Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 347

 

Я.П-ийн нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:       Л.Атарцэцэг

Шүүгчид:                     Х.Батсүрэн

                                    Б.Мөнхтуяа

                                    Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: 1998 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгалын шимтгэлд илүү төлөгдсөн 12.172.336 төгрөгийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулах, тэтгэвэр тогтоох хувьд оруулан тооцолгүй хассан 24 хоногт ногдох илүү төлөгдсөн 210.000 төгрөг, нийт 12.382.336 төгрөгийн илүү төлөлтөд тэтгэвэр авч эхэлсэн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацаагаар тооцсон 6.191.168 төгрөгийн анзыг тус тус нэхэмжлэгчид олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0309 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0383 дугаар магадлалтай,

 

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Я.П

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Т.Т нар,

Нэхэмжлэгч Я.П-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0309 дүгээр шийдвэрээр: 1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-ийн 1, 15 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 4, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “1998 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгалын шимтгэлд илүү төлөгдсөн 12.172.336 төгрөг, тэтгэвэр тогтоох хувьд оруулан тооцохгүй гэж үзэж хассан 24 хоногт ногдох илүү төлөгдсөн 210.000 төгрөг, нийт 12.382.336 төгрөгийн илүү төлөлтөд тэтгэвэр авч эхэлсэн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацаагаар тооцсон 6.191.168 төгрөгийн анзыг тус тус нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэгч Я.П нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.П “Тэтгэврийн нэмэгдэл тооцох хувь тогтоохдоо 18 сараар 2.25 хувиар тогтоосныг нэмэгдэл тооцох хугацааг 24 сар болгож тэтгэвэр нэмэгдүүлэх хувийг 3 хувиар тогтоож тэтгэврийн нэмэгдлийг дахин тооцож олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн зөвшөөрлийг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0383 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0309 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Пнэхэмжлэлийн шаардлагаас “1998 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлд илүү төлөгдсөн 3.115.262 төгрөгийг гаргуулах тухай” хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Я.П“тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгалын шимтгэлд илүү төлөгдсөн 9.057.074 төгрөгийг гаргуулах, тэтгэвэр тогтоох хувьд оруулан тооцохгүй гэж хассан 24 хоногт ногдох илүү төлөгдсөн 210.000 төгрөг, илүү төлөлтөд тэтгэвэр авч эхэлсэн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацаагаар тооцсон анзыг олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг “4”, 4 дэх заалтын дугаарыг “5”, 5 дахь заалтын дугаарыг “6” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

         Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Я.Пүрвээ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хуулийг хэрэгжүүлэхдээ харилцан адил тэгш, тэнцвэртэй байх зарчмыг зөрчин хуулийн заалтуудыг буруу ойлголтоор хэрэглэж, нэг талыг баримталсан байдлаар гарсан шийдвэр болсон бөгөөд аж төрөхийн тулд нийгмийн баялгийн тодорхой хэсгийг хуулийн дагуу шударгаар олж авч өөрийн болгон захиран зарцуулах эрхийг маань хязгаарласан, нөгөө талаар шударгаар олж авсан хүн бүрийн болон гэр бүлийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг оролцуулан амьдралын хүрэлцээтэй түвшинд амьдралынхаа нөхцөлийг байнга сайжруулах, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн эрхийг маань үгүйсгэсэн үйлдэл гэж үзэж байна. Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон нь хуулийг буруу хэрэглэж миний эрх ашгийг хохироож байна.

4. Тэтгэвэр бүрэн тогтоогдоогүй тэтгэврийг шинэчлэн тогтоож зөрүүг олгох тухай Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 597 дугаар шийдвэр хэрэгжээгүй тул илүү төлөгдсөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг буцаан авах нэхэмжлэлийг энэ шийдвэр, магадлалд хамааруулан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь миний тэтгэврээ бүрэн хэмжээгээр авах нөхцөлийг үгүйсгэж байна. Энэ нь Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоосныг харгалзан үзээгүй ийм хязгаарлалтуудыг Засгийн газрын 2000 оны 108, 155, 2002 оны 263, 2004 оны 4, 2005 оны 112, 2006 оны 14, 2007 оны 174, 2007 оны 240, 2007 оны 350, 2011 оны 01, 2012 оны 153, 2014 оны 15 тогтоолуудаар тогтоосон хязгаарлалтын улмаас илүү төлөлт үүссэн байдлыг харгалзаагүйтэй холбоотой. Мөн тухайн сард төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хязгаар нь хязгаарлалт тогтоогдсон цалин, хөдөлмөрийн хөлсний дүнгээс давахгүй байх агуулгыг илэрхийлж байгаа бөгөөд илүү төлөлтийг 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т илүү төлсөн шимтгэлийг эргүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулахаар заасныг баримтлалгүйгээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан зааврын дагуу 2011 оноос илүү төлөлтийг олгоно гэсэн үндэслэлийг баримталсан нь аргачлалыг хуулиас дээгүүр тавьсан үйлчлэлийг хэрэглэсэн буруу үйл ажиллагаа юм.

5. Тэтгэвэр тогтоох хувь тооцоход оруулан тооцоогүй хассан 24 хоногт ногдох илүү төлөгдсөн 210.000 төгрөгийг дан ганц даатгуулагч буюу нэхэмжлэгчээс тогтоосон хэмжээнээс илүү нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж үзэхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь ажилтны цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийгдсэнийг зөвтгөсөн бөгөөд хуулийг буруугаар ашиглан нийгмийн даатгалын санд төвлөрүүлж байгаа хөрөнгийг нэмэгдүүлж байгаа хууль бус ажиллагааг дэмжсэн үйлдэл юм. Энэ байдал нь миний хувьд ч биш тэтгэвэр тогтоолгосон дийлэнхийн хувьд хэвшмэл үзэгдэл болон тогтож, гажуудлыг арилгахгүй байх үүдийг нээн өгч байна. Дээр дурдсан асуудлуудыг дагалдан анзын асуудал шийдэгдэх тул тусгайлсан гомдолгүй болно гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

7. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд “Даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дээд хэмжээ, дунджийг тодорхойлох журмыг Засгийн газар тогтооно”/ энэ зүйлд 1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар “дээд хэмжээ” гэж нэмсэнийг мөн оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар бүхэлд нь өөрчлөн найруулсан/, 15 дугаар зүйлийн 7-д “Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно”/ энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулагдсан/ гэж заасан байна.

8. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоосноор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг хязгаарласан байна.

9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Я.Пнэхэмжлэлийн шаардлагад хамаарах 1998 оны 7 дугаар сарын 01-нээс 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь дээрх 92 дугаар тогтоолоор хязгаарласан хэмжээнд буюу сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс хэтэрсэн орлогоос төлөөгүй нь тогтоогджээ.

10. Иймд, Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т заасан “илүү төлсөн шимтгэлийг эгүүлэн авах” эрх нэхэмжлэгчид үүсэхгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

11. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр 2, 15 дугаар зүйлийн 1-д тус тус заасны дагуу төрийн албан хаагч нь албан журмаар нийгмийн даатгалд даатгуулах, хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, нийгмийн даатгал нь даатгуулагчаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулгатай тул нэхэмжлэгчийн “тэтгэврийн нэмэгдэлд оруулан тооцоогүй тул төлсөн шимтгэлээ буцаан авна” гэх үндэслэлээр түүний нэхэмжилсэн 210000 төгрөг /үүний 10000 нь даатгуулагчийн төлсөн/-ийг буцаан олгох эрх зүйн үндэслэлгүй.

12. Дээрх байдалд үндэслэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0383 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Я.Пгомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.АТАРЦЭЦЭГ

 

   ШҮҮГЧ                                                       Ч.ТУНГАЛАГ