Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 116/ШШ2024/0002

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Дорнод шим агро ХХК, /РД:./,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******, *******,

          Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга нарын хоорондын “Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

         1.1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

           Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

          2.1. Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/85 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “*******” ХХК-д бэлчээрийн эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар 10000 га газрыг тус сумын “*******” багийн нутаг Шорвог орчим газарт 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.[1]

         2.2. Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/45 дугаар “Газар эзэмших эрх цуцлах тухай” захирамжаар ...******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар 10000 га газрыг эзэмшигч “*******” ХХК нь тухайн газраа 2 болон түүнээс дээш жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.[2]

         2.3. “Дорнод шим агро ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Дорнод аймгийн Засаг даргад хандан 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 42/23 тоот албан бичгээр гомдол гаргасны дагуу Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/2014 тоот албан бичгээр ...Захиргааны ерөнхий хуулийн 95, 98 дугаар зүйлд тус тус заасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжгүй болсон тул уг асуудлаар Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариуг хүргүүлжээ.[3]

        2.4. Нэхэмжлэгч Дорнод шим агро ХХК-аас Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.[4]

          Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

       3.1. Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/85 дугаар захирамжаар тус сумын ******* багийн нутаг Шорвог гэх газарт 10000 га газрыг бэлчээрийн эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгосон. Дээрхи захирамжаар газраа зориулалтын дагуу ашигласаар ирсэн. Мөн Газрын тухай хууль, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу газрын төлбөрийг жил бүр гүйцэт төлж ирсэн болно. Гэтэл ******* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/45 дугаар “Газар эзэмших эрх цуцлах тухай” захирамжийг гаргахдаа дараах хуулийг үндэслэн захирамжийн 1 дэх заалтаар “******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар 10000 га газрыг эзэмшигч “*******” ХХК нь тухайн газраа 2 болон түүнээс дээш жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийг дуусгавар болгосугай” шийдвэрлэсэн нь утга агуулгын хувьд ойлгомжгүй, хууль хэрэглээний хувьд алдаатай байна. Учир нь манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан тушаалын хууль зүйн үндэслэлийг судалж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. -Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлд Сумын Засаг даргын бүрэн эрхийг хуульчилж өгсөн байх ба маргаан бүхий захирамжид үндэслэсэн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.14-т заасан заалт нь манай компанийн газар ашиглах эрхийг шууд дуусгавар болгох үндэслэл бүхий заалт биш байна. Харин дээрх заалтыг үндэслэн манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан байгаа учир хариуцагч маргаан бүхий захирамжийг гаргахдаа аливаа хууль тогтоомж эсхүл Засгийн газар болон харъяалах дээд шатны Засаг даргын шийдвэр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Иймээс энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулах учиртай. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд заасны дагуу эсхүл Засгийн газар болон харъяалах дээд шатны Засаг даргын гаргасан ийм шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор танай компанийн эзэмшиж буй газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн тул уг асуудалтай холбоотой санал хүсэлт, холбогдох тайлбарыг гаргаж ирүүлнэ мэдэгдлийг манай компанид хүргүүлсний дараа газар цуцлах үндэслэл байна гэж үзвэл манай компанийн газар эзэмших эрхийг цуцлах ёстой. Гэвч оролцогчийг сонсох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй нь газар эзэмшигч манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл боллоо. -Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг нийслэл, сум дүүргийн засаг дарга газар эзэмшигч, ашиглагчийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй. Маргаан бүхий А/45 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэсэн байна.  Энэхүү заалтыг үндэслэсэн байгаагаас үзвэл манай компанийг газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн гэж үзэхээр байна. Гэвч манай компани газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн зүйл байхгүй болно. Харин маргаан бүхий захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны байгууллага шинээр захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, мөн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу гаргах гэж буй захиргааны акттай холбоотой нотлох баримтыг цуглуулах ажиллагаа хийх үүрэгтэй. Энэхүү үүргээ хариуцагч биелүүлээгүй, сонсох ажиллагааг зохион байгуулаагүйн улмаас бодит нөхцөл байдалд тохирсон хуульд нийцсэн захиргааны акт гаргаагүй байна. Учир нь манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шинэчлэн олгосон болно. Гэрчилгээг шинэчлэн авснаас хойш ковид-19 цар тахал дэлхий нийтэд тархсаны улмаас 2 жилийн хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэсэн хэдий ч манай компанийн зүгээс газар эзэмших гэрээ, газар эзэмшүүлэх гэрчилгээнд заасан зориулалтын дагуу эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэхээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн гэрээ хэлцэл байгуулан ажиллаж байсан билээ. Гэтэл хариуцагч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хэзээ шинэчлэн олгосон 2020, 2021, 2022 онуудад ямар шалтгаан нөхцөл байдлын улмаас газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй талаарх бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийж нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулсан бол хууль зөрчсөн маргаан бүхий А/45 дугаар захирамжийг гаргахгүй байсан гэж үзэж байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлд тус тус заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Дорнод аймгийн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд Дорнод аймгийн Засаг дарга манай компанийн гаргасан гомдлыг хянаад 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/2014 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/45 дугаар “Газар эзэмших эрх цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

         3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн хувьд 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Манай компанийн хувьд газар тариалан эрхлэх үйл ажиллагааг явуулдаг. ******* багийн нутагт 15 жилийн хугацаатайгаар газрыг эзэмшиж ирсэн. Гэтэл 2023 оны 03 дугаар сард газар эзэмших эрхийг ******* сумын Засаг даргаас цуцалсан. Ингэхдээ 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэх мэт утга агуулга тодорхой бус захирамжийг гаргасан. Мөн ингэхдээ маргаан бүхий акт дээр тодорхой бус утга агуулгатай хуулийн заалтыг баримталсан байна. Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчиж байгаа гэж харж байна. Үндэслэл болгож байгаа хуулийн заалтыг тодорхой заах талаар дурдсан байдаг. Гэтэл Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.14 дэх хэсэг нь өөр өөр төрлийн харилцаагаа зохицуулж байгаа. Яг Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу цуцалсан гэж харагдахгүй байна. Мэдээж Засгийн газар эсвэл Засаг даргаас гаргаж байгаа шийдвэрийг хэрэгжүүлж байгаа тохиолдолд мэдэгдэх ажиллагааг зайлшгүй хийх ёстой. Гэвч Засаг даргаас шууд маргаан бүхий актыг гаргаж мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулаагүй. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсгийг баримталж захирамжийг гаргасан. Талуудын хувьд сүүлд шинээр газар эзэмших гэрээг байгуулсан. Гэтэл энэ гэрээний аль хэсгийг ноцтой зөрчсөн болох нь тодорхой бус байна. Улсын Дээд шүүхийн тайлбарт нэг зөрчлийг давтан, эсвэл өөр өөр зөрчил гаргахыг удаа дараа нэрлэнэ гэж тодорхой тайлбарласан байдаг. Яг одоо хэрэгт авагдсан баримтаар бидэнд нэг ч удаа зөрчил гаргаад байна гэдгийг мэдэгдсэн зүйл байдаггүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг баримталсан нь биднийг эзэмшиж буй газраа зориулалтын дагуу 2 жил дарааллан ашиглаагүй гэж үзсэн болж байна. Тэгвэл энэ талаар ямар нотлох баримт байгаа нь мэдэгдэхгүй байна. Зүгээр хуулийн заалтыг үндэслэл болгоод л газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь харагдаж байна. Газар эзэмших гэрчилгээ гэж яг юуг хэлээд байгааг тайлбарлах хэрэгтэй болж байна. Энэ нь газар эзэмших эрхийг баталгаажуулж байгаа баримт бичиг юм. Бид анх тухайн газрыг 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг олж авсан. Яг үүнийг эзэмшиж байх хугацаанд давагдашгүй хүчин зүйл буюу “Ковид-19” өвчний үе таарсан. Энэ цаг хугацаанд ямар ч аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Энэ өвчний талаар дэлхий нийтээр мэдэж байгаа учраас нийтэд илэрхий баримт гэж бодож байна. Бид “Ашид Арвижих үндэс” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж 100 үнээг тугалтай нь худалдаж авах гэрээг байгуулсан байсан. Бид үйл ажиллагаагаа эрхлэхийг л хүсч ирсэн. Гэвч бидэнд боломж олдоогүй. Өвчлөлийн үед нийтийн хөл хорио тогтоосон байсан. Эдгээр шалтгаануудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

         3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын газрыг бусдад эзэмшүүлэх талаар зохицуулалтыг хэрэгт хавсаргасан бөгөөд газрыг зөвхөн эрхийн гэрчилгээгээр бусдад эзэмшүүлдэг талаар дурдсан байдаг. Гэтэл энэ эрхийн гэрчилгээг 2020 онд шинэчлэн олгосон. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгээр ч гэсэн газрын гэрчилгээгээр газрыг олгодог талаар зааж өгсөн байдаг. 2020 онд шинэчилсэн гэрчилгээ олгогдсон цаг үеэс хойш Ковид-19 өвчний нөхцөл байдал улс орон даяар, дэлхий даяар үүссэн. Газрын гэрээ гэдэг нь Засаг дарга болон аж ахуй нэгжийн дунд хийгдсэн гэрээ юм. ******* сумын Засаг даргын зүгээс энэ гэрээг удаа дараа зөрчсөн гэж буруутгаж байна. Гэтэл байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас газраа эзэмших, ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан цаг хугацаа хамаарч байгааг ойлгох хэрэгтэй. Тиймээс 2021 оны төгсгөл үеийг хүртэл газраа ашиглах боломжгүй нөхцөл байдалтай байсан. 2023 оны 03 дугаар сард захирамж гарсан. Давагдашгүй нөхцөл байдал дуусгавар болсон цагаас захирамж гарсан хугацаа нь бүтэн хоёр жил хүрэхгүй байна. “*******” ХХК нь уг хугацаанд огт хөдөлгөөнгүй суусан юм биш. Газраа ашиглах талаар үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн үр дагавар үүсгэсэн талаар дурдах шаардлагатай болж байна. Хамтран ажиллах гэрээг байгуулж, эдийн засгийн харилцаанд орсон байгаа. Энэ үед итгэлийг хамгаалах зарчим хэрэгжиж эхлэх ёстой, ...сонсох ажиллагаа хийгээгүй байна. Хэрэв сонсох ажиллагаа хийсэн бол бид өөрт байгаа баримтуудаа хариуцагч талд тайлбарлах боломжтой байсан. Мөн хариуцагч тал хариу тайлбартаа газрын төлбөрийн талаар дурдсан байсан. Энэ нь маргаан бүхий захиргааны акттай хамаарахгүй асуудал байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

           3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлд захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэж заасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан байна. Газар эзэмших ашиглах эрх олж авсан этгээдийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан 7 үндэслэлийг дагаж мөрдөхөөр хуульчилж байгаа. Яг одоогийн маргаан бүхий актын баримталсан үндэслэл нь 40.1.6 дахь хэсэг буюу эзэмшиж буй газраа 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлийг заасан байна. Захирамжийн нэг дэх хэсэгт Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болгохоор заагаад араас нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг баримталж байгаа нь зохимжгүй юм. Гэрээний хугацааг сунгах хүсэлтийг гаргаагүй бол, аж ахуй нэгж татан буугдсан бол, гэрээгээ цуцлах хүсэлтийг эзэмшигч гаргасан бол гэх мэт зохицуулалтыг зааж өгсөн байдаг. Гэтэл эдгээр нөхцөл байдал үүсээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч талаас энэхүү шийдвэрийг гаргахтай холбоотой хувийн хэргийг авах хүсэлтийг гаргасан. Хариуцагч талаас А/45 тоот захирамжийг гаргахын тулд яг ямар шийдвэрийг үндэслэж байгаа нь тодорхой бус байна. Тиймээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх хэсгийг баримталж байгаа бол нотлох, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх, мөн сонсох ажиллагааг хийх ёстой байсан. Тухайн бүс нутгийг тусгай хэрэгцээнд авлаа, эсвэл улсын тусгай хэрэгцээнд авсан эсэх талаар баримтыг гаргаж өгөх ёстой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Засгийн газраас тухайн бүс нутагтай холбоотой гаргасан шийдвэр баримтаар авагдаагүй байна. Хариуцагч талаас энэ талаар баримтыг гаргаж өгөөгүй. Тиймээс Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн Дорнод аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу тухайн бүс газрыг эзэмших, ашиглуулахыг хориглосон шийдвэр байхгүй байна. Энэ талаар баримт ч байхгүй, тайлбарт ч тусгагдсан зүйл байхгүй байна. Улсын Дээд шүүхийн тайлбарт Газрын тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан заалтыг тайлбарлахдаа удаа дараа гэдэг нь хоёр буюу түүнээс дээш удаа зөрчил гаргасан байхыг шаардана гэж дурдсан байдаг. Ийм нөхцөл байдал үүссэн бол сонсох, мэдэгдэх ажиллагаа давхар хийгдэх ёстой байсан. Захиргааны акт нь ойлгомжгүй, утга агуулга тодорхой бус байна. Гэрээнд ямар зүйлийг ноцтой зөрчил гэж үзэх вэ гэдгийг нэг бүрчлэн нэрлэн заах ёстой. Энэхүү ноцтой зөрчлийг газар эзэмшигч гаргасан бол ноцтой зөрчил гэж үзэхээр байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг мөн дурдсан байдаг. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй байхыг шаарддаг. Хоёр болон түүнээс дээш жил ашиглаагүй гэж захирамжинд дурдсан байгаа учраас 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлийг баримталсан байна гэж ойлгосон. Хариуцагч тал энэ байдлыг яаж нотолж байгаа нь үнэхээр тодорхой бус байна. 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/153 дугаар захирамжийг үндэслэж шинээр гэрчилгээг олгосон. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд хугацааг тоолох талаар дурдсан байдаг. Шинэчилж олгосон бичиг баримттай холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөл байдал үүснэ. Үүнтэй холбоотойгоор 2020 оноос 2 жил дараалан ашиглаагүй гэдэг зүйлийг тооцох ёстой болно. Ковид-19 өвчин нь нийтэд илэрхий баримт юм. 2020 оны 11 дүгээр сард дотоодын халдвар бүртгэгдэж эхэлсэн. Бүтэн хуанлийн 2 жил дараалан үргэлжилсэн нөхцөл байдлын үед газрыг эзэмших, ашиглах ямар ч боломжгүй байсан. Бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн хэлбэр болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

            3.5. Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь анх орон нутагт үйл ажиллагаа явуулахаар ******* сумаас газар эзэмших эрхийг авсан. Тус компанийн зүгээс 2015 онд бэлчээрийн газрыг хэлэхгүйгээр зориулалтыг өөрчлөн дур мэдэн химийн бодис тариалах гэж байсан нь ноцтой зөрчил мөн. Энэ талаар мэргэжлийн байгууллагаас акт хүртэл гарч байсан учраас нотлох бүрэн боломжтой гэж үзэж байна. Дараагийн дугаарт нэхэмжлэгч талаас “бүх бичиг баримтаа алга болгосон учраас гэрчилгээг шинэчилж гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан. Энэ талаар баримт нь ч гэсэн хэрэгт байх ёстой. Гэрчилгээ л шинээр солигдсон байгаа. Тэрнээс биш үндсэн үйл ажиллагааны зарчим хэвээр үргэлжилж байсан. Ийм ноцтой зөрчил гаргаж байсан аж ахуй нэгжтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Улсын байцаагчийн зүгээс зөрчилд акт ногдуулж байсан. Гэрчилгээг гээгдүүлсэн учраас шинэчилж олгосон гэдгийг сая тайлбарласан. Ер нь бол анх газар олгохдоо ч гэсэн буруу шийдвэр гаргаж олгосон гэж хэлж болохоор байна. Сонсох ажиллагааны талаар асуудлыг ярьж байна. Бид сонсох ажиллагааг хийх талаар мэдэгдлийг өгч байсан. Албан бичгийг ч гэсэн аж ахуйн нэгжийн хаягаар хүргүүлж байсан. Энэ үед газрын тухай хуулийг зөрчсөн учраас цуцлах гэж байгаа талаар мэдэгдсэн. Зөрчлүүд илэрч байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          4. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            5. Анх Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/85 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “*******” ХХК-д бэлчээрийн эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар 10000 га газрыг тус сумын “*******” багийн нутаг Шорвог орчим газарт 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.[5]

          5.1 Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/136 дугаар захирамжаар “*******” ХХК-д эзэмшүүлсэн 10000 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

          5.2 Мөн Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/153 дугаар захирамжаар “*******” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ******* сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/136 дугаар захирамжаа эргээд хүчингүй болгожээ.

         6. Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/45 дугаар “Газар эзэмших эрх цуцлах тухай” захирамжаар ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар 10000 га газрыг эзэмшигч “*******” ХХК нь тухайн газраа 2 болон түүнээс дээш жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.[6]

          6.1 Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 4/1773 дугаартай ... “*******” ХХК-аас 2023 оны 42/23 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад хандаж “манай компанийн эзэмших буй газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ******* сумын Засаг даргын шийдвэр хууль зөрчсөн байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх утга бүхий өргөдлийг гаргасан байна. Иймд тус өргөдөлд дурдсан асуудал бүрт холбогдох тайлбарыг нотлох баримтын хамт аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дотор ирүүлнэ үү гэсэн агуулга бүхий албан бичгийг Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад хүргүүлсэн. [7]

           6.2 Мөн Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 4/1898 дугаартай ... “*******” ХХК-ийн 2023 оны 42/23, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харьяа Дорнод аймаг дахь сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэнгийн захирлын 2023 оны 23/20 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад хандаж “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ******* сумын Засаг даргын шийдвэр хууль бус байх тул тус асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэх утга бүхий гомдлыг гаргасан. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуй нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус хуульчилсан. Үүний дагуу дээрх маргаануудыг шийдвэрлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2023 оны 4/1716, 4/1805 дугаар албан бичгээр “Танд хандаж, аймгийн Засаг даргын зүгээс нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хариу албан бичиг ирээгүй, мөн тус гомдлуудыг шийдвэрлэх хугацаа дуусч байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй, Төрийн байгууллага албан тушаалтан нь иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагаа “шуурхай, тасралтгүй байх” зарчим зөрчигдөж байна. Энэ талаар ******* сумын Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтанд удаа дараа мэдэгдсэн болно. Иймд тус гомдлуудыг шийдвэрлэх хугацаа дуусаж байгаа тул дээрхи албан бичгүүдийн хариуг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дотор ирүүлнэ үү” гэсэн албан бичгийг Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад дахин хүргүүлжээ.[8]

           6.3 “*******” ХХК-аас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Дорнод аймгийн Засаг даргад хандан 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 42/23 тоот албан бичгээр гомдол гаргасны дагуу Дорнод аймгийн Засаг даргаас 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/2014 тоот албан бичгээр ... Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс ******* сумын  Засаг даргад хандаж, аймгийн Засаг даргын зүгээс нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явуулсан. Гэвч дээрх албан бичгүүдэд заасан хугацаанд хариу ирүүлээгүй тул хуульд заасан гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд хариу ирүүлэхийг ******* сумын тамгын газрын холбогдох албан тушаалтнуудад утсаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гомдлыг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл, тайлбар, холбогдох шийдвэрийг ирүүлээгүй байна. Үүнтэй холбогдуулан гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд Захиргааны ерөнхий хуулийн 95, 98 дугаар зүйлд тус тус заасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжгүй болсон тул уг асуудлаар Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариуг  “*******” ХХК-д хүргүүлжээ.

              7.  “Эм Ай Си Си ҮЦХ” ХХК,  “*******” ХХК-уудын хооронд  2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээний зорилго нь Дорнод аймгийн ******* суманд махны чиглэлийн 500 үхэртэй фермер байгуулах төсөл бичиж, шаардлагатай санхүүжилтийг босгоход санхүүгийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд гэрээний урьдчилгаанд 2019, 2020 онуудад нийт 40 сая төгрөгийг шилжүүлсэн нь, мөн “*******” ХХК, “Ашид Арвижих Үндэс” ХХК-ууд 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах” гэрээ байгуулсан нь  хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            8. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга энэ хуульд заасан 7 үндэслэлээр зөвхөн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан. Гэтэл Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн маргаан бүхий Захиргааны акт болох А/45 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй” гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл дээрхи маргаан бүхий захиргааны акт болох ******* сумын Засаг даргын А/45 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох байтал газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа нь  Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн бөгөөд утга агуулгын илэрхий алдаатай шийдвэр байна гэж үзлээ.

            Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 9 жилийн өмнөх буюу 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн албан шаардлага нь[9] нэхэмжлэгч  “*******” ХХК-ийг шууд буруутгах үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл газар эзэмших гэрээний ямар заалтыг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй буюу удаа дараа зөрчсөн нь хууль хяналтын болон мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдоогүй байна.

       Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй” гэх хуулийн заалтын хувьд:Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдэг ойлголтыг ямар нэгэн давагдашгүй хүчний өөрчлөлтөөс тухайн газарт цөлжилт, эвдрэл бий болох мөн бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байхыг, зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх ойлголтыг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш 2 жилийн дотор газар эзэмшигч нар нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно.

        “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шинэчлэн олгохдоо Дорнод аймгийн ******* сумын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/136 дугаар хүчингүй болсон захирамжийг үндэслэн олгосон нь төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой юм. Өөрөөр хэлбэл дээрхи захирамжийг ******* сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/153 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Түүнээс хойш “*******” ХХК нь үйл ажиллагаагаа тогтмол явуулж төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, гэрээ байгуулж ирсэн нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн Ковид-19 цар тахал Дэлхийн нийтээр хүчтэй тархсан бөгөөд 2020 оноос Монгол Улсад хүчтэй тархаж, улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж аж ахуйн нэгж, албан байгууллагуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орсоныг дурдах нь зүйтэй.

          9. Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/45 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн. “*******” ХХК-аас дээрхи захирамжийг хүчингүй болгуулахаар Дорнод аймгийн Засаг даргад хандаж, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу  нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах зорилгоор 2 удаа албан бичгээр хандсан бөгөөд Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга огт хариу өгөөгүй нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ нь Дорнод аймгийн Засаг даргаас “*******” ХХК-ийн гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 95, 98 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх боломжгүйд хүргэсэн.

          9.1 Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/45 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ”Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн нь нэхэмжлэгчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагааг хэрхэн явуулсан нь тодорхойгүй энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Иймд “*******” ХХК-ийн Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д  заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай. 

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 116/ШЗ2023/0135 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

                   

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 30-р хуудас

[2] Хавтаст хэргийн 16-р хуудас

[3] Хавтаст хэргийн 17-р хуудас

[4] Хавтаст хэргийн 1-4-р хуудас

[5] Хавтаст хэргийн 30-33-р хуудас

[6] Хавтаст хэргийн

[7] Хавтаст хэргийн 18-р хуудас

[8] Хавтаст хэргийн 19-р хуудас

[9] Хавтаст хэргийн 34-р хуудас