| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00228/и |
| Дугаар | 152/ШШ2024/00303 |
| Огноо | 2024-07-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 152/ШШ2024/00303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Д,
Хариуцагч: Ч. Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт зээл, хүүгийн төлбөр болох 3,297,125 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 3,313,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
Хариуцагч Б.Д, Ч.Б нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Зээлдэгч Б.Д, Ч.Б нар нь С ББСБ ХК-тай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 3171502101098 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулан 3,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ71502101098 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 80450732, 90951011 дугаарын утсаар холбогдож зээлийн гэрээний үүрэг биелүүлэхийг мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 2,999,141 төгрөг, хүүгийн төлбөр 297,984 төгрөг, нийт 3,297,125 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд хариуцагч Б.Д, Ч.Б нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл, хүүгийн төлбөр болох 3,297,125 төгрөг, нотариатын хураамж 16,000 төгрөг, нийт 3,313,125 төгрөгийг хариуцагчаас гаргуулж С ББСБ ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Д, Ч.Б нарт шүүхээс 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хариуцагч нар нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Нэхэмжлэгч талаас төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 67,690 төгрөг төлсөн баримт, С ХК-с М.Пд олгосон итгэмжлэл, “ГК ББСБ” ХК-ийн Увс аймгийн Улаангом сум дахь салбар-10 салбарын гэрчилгээ, Б.Д, Ч.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэг талаас “С ББСБ” ХК, нөгөө талаас үндсэн зээлдэгч Б.Д, хамтран зээлдэгч Ч.Б нарын хооронд байгуулагдсан ЗГ/1502101098 дугаартай хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ, “С ББСБ” ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/1502101098 тоот цахим зээлийн гэрээний нэгдүгээр хавсралт, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Зээлийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Шүүхээс хариуцагч Б.Д, Ч.Б нарт шүүх хуралдааны товыг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч нарын 90951011 гэх дугаарын утсаар мэдэгджээ.
Хариуцагч нар нь “Бид нар хуралд очиж чадахгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа” гэх хариу өгсөн ба шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж заасан ба Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 6.2.3-т “Хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг утас /албаны мессеж/, факс, цахим шуудангийн хаяг, шуудангаар мэдэгдсэн бол “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” Баримт №9, Баримт №22-г тус тус үйлдэн, хэрэгт хавсаргана. Шүүх хуралдааны товыг цахимаар болон утсаар мэдэгдсэн тохиолдолд тэмдэглэл үйлдэж баримтжуулсан байна” гэж заажээ.
Шүүхээс хариуцагч нарт шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдэн баримтжуулсан байх тул хариуцагч нарыг шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар шүНэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны ирцийн талаар тусгайлан санал гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч “С ББСБ” ХК нь хариуцагч Б.Д, Ч.Б нарт холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээл 2,999,141 төгрөг, зээлийн хүү 297,984 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 3,313,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Хариуцагч нар нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан.
Хариуцагч нар нь 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр үндсэн зээл 243,858.11 төгрөг, хүү 62,136.99 төгрөг, торгуулийн хүү 1,234.66 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 2,756,141.89 төгрөг үлдсэн байсан.
Хариуцагч нар нь 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 243,000 төгрөг нэмж зээллсэн бөгөөд дээрх хугацаанаас зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 2,999,141 төгрөг, хүү 297,984 төгрөг гаргуулна гэв.
3.2. Мөн хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гэрээг хугацаанаас өмнө цуцалж, шүүхэд хандсантай холбоотой гарсан нотариатын зардал 16,000 төгрөг гаргуулна гэв.
4. Хариуцагч Ч.Б нэхэмжлэлийн хувийг 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр, хариуцагч Б.Д нэхэмжлэлийн хувийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тус тус гардаж авсан боловч хариу тайлбар гаргаагүй байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Хариуцагч Б.Д 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “С ББСБ” ХК-тай зээлийн гэрээ байгуулан, 3,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээллэхээр харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулжээ. Энэхүү зээлийн гэрээнд хариуцагч Ч.Б хамтран зээлдэгчээр оролцож, гэрээнд гарын үсэг зурсан байна.
5.2. Нэхэмжлэгч “С ББСБ” ХК нь хариуцагч нартай байгуулсан ЗГ/1502101098 дугаартай зээлийн гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг хариуцагч Б.Дийн Хаан банкны харилцах дансанд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн болох нь хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан мөнгөн шилжүүлийн баримтаар нотлогдож байна.
5.3. Хариуцагч нар нь ЗГ/1502101098 дугаартай зээлийн гэрээний нэгдүгээр хавсралтаар батлагдсан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу тохиролцсон хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх үүрэг хүлээсэн боловч 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр үндсэн зээл 243,858.11 төгрөг, хүү 62,136.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,234.66 төгрөг төлсөн байна.
5.4. Улмаар хариуцагч нар нь өмнө авсан зээлийн үлдэгдэл дээр 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 243,000 төгрөгийг нэмж авсан боловч өмнө авсан ЗГ/1502101098 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 2,756,141.89 төгрөг дээр нэмж авсан 243,000 төгрөг, нийт 2,999,141.81 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй болох нь хэрэгт авагдсан Б.Дийн 1502101098 дугаартай зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.
6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар хэргийн оролцогч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан бол тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заажээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцож тайлбар өгөөгүй байна.
Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч нь хариуцагч нараас ЗГ/1502101098 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2,999,141.81 төгрөг шаардах эрхтэй гэж дүгнэв.
Хариуцагч нар нь ЗГ/1502101098 дугаартай зээлийн гэрээний дагуу 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд үндсэн зээл 224,514.21 төгрөг, хүү 62,136.99 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүү 62,136.99 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 243,858.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,234.66 төгрөг тус тус төлж, ЗГ/1502101098 дугаартай зээлийн гэрээний нэгдүгээр хавсралтын дагуу зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагч нар нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан ЗГ/1502101098 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 2,756,141.89 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэмж авсан зээл 243,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар хуримтлагдсан хүү 297,984 төгрөгийг нэхэмжлэгч “С ББСБ” ХК-д төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгчээс хариуцагч нартай байгуулсан ЗГ/1502101098 дугаартай зээлийн гэрээг хариуцагч үүргээ зөрчсөний улмаас хугацаанаас өмнө цуцалж, шүүхэд хандсантай холбоотой учирсан хохирол буюу нотариатын зардал 16,000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нар нь дээрх 16,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзэв.
Тодруулбал, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч тал шүүхэд хандаж, нотариатын зардал 16,000 төгрөгийн хохирол учирсан байх тул хариуцагч нар нь нотариатын зардал 16,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 67,690 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С ББСБ” ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Д, Ч.Б нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,999,141 төгрөг, хүү 297,984 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 3,313,125 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С ББСБ” ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,960 (жаран долоон мянга есөн зуун жар) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 67,960 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С ББСБ” ХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА