Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/497

 

                                                                  Э.У-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Э.У,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

    Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Б.Б-н гаргасан давж заалдах гомдлоор Э.У-д холбогдох эрүүгийн 2105 02442 0023 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Э.У, .................., ял шийтгэлгүй, /РД: ................/;

Шүүгдэгч Э.У нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “СВД”-н 3 дугаар байранд хохирогч Б.Б-г зодож, түүний биед зүүн 10 дугаар хавирганы далд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт Э.У-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.У нь шүүхийн шийдвэр гарчихаад байхад дахин надад халдаж Сүхбаатар дүүргийн цагдаад арга хэмжээ авахуулсан. Мөн тухайн үед яллаж байсан прокурор нь Э.У-тэй ашиг сонирхлын холбоотой. Прокурор болон Э.У нар нь өөрт болон бусдад давуу байдал бий болгосон. Э.У-тэй холбогдолтой олон асуудал байгаад шүүхийн шийдвэр болон прокурор, шүүгдэгч Э.У нарт гомдолтой байх тул ахин шалгаж өгнө үү. ... Э.У намайг ажлынхаа гадаа дуудаж байгаад “...шүүхийн шийдвэр гарсан. Одоо чи яаж ч чадахгүй. ...” гэж хэлээд дахин намайг зодсон. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.У-д оногдуулсан ял шийтгэлийг бага гэж үзэж байх тул хүндрүүлж өгнө үү. Миний биед удаа дараа халдаж байгаад гомдолтой байна...” гэв.

Шүүгдэгч Э.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Б.Б шүүх хуралдаан болсны дараа намайг ажил дээр ээлжтэй байхад утсаар залгасан. Надаас утсаар мөнгө нэхэж дарамталсан. Чи ажил дээр ирээд уулз, би чам дээр очиж чадахгүй гэж хэлсэн. Ажил дээр орж ирсэн камерын бичлэг нь байгаа. Ажлын өрөөнд орж ирээд гадаа гарсан. Сүхбаатар дүүргийн цагдаагаас намайг 100.000 төгрөгөөр торгосон. Тухайн үед намайг үг хэлээр доромжилсон. Манай эхнэр хажууд байсан. Би тухайн үед энэ хүнд гар хүрвэл ял авна гэдгээ мэдсэн учраас зүгээр түлхэж автомашинд нь суулгасан. Бичлэг нь байгаа. Манай эхнэрийг доромжилж, болохгүй үйлдэл гаргасан учраас би бухимдаж түлхсэн. Тодорхой хэмжээгээр Б.Б-н хохирлыг барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэв.

Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзсэн. Шүүхээс шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Энэ нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн гэж үзэж байна. Хохирогч нь эмчилгээний зардлыг гаргуулах талаар давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх урьд нь хохирлын баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Тухайн гэмт хэргийн хор уршгийг нэхэмжлэх эрх нээлттэй болохыг шүүхийн шийдвэрийн үндэслэлдээ тусгасан. Хохирогч нь холбогдох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Прокурорын хууль бус шийдвэр, ёс зүйтэй холбоотой асуудлын талаар хангалттай мэдээлэл, баримт байгаа бол холбогдох дээд шатны байгууллагад гомдлоо гаргах эрх нь нээлттэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна. ...” гэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:     

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Э.У нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “СВД”-н 3 дугаар байранд хохирогч Б.Б-г зодож, түүний биед зүүн 10 дугаар хавирганы далд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-н “...Намайг унтаж байтал нуруу луу нэг хүн 1-2 удаа өшиглөх шиг болохоор нь сэрээд хартал Э.У “хөөе босооч пизда минь, явъя” гээд зогсож байсан. Би үүд рүү очоод У-д “зүгээр хэлчихэж болдоггүй юм уу” гэтэл Э.У миний цээж рүү нэг удаа гараа атгаж байгаад цохичихоод гараад явсан. Би араас нь гартал миний машины хажууд Э.У зогсож байсан. ... Би очоод машинаа онгойлготол Э.У машины урд суучихаар нь би машиныхаа хаалгыг онгойлгоод “чи буугаач ээ” гэтэл “яасан өмчирхүү юм” гээд машинаас бууж ирээд миний хамар, ам хэсэгт нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь би У-г түлхээд чи яагаад байгаа юм гэтэл Х дундуур орж ирээд боль гэтэл Э.У Х-н хажуугаар гарч ирээд дахиад миний нүүр лүү шанаадсан. Тэгэхээр нь би машиндаа суух гэтэл Э.У үснээс зулгаагаад толгойн ар хэсэгт цохиод ардаас хоолой байгаад байхаар нь би хойшоо ухраад У-г түлхсэн. ...” /хх 12/,

гэрч Б.Х-н “... Э.У Ү-тэй маргалдаад Ү бид нарыг яв гэтэл Э.У босоод Б-г “бос явъя” гээд хойноос нь нуруу хөл хэсэг рүү нь 2 удаа сэрээх гэж өшиглөсөн. ...” /хх 21-22/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Б.Б-н биед зүүн 10-р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 11886 дугаартай дүгнэлт /хх 34-35/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн шүүх шүүгдэгч Э.У-г хохирогч Б.Б-г өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн 10-р хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.У-г хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хохирогчийн эсрэг үйлдэж хөнгөн хохирол учруулсан үйлдлийнхээ үр дагаварт гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсаныг болон гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, хэргийн зүйлчлэл болон уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шүүхээс түүнийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс Э.У-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Иймд хохирогч Б.Б-н гаргасан “... Э.У-д оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн. Э.У нь дахин надад халдаж, арга хэмжээ авахуулсан, прокурор нь Э.У-тэй ашиг сонирхлын холбоотой. ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Э.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм хор учирсантай холбоотой хохирлын баримтыг гаргаж өгөөгүй тул шүүх хохирогчийг баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “... хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах...” -аар зохицуулсан бөгөөд хохирогчийн гомдолд дурдсанаар шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.У нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хохирогчийн биед халдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, уг хэрэгт хамааралгүй байхаас гадна, хэрэв Э.У-н зүгээс дахин хууль бус үйлдэл гаргасан гэж үзвэл Б.Б нь тухай бүр эрх бүхий байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой болохыг дурдаж байна.

Мөн Э.У-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор нь шүүгдэгчтэй ашиг сонирхлын зөрчилтэй эсэх асуудлыг шат шатны байгууллагад гомдол гаргаж шалгуулах эрх талуудын хувьд нээлттэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ  

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР