Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 116/ШШ2024/0001

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

               Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1-р багт оршин суух, Дашдонровын Сайжрахын нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, өв залгамжлах эрх нээгдсэн нэгж талбарын 090200482 дугаартай, 0061324 дугаар гэрчилгээтэй ...Баянтүмэн сумын 1-р баг, Хар эрэг гэх газар, 1 га газрыг надад эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, гэрчилгээ олгон, гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Сайжрах, хариуцагч Э.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Д.Сайжрах шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эх Ц.Тунгалаг нь Баянтүмэн суманд амьдарч, газар эзэмшиж байгаад 2013 онд нас барсан. Баянтүмэн сумын Засаг даргын 2007 оны 36 дугаар захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1 га газрыг миний эх Ц.Тунгалагт 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Дорнод аймаг дахь тойргийн нотариатчийн 2022 оны 0039 тоот бүртгэлийн дугаараар өвлөх эрхийн гэрчилгээгээр Д.Сайжрахад өвлөгчийн эзэмшиж байсан газрыг өвлүүлсэн. Өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсонтой холбогдуулан Баянтүмэн сумын Засаг даргад хандан тус газрыг хууль ёсны өвлөгч надад шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч өв залгамжлалын дагуу хуульд зааснаар эзэмшлийг шилжүүлэхгүй байсаар, 2023 оны А/12 дугаар захирамжаар хүчингүй болгожээ. Сумын Засаг дарга Э.Нарангарав нь 2023.01.24-нд 1/54 тоот албан бичгээр миний эх Ц.Тунгалагийн эзэмшиж байсан газрыг хүчингүй болгох мэдэгдэл хүргүүлж 14 хоногийн дотор хариу ирүүлэхийг надад мэдэгдсэн юм. Түүний дагуу 12 хоног дээр нь 2023.02.06-нд хариу тайлбар бичиж Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2,  39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь заалтыг үндэслэн хэрэгжүүлэхийг хүссэн боловч мэдэгдэлд хариу тайлбар өгөхөөс өмнө яаран сандран 2023.02.01-ний өдөр захирамж гарган Ц.Тунгалагийн эзэмшиж байсан газрын гэрчилгээг хүчингүй болгосон байна. Хүчингүй болгосон А/12 дугаар захирамжаа тухайн үед 2023.02.01-нд надад гардуулаагүй, би аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс ирүүлсэн албан бичгээс мэдэж сумын Засаг дарга Э.Нарангараваас нэхэж шаардаж 2023.05.10-ны өдөр 3 сар гаруйн дараа Баянтүмэн сумын ЗДТГ-ын бичиг хэргийн ажилтан О.Сарантуяагаас гардан авч баримтыг хавсаргасан. Үүнийг үндэслэн аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд 2023.01.27-нд Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2,  39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэн ажиллахыг хүссэн өргөдөл гаргахад сумын Засаг дарга Э.Нарангаравт 2023.02.13-ын өдөр Дорнод аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргалаар дамжуулан 4/389 тоот албан бичгээр өргөдөлд дурдсан асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж хариу мэдэгдэнэ үү гэсэн албан бичиг явуулсан ч шийдвэрлээгүй учир ...Хуулийн хэлтсийн дарга Ц.Баяржаргалд 2023.03.06-нд өргөдөл гаргахад 2023.04.24-ний өдрийн 4/960 тоот албан бичгээр ...сумын Засаг дарга Э.Нарангаравт Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг чиглэл болгосныг биелүүлээгүй. Газар эзэмшигч нь нас барсан тохиолдолд түүний хууль ёсны өв залгамжлагч хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх эрхтэй бөгөөд хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдвол газар эзэмших эрх нь дуусгавар болдог гэж би ойлгодог. Баянтүмэн сумын Засаг даргын 2023 оны А/12 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн өвлөх эрхээ нээлгэж, хүсэлтээ гаргасаар байтал шилжүүлэн эзэмшүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэл төдийгүй үүгээрээ миний хөрөнгөө өвлөн авах, газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд Баянтүмэн сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, өв залгамжлах эрх нээгдсэн нэгж талбарын 090200482 дугаартай, 0061324 дүгээр гэрчилгээтэй ...Баянтүмэн сумын 1-р баг, Хар эрэг гэх газар, 1 га газрыг надад эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, гэрчилгээ олгон, гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

             Хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга Э.Нарангарав шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянтүмэн сумын Хотонт багийн “Хар эрэг” гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалттай 1 га газрыг 2007 онд Ц.Тунгалагт тухайн үеийн сумын Засаг дарга Г.Сумьяа /Д.Сайжрахын нөхөр/-ийн шийдвэрээр олгосон. Иргэн Ц.Тунгалаг болон түүний үр хүүхэд Д.Сайжрах нь тухайн газарт уг хугацаанд амьдраагүй, мөн газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд тухай бүр төлөөгүй байна. Газрын тухай хуулинд 3 үндэслэлээр төр эргээд газрыг мэдэлдээ авах талаар дурдсан байдаг. Тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, газрын төлбөрийг төлөөгүй зэрэг шалтгаанаар тухайн газрыг цуцалсан. Мөн өвлөх эрхийн гэрчилгээ нь тусгайлан хуульд нарийвчлан заасан байдаг. Нэг жилийн хугацаанд өвлөх хүсэлтээ гаргах ёстой байсан нь өвөөсөө татгалзах шалтгаан болж байгаа юм. Тухайн өвийг хууль зөрчиж баталсан шалтгаанаар нотариатчид холбогдуулж гомдол гаргасан боловч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Газрыг дараагийн иргэдэд олгох шаардлагатай гэж үзэж байгаа юм. Би өөрийн эрхийн хүрээнд шийдвэрийг гаргасан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч нь тус шүүхэд Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, өв залгамжлах эрх нээгдсэн нэгж талбарын 090200482 дугаартай, 0061324 дугаар гэрчилгээтэй ...Баянтүмэн сумын 1-р баг, Хар эрэг гэх газар, 1 га газрыг надад эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, гэрчилгээ олгон, гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

            1. Анх Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар захирамжийн хавсралтын 1-д зааснаар иргэн Ц.Тунгалагт тус сумын “Хар эрэг” гэх газарт 1 га газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэр гарсан.[1]

            Дээрхи газрыг эзэмшигч Ц.Тунгалаг нь 2013 онд нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.[2]

       2. Гэтэл Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.15, Захиргааны ерөнхий хуулийн 22.1, 26.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2 дахь заалтыг үндэслэн “Баянтүмэн сумын Хотонт /4 дүгээр/ багт “Хар эрэг” гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгосон Ц.Тунгалагийн өвөлжөө, хаваржааны 1 га газрын гэрчилгээг хуульд заасан үндэслэлээр ашиглаагүй, газрын төлбөрийг цаг тухай бүр төлөөгүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.[3]

        Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянтүмэн сумын нутаг “Хар эрэг” гэх газарт үзлэг хийхэд Д.Сайжрахын ээж Ц.Тунгалагийг нас барснаас хойш тус өвөлжөө, хаваржааны газарт хүн амьдарч байгаагүй, тухайн газрыг ашиглаж байгаагүй нь тогтоогдсон болно.[4]Гэвч Ц.Тунгалаг, Д.Сайжрах нар нь тухайн газрын төлбөрийг төлж байсан нь Дорнод аймгийн Татварын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, лавлагаагаар тогтоогдож байна.[5] Өөрөөр хэлбэл газар эзэмшигч Ц.Тунгалаг нь нас барах хүртлээ 2007 оноос 2013 он хүртэл тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрийг төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            3. Дорнод аймгийн тойргийн нотариатчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 0039 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээгээр Тайж овогт Цогийн Тунгалаг нь 2013 оны 08 дугаар сарын 9-ний өдөр нас барж, нас барсны бүртгэлийн 09 дугаарт бүртгэгдсэн тул ... түүний охин Тайж овогт Дашдонровын Сайжрахад түүний эзэмшлийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг “Хар эрэг” гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалттай 1 га газрыг өвлүүлжээ.[6]

            Дээрхи Дорнод аймгийн тойргийн нотариатчийн шийдвэрийг Баянтүмэн сумын Засаг дарга эс зөвшөөрч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 138/ШШ 2023/01112 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Баянтүмэн сумын Засаг даргыг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.[7] Иймд Дорнод аймгийн тойргийн нотариатчийн 2022 оны 05 дугаар сарын10-ны өдрийн 0039 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр хэвээр байна.

            Нэхэмжлэгч нь дээрхи хүчин төгөлдөр өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн өөрийн төрсөн ээжийн нэр дээрхи өвөлжөө, хаваржааны газрыг өөрийн нэр дээр шилжүүлж өгөх талаар Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад удаа дараа өргөдөл гаргажээ.[8]  

            Гэтэл Баянтүмэн сумын Засаг дарга 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/54 дүгээр .... Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмших гэрээний үүргийг зөрчин 16 жил дараалан газраа ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй байгаа тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн болохыг мэдэгдэж байна... мэдэгдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор тайлбар, саналаа бичгээр ирүүлэх боломжтой талаарх агуулга бүхий албан бичгийг иргэн Д.Сайжрахад хүргүүлсэн[9] бөгөөд дээрхи хугацааны дотор иргэн Д.Сайжрахад тайлбар, санал гаргах боломж олголгүй 14 хоногийн хугацаа дуусаагүй байхад Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаар захирамжаар “Баянтүмэн сумын Хотонт /4дүгээр/ багт Хар эрэг гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгосон Ц.Тунгалагийн өвөлжөө, хаваржааны 1 га газрын гэрчилгээг хуульд заасан үндэслэлээр ашиглаагүй, газрын төлбөрийг цаг тухай бүр төлөөгүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 26, 27 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна.

        4. Иргэн Д.Сайжрах нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргад хандаж “Газар эзэмшигч нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч нь өвлөх хүсэлтээ гаргасаар байтал газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тул тус асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэх утга бүхий өргөдлийг гаргасан бөгөөд тус хэлтсээс Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4/960 дугаартай ... Баянтүмэн сумын Засаг даргын 2007 оны 36 дугаар захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1 га газрыг иргэн Ц.Тунгалагт 60 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. Тус газар эзэмшигч нь 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нас барсны бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 222101001779 дугаар төрөл садны лавлагаагаар “Иргэн Цог овогтой Тунгалаг нь Д.Сайжрахын эх болох нь тогтоогдож байгаа тул Дорнод аймгийн нотариатчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 0039 бүртгэлийн дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр “Иргэн Д.Сайжрахад өвлүүлэгчийн эзэмшилд байсан тус газар”-ыг өвлүүлсэн байна.

           Өвлөх эрхийн гэрчилгээ олгосонтой холбогдуулан 2022 оны 9, 10 дугаар сард Баянтүмэн сумын Засаг даргад хандаж “Газар эзэмшигч нас барсан учир тус өргөдлийг гаргасан боловч тус сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/54 дүгээр албан бичгээр “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмших гэрээний үүргийг зөрчин 16 жил дараалан газраа ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй байгаа тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн болно”. 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/55 дугаар албан бичгээр “Газрын төлбөр төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу хоёр жил ашиглаагүй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэх хариуг тус тус өгч, Баянтүмэн сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаар захирамжаар “Газрын төлбөрийг цаг тухай бүр төлөөгүй, зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

          Газар эзэмшигч нь нас барсан тохиолдолд түүний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх эрхтэй бөгөөд хууль ёсны өв залгамжлагч нь байхгүй нь тогтоогдсон тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болдог. Газар эзэмшигч нь 2007 оноос 2013 он хүртэл буюу нас барах хүртлээ тус газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан нь малчны “А” дансны лавлагаагаар нотлогдож байх бөгөөд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т “Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно” гэж хуульчилжээ. Иргэн Д.Сайжрах нь газар эзэмшигчийн хууль ёсны өв залгамжлагч болохын хувьд тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасан болох нь дээр дурдсан үйл баримтаар тогтоогдож байна. Мөн захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж хуульчилсан бөгөөд Баянтүмэн сумын Засаг даргын 2022 оны 1/54 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай мэдэгдлийн дагуу газрын төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүрэн төлсөн болох нь аймгийн Татварын хэлтсийн даргын 2023 оны 4/713 дугаар албан бичгээр нотлогдож байна. Гэтэл тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, хууль ёсны өвлөгч нь тус газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасаар байтал нас барсан иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох мэдэгдлийн дагуу газрын төлбөрөө газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос өмнө бүрэн нөхөн төлсөн байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгийг үндэслэн хүчингүй болгосон үйлдэл нь Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “Хууль үндэслэх”, 4.2.5 “Зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг тус тус зөрчсөн байх бөгөөд аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-т “гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох эрхтэй болно. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллана уу гэсэн албан бичгийг Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад хүргүүлсэн.[10]

            5. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д “Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно.” гэж хуульчилжээ.

            Нэхэмжлэгч Д.Сайжрах нь дээрхи хуулийн заалтын дагуу өөрийн төрсөн ээж Ц.Тунгалагийн нэр дээрхи Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар захирамжийн хавсралтын 1-д зааснаар иргэн Ц.Тунгалагт тус сумын “Хар эрэг” гэх газарт 1 га газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэр гарсан газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй бөгөөд өв залгамжлалын асуудал нь хууль зөрчөөгүй, хүчинтэй байна. Иймд Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, өв залгамжлах эрх нээгдсэн нэгж талбарын 090200482 дугаартай, 0061324 дугаар гэрчилгээтэй ...Баянтүмэн сумын 1-р баг, Хар эрэг гэх газар, 1 га газрыг Д.Сайжрахад эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, гэрчилгээ олгон, гэрээ байгуулахыг Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д  заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Д.Сайжрахын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, өв залгамжлах эрх нээгдсэн нэгж талбарын 090200482 дугаартай, 0061324 дугаар гэрчилгээтэй ...Баянтүмэн сумын 1-р баг, Хар эрэг гэх газар, 1 га газрыг Д.Сайжрахад эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, гэрчилгээ олгон, гэрээ байгуулахыг Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад даалгасугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Сайжрахад олгосугай. 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

                   

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 42, 43-р хуудас

[2] Хавтаст хэргийн 14,17-р хуудас

[3] Хавтаст хэргийн 7-р хуудас

[4] Хавтаст хэргийн 46-52-р хуудас

[5] Хавтаст хэргийн 11-12,75-77-р хуудас

[6] Хавтаст хэргийн 17-р хуудас

[7] Хавтаст хэргийн 61-70-р хуудас

[8] Хавтаст хэргийн 39-41-р хуудас

[9] Хавтаст хэргийн 37-р хуудас

[10] Хавтаст хэргийн 9-10-р хуудас