| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2110000000732 |
| Дугаар | 2022/ДШМ/495 |
| Огноо | 2022-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., 10.1.2.6., 10.1.2.11., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2022/ДШМ/495
О.Г, Х.Ц, Ч.А нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Б.Баттулга,
шүүгдэгч Х.Ц-н өмгөөлөгч Ч.Загдсүрэн,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Б.Батаа, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч О.Г-н гаргасан давж заалдах гомдлоор О.Г, Х.Ц, Ч.А нарт холбогдох эрүүгийн 2110 00000 0732 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн О.Г, /РД: ............../;
Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 462 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт эдлэх хорих ялыг 10 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 50 хоногийн хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 50 хоногийн хугацаагаар тогтоосон,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1042 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгүүлсэн,
2. Д овгийн Х.Ц, /РД: .............../ Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял шийтгүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар дээрх ялаас чөлөөлж шийдвэрлэсэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,
3. М овгийн Ч.А, /РД: ........../;
Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт эдлэх хорих ялыг 3 жил 5 сарын хугацаагаар тогтоосон,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 90 хоногийн хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, нийт 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,
Шүүгдэгч О.Г нь;
1. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 22-ны өглөөний 07 цагийн орчим М.Б-тэй бүлэглэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-ийн автобусны буудлын хажууд “Долоон наран” хүнсний дэлгүүрийн гадна иргэн О.Ц-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газар нь цохиж, өшиглөн биед нь “тархины няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун талын бөмбөлгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, ховдол дахь цус харвалт, цусан хураа” бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг алсан,
2. 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Нарантуул” худалдааны төвийн урд иргэн К.О-тай маргалдан толгойн тус газар нь тоосгоор цохиж биед нь “их тархины хоёр талын бөмбөлгийн дух чамархай, зулай, суурийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйхны доторх гадаргуу дахь цус хуралт” бүхий гавал тархины хүнд гэмтэл учруулж алсан,
3. 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7 дугаар байрны зүүн талд иргэн Г.Э-той маргалдан хөлөөрөө өшиглөн зодож, биед нь “баруун зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн хөмсгөнд шарх, зүүн доод 1, 2 дугаар шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
4. 2021 оны 9 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн үед, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоёоко Инн” зочид буудлын ард байрлах усны далангийн орчимд иргэн О.Г-н “Samsung S6”, “Nokia 3310” загварын гар утастай цүнхийг хүч хэрэглэн авч, бусдад 97.800 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,
Шүүгдэгч Х.Ц нь:
1. 2021 оны 8 дугаар сарын 22-ны өглөөний 07 цагийн үед, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-ийн автобусны буудлын хажууд “Долоон наран” хүнсний дэлгүүрийн гадна хамт архи уусан иргэн О.Ц-н нүүр рүү цохиж, хөл рүү нь өшиглөн “нүүр мөчдийн цус хуралт, зулгаралтууд” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
2. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ч.А-той бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны орчим иргэн Ц.Г-ны толгойн тус газарт чулуугаар цохиж, биед нь “зулайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун шанаа, духанд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч Ч.Ч.А нь:
Х.Ц-тай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны орчим 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн Ц.Г-ны толгойн тус газарт чулуугаар цохиж биед нь “зулайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун шанаа, духанд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Х.Ц, Ч.Ч.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг тус дүүргийн шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 89 дугаартай шүүгчийн захирамжаар харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас Х.Ц-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г-г “Хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж, хоёр хүний алсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, Дайрт овогт Х.Ц, Мянгад овогт Ч.А нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад зааснаар бүх насаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Х.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ч.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан бүх насаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн бүх насаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-т оногдуулсан бүх насаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-н 181 хоног, Х.Ц-н 114 хоног, Ч.А-н 4 хоног тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг тэдний эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч Ч.Ч.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Ц, Ч.Ч.А нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-с 97.800 төгрөг гаргуулж хохирогч О.Г-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Ч.А, Х.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч О.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж түүний эдпэх ялыг 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би талийгаач К.О-г 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зодож хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Гэрч Отгонжаргал нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр үеэл Ууганбаярт “К.О нь залгаад 10.000 төгрөг явуулаач гэж байна” гэж хэлсэн байдаг. Ууганбаяр нь Эрдэнэ гэсэн нэртэй 5085067936 дугаарын данс руу мөн өдрийн 15 цаг 07 минутанд мөнгө шилжүүлсэн. Гэрч Адъяа нь 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгорын ачааны машин зогсдог зогсоолын хажууд К.О-тай тааралдаад, гэрч Бямбадорж нь Нарантуул захаар хайсаар байгаад Баялаг-Ундраа төвийн замын урд талд байх улаан өнгийн чингэлгийн дундаас олж уулзсан байдаг. Талийгаач нь надтай муудалцсанаас хойш 3 хоногийн дараа ГССҮТ-д хүргэгдсэн. Өвчний түүхэнд “яаралтай түргэн тусламжийн 103-т 3 хоногийн өмнө зодуулсан” гэх асуумжтай ирсэн гэдэг. Хэсэг газрын үзлэгт “зүүн хөлд татлага хийж ачаа зүүсэн, толгойд мэс заслын боолттой, зүүн талын дунд чөмөгний хүзүү хэсгийн далд хугаралтай” гэсэн байдаг. Иймд өөр шалтгаанаар үхэлд хүрсэн байхад намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Намайг 2021 оны 8 дугаар сарын 21-ний орой 19 цаг 18 минут 48 секундын дүрс бичлэгээр буруутгадаг. Энэ нь цаг хугацааны хувьд тохирдоггүй. Би талийгаачтай 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хамтран амьдрагч Ц-тай явж байгаад тааралдсан. Гэрч гэх энэ хүмүүс тухайн үед бүгд цуг байсан. Хамтран амьдрагч Ц-г “гичий минь наашаа хэвт” гэж доромжлоод байхаар нь миний уур хүрч зодолдсон. Би согтууруулах ундаа хэрэглээгүй, өөрийгөө бүрэн хянах чадвартай байсан ба болсон үйл явдлыг санаж байгаа. Талийгаачийг үхэлд хүртэл нь зодоогүй. ГССҮТ нь К.О, О.Ц нарт шаардлагатай эмчилгээг зохих ёсоор үзүүлсэн боловч засрал авалгүй байсаар К.О нь 2 хоногийн дараа, О.Ц нь 5 хоногийн дараа нас барсан. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг маань харгалзан ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Г-н өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... О.Г нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Миний үйлчлүүлэгч О.Г нь мөрдөн шалгах ажиллагаа эхлэхэд гэм буруугийн хувьд маргадаггүй. Гэм буруугаа бусдад халдаагаагүй. Давж заалдах гомдлын тухайд “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдол гаргасан гэж ойлгож байна. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хүсэхэд шүүгдэгч О.Г-т бүх насаар хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.Ц-н өмгөөлөгч Ч.Загдсүрэн тус шүүх хуралдаанд хэлэх “тайлбаргүй” гэв.
Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч О.Г нь бусадтай бүлэглэж 2 хүнийг санаатай алсан, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүхээс шүүгдэгч О.Г-т бүх насаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэж заасан. Шүүхийн шийдвэр нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч О.Г-н хувьд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй. Болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлэхийг оролдсон. Мөн сидиний бичлэгийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбар хэлсэн. К.О-г алсан гэмт хэргийн хувьд хяналтын камерын бичлэг байхгүй. Мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Эрүү шүүлт тулгасан асуудал мөрдөн байцаалт, прокурорын шат болон анхан шатны шүүх хуралдааны үед огт яригдаагүй. Иймд шүүгдэгч О.Г-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-н давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч О.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 22-ны өглөөний 07 цагийн үед М.Б-тэй бүлэглэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-ийн автобусны буудлын хажууд “Долоон наран” хүнсний дэлгүүрийн гадна иргэн О.Ц-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газар нь цохиж, өшиглөн биед нь “тархины няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун талын бөмбөлгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, ховдол дахь цус харвалт, цусан хураа” бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг алсан,
2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Нарантуул” худалдааны төвийн урд иргэн К.О-тай маргалдан толгойн тус газар нь тоосгоор цохиж биед нь “их тархины хоёр талын бөмбөлгийн дух чамархай, зулай, суурийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйхны доторх гадаргуу дахь цус хуралт” бүхий гавал тархины хүнд гэмтэл учруулж алсан,
2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7 дугаар байрны зүүн талд иргэн Г.Э-той маргалдан хөлөөрөө өшиглөн зодож, биед нь “баруун зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн хөмсгөнд шарх, зүүн доод 1, 2 дугаар шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2021 оны 9 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн үед, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоёоко Инн” зочид буудлын ард байрлах усны далангийн орчимд иргэн О.Г-н “Samsung S6”, “Nokia 3310” загварын гар утастай цүнхийг хүч хэрэглэн дээрэмдэн авч, бусдад 97.800 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Х.Ц нь Ч.А-той бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны орчим иргэн Ц.Г-ны толгойн тус газарт чулуугаар цохиж, биед нь “зулайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун шанаа, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ч.А нь Х.Ц-тай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны орчим 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн Ц.Г-ны толгойн тус газарт чулуугаар цохиж биед нь “зулайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун шанаа, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О “... хүү чинь эмнэлэгт байгаа хэлсэн. Яваад очтол эрчим эмчилгээний тасагт хүнд зодуулаад биеийн байдал маш муу гэж хэлсэн. 2021 оны 8 дугаар сарын 26-ны шөнө нас барсан гэж хэлсэн. ...” /1 хх 40/,
гэрч М.Б-ийн “... Зоригоо, Цэвээнээ хоёр маргалдаад байсан. ...” /1 хх 54/,
гэрч Л.Л-н “... Өглөө 07 цагийн үед Долоон наран дэлгүүр ортол үүдэнд нь талийгаач О.Ц хэвтэж байсан. Хүнд зодуулсан амьсгалж байсан бөгөөд тул дэлгүүрийн худалдагч эмэгтэй надаас “энэ хүнийг таних уу” гэхээр нь би “танина” гэж хэлсэн. ... Талийгаачийг эмнэлгийн машин аваад явахад тус дэлгүүрийн хажуугийн ТҮЦ-нд ногоо зардаг залуу надад “шөнө 2 эрэгтэй, 1 эмэгтэй маргалдаад тэр гурван хүний нэг залуу нь удаан зодсон” гэж хэлсэн. Шөнө наанаа хоносон юм байна гэж надад хэлсэн. ...” /1 хх 112-113/,
гэрч Л.З-н “... Дуудлагын дагуу очиход “Долоон наран” дэлгүүрийн үүдний цементэн дээр ухаангүй байдалтай 20-30 насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Хамраас нь цус гарсан нүүр хэсэг болон толгойны ар хэсэг гэмтэлтэй хавдсан, ухаангүй согтуу хүн байсан. . ...” /1 хх 48-49/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-н “...2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр цагдаагаас залгаад К.О гэдэг хүний ар гэр мөн үү гэсэн. ... Би эмнэлэгт очиж 2 хоног сахиад 3 дахь хоногийнхоо орой нь өнгөрсөн юм. ...” /2 хх 108/,
гэрч Г.Бя-н “... К.О ганцаараа амандаа бувтнаад байхаар нь би нөгөө гурваас нь “энэ хүний толгой тархи яасан юм бэ” гэж асуухад Сүхээ гэдэг нь “3-4 хоногийн өмнө Хархорин зах амарсан өдөр бид нарыг архинд явчихсан хойгуур К.О-г тасраад унасан байхад нь толгой дээр нь хүмүүс дэвсээд зодоод явсан байсан” гэж хэлэхэд хажуугаас нь К.О “би бүр ахын дүү нар болиоч ээ” гэж хэлсэн гэж надад хэлсэн. ... Ингээд би О-т хандан “одоо танай ар гэрийнхэн чинь ирж байна” гэж хэлэхэд К.О “би ээж дээрээ очно” гэж хэлээд сууж байсан газраасаа босож ирээд 2-3 алхаад хойшоо газарт дагзаараа савж унасан. ...” /2 хх 11-117/,
гэрч Б.А-н “... 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр К.О надтай тааралдаад баруун нүд нь хавдчихсан, толгойны ар дагз хэсэгт цус нь хатчихсан үстэйгээ наалдаад хатсан байхаар нь “яасан юм бэ” гэж асуухад “тасраад унтаж байхад хүнд зодуулсан байна лээ” гэж хэлсэн. Хэнд зодуулсан талаар асуухад надад хэлээгүй. ...” /2 хх 120/,
гэрч Х.Э-н “... Одоогоос 3-5 хоногийн өмнө Нарантуул захын урд байдаг контейнерууд дунд К.О, Пү, Мө, Сү, Эр бид хэд архи уугаад сууж байгаад К.О, Га хоёр тасраад унтаад үлдсэн ба бид хэд тараад явцгаасан. Тэгээд орой контейнерт байхад Урнаа, Зоригтбаатар хоёр орж ирээд үсээ хуссан өндөр залуу, нэг бүдүүн хүүхэн хоёр ирээд танай К.О, Гантулга хоёрыг зодоод явсан талаар ярьсан. Юугаар зодсон талаар огт хэлээгүй. Тэр зодсон хүүхэн болон залуу нарын нэрийг хэлээгүй. ...” /2 хх 127-128/,
гэрч Т.У-н “... 2021 оны 8 дугаар сард буюу одоогоос 4-5 хоногийн өмнө байхаа Нарантуулын урд контейнеруудын голд байх хэвтрээ эргэх гээд очиход бөөн зодоон болж байсан ба тэр хавьд нь бие засаад сууж байтал Ариукаа гээд бүдүүн зузаан шилтэй, буржгар үстэй хүүхэн над дээр ирээд намайг түлхээд манай нөхөр шоронгоос гараад хоёр хонож байна гээд байсан. Тэр Ариукагийн нөхөр гэх залуу нь контейнеруудын өмнө байхдаа тоосго чулуугаар ганцаараа Гантулга, К.О, дахиад хоёр хүн байсан ба тэр хэд рүү зогсолтгүй чулуу, тоосго шидээд байсан. Тэр бүдүүн хүүхэн хэн зодсон гэдгийг нь мэднэ. ...” /2 хх 129/,
гэрч А.Пүрэвсүрэнгийн “... Төмөр замын гарам доор Энхбат, Эрдэнээ, К.О, Гантулга, Сүхбаатар би нар 0,75 граммын архи хувааж уусан. Архиа уугаад дуусаад байж байтал Га, К.О хоёр унтлаа гээд төмөр замын доод гармын хажууд үлдсэн. Би хоёрдогч түүхий эдээ түүх гээд Дүнжингарав луу явсан. Харин Мө, А хоёр дахиад архи авах гээд явсан. Сүхбаатар хоол унд хийнэ гээд ус олохоор явсан. Би хоёрдогч түүхий эдээ түүчихээд буцаад архи уусан газраа ирсэн. Намайг ирэхэд Сүхбаатар, К.О, А, Мө, Га нар бүгдээрээ байсан. Харин К.О-н толгой нь хагарчихсан, толгойноос нь цус гарчихсан байсан. ...” /2 хх 132/,
гэрч Д.Гантулгын “... 2021 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Энхбат, Эрдэнэ, Ариунбат, Мөнхбат, К.О, Гантулга, Пүрэвээ, Сүхээ нарын хамт ... төмөр замын хайсны ард талд нь суугаад архи ууцгаасан. ... Тэндээ очоод архиа хувааж уучихаад К.О бид хоёр унтлаа гэж хэлээд унтсан. Тухайн үед би машины дугуйн дээр сууж байтал Ариунбат, Сүхээ хоёр архинд явна гэж ярьж байсан. Тэгээд юу болсон талаар санахгүй байгаа бөгөөд ухаан ороход амнаас цус гоожсон, газар хэвтэж байхад элэг рүү өшиглөөд сэргэсэн. Тэгээд хартал уг хүн хашааны булан тойроод явсан. Би босоод хартал К.О цустайгаа хутгалдсан хэвтэж байхаар нь шууд каргоны манаачийн путик рүү яваад булан тойртол Энхбат, Пүрэвээ, Эрдэнэ гурав урдаас гарч ирээд яасан талаар асуусан. /2 хх 135-136/,
хохирогч О.Г-н “... Би гэртээ харих гээд явж байтал үл таних нэг махлаг эмэгтэй, 2 залу нэг нь өндөр нөгөө нь намхан 3 хүн далан орчимд сууж байсан. Тэгээд би тэр хүмүүсийн хажуугаар өнгөрөөд явж байтал шар царайтай өндөр залуу нь миний хойноос хүрч ирээд миний цүнхийг булаагаад намайг түлхэж далан руу унагаад зугтаасан. ...” /2 хх 215-216/,
хохирогч Г.Энхцогийн “... Би найз Алтанбаганатай хамт салхилаад явж байгаад саатанд сууж байтал жижиг биетэй 1 залуу намайг хол яваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би найзын хамт очоод тэр залуутай маргаж эхэлсэн ба тэр залууг заамдаад авах үед бүдүүн махлаг эмэгтэй “би жирэмсэн” гэж орилоод над руу дайраад би тэр залуутай ноцолдож байх үед би унасан. ... Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг бүдүүн нүдний шилтэй эмэгтэйн нөхөр гэх залуу учруулсан. ...” /3 хх 20-21/,
хохирогч Ц.Г-ны “... Би гэр лүүгээ харих гээд алхаад явж байхад 17 дугаар хороо, 32 дугаар байрны автобусны буудал дээр Хархорин зах орчим архи уудаг Хөдөө, саппоро орчим явдаг Х.Ц гэх зүс таних хоёр хүнтэй тааралдсан. Бид гурав юм яриад зогсож байтал Х.Ц “наадахаа шаачих” гэж хэлсэн. Тэгсэн чинь Хөдөө газраас чулуу аваад цохих гэж байтал Х.Ц түрүүлээд миний толгой хээг рүү чулуугаар цохисон. Тэгээд би Хөдөөг цохичихлоо гэж бодоод тэвэрч аваад газар унасан. Хөдөө миний дээр гараад газраас чулуу аваад миний толгой болон нүүр хэсэгт цохиод байсан. Би ухаан алдаж унаад сэрсэн. ...” /3 хх 155/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... О.Цэвээхүүгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины няцралт, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх, доорх цусан хураа, ховдол дахь цус харвалт, цусан хураа нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, нүүр, мөчдийн цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогч тархины няцралт, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх, доорх цусан хураа, ховдол дахь цус харвалт, цусан хурааны улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна. ...” /1 хх 175-182/ гэх 1762 дугаартай дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаач К.О-н цогцост дагз ясны зүүн хэсгийн шугаман хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, суурийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, зүүн чамархайн хуйх, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, хүзүүний баруун хажуу гадаргууд цус хуралт, зүүн дунд чөмөгний хүзүүний хугарал, зүүн чихний дэлбэн, баруун шилбэ, баруун даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь амьд ахуй үед хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Цогцост учирсан дагз ясны хугарал гэмтэл нь унах үед, бусад гэмтлүүд нь цохиулах зодуулах үед үүсгэгдэх боломжтой. Гавал тархины гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, зүүн дунд чөмөгний хүзүүний хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт, зүүн чамархайн хуйх, зүүн хөмсөгт шарх гэмтэл нь хөнгөн зэрэгт, зүүн нүдний зовхи, хүзүүний баруун хажуу гадаргуунд цус хуралт, зүүн чихний дэлбэн, баруун шилбэ, баруун даланд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. ...” /2 хх 144-152/ гэх 1724 дугаартай дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Г.Энхцогийн биед баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, зүүн доод 1, 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /3 хх 31-32/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Ц.Г-ны биед зулайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун шанаа, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /3 хх 167-168/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “... О.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” /1 хх 171/ гэх 793 дугаартай дүгнэлт,
хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 12-17, 2 хх 90-93/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 18-21, 2 хх 94-100/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 29-30/, эд хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 233-234, 3 хх 173-175/, хохирогч нарын өвчний түүхийн хуулбар /3 хх 82-108/,
камерийн бичлэгт болон уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд халзан, улаан өнгийн малгайтай цамцтай, бор өнгийн өмдтэй, хар өнгийн үүргэвчтэй цүнхтэй, хөх өнгийн пүүз өмссөн 30-40 насны орчим этгээд хохирогч Ц-г баруун гараа атгаж нүүрэн тус газар нь цохиж байгаа ... уг этгээд хохирогч Ц-г гар болон хөлөөрөө зодож байгаа ... улаан өнгийн цамцтай, хөх өнгийн бэлтгэлийн өмдтэй, саарал өнгийн алчуураар толгойгоо боосон 25-30 орчим насны этгээд цэнхэр өнгийн цамцтай, саарал өнгийн малгайтай, малгайн дээрээ хар өнгийн нүдний шилтэй, саарал бэлтгэлийн өмдтэй, хөх өнгийн пүүзтэй 25-35 орчим насны эмэгтэй хохирогч Ц-г хөлөөрөө өшиглөж байгаа нь ... хяналтын камерийн бичлэгт үлдсэн байв. ...” /1 хх 33-36/,
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “... О.Г-с 2021 оны 9 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн орчим усны шуудуйн орчим явж байхад чинь түлхэж унагаад цүнхийг чинь авч явсан хүнийг заана уу гэхэд ... нэр бүхий 5 хүний зураг дундаас 3 дугаараар тэмдэглэсэн О.Г-г заав. ...” /2 хх 204/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч О.Г-г ганцаараа болон бусадтай бүлэглэж, хоёр хүнийг алсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Ц, Ч.А нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч О.Г-г амь хохирогч О.Ц, К.О нарыг зодож, амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх хэсэгт зааснаар, хохирогч О.Г-н цүнхийг хүч хэрэглэн дээрэмдэн авч 97.800 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Ц, Ч.А нарыг бүлэглэн Ц.Г-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Мөн анхан шатны шүүх Х.Ц-н хохирогч О.Ц-н нүүр лүү цохиж, хөл рүү өшиглөж, нүүр мөчдийн цус хуралт, зулгаралтууд бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл тогтоогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Шүүх дээрх байдлаар Х.Ц-н үйлдсэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлүүдээс нэг үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо прокуророос түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг бүхэлд нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон мэтээр найруулгын шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэв.
Анхан шатны шүүхээс О.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх хэсэгт зааснаар бүх насаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял тус тус оногдуулж, уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг бүх насаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-д 3 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Ч.А-д 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.
Мөн шийтгэх тогтоолд шүүгдэгч Х.Ц-н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хоригдсон нийт 114 хоногийг түүний эдлэх ялаас хасч тооцохоор шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхээс түүнд оногдуулсан 3 сар 23 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг дээрх цагдан хоригдсон хоногтой дүйцүүлэн уг ялыг эдэлсэнд тооцох талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу байна.
Харин шүүгдэгч О.Г-н эдлэх ялын хэмжээг тогтоохдоо хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ.
Тодруулбал, О.Г нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1042 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг Ковидын нөхцөл байдлын улмаас биечлэн эдлээгүй талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлажээ.
Анхан шатны шүүх дээрх шийтгэх тогтоолоор О.Ганзоригт оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрхэн эдлүүлэх талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, тухайн гэмт хэрэг нь 2020 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэгдэх үндэслэл үүссэн байхад анхаарч үзэлгүй орхигдуулжээ.
Үүнээс гадна, шүүгдэгч О.Г нь 2021 оны 8 дугаар сарын 28-наас 30-ны өдрийг хүртэл “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай” мөрдөгчийн тогтоолоор 2 хоног /1 хх 56/, 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс /1 хх 68/ хойш анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл буюу 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 162 хоног, нийт 164 хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон байна.
Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Ганзоригоос “... хохирогч К.О нь надтай муудалцсанаас хойш 3 хоногийн дараа эмнэлэгт хүргэгдсэн, өөр шалтгаанаар үхэлд хүргэсэн байхад намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.
Хэрэгт авагдсан гэрч Д.Гантулга, Т.Урнаа, Х.Энхбат, А.Пүрэвсүрэн, Г.Мөнхбат нарын мэдүүлгүүдээр О.Г нь амь хохирогч К.О-н толгой хэсэгт цохиж зодсон болох нь тогтоогдсон, мөн хэрхэн яаж зодсон талаар О.Г-той хамт явсан гэрч Х.Ц-н мэдүүлгээр давхар нотлогджээ.
Шүүгдэгч О.Г нь анхан шатны шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байсан хэдий ч давж заалдах гомдолдоо амь хохирогч К.О-н нас барсан үйлдэлд хамааралгүй гэх байдлаар маргасан, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хоёр хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан байдлаас үзэхэд түүнд оногдуулсан бүх насаар хорих ялыг хөнгөрүүлэх, хугацаатай хорих ялаар солих боломжгүй гэж үзлээ.
Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч О.Г-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан ял шийтгэл оногдуулсан байх ба энэ нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч О.Г нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 74 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолын:
- тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хан-Уул дүүргийн прокуророос Х.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг,
“Хан-Уул дүүргийн прокурорын газраас Х.Ц-г хохирогч О.Ц, Ц.Г нарын буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс хохирогч О.Ц-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
- тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...шүүгдэгч О.Г-н 181 /нэг зуун наян нэг/ хоног,...” гэснийг “...шүүгдэгч О.Г-н 164 /нэг зуун жаран дөрөв/ хоног, ...” гэж тус тус өөрчилж,
- тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ганзоригт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1402 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Г-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-н 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 74 /далан дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ М.АЛДАР