| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00319/и |
| Дугаар | 152/ШШ2024/00305 |
| Огноо | 2024-07-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 152/ШШ2024/00305
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: И.Бгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч И.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч И.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1969 онд төрсөн, 55 настай. Увс аймгийн Тэс суманд 1985 онд 8 дугаар анги төгсөөд Архангай аймгийн Багш нарыг бэлтгэх сургуулийн цэцэрлэгийн багшийн ангид орж суралцсан. 1988 онд цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөж ирээд Увс аймгийн Тэс сумын Ясли, цэцэрлэгийн комбинатад 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүмүүжүүлэгч багшаар ажилд орсон. Би 1988-1996 онд Увс аймгийн Тэс сумын Ясли, цэцэрлэгийн комбинатад, 1997-2024 онд Улаангом сумын Нархан 3 дугаар цэцэрлэгт ажилласан. Одоо тэтгэвэрт гарах нас болсон тул бичиг баримтаа бүрдүүлэхэд 1990-1994 онд ажиллаж байсныг нотлох баримт Тэс сумын болон аймгийн архиваас олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Тэс сумын Ясли, цэцэрлэгийн комбинатад 1990-1994 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Тэс сумын Ясли-цэцэрлэгийн комбинатын 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаартай тушаал, Увс аймгийн Тэс сумын цэцэрлэгийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 154 дугаартай тодорхойлолт, И.Бгийн 398682 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, түүний 000149028 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 634456 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 263685 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Н.Тийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүний 340597 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс И.Бгийн ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
И.Бгийн хүсэлтээр шүүхийн журмаар Н.Тийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч И.Бийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. И.Б нь шүүхэд хандаж 1990 оноос 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Ясли, цэцэрлэгийн комбинатад хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч И.Бгийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч И.Б нь 1990-1994 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Ясли, цэцэрлэгийн комбинатад хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. И.Б нь 1988 онд Архангай аймаг дахь Багшийн сургуулийг цэцэрлэгийн багш мэргэжлээр төгсөөд Увс аймгийн Тэс сумын Ясли, цэцэрлэгийн комбинатад туслах багшаар ажиллаж эхэлсэн ба 2 жил ажиллаад хүмүүжүүлэгч багшаар томилогдсон. Улмаар 2024 онд 55 нас хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгох болж, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхэд түүний 1990-1994 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Ясли, цэцэрлэгийн комбинатад хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсныг нотлох баримт олдохгүй байгаа.
3.2. И.Б нь 1988-1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Ясли, цэцэрлэгийн комбинатад туслах багшаар ажиллаж байсан байдлаа шүүхийн журмаар тогтоолгосон бөгөөд одоо 1990-1994 оны хооронд тус байгууллагад хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлаа шүүхийн журмаар тогтоолгох шаардлагатай болсон. Дээрх хугацааг шүүхийн журмаар тогтоолгох нь төрөөс олгох тэтгэвэр, тэтгэмжээ авахад шаардлагатай байгаа тул 1990-1994 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Ясли, цэцэрлэгийн комбинатад хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 685 дугаартай албан бичгээр И.Бгийн ХААТР-1 маягтыг тус шүүхэд хуулбарлан ирүүлсэн. Тус ХААТР-1 маягтыг 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн байх бөгөөд тус маягтын 14 дүгээрт И.Бгийн ажилладаг байгууллага-Тэс сумын Ясли, цэцэрлэгийн комбинат, ажилд орсон он -1989 он, эрхэлдэг ажил- хүмүүжүүлэгч гэж тус тус тэмдэглэжээ.
Иймд дээрх үйл баримтад үндэслэн И.Бг 1989 онд Увс аймгийн Увс аймгийн Тэс сумын Ясли, цэцэрлэгийн комбинатад ажиллаж эхэлсэн ба 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар тус Ясли, цэцэрлэгийн комбинатад хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.
4.2. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 152/ШШ2024/00065 дугаар шийдвэрээр И.Бгийн 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустла хугацаанд Увс аймгийн Тэс сумын Ясли, цэцэрлэгийн комбинатад туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.
И.Б нь 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Тэс сумын Ясли, цэцэрлэгийн комбинатад туслах багшаар ажилд орж, 1989 оныг хүртэл тус байгууллагад багшаар ажиллаж байсан эсэх нь И.Б 1990 оны байдлаар тус байгууллагад ажиллаж байсан эсэх, 1990-1994 оны хооронд мөн багшаар ажиллаж байсан эсэх үйл баримтыг сэргээн тогтооход хамааралтай, ач холбогдолтой бөгөөд нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх тул шүүхээс дахин нотлох шаардлагагүй байна.
