Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 259

 

Л.Д-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар магадлалтай, Л.Д-т холбогдох 201719000152 дугаартай эрүүгийн хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Г.Гэрэлтуяагийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Б овогт Л-ийн Д нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохироох”, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан “Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Д-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүнийг амь нас хохирсон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар 5 жил 4 сар хорих ял, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийл ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих болгон сольж, ялыг нэмж  нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Д-т оногдуулсан 5 жил 6 сар хорих ялыг 7 жил 10 сар хорих ял болгон  хүндрүүлж, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Г.Гэрэлтуяагийн бичсэн болон шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолоор Л.Д-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар магадлалаар прокурорын гаргасан “Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасалгүйгээр 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шийдвэрлэсэн” гэсэн эсэргүүцэл, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар болон тэдний өмгөөлөгчийн гаргасан “шүүгдэгч Л.Д-т оногдуулсан хорих ялыг хүндрүүлэх” агуулгатай давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар оногдуулсан 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 7 жил 10 сар хорих ял болгон ялыг хүндрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны.өдрийн 01 дугаартай дүгнэлтээр “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14, Арванесдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байна. Монгол Улсын Их хурал Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн давж заалдах болон хяналтын шатны шүүхийн “шүүгдэгчийн ялыг хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” эрх хэмжээтэй холбоотой заалтуудад зохих өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ...” шинэ нөхцөл илэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэл бий болж байна.

Иймд Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Д-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт хорих ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаартай магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1.2-т заасныг баримтлан хяналтын шатны шүүхэд прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяагийн бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтийг үндэслэн Л.Д-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасны дагуу хянахдаа уг зүйлийн 1 дэх хэсэгт заасан 4 үндэслэл тогтоогдсон тохиолдолд прокурор мөн хуулийн 41.4 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх дүгнэлтээ анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхэд, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хяналтын шатны шүүхэд гаргахаар зохицуулсан байна.

Дээрх зохицуулалтын дагуу прокуророос Л.Д-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “... шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан” шинэ нөхцөл байдал илэрсэн гэсэн үндэслэлээр дүгнэлт бичиж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолоор Л.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар 5 жил 4 сар хорих ял, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийл ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 2 сар хорих ял болгон сольж, ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоосныг Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар магадлалаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 7 жил 10 сар болгон хүндрүүлж, нийт эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрт хэргийн оролцогч нар хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаагүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгүүдэд зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болохоор хуульчлагдсан болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хуулийн дээрх зохицуулалтын ял хүндрүүлэх хэсэгтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн  Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “...шүүхийн шийдвэрийг давж заалдах...эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэн, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн 01 дүгээр дүгнэлт гаргасныг Монгол Улсын Их хурал хүлээн зөвшөөрч 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгүүдэд заасан “ял хүндрүүлэх” тухай зохицуулалтад өөрчлөлт оруулснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх ял хүндрүүлэх эрхгүй болж, 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш давж заалдах болон хяналтын шатны шүүхээс ял хүндрүүлсэн хэргүүдийг дахин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Иймээс прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтад өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын 1 дэх заалтыг хүчингүй болгож, магадлалын бусад өөрчлөлтийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял заавал хэрэглэхээр хуульчилсан байтал анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Д-т нэмэгдэл ял хэрэглээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн боловч энэ нь оногдуулсан ялыг хүндрүүлсэн нөхцөл байдалд тооцогдох тул эрх хасах нэмэгдэл ялыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтад оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгож, магадлалын бусад өөрчлөлтийг хэвээр үлдээсүгэй.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН