Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/496

 

 Ц.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Отгонтөгс,

хохирогч Н.Б,

шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Т.Алтантуяа, Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ц.О-д холбогдох эрүүгийн 2110 00000 1167 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Ц.О, .................., /РД: ................../,

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 817 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч Ц.О нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 24-ний орой Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, .................. тоот гэртээ хамтран амьдрагч, хохирогч Н.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар хохирогчийг хутгалж, бие махбодид нь “цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн тал арьсан доорх хий хуралт, баруун хацар, хүзүү, баруун шууны шарх” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овогт Ц.О-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.О-г 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.О-н цагдан хоригдсон нийт 104 хоногийг түүний ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцож, хохирогч Н.Б нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.О-с нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нар хамтран гаргасан заалдах гомдол болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.О-н хувьд үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа талаараа мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг бүрт илэрхийлсээр ирсэн. Согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй хэдий ч хохирогч Н.Б-тай 5 литрийн савтай “шимийн нэрмэл архи” хуваан ууж, эмгэг согтолтын улмаас Ц.О-н ухамсарт ухаан, сэтгэл мэдрэлийн үйл ажиллагаа түр сарнин энэхүү гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Б-н “...би уйлаад “чи намайг хутгалчихлаа” гэтэл Ц.О байшингийн зуухны хавьд суугаад юу болсон талаар надаас асуугаад “би юу хийсэн бэ” гэж асуугаад болсон асуудлаа санахгүй байсан байх шиг байсан...” гэх мэдүүлгээс харагддаг. Хохирогч Н.Б... биед учирсан гэмтэл одоо хэвийн болсон, Ц.О түүний гэр бүлээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлдэг ба хавтас хэрэгт авагдаагүй боловч хохирогчийн эмчилгээнд тодорхой мөнгөн туслалцаа үзүүлсэн. Мөн Ц.О-н ар гэрээс хохирогчид анхаарал халамж тавихаа илэрхийлсэн. Хавтас хэрэгт “...хохирогчид учруулсан хүнд гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт авагдсан. Шүүгдэгч Ц.О-г яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эрхэлсэн тодорхой ажилгүй гээд байгаа боловч шүүгдэгч Ц.О нь төмөр замын замчин мэргэжилтэй, Таван толгойн төмөр замд замчнаар ажиллаж байгаад хүйтний улирлын зогсолт болон Ковидын нөхцөл байдлын улмаас түр зогсолтын цалингаа аваад Улаанбаатар хотод ажилгүй байсан. Иймээс хохирогч Н.Б-н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, миний биед учирсан гэмтэл одоо хэвийн болсон гэсэн мэдүүлэг, хохирогчийн эмчилгээнд зориулсан мөнгөн тусламж, түүний ажил хөдөлмөр эрхэлж байсан хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй мэдүүлгүүд, хохирогчид учирсан гэмтэл нь түүний хөдөлмөр эрхлэх боломжгүй болгоогүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч Ц.О-д Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 6 жилийн хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. Мөн шүүхийн эрх хэмжээнд хэрэглэх боломжтой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын дагуу оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Өөрийн болчимгүй алдаанаас болж энэ хэрэгт холбогдсон. Би маш их гэмшиж байна. ...” гэв.

Хохирогч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би шүүхээс Ц.О-д ийм олон жилийн хорих ял өгнө гэж бодоогүй. Бид 2 залуу хүмүүс, Ц.О-г ийм үйлдэл гаргахад нь би бас нөлөөлсөн гэж бодож байна. Би ч гэсэн буруутай. Надад гомдол, санал байхгүй. Ц.О-д оногдуулсан ялын хэмжээг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Мөн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, хохирогчийн амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан зэрэг байдлуудыг харгалзан үзэж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.О нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 24-ний орой Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, ............... тоот гэртээ хамтран амьдрагч, хохирогч Н.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар хохирогчийг хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн тал арьсан доорх хий хуралт, баруун хацар, хүзүү, баруун шууны шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Б-н “... Намайг буйдан дээр зурагт үзээд сууж байтал миний баруун талын шанаа хэсэгт Ц.О өөрийнхөө гар утсыг шидэхээр нь “чи ер нь яагаад байгаа юм” гэж хэлээд би нүүрэн тус газар нь 3 удаа алгадсан. ... Тухайн үед би “ууж идчихээд дандаа намайг зовоодог биз дээ” гэж хэлтэл Ц.О сууж байсан газраасаа босоод гал тогооны хэсэгт ороод хар өнгийн бариултай хутга аваад миний өөдөөс далайхаар нь би “арай ч миний биед зоохгүй байлгүй дээ” гэж бодоод зүгээр зогсож байтал миний цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгаараа дүрсэн. Би сандраад баруун гараа цээжнийхээ өмнө нь барьтал миний баруун гарын шуу хэсэгт хутгаараа хутгалтал би “цагдаа дуудаарай” гэж орилтол нөгөө хутгаа дээшээ толгой хэсэг рүү явуултал миний баруун талын эгэмнээс дээш баруун чихний доод тал хүртэл нь зүссэн. ...” /хх 20-21/,

гэрч Б.А “... Тэгээд эгч нэлээд уурлаж маргалдаж эхлэхэд Ц.О ах шургуулганаас хутга гаргаж ирээд баруун гартаа бариад эгчийг буйдан дээр сууж байхад нь шууд очиж хутгаараа 2 удаа дээрээс нь цээж хэсэг рүү дүрсэн. Эгч орилоод явчихаар нь би дүүгээ, хүүхдээ аваад хажуу айл руу тусламж дуудахаар орсон. ... Очироо ах Б эгчийг сууж байхад нь дээрээс нь хоёр удаа хутгаар дүрсэн ба би хажуу талаас нь харж байсан. ...” /хх 25/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Н.Б-н биед цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн зүүн тал, арьсан доорх хий хуралт, баруун хацар, хүзүү, баруун шууны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 11868 дугаартай дүгнэлт /хх 46/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-14/, Н.Б-н өвчний түүхийн хуулбар /хх 69-75/ зэрэг болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.О-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн шүүхээс шүүгдэгч Ц.О-г хохирогч Н.Б-н цээжин тус газарт хутгалж, цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн зүүн тал, арьсан доорх хий хуралт бүхий хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Харин прокуророос Ц.О-н үйлдлийг хохирогчид эрүүл мэндэд онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэн хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.О нь хохирогчийн биед хүнд гэмтэл учруулахдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шалгалгаж тарчлаан зовоосон гэх шинж буюу “онц харгис хэрцгий аргаар” үйлдсэн гэх шинж шүүгдэгчийн үйлдлээс тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Учир нь, онц харгис хэрцгий шинжийг олон тооны шарх гэмтэл учруулсан байдлыг дангаар нь ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгах зорилго бүхий хүсэл зоригийн нэгдлийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч Ц.О-н хувьд энэ нөхцөл байдлыг  хангалттай нотолж чадаагүй гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.О-г 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь энэ хэм хэмжээний агуулгад нийцсэн төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Гэвч шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Н.Б-н “гомдолгүй, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлт зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6 жилийн хорих ялыг 4 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ талаарх шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ц.О нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нийт 60 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж, ...” гэснийг “... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж, ...” гэж,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ц.О-г 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.О-г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь нийт 60 /жар/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ,

                   ШҮҮГЧ                                                                    Б.ЗОРИГ

                    ШҮҮГЧ                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

   ШҮҮГЧ                                                                    М.АЛДАР