Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 152/ШШ2024/00304

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ч.Б,

О.Ш-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1950 онд төрсөн, 73 настай. Би 1963 оноос Наранбулаг суманд аав ээжтэйгээ мал маллаж байгаад 1968 онд О.Штай гэр бүл болж, 4 охин, 2 хүү төрүүлсэн. Нөхөр О.Ш нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан. Энэ хугацаанд бидний гэрлэлтийн бүртгэл Увс аймгийн Наранбулаг сумын 1966-1970 оны хооронд бүртгэлийн журналаас шүүхэд олдохгүй байгаа юм. Гэрлэлтийн бүртгэл олдохгүйгээс, гэрлэлтийн баталгаа байхгүйгээс болоод Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар бүртгүүлсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд 9.1, 9.2-д зааснаар 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан гэсэн нөхцөлийг хангасан түүний нөхөр эсвэл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү хэмжээгээр нэмэгдүүлж өгнө гэсэн заалтыг хангаж чадахгүйд хүрээд байна. Тиймээс намайг нөхөр болох О.Штай 1968 оноос 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Ч.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ч.Б миний бие 1950 онд төрсөн. Хань О.Ш 2024 оны 01 дүгээр сард нас барсан бөгөөд тэтгэвэр өвлөгдөх хуулийн дагуу авах гэсэн боловч гэрлэлтийн баталгаа байхгүйн улмаас өгөөгүй. Тиймээс тодруулахаар шүүхэд хандсан. Би хөл муутай, дахин явах боломж муу учраас шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр явуулж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагч Ч.Б шүүхэд түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, О.Шгийн иргэний үнэмлэхийн хуулбар, О.Ш нас барсны бүртгэлийн хуулбар, Увс аймгийн Наранбулаг сумын Гүн бүрд багийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай тодорхойлолт, Ш.Ч төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Е.С, Ц.Ш нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Ш.И иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн Наранбулаг сумын Өрхийн эрүүл мэндийн төвөөс Ч.Бын төрөлтийн түүхийг нотлох баримтаар бүрдүүлэв.  

Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр Е.Сүхбаатар, Ц.Шараа нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ч.Бын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хүсэлт гаргагч Ч.Б нь шүүхэд хандаж 1968 оноос 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл О.Штай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг тус тус баримтлан Ч.Бын хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Ч.Б нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул түүний эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг шийдэвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Бын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

4. Ч.Б нь О.Штай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

4.1. Ч.Б нь 1968 онд О.Штай гэр бүл болж, 1969 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин Шараагийн Ичинноров, 1972 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр охин Шараагийн Чулуун нарыг төрүүлсэн бөгөөд хамтын амьдралтай байх хугацаандаа 4 охин, 2 хүү нийт 6 хүүхэд төрүүлж, Увс аймгийн Наранбулаг суманд 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан.

4.2. Ч.Б нь О.Штай гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр, 1968 оноос хойш 56 жил хамт амьдарсан боловч гэрлэлтээ бүртгүүлээгүйн улмаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу “өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд 9.1, 9.2-д зааснаар 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан гэсэн нөхцөлийг хангасан түүний нөхөр эсвэл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү хэмжээгээр нэмэгдүүлж өгнө” хуулийн шаардлагыг хангахгүйд хүрээд байна. Иймд Ч.Б намайг “О.Штай 1968 оноос 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Хүсэлт гаргагч Ч.Б нь 1696 онд охин Ш.И төрүүлсэн байх бөгөөд эцэг Ончигийн  Шараа, эх Ч.Б гэж бүртгэгджээ.

Мөн хэрэгт авагдсан охин Ш.Ч төрсний бүртгэлийн гэрчилгээнд эцэг О.Ш, эх Ч.Б гэж тус тус тэмдэглэжээ.

Иймд дээрх үйл баримтад үндэслэн Ч.Б нь 1968 оноос О.Штай хамт амьдарч, 1969 онд охин Ш.И, 1972 онд охин Ш.Ч нарыг төрүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

5.2. Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаартай албан бичгээр тус шүүхэд “Ч.Б нь 8 хүүхэд төрүүлснээс төрөлтийн түүхийг шүүж үзэхэд 36 настайдаа 7 дахь жирэмслэлтийн 7 дахь төрөлтөөр 1985 оны 5 дугаар сарын 28-нд 3,800 гр охин төрүүлсэн нь үнэн болно” гэх тодорхойлолтыг хавсралтын хамт ирүүлжээ.

Хавсралтаар ирүүлсэн Ч.Бын төрөлтийн түүхийг шинжлэн судалбал, 1969 онд охин, 1972 онд охин, 1975 онд өвчнөөр эндсэн, 1977 онд хүү, 1978 өвчнөөр эндсэн, 1982 онд хүү, 1985 онд охин гэж тус тус тэмдэглэжээ.

Энэхүү баримт нь хүсэлт гаргагч Ч.Б нь 1968-1985 оны хооронд О.Штай хамт амьдарч, 7 хүүхэд төрүүлсэн болохыг нотлох нотолгооны ач холбогдолтой байна.

5.3. Увс аймгийн Наранбулаг сумын Гүн бүрд багийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 011 дүгээр тодорхойлолтоор “О.Ш  нь Увс аймгийн Наранбулаг сумын Гүн бүрд багт амьдарч байгаад 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан. Нас барах үедээ ам бүл 2, эхнэр Ч.Б-ын хамт амьдарч байсан гэж тодорхойлжээ.

Хэдийгээр дээрх тодорхойлолтод О.Шг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан гэж тодорхойлсон байгаа боловч хэрэгт авагдсан О.Шгийн нас барсны гэрчилгээгээр О.Ш нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан болох нь тогтоогдож байна.

5.3. Гэрч Е.С шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ Манайх Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багт айл саахалтаар амьдарч байсан. Манайх айл болчихсон, нэгдлийн мал маллан амьдарч байхад манай бригадын О.Ш эхнэр авч найр хурим хийж, эхнэрийн хамт нэгдлийн малчин болж байсан. Бид нэгнийхээ гэрээр орж, гардаг айл саахалт хүмүүс учраас нэгнээ маш сайн мэднэ. О.Ш, Ч.Б нар нь 6 хүүхэд төрүүлж өсгөсөн, өнөр өтгөн айл байсан. Яагаад гэр бүлийн баталгаагүй байсныг нь би мэдэхгүй байна. О.Ш нь 2024 оны өвөл цагаан сарын өмнө өвчний улмаас нас барсан” гэж мэдүүлсэн бол гэрч Ц.Ш шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Е.С бид хоёр гэр бүл болчихсон Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багт нэгдлийн мал маллан амьдарч байхад манай бригадын ........ нь Ч.Быг эхнэрээ болгон авч, найр хурим хийж, эхнэрийн хамт нэдлийн малчин болж байсан. Манайхан олон жил айл саахалтаар амьарч байсан учраас нэгнээ маш сайн мэднэ. О.Ш, Ч.Б нар нь 6 хүүхэд төрүүлж өсгөсөн өнөр өтгөн айл байсан ба 4 охин, 2 залуутай айл байсан. Би хүүхэд төрөх үед нь очиж тусладаг байсан учраас мэдэж байна. О.Ш нь 2024 оны өвөл цагаан сарын өмнө өвчний улмаас нас барсан” гэжээ.

Гэрч нар нь О.Ш, Ч.Б нартай 1968 оноос айл саахалт амьдарч ирсэн гэж мэдүүлсэн ба гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан Ч.Бын төрөлтийн түүх, О.Шгийн нас барсны бүртгэлийн гэрчилгээ, Увс аймгийн Наранбулаг сумын Гүн бүрд багийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 11 дүгээр тодорхойлолтоор тус тус давхар нотлогдож байна.

Иймд гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн Ч.Быг нас барагч О.Штай 1968 оноос 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул хүсэлт гаргагч Ч.Бын хүсэлтийг бүхэлд нь хангав.  

Хэдийгээр Ч.Б болон О.Ш нар нь 1968 оны хэддүгээр сарын хэдний өдөр хамт амьдарч эхэлсэн нь тодорхойгүй байгаа боловч охин Ш.И нь 1969 оны 11 дүгээр сард төрсөн байх тул хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэж, төрөх хугацааг харгалзан Ч.Б болон О.Ш нарыг 1968 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хамт амьдарч эхэлсэн гэж дүгнэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг баримтлан Ч.Б О.Штай 1968 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА