Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2024/02590

 

 

 

 

2024 оны 06 сарын 12 өдөр                      Дугаар 183/ШШ2024/02590                          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Д********хотхон, *** дугаар байр, ** тоот хаягт байрлах “Х*******” ХХК (РД:********)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Б******* хотхон хаягт байрлах “Б*******” СӨХ (РД:*********),

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Х*******, Наадамчдын зам, Б******* тауэр хаягт байрлах “Э*******” ХХК (РД:**********),

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар байр, ** тоот хаягт оршин суух А** овогт Д*******гийн О******* (РД:*******) нарт холбогдох

 

Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэсний хөлс 22,220,000 төгрөг, алданги 11,110,000 төгрөг, нийт 33,330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******н,

Хариуцагч Д.О*******,

Хариуцагч “Э*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М*******,

Хариуцагч “Э*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Г*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Х*******” ХХК нь хариуцагч “Б*******” СӨХ, “Э*******” ХХК болон Д.О******* нарт холбогдуулан Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэсний хөлс 22,220,000 төгрөг, алданги 11,110,000 төгрөг, нийт 33,330,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“Б*******” СӨХ-ын хүсэлтээр Б******* хотхоны нийтийн эзэмшлийн болон СӨХ-ын хариуцдаг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг хулгай, танхайрал, гэмт хэргийн халдлага, бусад учирч болох гамшиг, аюулаас хамгаалахаар тохирч 20** оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээт харуул хамгаалалтын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээгээр Б*******-1, Б*******-2 постонд тус бүр 3 хамгаалагч ажиллуулах, 1 хамгаалагчийн сарын хөлс 1,400,000 төгрөг, нийт 8,400,000 төгрөгийн хөлс авахаар тохирсон. Манай компани гэрээний үүргээ гүйцэтгэж байсан. “Б*******” СӨХ нь хугацаандаа төлбөрөө төлөхгүй дутуу төлж гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөний улмаас манай компани хамгаалагч нарын цалин хөлсний өрөнд орсон. Төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч хугацаа товлож хойшлуулсаар сүүлдээ мөнгө байхгүй гэх болсон. Иймд манай компанийн зүгээс Б*******-1 постын хамгаалалтыг ******* оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөр, 2 дахь постын хамгаалалтыг ******* оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон татан буулгаж, гэрээг цуцалж, эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн. Объект 1-ийн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ******* оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс 14,420,000 төгрөг болсноос 7,480,000 төгрөгийг төлсөн, 6,940,000 төгрөгийн үлдэгдэлтэй, объект 2-ын оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ******* оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс 17,080,000 төгрөгөөс 1,800,000 төгрөгийг төлж, 15,280,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иймд ажлын үлдэгдэл хөлс 6,940,000 төгрөг, түүний алданги 3,470,000 төгрөгийг хариуцагч “Б*******” СӨХ, Д.О******* нараас, ажлын үлдэгдэл хөлс 15,280,000 төгрөг, түүний алданги 7,640,000 төгрөгийг хариуцагч “Э*******” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч “Б*******” СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Харуул хамгаалалтын төлбөрийн асуудлыг хариуцахгүй. С.Мөнхтуяа миний бие тус СӨХ-нд ******* оны 06 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирлаар ажил хүлээн авсан. 1226-1229 болон 1219, 1221 дүгээр байрууд нэгдэж 1 СӨХ болон ******* оны 06 дугаар сарын 23-ны өдөр 20/36 тоот гэрчилгээг хүлээн авсан болно. Б******* хотхоны 1 дүгээр ээлж, 2 дугаар ээлжийн харуулын өр төлбөр гэх акт хүлээн аваагүй бөгөөд удирдах зөвлөл, барилгын компаниуд 2 талаасаа зөвшилцөж ******* оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүх өр төлбөрийг “Э*******” барилгын компани хариуцна гэсэн тамга, тэмдэг бүхий бичгийг хүлээж авсан. “Хар ирвэс” ХХК-ийг ажиллаж байх явцад н.О******* гэгч СӨХ-ын үйл ажиллагааг хариуцаж ажилладаг байсан гэв.

 

3.Хариуцагч “Э*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

3.1.Манай компанийн зүгээс “Х*******” ХХК-тай гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй, тухайн СӨХ нь гэрээнийхээ дагуу үүргээ хүлээх ёстой гэж үзэж байгаа. ******* оны 06 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан уулзалтаар зөвхөн Б******* төслийн 2 дугаар ээлж буюу 1221, 1219 тоот байрнуудын ашиглалт, СӨХ-той холбоотой холбогдон гарах нийт зардлыг ******* оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хариуцан төлөхөөр тохиролцсон бөгөөд дээрх хугацаанд гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Б*******” ХХК СӨХ-ийн хүсэлтээр “Б*******” хотхоны нийтийн эзэмшлийн болон, СӨХ-ийн хариуцдаг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг хамгаалахаар гэрээ байгуулсан гээд тодорхойлсон байна. Гэрээт харуул хамгаалалтыг нэг талаас “Б*******” СӨХ, нөгөө талаас “Х*******” ХХК оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан байна. “Б*******” СӨХ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа ******* оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх бүх өр төлбөрийг “Э*******” ХХК хариуцна гэсэн бичиг авсан, өр төлбөртэй холбоотой бичиг аваагүй гэсэн хариу тайлбар өгсөн байна. ******* оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал “Б*******” хотхоны 02 дугаар ээлжийн оршин суугчдын төлөөлөгч нарын хамтарсан уулзалтын шийдвэр гэх бичгэн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тус баримтад “Э*******” ХХК-ийн ******* оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус ээлжийн 1221,1219 дүгээр байруудын ашиглалттай холбоотой гарах зардлыг хариуцна гэсэн, энэ дээр бүх СӨХ-тэй холбоотой 05 дугаар сарын 01-ээс өмнөх өр төлбөр гэдгээр бичгэн баримтын бичиглэлээр бол үгүйсэгдэнэ. “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал тайлбарлахдаа “энэ бичгэн баримтыг гаргах болсон гол үндэслэл бол Барилгын тухай хуулиараа барилгыг ашиглалтад оруулснаас хойш, зүгшрүүлэх, тохируулах гэсэн хугацаа байдаг, энэ хугацаанд бол гүйцэтгэгч компани тухайн барилгынхаа засвар үйлчилгээг хариуцаж байдаг, мөн ашиглалттай холбоотой харилцагч нарын өр авалгыг ******* оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх өр төлбөрийг хариуцъя” гэсэн байдаг. Хавтаст хэргийн 50 дахь талд СӨХ-ийн холбогдох ******* оны 05 дугаар сарын 01-ээс өмнө тохиролцсон нийт зардлыг бүрэн төлж барагдуулсан байгаа, тухайлбал, лифт засвар, харуул хамгаалалтын хөлс бүгдийг нь “Б*******” СӨХ-өөс өгсөн өглөгийн мэдээллийн дагуу барагдуулсан. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог”, 4.1.4-т “сууц өмчлөгчид ногдох хэсэг гэж орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчийн оролцох хувь хэмжээг”, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг мөрдлөг болгоно” гэж хуульчилсан байна. Тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн эвдрэл гэмтэл, засвар, мөн хэвийн байдал, хамгаалалт, үйлчилгээний зардлыг сууц өмчлөгч бүрт хуваарилах аргачлалыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасан зохицуулалтаар тогтооно гэж тайлбарласан байна. Хуульд сууц өмчлөгчдийн эрх, үүргийг тодорхой заасан байгаа. Сууц өмчлөгчдийн өөрийнх нь үүрэг байгаа, мөн үүргийнхээ дагуу сууц өмчлөгч нараасаа цуглуулаад сууц өмчлөгчдийн холбооны зардлыг гаргадаг гээд тайлбарлаж байсан. Мөн “Б*******” СӨХ-ийн гүйцэтгэх захирлын тайлбарт “Б*******” СӨХ нь ******* оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрчилгээг хүлээн авсан гэдэг байдлаар бичсэн байна, энэнээс өмнө “Б*******” СӨХ ажиллаж байсан юм гэдгийг өнөөдөр хариуцагч н.О******* шүүхэд гаргаж өгсөн “Б*******” СӨХ-ийн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоолоор харагдана. Гэрчилгээ авахаас өмнө “Б*******” СӨХ оршин суугчдын оролцоотойгоор үйл ажиллагаа явуулж байсан баримтаар тодорхой харагдана. Мөн “Э*******” ХХК нь “Б*******” хотхоны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамгаалах байдлаар “Х*******” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, гэрээний болон гэрээний бус үүрэг бол “Х*******” ХХК-ийн өмнө хүлээгээгүй учраас нэхэмжлэгчид “Э*******” ХХК-аас гэрээний үүрэг буюу төлбөр, тухайлбал харуул хамгаалалтын ажлын хөлсийг шаардах эрх, хууль зүйн үндэслэл байхгүй, шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарах нөхцөл бүрдсэн, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой байх ёстой. Хариуцагч Э*******” ХХК-аас нэхэмжлэгч харуул хамгаалалтын ажлын хөлсний яг ямар хэсгийг шаардаад байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй, яг нэхэмжлэлийн шаардлага нь бол “Б*******” СӨХ-өөс “Х*******” ХХК-ийн харуул хамгаалалтын ажил гүйцэтгэсний хөлсийг шаардаж байгаа гэжээ.

 

4.Хариуцагч Д.О******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

4.1.“Х*******” ХХК-тай оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Б*******” СӨХ харуул хамгаалалтын гэрээ хийгээд үйл ажиллагаа явуулсан, ******* оны 01 дүгээр сарын 10-нд үйл ажиллагааг зогсоосон байгаа, яагаад гэвэл төлбөрөө төлж барагдуулахгүй байна гээд. Үүнтэй холбоотой гарсан төлбөр бол “Б*******-1” хотхоны хувьд 14,000,000 орчим төгрөг, тэрний 7,000,000 орчмыг төлж барагдуулаад 6,940,000 төгрөгийн үлдэгдэлтэй, “Х*******” ХХК-нд төлөх нь үнэн.  Дан ганц “Х*******” ХХК-нд ч биш хэд хэдэн байгууллагад өглөгтэй байсан, тэр өглөгүүдийг санхүүгийн тооцоогоор ийм ийм байгууллагад өглөгтэй гээд оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөхдөө н.Энх-Амар гэдэг хүнд хүлээлгэж өгсөн байдаг. Энэ өглөгийг яаж барагдуулах вэ? гэхээр СӨХ-ын төлбөр төлөөгүй айлуудаас төлбөрөө аваад төлж барагдуулна гэдэг санхүүгийн тооцоололтой н.Энх-Амарт хүлээлгэж өгсөн. Иргэн Д.О*******ын зүгээс бол барагдуулахгүй, СӨХ нь барагдуулна. “Б*******-2” хотхоны СӨХ-ийн хувьд бол харуул хамгаалалт ажиллуулсан байгаа, тэрний харуул хамгаалалтын тооцоонуудыг өгөөд тухайн үед н.О нягтлан тооцооллыг нь хийгээд 15,000,000 төгрөг орчим өглөгтэй гэсэн тооцоолол гараад тухайн үед надаас ажил авч байсан оршин суугч нарт би тооцооллуудыг нь н.О нягтланд дамжуулан өгч байсан, тэгэхээр Б*******-2” СӨХ-ын хувьд 15,000,000 орчим төгрөгийг харуул хамгаалалтад өгөх нь үнэн, тэрийг бол оршин суугч нар нь өөрсдөө тооцооллоо аваад цааш нь төлж барагдуулъя гэдэг. “Б*******-1” хотхоны хувьд өглөг авлагаа хоорондоо хүлээлцчихсэн, Б*******-2” хотхоны хувьд бол н.О нягтлангаар дамжуулж байж н.О нягтлан тооцооллыг нь хийгээд хэнд яаж хүлээлгэж өгсөнийг нь би бол мэдэхгүй байна, яагаад гэвэл миний хувьд 12 дугаар сарын 30-нд ажлаа хүлээлгэж өгсөн, тэрнээс хойшоо үйл ажиллагаанд оролцоогүй болохоор ямар оршин суугч нарт яаж хүлээлгэж өгж, санхүүгийн тооцоо нь цаашаа яасныг сайн мэдэхгүй байна гэв.

 

5.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Х*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын **** дугаар бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/8 дугаар “Гэрээт харуул хамгаалалтын гэрээ”-ний эх хувь, албан бичиг хүлээлгэж өгсөн тухай баримт, “Б*******”СӨХ-нд хаягласан “Х*******” ХХК-ийн ******* оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 8/31, ******* оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 8/32, ******* оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/11, А/12 дугаар албан бичиг, “Х*******” ХХК-ийн зүгээс “Б*******” СӨХ-д харуул хамгаалалтын өрөө, эд хэрэгсэл хүлээлгэж өгсөн тухай “Хүлээлцэх акт”,

Хариуцагч “Б*******” СӨХ-өөс тус СӨХ-ийн 20/36 дугаар гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хариуцагч “Э*******” ХХК-аас тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан гэх баримт,

Хариуцагч Д.О*******аас Харуул хамгаалалтын дэлгэрэнгүй тооцоо, өглөгийн дэлгэрэнгүй, “Б*******” СӨХ-ын удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан тогтоол, нягтлангийн ажил хүлээлцсэн акт, түүний хавсралт буюу өглөг авлагын дэлгэрэнгүй журналыг тус тус нотлох баримтаар гаргаж өгснийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын “Б*******” СӨХ-нд холбогдох хэсгийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон хариуцагч Д.О*******, “Э*******” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч “Х*******” ХХК нь хариуцагч “Б*******” СӨХ, “Э*******” ХХК болон Д.О******* нарт холбогдуулан ажлын хөлс, түүний алдангид нийт 33,330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч “Б*******” СӨХ-тэй оны 10 дугаар сарын 01-ний өдэр гэрээт харуул хамгаалалтын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, Б*******-1, Б*******-2 постонд тус бүр 3 хамгаалагч ажиллуулах, 1 хамгаалагчийн сарын хөлс 1,400,000 төгрөг, нийт 8,400,000 төгрөгийн хөлс авахаар тохирсон. Обьект 1-ийн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ******* оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс 14,420,000 төгрөг болсноос үлдэгдэл 6,940,000 төгрөг, обьект 2-ын оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ******* оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс 17,080,000 төгрөгөөс үлдэгдэл 15,280,000 төгрөгийг төлөөгүй. Иймд ажлын үлдэгдэл хөлс 6,940,000 төгрөг, түүний алданги 3,470,000 төгрөгийг хариуцагч “Б*******” СӨХ, Д.О******* нараас, ажлын үлдэгдэл хөлс 15,280,000 төгрөг, түүний алданги 7,640,000 төгрөгийг хариуцагч “Э*******” ХХК-аас гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч “Б*******” СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Б*******” СӨХ-ын ******* оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх өр төлбөрийг “Э*******” ХХК хариуцах учир төлөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4.Хариуцагч “Э*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ манай компани “Х*******” ХХК-тай харуул хамгаалалтын гэрээ байгуулаагүй учир “Б*******” СӨХ-тэй байгуулсан харуул хамгаалалтын гэрээний үүргийг гүйцэтгэхгүй. ******* оны 06 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан уулзалтаар зөвхөн Б******* төслийн 2 дугаар ээлж буюу 1221, 1219 тоот байрнуудын ашиглалт, СӨХ-той холбоотой холбогдон гарах нийт зардлыг ******* оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хариуцан төлөхөөр тохиролцсон бөгөөд дээрх хугацаанд гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлаж байна.

 

5.Хариуцагч Д.О******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Х*******” ХХК-тай оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Б*******” СӨХ харуул хамгаалалтын гэрээ хийгээд үйл ажиллагаа явуулсан, ******* оны 01 дүгээр сарын 10-нд төлбөрөө төлж барагдуулахгүй байна гээд үйл ажиллагааг зогсоосон, миний хувьд ******* оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн учир хариуцахгүй гэж тайлбарлаж байна.

 

6.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Нэхэмжлэгч “Х*******” ХХК болон хариуцагч “Б*******” СӨХ-ын хооронд оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Гэрээт харуул хамгаалалтын гэрээ” 1 жилийн хугацаатай байгуулагдсан. (хавтаст хэргийн 7-11 дэх тал)

 

5.2.Дээрх гэрээгээр нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн зүгээс “Б*******” СӨХ-ийн ажил үйлчилгээ явуулах нөхцөл бүрдүүлэх, ажлын байр болон түүнд хамаарагдах хэсгүүдийг гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гал түймэр, давагдашгүй хүчин зүйл бусад аюулын мэдээг зохих байгууллагад цаг алдалгүй мэдүүлэх, хариуцагч “Б*******” СӨХ нь харуул, хамгаалалтын үйлчилгээний хөлсийг 1 хамгаалагчийн 1 сарын хөлс 1,400,000 төгрөг буюу 1 сарын 8,400,000 төгрөгөөр тооцож, сар бүрийн 01, 16-ны өдрүүдэд төлөх үүрэг хүлээжээ. (хавтаст хэргийн 7-11 дэх тал)

 

5.3.Дээрх “Гэрээт харуул хамгаалалтын гэрээ”-ний  нь ******* оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Х*******” ХХК-ийн санаачилгаар цуцлагдсан. (хавтаст хэргийн 12-14 дэх тал)

 

6.Нэхэмжлэгч “Х*******” ХХК болон хариуцагч “Б*******” СӨХ-ын хооронд байгуулагдсан “Гэрээт харуул хамгаалалтын гэрээ”-ээр харилцан хүлээсэн үүргийн агуулгаас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний харилцаа үүссэн гэж шүүх үзлээ.

 

7.Гэрээт харуул хамгаалалтын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч талуудын хооронд маргаангүй болно.

 

8.Иймд нэхэмжлэгч “Х*******” ХХК нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар “Гэрээт харуул хамгаалалтын гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг буюу гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг төлөхийг хариуцагч “Б*******” СӨХ-өөс шаардах эрхтэй.

 

9.Хариуцагч “Б*******” СӨХ болон Д.О******* нарт холбогдох нэхэмжлэлийн хувьд:

 

9.1.Дээр дурдсан “Гэрээт харуул хамгаалалтын гэрээ” ******* оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Х*******” ХХК-ийн санаачилгаар цуцлагдсан, оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ******* оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс 14,420,000 төгрөгөөс хариуцагч “Б*******” СӨХ нь 7,480,000 төгрөгийг төлсөн, үлдэх 6,940,000 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаж байх бөгөөд энэхүү тайлбар нь хавтаст хэргийн 12 дахь талд авагдсан “албан бичиг хүлээн авсан” гэх баримтад гэрээ цуцлах тухай “Х*******” ХХК-ийн ******* оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/31, ******* оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/32 дугаар албан бичгийг “Б*******” СӨХ-ын захирлаар ажиллаж байсан Д.О******* ******* оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээж авч, гарын үсэг зурж баталгаажуулсан, хариуцагч Д.Ууганбаярын шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Нягтлангийн ажил хүлээлцсэн акт” гэх ******* оны 02 дугаар сарын 02-ны өдрийн огноо бүхий баримтын 15-д “ оны Өглөг авлагын дэлгэрэнгүй журнал 2ш хуудас” гэж тэмдэглэж, хүлээлгэж өгсөн Н.Ууганбаяр, хүлээн авсан Б******* СӨХ-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Энх-Амар гэж гарын үсэг зурсан, “Өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал” гэх ******* оны 02 дугаар сарын 02-ны өдрийн огноо бүхий баримтын 2-т “Хар ирвэс 6,940,000 харуул хамгаалалт” гэж дурдсанаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

9.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагч “Б*******” СӨХ-ын зүгээс нэхэмжлэгчийн дээрх тайлбар, нотлох баримтыг няцааж хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж мэтгэлцэх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлж мэтгэлцээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

 

9.3.Иймд “Х*******” ХХК нь хариуцагч “Б*******” СӨХ-өөс гэрээт харуул хамгаалалтын гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний үлдэгдэл 6,940,000 төгрөгийг болон гэрээний 12.1-д “...Хамгаалалтын хөлс төлөх хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцно”, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар хугацаандаа төлөөгүйн алдангийг шаардах эрхтэй.

 

9.4.******* оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ цуцлагдсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан ******* оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх 161 хоногийн алданги 5,586,700 (6,940,000₮*0.5/100%=34,700₮*161хоног=5,586,700) төгрөг болж байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар 3,470,000 (6,940,000/2=3,470,000) төгрөгийн алдангийг хариуцагч “Б*******” СӨХ-өөс гаргуулж, нэхэмжлэгч “Х*******” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

9.5.Хариуцагч Д.О******* нь “Б*******” СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ “Б*******” СӨХ-ийг төлөөлж нэхэмжлэгч “Х*******” ХХК-тай “Гэрээт харуул хамгаалалтын гэрээ” байгуулсан буюу нэхэмжлэгч “Х*******” ХХК болон хариуцагч Д.О******* нарын хооронд “Гэрээт харуул хамгаалалтын гэрээ” байгуулагдаагүй байна. Иймд хариуцагч Д.О*******аас нэхэмжлэгч “Х*******” ХХК нь гэрээт харуул хамгаалалтын гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй байна.

 

10.Хариуцагч “Э*******” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн хувьд:

 

10.1.Нэхэмжлэгч нь хариуцагч “Э*******” ХХК-нд холбогдуулан “Гэрээт харуул хамгаалалтын гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 15,280,000 төгрөг, түүний алданги 7,640,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

10.2.Хариуцагч “Э*******” ХХК нь нэхэмжлэгч компанитай “Гэрээт харуул хамгаалалтын гэрээ” байгуулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул “Х*******” ХХК болон “Э*******” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй буюу мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт “Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ” гэж зааснаар үүрэг үүсээгүй байна.

 

10.2.Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж зааснаар хариуцагч “Б*******” СӨХ нь гуравдагч этгээд буюу “Э*******” ХХК-аар үүргийг гүйцэтгүүлэх боломжтой боловч “Э*******” ХХК нь харуул хамгаалалтын ажлын хөлс болох 15,280,000 төгрөгийг “Б*******” ХХК-ийн нэрийн өмнөөс төлөхөөр тохиролцсон эсэх нь баримтаар тогтоогдоогүй тохиолдолд хариуцагч “Б*******” СӨХ-ийн “...*******.05.01-ээс өмнөх бүх өр төлбөрийг Э******* барилгын компани хариуцна...” гэх тайлбарыг үндэслэж “Э*******” ХХК-аас 22,920,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй юм.

 

11.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Б*******” СӨХ-өөс 10,410,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х*******” ХХК-нд олгож, хариуцагч Д.О*******, “Э*******” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б*******” СӨХ-өөс 181,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х*******” ХХК-нд олгож хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б*******” СӨХ-өөс 10,410,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х*******” ХХК-нд олгож, хариуцагч Д.О*******т холбогдох хэсэг болон хариуцагч “Э*******” ХХК-нд холбогдох 22,920,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б*******” СӨХ-өөс 181,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х*******” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД