| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
| Хэргийн индекс | 143/2019/00424/И |
| Дугаар | 17 |
| Огноо | 2020-05-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 17
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 143/ШШ2020/00119 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Н.М-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Н-д холбогдох,
Гэм хорын хохиролд 1356922 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч Н.М-гийн давж заалдах гомдлоор 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.М, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Н.М миний биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Н.Н-ы уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ба Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор түүнд 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан. Миний бие Н.Н-д зодуулсны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болно. Иймд Н.Н-аас ажилгүй байсан хугацааны цалин /эмчилгээ хийлгэсэн/ 196 976 төгрөг, эмнэлэгт эмчилгээ хийлгэсний төлбөр, эм тарианы мөнгө 819 743 төгрөг таксины хөлс 82 000 төгрөг нийт 1 098 719 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Н.М нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Нэхэмжлэгч би нэхэмжлэлийн шаардлагаа 258 203 төгрөгөөр нэмэгдүүлж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Нийт 1 356 922 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Н.М анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэмтэл авсан. Н.Н нөхөртэйгөө намайг хашаанаас нүү гэж хэлсний улмаас ирж хэрүүл хийж биед халдсан тул цагдаа ирсэн.
Цагдаа 1 дэх өдөр өргөдөл өгөөрэй гэсэн боловч би ах дүү хүмүүс юм чинь гэж бодоод тухайн үед өргөдөл өгөөгүй байсан. 3-4 хоногийн дараагаар миний биеийн байдал эвгүй болсон. Тухайн үед томографын зураг авхуулсан. Түүнээс хойш байнга сульдаж тамирдаж, нүд хавддаг болсон. Хувийн эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Гэмтлийн эмч Улаанбаатар хот руу нарийн шинжилгээнд ор гэсэн боловч надад зав чөлөө байдаггүй, мөн санхүү мөнгөний асуудалтай байсан. Би өөрөө өрх толгойлсон эмэгтэй. Өчнөөн зардал чирэгдэл гарсан. Би төрсөн дүүгээ нөхөртэйгөө нийлж намайг ийм байдалд хүргэнэ гэж бодоогүй. Амралтынхаа үеэр болон ажлаасаа чөлөө авч эмнэлэгт хэвтсэн. Нийт 1 356 922 төгрөг нэхэмжилж байгаа. Өмнө нь эмнэлэгт хэвтсэн, авсан эмийнхээ бичгийг алга болгосон учраас байгаа баримттай зардлуудаа нэхэмжилж байгаа. Энэ хүнд эвлэрье гэж зөндөө хэлсэн боловч эвлэрэх ямар ч боломжгүй гэсэн. Тийм учраас би гомдолтой байгаа” гэв.
Хариуцагч Н.Н анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 25-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Н намайг өөрийн эгч Н.М-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар шийтгэсэн. Мөн Н.М-гийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэхэд шаардагдах зардалд 31 242 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж би торгох шийтгэл болон хохирогчид төлөхөөр шийдвэрлэсэн 31 242 төгрөгийг төлж барагдуулсан. Шийтгэх тогтоолд цаашид иргэний нэхэмжлэл гаргаж хохирол нэхэмжлэх эрхтэй талаар тусгаагүй. 31 242 төгрөгөөр гэмт хэргийн улмаас үүссэн хохирол барагдана гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй худал баримт байна. Би нэхэмжлэлийн шаардлагаас нэг ч төгрөг төлөх үүрэггүй. 2019 оны 04 дүгээр сард болсон зүйл. Би тухайн үед хашаа газраа зарах хэрэгтэй болоод эгч Н.Мд нүүх шаардлагатай байна гэж хэлсэн. Тухайн үед Н.М өөрөө эхэлж над руу дайрч миний нүүр амыг самардсан. Тэгээд манай нөхөр салгах гээд зууралдсан. Төд удалгүй охин нь гарч ирсэн. Гэтэл бид хоёрыг нийлж зодсон болгоод цагдаа шүүхээр явсан. Би тухайн үед эгч дүүс юм чинь гээд эмнэлэгт үзүүлж гомдол гаргаагүй. Би тухайн үед шүүх шинжилгээгээр үзүүлээгүй дээрээс нь цаг алдсанаас болоод надад сорвиноос өөр зүйл үлдээгүй. Хөнгөн зэргийн гэмтэл нь 28 хоногийн дотор эдгэсэн байдаг гэдгийг шүүгч хэлж байсан. Шүүхийн шийдвэр гарч 450 000 төгрөгийн торгууль, мөн эмчилгээний төлбөр 31 242 төгрөг гаргуулахаар шийдвэрлэгдсэн. Дээрээс нь томографикийн зураг авхуулсан 120 000 төгрөг гээд тухайн үед гарсан төлбөрүүдийг тухайн үед нь төлөөд дуусгасан байгаа. Мөн тухайн газрыг булаацалдаад шүүхээр шийдвэрлүүлсэн. Намайг 2019 оны 04 дүгээр сараас хойш худлаа үнэн хэлж цагдаа шүүхээр байнга явуулсан. Энэ бүхэнд би хохиролтой, гомдолтой байна. Миний хувьд энэ мөнгийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна” гэжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Н-аас 196 976 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.М-д олгож, нэхэмжлэгчийн 1 159 946 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Н-аас улсын тэмдэгтийн хураамж 6559.28 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.М давж заалдах гомдолдоо: “Би гэм хорын хохиролд 1356922 төгрөгийг Н.Н-аас нэхэмжилснээс анхан шатны шүүх 196976 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Н.Н-д зодуулж гэмтсэнээс тархи толгойдоо гэмтэл авч 2019 оны 05 сард Тэгш дүүрэн эмнэлэгт, 9 сард Бүтэнжаргал эмнэлэгт, 2020 оны 1 сард эмнэлэгт тус тус хэвтэж эмчилгээ хийлгэсэн.
Шүүх хэргийн 7, 11 дүгээр талд авагдсан эм тариаг хэн худалдаж авсан нь тодорхойгүй гэж дүгнэжээ. Эмийн сангаас эм худалдаж авахад "и баримт" хэвлэж өгдөг, зарлагын баримт өгдөггүй. "И баримт"-д худалдан авагчийн нэрийг бичдэггүй, эдгээр эм тариаг би өөрийн эрүүл мэндийн улмаас худалдан авсан. Мөн би Ивээл эмнэлэгт тархи толгойдоо 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрүүдэд эмчилгээ хийлгэсэн. Энэ нь Ивээл эмнэлгийн эмчийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тодорхойлолт, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 310000 төгрөгийн эмнэлгийн төлбөр төлсөн тооцооны хуудас зэргээр нотлогддог. Ивээл эмнэлгийн эмчийн тодорхойлолтод миний өвчний онош бичигдсэн байдаг. Тэгш дүүрэн эмнэлэгт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 15-ны өдрүүдэд мөн эмчилгээ хийлгэсэн.
Хэргийн 10 дугаар талд авагдсан 75000 төгрөгийн баримт нь Тэгш дүүрэн эмнэлэгт эмчлүүлсний төлбөр бөгөөд уг баримтад эмч 2019 оны 05 дугаар сарын 12 гэж бичсэнийг шүүх 2018 оны баримт гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь тухайн эмчийн бичгийн хэвтэй холбоотой байна. Эмчийн бичгээс шууд “8”-ын тоо гэж үзэхээргүй харагдана. Миний бие эмнэлэгт хэвтэж байхдаа ганц бие амьдардаг учраас таксигаар үйлчлүүлж хоол цай зөөлгөдөг байсан. Таксигаар үйлчилсэн гэдгээ үйлчилсэн жолооч нар нь шүүхэд ирж гэрчээр мэдүүлэг өгсөөр байхад гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй таксины мөнгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж миний нэхэмжилсэн 1356922 төгрөгийг хариуцагч Н.Н-аас гаргуулж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Н.Н-д холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1356922 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч Н.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Н.М-гийн биед тархи доргилт, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн үйл баримт Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 203/МА2019/00024 дугаар магадлалаар тогтоогдож байна. /хэргийн 24-27, 31-33 дугаар хуудас/
Шийтгэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсон байх тул дээрх шийтгэх тогтоолоор тогтоогдсон нөхцөл байдлыг нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх бөгөөд энэ нь иргэний хэргийн маргаанд ач холбогдолтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гэм буруугийн талаар шүүх дахин нотлохгүй.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох” журмын 2.4, 2.4.1-т зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байх шалгуур шинжийг тодорхойлсон тул нэхэмжлэгч Н.М-гийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн цалинд 196 976 төгрөгийг хариуцагч Н.Н-аас гаргуулсан шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Энэ шийдвэрт хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан боловч нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн бусад баримтууд нь цаг хугацааны хувьд 2019 оны 6 дугаар сараас 9 дүгээр саруудад хамаарч байх тул уг хугацаанд гарсан зардлыг хариуцагч Н.Н-ы гэм хор учруулсан үйлдэлтэй холбогдон Н.М-гаас хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал гэж үзэх боломжгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Н.М-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 143/ШШ2020/00119 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Н.М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Ш.ТӨМӨРБААТАР