Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 15

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144/ШШ2020/00046 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:  С.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.О, Т.Б нарт  холбогдох,

“12240000 мянган төгрөг”  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч С.Агийн давж заалдах гомдлоор 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагч Ш.О, Т.Б, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.          

Нэхэмжлэгч С.А нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.А би Ш.О-тай 2005 оноос эхлэн 2011 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд С.А-гийн нэр дээр 360 гаран тооны мал /хонь, ямаа/ байсан байдаг. Тусдаа амьдрахаар /салж/ болоход Ш.О нь С.А-гийн 62 тооны ямааг өөрийн дүү Т.Б гэх залуугийнд маллуулж байгаад өгнө гэж хэлээд тууж явснаас хойш С.А нь өөрийн хуваарьт өмч болох 62 тооны малыг авахаар удаа дараа Ш.О-тай утсаар ярьж, улмаар гэрт нь очиж уулзахад... хүүг чинь оюутан болохоор өгнө... гэж хэлсээр цаг хугацаа авсаар өдийг хүрсэн байна. Өөрөөр хэлбэл Ш.О нь бусдын өмчлөлийн малыг эзэнд нь өгөлгүй, дур мэдэн олон жилийн туршид үр төл, үр шимийг нь хүртсээр яваа хүн юм. С.А нь анх Ш.О-ад 62 тооны ямааг өгч явуулснаас хойш 8 жил орчим хугацаа өнгөрсөн байх бөгөөд энэ хугацаанд дээрх тооны мал өсөж үржсэн нь ойлгомжтой. Ш.О-ад анх өгсөн 62 тооны ямаагаа болиод, 32 тооны ямааг нэгийг нь зах зээлийн ханшаар 150,000 төгрөгөөр бодож 4,800,000 төгрөг, 8 жилийн туршид авсан ямааны ноолуурын үнэ 7,440,000 /нэг ямаанаас жилд 500 грамм ноолуурыг бодоод 62 ямаанаас жилд 31 кг ноолуур, үүнийгээ 8 жилд үржүүлээд 248 кг ноолуурыг хамгийн багаар 1 кг-ыг 30,000 төгрөгөөр бодсон нийтдээ 12,240,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Гэтэл бусдын эд хөрөнгийг дүүгээрээ харуулна гэж авч яваад 8 жилийн туршид С.А-г хохироож явсан байдаг. ...С.А миний бие нь Ш.О-аас 12,240,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь миний малыг өөрийн төрсөн дүү болох Т.Б-д 31 тооны малыг /ямааг/ өгсөн нь үнэн гэж хариу тайлбар гаргасан байна. Тиймээс би 12,240,000 төгрөгийг Ш.О, Т.Б нар хамтран хариуцах ёстой гэж үзэж байгаа учраас уг иргэний хэрэгт Т.Б-ыг хамтран хариуцагчаар татаж түүнээс 12,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Т.Б анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “С.А нь Ш.О-аас 12,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүнийгээ мөн надаас гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, үнэхээр их гайхаж байна. С.А Ш.О нар нь анх 2005 оноос эхлэн гэр бүл болж хамтран амьдраад 2010 онд тус тусдаа амьдарсан. Анх Ш.О нь 34 малтай, С.А нь 100 гаруй бага малтай хоёр талаас нийлж гэр бүл болсон ба 2009 онд зуд болж мөн С.Агийн хүүхэд нь 6 нас хүрч сургуульд сурахаар болж, сумын төв рүү нүүх болсон тул малаа айл айлуудаар тарааж өгсөн. Манайх 80 гаруй малтай байсан ба түүнийгээ С.А, Ш.О нарын малтай 2009 оны зун нийлүүлж, отроор нүүх гэж байснаа больсон. Тэгээд 80 гаруй бага малаа Ш.О-ын 31 малтай хамт ялган авч манайх малласан юм. Гэвч тухайн малуудаас 2009 оны намраас 2010 оны өвөл гэхэд айл айлаас нэг, нэг л ямаа үлдсэн юм. Нэхэмжлэгч нь 62 мал тууж явсан гэж Ш.О-ын малыг бүтэн нэг дахин нэмж хэлээд байгаа юм уу эсвэл манай малтай нийлүүлэн хагас дутуу хэлээд байгаа юм уу, тэгээд үүнийгээ манай мал гэж бичиж нэхэмжилж, мөн надаас давхар гаргуулахаар нэхэмжилж байгааг үнэхээр их гайхаж байна. Тэдгээр малыг би маллаж байсан ч хувьдаа аваад үрчихсэн биш, тухайн үед зуд болоод ихэнх айлууд зуданд малаа үхүүлж барсан байдаг. Анх гэр бүл болоход нь аваачсан 34 мал 5 жилийн хугацаанд тодорхой хэмжээгээр өсөж үржсэн л байж таараа. Мөн С.А-гийн өөрийнх нь мал бас өссөн. Энэ бүгдийг Ш.О, С.А нар нь хамтран маллаж хөдөлмөрлөөд л бий болгосон байх. Гэтэл анх аваачсан 34 малаас 31-ийг аваад, тэдгээр нь зуданд үхэж дууссан байтал зөвхөн өөрийнх нь малыг авсан юм шиг үүнийгээ нэхэмжилж, дээрээс нь мөн надаас гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Хариуцагч Ш.О анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Анх би нийлэхдээ би 34 бага мал, С.А 100 гаруй бага малтай хоёр талаас нийлсэн. 2009 онд зуд болж би хязаалан, соёолон нийлсэн 27 эр ямаа, 4 зусаг ямаа, нийт 31 толгой ямааг өөрийн дүү болох Т.Б-д С.А-тай хамт ялгаж өгсөн нь үнэн. Гэтэл С.А өөрөө хамт ялгаж өгчхөөд яагаад 62 мал гээд байгааг ойлгохгүй байна. С.А нь үлдсэн малаас өөрийнхөө ээж Б-нд 220 гаруй бага малыг, мөн хамаатан болох И-ынд 110 гаруй малыг тус тус ялгаж өгсөн байдаг. Ингэж малаа хувааж өгсөн учир нь тухайн жилд С.А-гийн хүүхэд нь 6 нас хүрч сургуульд сурах болсон тул сумын төв руу орсон, мөн зуд болсон учраас айлууд олон мал авахгүй гэсэн учраас малаа хувааж айл айлд өгсөн юм. Манай дүү Т.Б-нд өгсөн 31 малаас 1 нь үлдэж бусад нь зуданд үхсэн. Б-нд аваачиж өгсөн мал мөн бүгд зуданд үхсэн гэж А, Б нар хэлсэн. Харин И-ынд өгсөн малаас 100 орчим малыг суман дээр тууж ирээд А бид хоёр нядалж  хиаман цехэд өгөхөөр явсан боловч аваагүй тул айлын гаршид хураагаад орхисон. Тухайн айл нь зарж борлуулсан эсэхийг мэдэхгүй байна. Арьс нэхийг нь борлуулж, мөнгийг нь өөрсдөө авч зарцуулсан. Ингээд бидний хамт амьдарч байх хугацаанд өсгөж үржүүлсэн мал бүгд зуданд үхсэн дууссан юм. Гэтэл 31 малыг 62 гэж бүтэн нэг нугалж худлаа хэлээд тэгээд түүнээс гарах ашиг, шим гэж 12,240,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хоёр тусдаа амьдарч байх хугацаанд А нь том 5 ханатай гэрээ зарчихсан орох оронгүй байхад нь би отрын жижиг 4-н ханатай гэрээ өгсөн, мөн хүнд хутгалуулчихсан гээд өвчтэй гэртээ хэвтэж байхад нь 300,000 төгрөг хүнээс зээлж өгч байсан, бас А-гийн банкны зээлд 1,400,000 орчим төгрөгийг төлж байсан. А-гаас анх аваачсан малаас өөр юу ч аваагүй. Гэтэл одоо ингээд үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байгаад гомдолтой байна” гэжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2-т зааснаар нэхэмжлэгч С.Агийн хариуцагч Ш.О, Т.Б нарт холбогдох 12,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 219.750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.А давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс хариуцагч Ш.О, Т.Б нарт холбогдох 12.240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдал нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...С.А нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолж чадахгүй хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна... гэжээ.

Гэтэл шүүхээс ямар баримтаар яаж үгүйсгэсэн талаар огт бичээгүй. Хэргийн хүрээнд / ХХ-12 талд/ хариуцагч Т.О-н 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд өгсөн хариу тайлбартаа ...2009 онд зуд болж би хязаалан, соёолон нийлсэн 27 эр ямаа, 4 зусаг нийт 31 толгой ямааг өөрийн дүү болох Т.Б-ынд А-тай хамт ялгаж өгсөн нь үнэн. Т.Б-ынд өгсөн 31 малаас 1 нь үлдэж бусад нь зуданд үхсэн... гэх мэдүүлгээр хариуцагч Ш.О нь миний 31 тооны ямааг дүүдээ ялгаж өгсөн гэж мэдүүлдэг. /Уг нь 62 мал авсан боловч одоо үгүйсгэдэг/ /ХХ-41-р талд/ гэрч А.Э-гийн мэдүүлэгт: ...Би 2009 онд сургуульд орсон. 2009 оны 08 сард би хөдөө бэлчиж байсан бага малаа туугаад, өвөлжөөн дээр ирсэн. Тэгээд О аав 62 ямааг ялгаж туугаад Б ахын гэр лүү аваад явсан... гэх мэдүүлгээр, мөн /ХХ-42-р талд/ гэрч С.Б-гийн мэдүүлэгт: ...би эгчийндээ байж байхад эгч мал ялгалцаад өг гэхээр нь малыг нь ялгалцсан. О, Б нар 62 тооны   ямааг ялгалцаж өгсөн. сумаас хойш байдаг газар луу тууж явсан... гэх мэдүүлгээр, хариуцагч Ш.О, Т.Б нар нь миний өмчлөлийн 62 тооны ямааг ирж тууж авч явсан болох нь тогтоогдож байдаг. Шийдвэрт ...өмчлөх эрх зөрчигдсөнөөс үүсэн шаардах эрхийн гол үндэслэл нь тухайн эдийн болон эдийн бус хөрөнгийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч болохоо нотолж чадахгүй байна, өөрөөр хэлбэл талуудын маргааны зүйл болох 32 тооны ямааг нэхэмжлэгч С.А өөрийн хууль ёсны эзэмшил, өмчлөлийнх мөн гэдгээ нотолж чадахгүй байна. Үүнд дараах няцаалт тайлбарыг өгч байна. / ХХ-4-р талд/ 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 253 тоот Өмнөговь аймгийн   архивын лавлагаагаар намайг 2008 онд 268 тооны ямаатай, 2009 онд 315 тооны  ямаатай , 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 389 тоот архивын лавлагаагаар намайг 2004 онд 56 ямаатай, 2005 онд 212 ямаатай, 2006 онд 193 ямаатай, 2007 онд 216 тооны ямаатай байсан болохыг тус тус нотолдог. 2004-2009 онуудад С.А гэх хүн малтай байсан болохыг нотолсоор байтал шүүхээс, өөрийн өмчлөлийн гэдгээ нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь огт ойлгомжгүй байна. Малчин хүн тухайн онуудын жилийн эцсийн А дансанд бүртгэгдсэн малын тооны архивын лавлагааг гаргаж өгөхөөс илүү нотлох баримт гэж байхгүй. Мөн шийдвэрт: нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан мал тооллогын талаарх архивын лавлагаа, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг шинжлэн судалсан нотлох баримтуудаар няцаагдаж байгааг дурдах нь зүйтэй ... гэжээ. Тухайлбал ямар гэрч, ямар архивын лавлагаагаар намайг өмчгүй гэдгийг яаж няцаасан юм бэ, шүүхийн шийдвэр иргэн хүн уншихад ойлгомжтой байх ёстой. ХХ-85 дугаар талд гэрч Д.Ч-ын мэдүүлэгт ... тухайн малд ухам ганзага нихлээстэй мал байсан. Б нь манай ахын мал гэж байсан... гэж мэдүүлсэн байдаг. Шүүх хуралдаанд манай өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нь О ... та өөрийгөө ямаатай байсан гээд байна, тэр ямаанууд ямар имтэй байсан юм бэ гэж асуухад, О нь онь ганзага имтэй байсан гэж хариулсан. Мөн шүүх хуралдаанд хариуцагч Б нь... тууж явсан ямаан дотор ямар ч байсан нэг ямаа онь ганзагатай им тамгатай байсан... гэж мэдүүлсэн / хуралдааны тэмдэглэлийн 7-р хуудсанд/ зэргээс харахад О 31 тооны ямааг тууж авч явсан гэх ямаанууд нь бүгд миний им тамгатай ямаанууд болох нь гэрч Д.Ч, хариуцагч Б нарын мэдүүлгүүдээр бүрэн дүүрэн нотлогдож байгаа зүйлийг, харин ч эсрэгээр нь няцаагдаж байна гэж дүгнээд, ямар учраас ямар баримтуудаар яаж няцаагдаж байгаа талаараа бичээгүй. Мөн Ш.О нь анх надтай суухаар ирэхдээ өөрийн гэх 34 тооны малтай ирсэн гэдэг боловч, хэрэгт Ш.О-ыг малтай байсан болохыг нотлох баримт /архивын лавлагаа / огт байдаггүй.

Шүүх хуралдааны үед шүүгч надаас: О танайд өнчин ишиг ч үгүй очсон юм уу? гэж, О асуухдаа: нэхэмжлэгч таныг өнчин ишиг ч үгүй ирсэн гэж байна гэх зэргээр асууж байсан. Би уг нь өнчин ишиг гэж огт яриагүй байхад, шүүгч маш сонин үг  хэллэг хэлж, хэт нэг талыг барьж асуулт тавьж хариулт авч байсанд маш их гомдолтой  байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т ...үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана ... гэжээ. Гэтэл дээрх шүүхийн шийдвэр нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Т.О 32 тооны ямаа буюу нэг ямааг зах зээлийн ханшаар 150,000 төгрөгөөр бодож 4,800,000 төгрөг, 62 ямаанаас 8 жилийн турш гарах 248 кг ноолуурын үнэ буюу 1 кг ноолуурыг зах зээлийн ханшаар 30,000 төгрөгөөр бодож 7,440,000 төгрөг, нийт 12,240,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Т.Б-ыг татан оролцуулсан байна. /хэргийн 36 дугаар тал/

Нэхэмжлэгч С.А нь 2009 онд би сумын төвд амьдрах болсон тул хамтран амьдарч байсан Ш.О-ын дүү Т.Б-од 62 тооны ямаа маллуулахаар өгсөн боловч аваагүй тул 31 ямааны үнийг, 62 ямаанаас гарах ноолуурын үнийг хариуцагч нараас гаргуулна гэж, хариуцагч нар 62 ямаа биш 31 ямааг Т.Б маллахаар хүлээн авч 2009 оны өвөл, 2010 оны хавар зуд болсон тул 1 ямаа үлдэж бусад нь үхэж хорогдсон гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын талаар мэтгэлцсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоож чадаагүй боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

Талууд малын тоо толгой дээр маргадаг боловч Ш.О, С.А нар нь хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2009 онд сумын төвд амьдрах болсон тул тодорхой тооны малыг маллуулахаар Ш.О-ын дүү Т.Б-од өгсөн, Т.Б малыг хүлээн авсан үйл баримтын талаар маргадаггүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Харин Т.Б-д малыг хадгалах үүрэг хугацаа, хөлс, хэрхэн буцаан өгөх талаар тохиролцоогүй нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иймээс Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.1.4-т зааснаар С.А нь хадгалуулсан буюу хариуцуулсан малаа Т.Б-ынд очиж авах үүрэгтэй, мөн хадгалуулсан эд хөрөнгөө буцаан шаардах эрх нь Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч буюу хадгалагчид гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлөх үүрэг Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт зааснаар тус тус үүснэ.

Гэвч нэхэмжлэгч нь “...зуданд мал үхсэн байна уу, хулгай авсан байна уу, надаас малыг минь авснаар Ш.О хариуцах л ёстой...” гэж тайлбарласан байх тул хариуцагч нарын зуданд мал үхсэн гэх тайлбарыг үгүйсгээгүй гэж үзэх үндэслэл болж байна. /хэргийн 25 дугаар хуудас/

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан. Нэхэмжлэгч С.А-гийн хариуцагч нарт холбогдуулан үүсгэсэн маргаан нь гэрээний үүрэгтэй холбоотой тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гурван жил байхаар заасан зохицуулалт маргаанд хамааралтай.

Иймээс нэхэмжлэгч С.А-д шаардах эрх хэзээ үүссэнийг нь тогтоох нь хэрэгт ач холбогдолтой.

Иргэний хуулийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд мөн хуулийн 76.2, 76.4 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс,  шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс үүсдэг.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “... хүүхэд сургуульд ороод төгсөөд сүүлд нь малаа авах болсон чинь үхээд дууссан. Ганц ямаа хүний хөхний сүүгээр мал болсон тэрийг авбал ав гэсэн. Би 62 ямаа өгч явуулчхаад ганц ямаа аваад яахав., ... 2014-2015 онд Т.Б-той би утсаар ярьсан юм. Тэгэхэд бүгд үхээд дууссан Ш.О-тай ярь гэж хэлсэн..., 2017 оноос Ш.О-аас нэхэж эхэлсэн ...” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч С.А-гийн хувьд хариуцагчаас хадгалж буй малыг бүрэн бүтэн буюу тоо, толгой, нас зүсээр нь буцаан шилжүүлэх боломжгүй болсон үйл баримтын талаар үгүйсгэсэн, няцаасан тайлбарыг гаргаагүй тул түүнд гэрээний үүргийг шаардах эрх нь малаа зуданд хорогдсоныг мэдсэн өдрөөс буюу 2014-2015 оноос гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь 2009 онд үүссэн харилцааны талаар маргаж буй атал шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцэхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Үүрэг хүлээсэн тал шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий үйлдэл хийсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдах боломжтой. Нэхэмжлэгч нь хариуцагч Ш.О-ыг хүүхдийн сургалтын төлбөр төлнө гэсэн боловч төлөөгүй гэх тайлбар гаргадаг боловч энэ нь маргааны үйл баримтад хамааралгүйгээс гадна шаардлагыг харилцан тооцсон тохиролцоо гэх нөхцөл байдал тэдний тайлбараар тогтоогдохгүй байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг шүүх гүйцэтгэсэн боловч тэдгээрийн мэдүүлгийн тэмдэглэлээр шаардах эрх үүссэн хугацааны талаар үйл баримтыг гэрчилж, нотолсон байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь хоёр хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч хариуцагч нарт оногдуулах хариуцлагын хэмжээг тодорхойлоогүй, нэхэмжлэлдээ малыг “гэр бүлийн хуваарьт хөрөнгө” гэж бичсэн боловч үндэслэлээ тогтвортой тайлбарлаж мэтгэлцэхгүй байна.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  харин маргаантай харилцаанд хамааралгүй Иргэний хуулийн 492 дугаар зүйл буюу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авч авсан, эзэмшсэнээс үүрэг гэх зохицуулалтыг хэрэглэсэн байх тул зөвтгөн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж  давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2 дахь хэсэг нь 492.2.1-492.2.4 гэх 4 заалттай байхад шүүх тухайн зүйл, хэсгийн заалтыг нарийвчлан баримталж хэрэглээгүй нь хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлд хариуцагч О-ын эцэг, эхийн нэрийг “Тогтох” гэж бичсэн, шүүх Т.О-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, харин Ш.О-ад холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай боловч Отгонбат нь иргэний улсын бүртгэлд эх “Шоовдор”-оор бүртгэгдсэн нь зохигчийн тайлбараар нотлогдсон тул хариуцагчийн эрх зүйн байдал тогтоогдсон гэж үзнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч С.А-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144/ШШ2020/00046 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дүгээр заалтын “...492 дугаар зүйлийн 492.2-т...” гэснийг “...75 дугаар зүйлийн 75.2.1, мөн хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт ” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.А-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй..

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.НАСАНЖАРГАЛ

         ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

                                                                        Ш.ТӨМӨРБААТАР