| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/04478/И |
| Дугаар | 183/ШШ2024/02591 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2024/02591
2024 оны 06 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2024/02591 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ** дугаар хороо, **** тоотод оршин суух М***** овогт Г*******ын Э******* (РД:**********)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, **** тоотод оршин суух Б*****н овогт Б*******ын М******* (РД:********)-нд холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай үндсэн,
Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хувь тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Г.Э*******,
Хариуцагч Б.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямцэцэг нар оролцов.
Нэхэмжлэлийг оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: ******* онд Б.М*******тэй танилцаж, ******* онд гэрлэлтээ Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлд бүртгүүлсэн. ******* оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү Э.Ц, ******* оны 10 дугаар сарын 23-ны өдөр охин Э.Ц******* төрсөн. Миний бие гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсний улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон бөгөөд эвлэрүүлэн зуучлах албан хандсаны дагуу оны 06 дугаар сарын 09-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Цаашид Б.М*******тэй хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээж, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Т***** тоот орон сууц, ****УАМ улсын дугаартай суудлын автомашиныг эхнэр 2 хүүхдэдээ үлдээнэ. Одоо байр ипотекийн зээлтэй байдаг, сард 710,000 төгрөг төлдөг. Өөрт ногдох хувийг авалгүйгээр ипотекийн зээлийг дуустал нь төлнө, үүгээрээ 2 хүүхдийнхээ 18 нас хүртэлх тэтгэмжийг оролцуулна гэсэн байр суурьтай байгаа. Эвлэрлийн гэрээг сайн дураар, хэн нэгний дарамт шахалтгүйгээр байгуулсан гэв.
2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Цаашид хамтран амьдрахад энэ хүнийг хань болоод амьдрана гэж бодохгүй байна. Халамж гэх мэт зүйлсээс болоод бид 2 таарч тохирохгүй хүмүүс юм байна гэж ойлгоод байна. Сүүлийн 8 сар 20** оны 08 дугаар сараас 20** оны 03 дугаар сар хүртэл цалингаа өгөхгүй, худлаа хэлээд их хэмжээний мөнгийг тоглоомонд үрээд, өөр хүнтэй болсон нь илчлэгдсэн. Тийм учраас ярилцаад гэрлэлтээ цуцлуулахаар болсон. Эвлэрлийн гэрээг сайн дураар, хэн нэгний дарамт шахалгүйгээр байгуулсан гэв.
3.Зохигч талууд 20** оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “…Б.М******* нь хүүхдүүд болох Э.Ц*******, Э.Ц нарыг цаашид асран хамгаалж, өөрийн асрамжинд байлгана… М.Э******* нь хоёр хүүхдийн тэтгэмжинд төлөх ёстой төлбөрийн оронд орон сууцны ипотекийн зээлийг 2035 оны 2 сар хүртэл буюу уг зээлийг дуустал сар бүр графикийн дагуу Голомт банкинд төлж байна. Хан-Уул дүүрэг, *-р хороо, ** хороолол, то ван гудамж, ** байр, *** тоот хаягт байх ү дугаар бүхий хоёр өрөө орон сууц болон УАМ тоёота приус 41 маркийн дугаар бүхий тээврийн хэрэгслийн өмчлөлийг эхнэр Б.М*******т шилжүүлэхээр харилцан тохиролцов…” гэжээ.
4.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Э.Ц*******, Э.Ц нар нь эрүүл бойжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт, Э.Ц, Э.Ц******* нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл, Б.М******* нь дугаар данстай орон сууцны зээлийн хамтран зээлдэгч болохыг тодорхойлсон Голомт банкны албан бичиг, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.М******* нь “Кевико” ХХК-нд ажилладаг тухай тус компанийн тодорхойлолт, Г.Э*******, Б.М******* нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хариуцагч талаас ЗГ дугаар орон сууцны зээлийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг нотлох баримтаар тус тус гаргаж өгснийг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хүүхдийн асрамж, тэтгэлэг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаарх зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* онд Б.М*******тэй танилцаж, ******* онд гэрлэлтээ Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлд бүртгүүлсэн. ******* оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү Э.Ц, ******* оны 10 дугаар сарын 23-ны өдөр охин Э.Ц******* төрсөн. Миний бие гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсний улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэж тайлбарлав.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, цаашид хамтран амьдрах боломжгүй, өөр хүнтэй болчихсон тул гэрлэлт цуцлуулахаар ярилцаж тохиролцсон гэх тайлбарыг гаргасан.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Г.Э*******, хариуцагч Б.М******* нар нь ******* онд танилцаж, оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүл болсныг ******* оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, гэрлэгчдийг хамтран амьдрах хугацаанд ******* оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү Э*******ын Ц, ******* оны 10 дугаар сарын 23-ны өдөр охин Э*******ын Ц******* нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна.
4.2.Гэрлэгчид 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19 хороолол То ван гудамж 24 байр, 131 тоот хаягт байршилтай 50.43 м.кв талбайтай, хоёр өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зорилгоор Голомт банктай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулсан, улмаар уг орон сууцны өмчлөгчөөр Б.М*******ийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон. (хавтаст хэргийн 23-28 дахь тал)
5.Нэхэмжлэгчийн зүгээс гэр бүлээс гадуурх харилцаатай болсны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй, хариуцагч нь нэхэмжлэгч өөр хүнтэй болсон, цаашид халамж гэх мэт зүйлсээс болоод таарч тохирохгүй хүмүүс гэж ойлгосон тул хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахаар ярилцаж тохиролцсон тайлбарлаж байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
6.Мөн гэрлэгчид нь ******* оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Ц, ******* оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Э.Ц******* нарыг эхийнх нь асрамжид үлдээх, хүүхдүүдэд олгох тэтгэлгийг орон сууцны зээлийг дуустал нь сар бүр төлж, өмчлөх эрхийг Б.М*******т шилжүүлэх байдлаар 1 удаа төлөхөөр харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно”, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т “нэг удаа” гэж тус тус заасанд нийцжээ.
7.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.6 дахь хэсэгт “... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж заасны дагуу эх Б.М******* нь хүү Э.Ц, охин Э.Ц******* нарыг эцэг Г.Э*******той уулзуулах нөхцөлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Мандал овогт Г*******ын Э*******, Боржигин овогт Б*******ын М******* нарын гэрлэлтийг цуцласугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар ******* оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Ц, ******* оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Э.Ц******* нарыг эх Б.М*******ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар Г.Э*******, Б.М******* нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуусан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар орон сууцны зээлийн гэрээний төлбөр төлөгдөж дуусгавар болсны дараа Хан-Уул дүүрэг, 02 дугаар хороо, 19 дүгээр хороолол, То ван гудамж, 24 дүгээр байрны 131 тоот улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, 83-53 УАМ улсын дугаартай Тоёота приус 41 маркийн автомашиныг эхнэр Б.М******* болон хүүхдүүдийн өмчлөлд шилжүүлэх, уг орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг нэхэмжлэгч Г.Э******* нь 2035 оны 02 дугаар сар хүртэл буюу зээлийг дуустал сар бүр графикийн дагуу төлж барагдуулах, хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулахгүй байхаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Э*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Б.М*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД