| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00135/и |
| Дугаар | 152/ШШ2024/00310 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 152/ШШ2024/00310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ж.Дийн,
Нас тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ж.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1963 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Намайг 1963 онд төрсөн гэхийг манай ах Ж.Б болон Г.Б нар гэрчилдэг юм. Тухайн үед аав, ээж хичээлд оруулахгүй гэх шалтгаанаар 2 нас дарж бүртгүүлсэн гэж ярьдаг юм. Одоо миний бичиг баримт дээр 1965 онд төрсөн гэж явдаг. Улсын бүртгэлийн хэлтсээс 1963-1965 онуудад төрсний бүртгэлийн лавлагааг шүүлгэхэд гарахгүй байна. Харин миний төрсөн ах Балжинням 1963 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн гэх лавлагаа байгаа. Төрсөн он зөрүүтэйгээс болж миний эрх ашиг зөрчигдөж байгаа учир намайг 1963 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Ж.Б төрсний бүртгэлийн лавлагаа, Г.Б, Ж.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Ж.Дийн төрсний бүртгэлгүй лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ж.Б, Ж.Б, Ж.Жнарын төрснийг бүртгэх анкет, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас Хүн ам, орон сууцны 1989, 2000 оны тооллогын бүртгэлээс Ж.Д, Ж.Ж, Ж.Б нарт холбогдох хүн амын тооллогын лавлагааг нотлох баримтаар бүрдүүлэв.
Шүүхийн журмаар шинжээч томилж, Ж.Д нь хэдэн настай байж болох тухай шинжээчийн дүгнэлт гаргуулав.
Хүсэлт гаргагч Ж.Дийн хүсэлтээр Ж.Б, Г.Б нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж.Дийн хүсэлтийг хангах үндэслэлтэй.
2. Ж.Д нь шүүхэд хандаж 1963 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Ж.Дийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.13 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Ж.Д нь 1963 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Ж.Д нь 1693 онд төрсөн боловч түүний эцэг, эх нь мал аж ахуй эрхэлж амьдардаг хүмүүс байсан учраас хүүхдээ ерөнхий боловсролын сургуульд хамрагдах хугацааг хойшлуулах зорилгоор 2 нас хасч, 1965 онд төрсөн гэж бүртгүүлсэн.
3.2. Ж.Дийн ах Ж.Б нь 1954 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн боловч төрсний бүртгэлд 1963 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн гэж бүртгэгдсэн. Бодит байдал дээр ах Ж.Б нь 1954 онд төрсөн болох нь түүний төрснийг бүртгэх анкет, 1989 оны хүн амын тооллогын лавлагаа зэрэг баримтаар нотлогддог.
Иймд миний төрсөн он, сар, өдөр болох 1963 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ах Ж.Быг төрсөн мэтээр давхардуулан бүртгэж, намайг 1965 онд төрсөн гэж хоёр насны зөрүүтэй бүртгэснээр миний бие 2023 онд 60 настайдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүсч, эрх зөрчигдөж байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 692 дугаартай албан бичгээр тус шүүхэд Ж.Бын төрөгсдийг бүртгэх анкетыг хуулбарлан ирүүлжээ. Тус анкетыг 1955 оны 6 дугаар сарын 05-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд Ж.Б, 1954 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эцэг Бонтооны Жутаг, Муухүүгийн Хокио, нэг дэх хүүхэд гэж тэмдэглэжээ.
Түүнчлэн, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ж.Бын төрсний бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргуулахад, Ж.Бд холбогдох, 1954 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эцэг Бонтооны Жутаг, эх Мукуугийн Хокио гэх лавлагаа болон Ж.Бд холбогдох, 1963 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эцэг Бонтооны Жутаг, эх Мукуйн Хокоо гэх лавлагааг тус тус ирүүлжээ.
4.2. Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 02/389 дүгээр албан бичгээр Ж.Б, Ж.Б, Ж.Ж, Ж.Д нарт холбогдох хүн ам, орон сууцны 1989, 2000 оны тооллогын лавлагааг нотлох баримтаар ирүүлсэн.
Үндэсний төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 03-05/2075 тоот лавлагаанд Ж.Б нь 1989 оны байдлаар 34 настай, эхнэр Н.Катя 33 настай, охин Б.Эрднэбилэг 11 настай гэж тус тус тэмдэглэгджээ.
Ийнхүү Ж.Б нь 1989 оны байдлаар 11 настай хүүхэдтэй, эхнэр нь 33 настай, өөрөө 34 настай гэж бүртгэгдсэн байх тул Ж.Быг 1963 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн гэж дүгнэх үндэслэлгүй байх бөгөөд Ж.Б 1954 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болох нь 1955 оны 6 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн төрөгсдийг бүртгэх анкет, түүний төрсний бүртгэлийн лавлагаа, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 03-05/2075 тоот лавлагаагаар тус тус нотлогдож байна.
4.3. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 503 дугаартай албан бичгээр “Ж.Дийн (ОЮ65122075) төрсний бүртгэлийн мэдээллийг 1963-1965 оны хооронд Увс аймгийн Улсын бүртгэлийн архиваас шүүж үзэхэд бүртгэл олдоогүй болно” гэж тодорхойлжээ. Хэдийгээр дээрх албан бичигт Ж.Д гэж бичсэн байх боловч хашилтад бичсэн хувийн мэдээлэл нь хүсэлт гаргагч Ж.Дийн хувийн мэдээлэлтэй тохирч байх тул дээрх тодорхойлолт нь хүсэлт гаргагч Ж.Дийн талаар тодорхойлсон гэж дүгнэв.
4.4. Шүүхийн журмаар Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилж, хүсэлт гаргагч Ж.Д нь хэдэн настай байж болох талаар дүгнэт гаргуулсан ба 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 186 дугаар дүгнэлтэд “…Ж.Д нь 58-63 настай байх боломжтой” гэжээ.
4.5. Гэрч Ж.Б шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Бид эцэг, эхээс дөрвүүлээ. Манай аавыг Ж, ээжийг П гэх хүмүүс байсан. Манай том ах Ж.Б 1954 онд, эгч Ж.Ж 1959 онд, Би Ж.Б 1960 онд, дүү Ж.Д 1963 онд тус тус төрсөн. Тухайн үеийн бүртгэлийн хүмүүсийн алдаа ч юм уу аав, ээжийн хариуцлагагүй байдлаас ч юм уу бүү мэд бидний төрсөн оны зөрүү гарч байгаа. Минийх гэхэд 1961 онд төрснөөр бүртгэгдсэн байсан ба улсын бүртгэлээс баримт шүүлгэхэд миний төрсний лавлагаа зөвөөрөө гарч ирээд миний төрсөн оныг засварлаж өгч байсан. Манай эгч бас шүүхээр төрсөн оноо зөвтгүүлж байсан. Би дүү Дашдэлэгээс 3 насаар ах учраас яг хэдэн онд хаана төрсөн талаар сайн санахгүй байна. Надаас 3 насаар дүү гэдэг байсан. Одоо Д өндөр насны тэтгэвэрт гарах нас нь болсон боловч түүний төрсний бүртгэл нь буруугаас болж тэтгэвэрт гарч чадахгүй байна” гэж мэдүүлсэн байна. Гэрч Ж.Бгийн мэдүүлэг нь хэрэг авагдсан Ж.Б, Ж.Б, Ж.Жнарын төрөгсдийг бүртгэх анкет, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 03-05/2075, 03-05/2072, 03-05/2073, 03-05/2074, 03-05/2076 тоот лавлагаа болон шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг эргэлзээгүй бөгөөд үнэн зөв гэж үзэв.
4.6. Гэрч Г.Б шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Би 1963 онд Малчин суманд 7-р анги төгсөөд 6 дугаар сард Тэс суманд гэртээ ирэхэд Жутагийнх хүүтэй болсон гэж манай ээж ярьж байсан. Тэр үед манай бригадад Жутагийнх хүлээн авагчтай байсан ба би хүлээн авагч сонсохоор тэднийд очно гэхэд манай ээж нялх хүүхэдтэй айлд очиж болохгүй, хүүхэд нь уйлна гээд явуулахгүй байсныг би сайн санаж байна. 1963 онд төрсөн хүү нь энэ Ж.Д юмаа. Жутагийнх 4 хүүхэдтэй. Гурван хүү, нэг охинтой айл байсан. Тэдний том хүү Ж.Б надаас 11 дүү хүүхэд байдаг байсан. Бид нэг бригадад Лениний зам нэгдлийн мал малладаг байсан учраас нэгнийхээ гэрээр их орж, гардаг байсан. Тухайн үед шинэ төрсөн хүүхдээ цаг хугацаанд нь бүртгүүлдэггүй байсан юм шиг байгаа юм. Унаа машингүй байснаас ч юм уу аль эсвэл өөрсдийн хариуцлагагүй, хайнга байдлаас болоод ч юм уу одоо үр хүүхдүүд нь хохироод байна гэж би үзэж байна” гэжээ.
Гэвч хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтын хүрээнд гэрч Г.Б нь Увс аймгийн Тэс суманд 1963 онд эцэг, эхийн хамт оршин сууж, Ж.Дийн эцэг Жутаг, түүний гэр бүлтэй айл саахалт амьдарч байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрч Г.Бгийн мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэв.
5. Хэдийгээр гэрч Г.Бгийн мэдүүлэг эргэлзээтэй байгаа боловч хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтын хүрээнд буюу гэрч Ж.Бгийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, 1963 оны 7 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн 58 дугаартай төрөгсдийг бүртгэх анкет зэрэг нотлох баримтад үндэслэн хүсэлт гаргагч Ж.Дийг 1963 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс Ж.Дийн хүсэлтийг бүхэлд нь хангаж, түүнийг 1963 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн болохыг тогтоов.
6. Шүүхээс хүсэлт гаргагч Ж.Дийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Хошууд овогт Ж.Дийг 1963 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Ж.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА