| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2202000930061 |
| Дугаар | 2022/ДШМ/594 |
| Огноо | 2022-06-07 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2022/ДШМ/594
2022 06 07 2022/ДШМ/594
О.Т-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаан:
прокурор Б.Бямбадагва,
шүүгдэгч О.Т-ийн өмгөөлөгч Г.Н
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Г.Н нарын гаргасан давж заалдах гомдлоор О.Т-т холбогдох 2202000930061 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
И овогт О.Т, 1999 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, охин, эгч, дүү нарын хамт .................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......................./;
Урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 204 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Шүүгдэгч О.Т нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутгаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 87.8 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг бодисыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Налайх дүүргийн ..... дугаар хороо, ......... тоот хашаанд худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх дүүргийн прокурорын газраас: О.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Т-т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч О.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, түүний эдлэх ялыг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, мөн зүйлийн 1.4-т зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ногоон өнгийн нунтаг гялгар уутны хамт 108,7 грамм жинтэй ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгч О.Т нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Т давж заалдах гомдолдоо: “О.Т миний бие нь Налайх дүүргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж гомдол гаргаж байна. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Би хэрэг хийсэн гэдгээ ч хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие нь энэ зүйлийг ахиж хэрэглэхгүй, гэдгээ шүүх бүрэлдэхүүнд чин сэтгэлээсээ амлаж байна. Цаашдаа хар тамхины гэмт хэргийн талаар үеийн залуучууддаа мөн дүү нартаа ойлгуулж урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцож явах хэрэгтэй гэж хоригдох хугацаандаа ойлгож мэдлээ. Би эхнэр хүүхдийн хамт амьдардаг эхнэр минь одоо 20 настай охин минь 6 сар хүрч байна. Охинд минь нэмэлт тэжээл болон уураг маш их хэрэгтэй байгаа. Эхнэр ажилгүй гэртээ хүүхдээ хардаг миний хэрэгцээ гэр бүлд минь маш их хэрэгтэй байгаа. Би эндээс гарч гэр бүлээ тэжээх ёстой. Миний хувьд амьдрал минь дөнгөж эхэлж тусдаа гарч байхад ийм гэмт хэрэгт холбогдсондоо ахин дахин үнэхээр их харамсаж байна. Иймд миний гаргасан алдааг ганцхан удаа өршөөж нийгэмшүүлж эгэл жирийн амьдрах боломжийг олгон өгч зорчих эрхийг минь хэдэн жилээр ч хамаагүй хязгаарлаж өгөөч гэж эрхэм хүндэт шүүгчдээс гуйж байна” гэжээ.
Шүүгдэгч О.Т-ийн өмгөөлөгч Г.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “....гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд” оршино гэж заасан байна. Шүүгдэгч О.Т нь нийтийн эрүүл мэнд, нийгэмд хор аюул учруулдаг сэтгэцэд нөлөөтэй бодисыг хууль ёсны буюу эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, хадгалах, эмчийн жороор олж авахаас бусад аргаар өөрийн эзэмшлийх болгосон үйлдэл нь хууль бус боловч одоо 23 настай, өөрийн гэсэн гэр бүл, бага насны хүүхэдтэй, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь сонгох санкцтай учир түүний хувийн байдлыг харгалзан Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч О.Т нь 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр эрүүгийн гэмт хэрэг үйлдэж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн. Уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өршөөсөн. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мансууруулах төрлийн бодисыг өөрөө зорьж очиж Төв аймгийн Борнуур сумын нутгаас түүж авсан. Улмаар уг бодисоо хэрэглэдэг байсан нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Хэдийгээр ял шийтгэлтэй байдал нь эрх зүйн байдлыг нь дордуулахгүй ч гэсэн урьд нь шүүхээс ял шийтгүүлсэн атлаа өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй болох нь харагдаж байна. Иймд хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шинжийг харгалзаад шүүхээс 1 жил 1 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Т нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутгаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 87.8 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг бодисыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Налайх дүүргийн ..... дугаар хороо, ............ тоот хашаанд худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
О.Т-ийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутгаас очиж бага зэргийг гялгар уутанд түүж авсан. ...Сумын төвөөс хойшоо алхаж байгаад түүсэн. ...Налайх дүүргийн .... дугаар хороо, ........ тоот хашаанд авч ирж хадгалсан. ...уг өвснөөс хэрэглэхгүй байж байгаад нэг удаа ... цаасанд ороож татаж хэрэглэсэн. Тэгээд үлдсэн өвсөө гялгар ууттай нь хамт байшингийн ард хадгалчихсан. ...Би цагдаа нарт баригдахдаа сайн дураараа гаргаж өгсөн. Өвсөндөө ахуйн газ шингээж, галаар хатаагаад хэрэглэвэл үйлчлэл өндөртэй байдаг гэж сонсож байсан. ...” /хх 62/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно...” гэсэн 850 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 43-44/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Т 2022.01.20” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Т 2022.01.20” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. ...” гэсэн 849 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 49-50/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын “...О.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. О.Т нь сэтгэцийн өвчтэй гэх баримт, шинж үгүй байна...О.Т нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. О.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. О.Т нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна. ...” гэсэн 171 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 55/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 11-16/ хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 17-20/, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 21-22/, Эрүүгийн 220200093 дугаартай хэрэгт хураан авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 25-26/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх 27/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч О.Т-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч О.Т-ийн Төв аймгийн Борнуур сумаас түүж бэлтгэсэн 87.8 грамм жинтэй ургамал нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис байх бөгөөд уг бодисыг Налайх дүүргийн .... дугаар хороо, ........ тоот хашаанд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хадгалсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг хангажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж заасан.
Анхан шатны шүүх, шүүгдэгч О.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь тохирсон байна.
Шүүгдэгч О.Т-ийн “...миний гаргасан алдааг ганцхан удаа өршөөж нийгэмшүүлж эгэл жирийн амьдрах боломжийг олгон өгч зорчих эрхийг минь хэдэн жилээр ч хамаагүй хязгаарлаж өгнө үү..., түүний өмгөөлөгч Г.Н-ын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хувийн байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү....” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Шүүхээс шүүгдэгч О.Т-т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Г.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Г.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