4.3. И.Бгийн хүсэлттэй, 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Ясли, цэцэрлэгийн комбинатад туслах багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад И.Бгийн хүсэлтээр Н.Ц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авчээ.
Гэрч Н.Ц нь шүүхэд “Миний бие 1990-1995 онд Увс аймгийн Тэс сумын ясли цэцэрлэгийн комбинатад тогоочоор ажиллаж байсан. 1990 онд намайг ажилд томилогдоход И.Б Увс аймгийн Тэс сумын ясли цэцэрлэгийн комбинатад багшаар ажиллаж байсан бөгөөд намайг ажлаас чөлөөлөгдөхөд тэндээ ажиллаад үлдсэн. Тухайн үед ясли нь тусдаа 2 багштай, цэцэрлэг 2 бүлэг 2 багш, 2 туслах багш, тогооч, нярав, эрхлэгч, манаач гэх 10 гаруй ажилчинтай байлаа. И.Б цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа нөхөр Д.Бадрахтай гэр бүл болж бид цэцэрлэг дотроо түүний үс гэзэг, хувцасыг нь бэлдэж өгч байсныг сайн санаж байна. И.Бг нэг сумын хүмүүсийн хувьд эртнээс таних бөгөөд бид 1990-1995 он хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн. Увс аймгийн Тэс сумын ясли цэцэрлэгийн комбинатын эрхлэгчээр Л.Ш гэх хүн ажиллаж байсан” гэж мэдүүлсэн байна.
Гэрч Н.Ц нь 1990-1995 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Ясли, цэцэрлэгийн комбинатад ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрээр тогтоогдсон байх тул гэрч Н.Ц мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үнэлэв.
4.4. Шүүхээс хүсэлт гаргагч И.Бгийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Н.Төмөрийг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсан.
Гэрч Н.Т нь шүүхэд “Миний бие 1986-2020 онд Увс аймгийн Тэс сумын ясли цэцэрлэгийн комбинат болон Тэс сумын цэцэрлэгт няраваар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. И.Б нь 1988 оны хичээлийн жил буюу 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Тэс сумын Ясли, цэцэрлэгийн комбинатад туслах багшаар ажилд орж байсан. Тэр цагаас хойш 1996 он хүртэл тус цэцэрлэгт туслах багш, багшаар ажилласан. Би И.Бг нэг сумын хүмүүсийн хувьд эртнээс таних бөгөөд тэрээр 1996 онд ажлаас чөлөөлөгдөн Улаангом сум руу нүүсэн. Увс аймгийн Тэс сумын ясли цэцэрлэгийн комбинат болон Тэс сумын цэцэрлэгийн эрхлэгчээр Л.Ш, Я.Ц гэх хүмүүс ажиллаж байсан” гэж мэдүүлжээ.
Гэрч Н.Т нь 1990-1995 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Ясли, цэцэрлэгийн комбинатад ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрч Н.Тийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4.5. Хүсэлт гаргагч И.Бгээс 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдөр түүнд олгосон 398682 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Тус хөдөлмөрийн дэвтэрт “Тэс сумын Ясли, цэцэрлэгийн комбинатын эрхлэгчийн 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 08 тоот тушаалаар тус комбинатад туслах багшаар, мөн тус комбинатын эрхлэгчийн 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 тоот тушаалаар туслах багшаас чөлөөлж, хүмүүжүүлэгч багшаар томилон ажиллуулав гэж тэмдэглэжээ.
Дээрх хөдөлмөрийн дэвтрийн хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байх бөгөөд тус дэвтрийн бичилт нь хэрэгт авагдсан Увс аймгийн Тэс сумын Ясли, цэцэрлэгийн эрхлэгчийн комбинатын эрхлэгчийн 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаар тушаал, Увс аймгийн Тэс сумын Цэцэрлэгийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай тодорхойлолтоор давхар нотлогдож байна.
5. Иймд шүүхээс хүсэлт гаргагч И.Бг 1990-1994 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Ясли, цэцэрлэгийн комбинатад хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байх тул түүний хүсэлтийг бүхэлд нь хангаж, 1990-1994 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Ясли, цэцэрлэгийн комбинат болон Тэс сумын Цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6. Шүүхээс хүсэлт гаргагч И.Бгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Огсог овогт И.Бгийн 1990-1994 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Ясли, цэцэрлэгийн комбинат болон Тэс сумын Цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч И.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА