн чинь Төөтөө, Ариука, Мөнгөөнөө 3 Шагай гэдэг ахыг зодож байсан. Тэгээд би салгах гээд тэр гурвыг хойш нь татаад дийлэхгүй байсан учир би гараад яваад өгсөн. ...” /хх 66-67/,

иргэний нэхэмжлэгч Д.И-н “... тухайн өдөр би Тэди төвийн гаднах төв хаалган дээр байж байхад утас зарна гээд 3 залуу ирсэн. Тэгээд би хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм гэхэд, хэдээр авах юм, ямар үнэ ханштай байгаа вэ гэхэд би тухайн үеийн ханшийг хэлсэн. Тэгээд үнэ тохироод худалдаж авахаар болсон. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй болохоор Тэди төвийн 2 давхрын лангуун дээр суудаг Гэрэлээ гэдэг найзаасаа 2.200.000 төгрөг өөрийн данс руу шилжүүлж авсан. Тэгээд тухайн 3 залууд 1.700.000 төгрөг бэлнээр өгсөн. ...” /хх 47-48/,

гэрч Б.М-н “... тухайн гар утсыг тэр үед Тэди төвийн гадаа гар утас гар дээрээс худалдан борлуулдаг И гэдэг залуу 94026662 гэх дугаараас над руу залгаад “Айфон 11 про макс” гоулд өнгөтэй утас байна, хэдэн төгрөгөөр авах вэ” гэж асуусан. Би “гарал үүсэл тодорхой, иргэний лавлагаа, хайрцаг савтай юм бол 2.200.000 төгрөгөөр авна” гэж хэлсэн. И “мөнгөө шилжүүлчих, лавлагаатай аваад очъё” гэсэн. Удалгүй гар утсаа рестарт хийгээд аваад ирсэн. ...” /хх 39-40/,

шүүгдэгч А.М-н яллагдагчаар өгсөн: “...А Саппоро дээр байна хүрээд ир гэхээр нь би яваад очиход Саппорогийн замын хойно байрлах байранд байсан. Намайг очиход А, Т, Тэ нар байсан. Тэ “танил ах руугаа явлаа” гээд явсан. Тэгэхэд Б-заяа ирсэн. Орой нь Тэ буцаж ирээд бид нар ярилцаж байхад Тэ “манай ах залгаад байна, бөөнөөрөө очъё” гэхээр нь “би явахгүй, та нар яв” гэхэд “явчих аа, бөөндөө цуг явъя” гэхээр нь би А, Т, Т, Б-заяа нартай хамт Модны 2-т байрлах Тэ-н танил ахын улаан өнгийн байранд очсон. Байрных нь хаяг дугаарыг нь мэдэхгүй байна. Тэ-н ахынх нь гэрт яваад ороход гурван эрэгтэй том өрөөндөө ширээгээ тойроод архи, пиво уугаад сууж байсан ба бид нар ширээг нь тойрч суугаад хамт архи пивоноос нь уусан. Би бага зэрэг уусан. А, Т, Тэ, Б-заяа нар мөн архи пивоноос нь уусан. Балкон дээр гарч тамхи татаад буцаж орж ирээд сууж байхад А нэг ахтай маргасан. Тэ ах нар руу нь очиж байхад “манай ах нар гомо шүү, очоод аятайхан байна шүү” гэж байсан. Уг асуудлаас болж А тэр ахтай муудалцаж маргалдаад хоорондоо зодолдсон. Хэн хэнийхээ хаашаа цохисныг нь анзаарч хараагүй. Тэгээд А шүүгээнээс нь хутга авсан, ямар хутга авсныг нь мэдэхгүй байна. Тухайн үед гар утас авсныг нь мэдээгүй, тэр үед бүх зүйл хурдан болоод өнгөрсөн. Гэнэт бөөндөө “гараарай, гараад зугтаарай” гээд орилохоор нь би сандарсандаа гараад зугтаасан. Би Т-тэй хамт очиж гар утсыг нь 1.600.000 төгрөгөөр зарсандаа гэмшиж байна. Тухайн үед Тө надтай хамт Тэди төв дээр очоод нэг хүнд гар утас зарах гэхэд “иргэний үнэмлэхгүй бол худалдан авахгүй” гэсэн. Тэгээд утас авах гэж байсан ах намайг дагуулаад лавлагаа авдаг машин руу хамт яваад миний иргэний үнэмлэхийн лавлагааны зураг дараад авсан. ...” /хх 128-131/,

шүүгдэгч Б.А-н яллагдагчаар өгсөн: “...Саппород амьдардаг гэртээ М-зул, Б-заяа, Тө бид нар архи уусан. Тэгээд Тэ-тэй яриад “хүрээд ир” гээд дуудсан. Тэ “ирчихлээ” гэхээр нь Саппорогийн автобусны буудал дээр уулзаад Тэ “хамт танил хүний гэрт очъё, архи ууя” гэхээр нь би М, Б-заяа, Тө гурвыг дуудаад бид тав Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Хилл зочид буудлын хажуугийн улаан тоосгон 18а байрны 24 тоотод очиход Д гэх залуу танихгүй залуутай хамт байсан. Бид нар архи согтууруулах ундаа хэрэглээд сууж байхад уг гурван залуу эмэгтэй юм шиг байгаад байсан. Гэтэл Тэ надад “наад гурав чинь гомо ижил хүйстэн” гэхээр нь бид нар дургүйцээд үргэлжлүүлээд архи уугаад сууж байхад уг залуучууд “цагдаа дуудсан” гэхээр нь Тэ, М бид гурав ариун цэврийн өрөө рүү ороод “яагаад зүгээр байхад цагдаа дуудаж байгаа юм бэ, болиулаач ээ” гээд Тэ-т хэлсэн. М “энэ гурвыг зодъё, гар утсыг нь дээрэмдье” гэхээр нь юм яриагүй гараад дахин архи уугаад сууж байгаад, гарч тамхи татаад байж байтал М “ороод зодъё, гар утсыг нь дээрэмдье” гэхээр нь би бас “за тэгье” гэхэд М түрүүлээд орсон. Тэгээд би тамхи татаж дуусаад ороход М залуухныг нь зодоод байж байсан. Тэгэхээр нь би гал тогооноос нь хар өнгийн бариултай жижиг хутга байхаар нь аваад залуухан, М-тай зодолдож байсан залуугийн бие рүү нь тулгаж айлгаад “гар утсаа гаргаад ир” гэхэд уг залуу “Айфон 7” загвартай хар өнгийн гар утас халааснаасаа гаргаж надад өгсөн. Би цагдаа дуудсан гэдгийг мэдэж байсан болохоор хутгаа гэр дотор нь шидээд гараад явсан. Гараад зугтаах гэж байхад араас М, Б-заяа, Тө 3 гарч ирээд бид нар зугтааж байхад Тө надад “Д-н “Айфон 11 про” загварын гар утсыг нь дээрэмдээд авчихсан” гэж хэлсэн. Такси бариад Саппоро руу очоод машиндаа унтаад маргааш нь буюу 2021 оны 6 дугаар сарын 4-нд Урт цагааны хажууд байдаг Тэди төв дээр очиж М танихгүй гар утас авна гэж байсан хүн рүү очоод зарчихлаа гээд 1.600.000 гаргаж ирж үзүүлсэн. Тэгээд бид нар хувцас авч өмсөөд, Тэрэлж рүү явж амарсан. Миний дээрэмдэж авсан “Айфон 7” загварын гар утсыг М аваад халаасандаа хийсэн боловч архи уусан байсан болохоор гээчихсэн байсан. Бид нар Тэрэлжид 2 хоноод хотод орж ирээд салаад явцгаасан” /хх 163-165/,

            шүүгдэгч Б.Т-н яллагдагчаар өгсөн: “... М, Б-заяа, А бид нар архи уугаад сууж байхад Ар Тэ-тэй яриад хүрээд ир гээд дуудсан. ... Бид нар гараад очиход Тэ “манай ах байдаг юм, хамт ууж сууя гэж байна, хамт явъя” гэхээр нь бид 5 бөөнөөрөө Баянгол дүүргийн “Гранд Хилл зочид буудлын хажуугийн улаан тоосгон 18а байрны 24 тоотод очиход өмнө нэг удаа харж байсан Д гэх залуу хоёр танихгүй залуутай хамт байсан. Бид нар архи согтууруулах ундаа хэрэглээд сууж байхад М нэг залуутай маргалдаж дууссаны дараа нэг залуу нь гар утсаараа оролдоод суугаад байсан. Тэгэхэд М “ариун цэврийн өрөө оръё” гэхээр нь бид нар ариун цэврийн өрөө рүү ороод цагдаа дуудсан гэж яриа гарсан. Тэгээд бид нар “яагаад цагдаа дуудаж байгаа юм бэ, болиулаач ээ” гээд ярилцаж байхад А.М “энэ гурвыг зодчихоод гараад явъя” гэсэн. Ариун цэврийн өрөөнөөс гараад дахин ууцгааж байгаад балкон дээр Б.А, А.М бид гурав гарч тамхи татсан. Тэгэхэд А.М “энэ гурвыг зодоод гар утсыг нь дээрэмдье” гэхээр нь юм яриагүй. Тэгээд дотогш ороод дахин архи уугаад сууж байгаад би ариун цэврийн өрөө орчихоод балкон дээр гарч тамхи татчихаад ороход А.М буйдан дээр сууж байсан арай туранхай залууг нь зодоод “гар утсаа өг пизда минь” гээд нэгжээд уг залуугаас гар утсыг олж чадаагүй. Д нь цаана өрөөндөө орсон байсан. Б.А гал тогооноос хутга аваад тулгаад айлгаад “Айфон 7” загварын гар утсыг нь аваад гараад гүйсэн. Араас нь гарах гэж байхад А.М “цаана өрөөнд нэг нь унтаж байгаа ш дээ, цагдаа дуудчихсан гэсэн” гээд А.М бид нар Д-н унтаж байсан өрөө рүү ороод би Д-т “гар утсаа гаргаад ир, утас чинь хаана байна” гэхэд А.М хажуугаас “гар утсаа өг өгөхгүй бол ална шүү” гэсэн. Тэгээд хөнжлийг нь сөхөхөд хажууд нь байхаар нь А.М бид хоёр Д-н “Айфон 11 про” загварын гар утсыг нь аваад гараад зугтаасан. Гадаа гараад буцаад Саппоро ороод би М-д “чиний хэлснээр энэ гар утаснуудыг нь авчихлаа одоо яах юм бэ?” гэхэд “иргэний үнэмлэхийн лавлагаа аваад ломбардад барьцаалъя” гэсэн. Тэгээд ломбард хайгаад явж байхад А.М “нэг шил архи авчих” гэхээр нь нэг шил архи аваад хувааж ууж байхад “ломбард авахгүй юм байна, Тэди орж заръя” гэсэн. Тэгээд өглөө Тэди дээр очоод А.М “Айфон 11 про” загварын гар утас хэдээр авдаг юм гээд асуучих” гэсэн. Би Тэди-гийн гадаа байсан утас авна гэсэн хүмүүсээс “Айфон 11” загварын гар утас хэдээр авах юм” гэхэд “нэг сая гаран төгрөгөөр авна” гэсэн. Тухайн үед би согтолттой байсан болохоор яг хэд гэснийг нь одоо санахгүй байна. Тэгээд А.М бид хоёр уг гар утас авна гэх хүн дээр очоод “Айфон 11 про” загварын гар утсаа зарах гэхэд “ямар ч утас юм билээ мэдэхгүй байна” нэг нь “иргэний үнэмлэхийн лавлагаагаа өгчих” гэхэд А.М иргэний үнэмлэхийнхээ лавлагааг өгөөд 1.600.000 төгрөгөөр зарахаар болоод А.М уг гар утас авах хүнтэй цаашаа явсан” /хх 184-185/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч Б.Б.А, Б.М, Б.Т нарыг бүлэглэж, үргэлжилсан үйлдлээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь  хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.А, Б.Т, А.М нар бүлэглэж 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......... 24 тоотод хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн танил О.Г-н эзэмшлийн 375.000 төгрөгийн үнэ бүхий “Айфон 7” загварын, Н.Д-н эзэмшлийн 2.375.000 төгрөгийн үнэ бүхий “Айфон 11 про макс” загварын гар утаснуудыг зэвсэг хэрэглэж буюу хутга тулган “утсаа өг, ална шүү” гэх зэргээр айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж авсан дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус  тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А, А.М нарыг тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.М-н өмгөөлөгч Д.Чинзоригийн “...шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, тусгай ангид заасан ялын доод хэмжээнээс багаар хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн,

            шүүгдэгч Б.А, Б.Т нарын өмгөөлөгч О.Оюунчимэгийн “...шүүхээс Б.А-д оногдуулсан 5 жилийн хорих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад хамруулан багасгаж өгнө үү. ...” гэсэн,

            шүүгдэгч А.М-н “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримталж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, 1.4-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах…” гэж тус тус заасан.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэж хууль ёсны байх зарчимыг тодорхойлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.М, Б.Б.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдэнд урьд ял шийтгэгдсэн байдлыг хувийн байдалд нь харгалзан үзсэнийг буруутгах боломжгүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэх зохицуулалттай нийцэхгүй дүгнэлтийг хийсэн байна.

Мөн, анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.Мөнхөө нь “...шүүгдэгч Б.А, Б.Т, А.М  нарын гэм буруутай гэж хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нарын ирээдүйн амьдралыг бодож залуу хүмүүст хөнгөн ял шийтгүүлж өгнө үү ...” гэсэн санал гаргажээ.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт “...Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ.”, мөн хуулийн 66.7 дахь хэсэгт “...Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана....” гэж заасан байхад иргэдийн төлөөлөгчийн гаргасан дээрх саналын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.8 дахь хэсэгт “...Давж заалдах шатны шүүх хуульд заасан тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, энэ хуулийн 66.7-д заасны дагуу шийдвэртээ тусгана....” гэж зааснаар иргэдийн төлөөлөгчийн гаргасан саналыг /2хх 48/ болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.А, А.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой гэж үзэн зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Б.А, Б.Т А.А.М нар нь 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл нийт 55 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нэмж оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-г 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.М-г 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг

 “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Б.А-г 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар, А.М-г 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар ...” гэж,

3 дахь заалтын “... шүүгдэгч Б.А, А.М нарт оногдуулсан тус бүрийн 5 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэснийг,

“... шүүгдэгч Б.А, Б.Т, А.М нарт тус тус оногдуулсан 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б.А, Б.Т А.А.М нар нь 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл нийт 55 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ       

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР