Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2024/02515

 

 

 

 

2024 оны 06 сарын 07 өдөр                     Дугаар 183/ШШ2024/02515                          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Наадамчдын гудамж, Ф**** худалдааны төв хаягт байрлах “Б*******” ХХК (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, А***** ** тоот хаягт оршин суух Х*** овогт Ч*******ын Д******* (РД:***********)-нд холбогдох

 

Түрээсийн төлбөр 5,338,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Хадгалагдаж байсан 10 тонн кимчиний үнэ 10,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г*******,

Хариуцагч Ч.Д*******,

Гэрч А.Ц*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Б*******” ХХК нь хариуцагч Ч.Дамдэмбэрэлд холбогдуулан түрээсийн төлбөр 5,338,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Ч.Д******* нь Фүүд сити төвд байрлах манай агуулахад ******* оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс ******* оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 15.7 тонн кимчиний байцаа хадгалуулсан боловч хадгалалтын төлбөрийг төлөөгүй. Нийт 4 сарын түрээсийн төлбөр 5,338,000 төгрөг авахаар байгаа. Удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч төлөхгүй хуурсаар байна гэжээ.

 

2.Хариуцагч Ч.Д******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

2.1.“Б*******” ХХК-ийн агуулахад ******* оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн кимчиний байцаа хадгалуулж эхэлсэн. Хадгалуулсан байцаа удаан хугацааны хадгалалт даадаг, агуулахын горим хадгалалтын горимыг хангасан тохиолдолд 5 сараас дээш хугацаанд хадгалагдах боломжтой. Хадгалалтын горим алдагдсанаас болж байцаа муудсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн муудсан байцааг ялгах гэхэд ялгуулаагүйн улмаас бусад байцаа муудсан гэж үзэж байна гэжээ.

 

3.Хариуцагч Ч.Д******* нь нэхэмжлэгч “Б*******” ХХК-д холбогдуулан хадгалагдаж байсан 10 тонн байцааны үнэ 10,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

3.1.Бид нар 10 гаруй тонн байцаа хадгалуулж байсан. Хадгалалтын горим алдагдсанаас байцаа муудсан болохыг сүүлд мэдсэн. Бид нар аль болох талаас нь хүлээцтэй хандаж, түрээсийг төлөх байр суурьтай байсан боловч нэхэмжлэгч тал нэг талыг барьж бид нар луу дайрч хандсан. Агуулахын температур маш их хэлбэлзэж байсны улмаас муудсан гэж үзэж байна. Намайг очиход +10 градус болсон байсан. Иймд 10 тонн байцааны үнэ 10,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

4.1.Анх 1 сарын хугацаатай хадгалуулахаар тохиролцсон боловч 1 сарын төлбөрөө төлөөгүй. Тэгээд хугацаа даамжирсан. Нягтлан, нярав өгөхгүй байсны улмаас муудсан зүйл байхгүй. Өөрсдөө алга болсон гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “Б*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.Д*******ээс түрээсийн төлбөр шаардсан нэхэмжлэх,

Хариуцагч талаас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч А.Ц*******ийг гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон хариуцагч Ч.Д*******ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан байцаа хадгалсны түрээсийн төлбөр 5,338,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа Ч.Д******* нь ******* оны 08 дугаар сарын 10-ны өдөр кимчиний байцааг 1 сарын хугацаатай хадгалуулахаар тохиролцсон боловч 1 сарын төлбөрөө төлөөгүй улмаас ******* оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хадгалуулсан учир 4 сарын түрээсийн төлбөр 5,338,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй, харин хадгалалтын горим зөрчөөгүй, хариуцагч өөрөө байцаагаа ирж аваагүй учир сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ агуулахын горим алдагдсаны улмаас байцаа муудсан учир төлбөрийг төлөхгүй, харин байцаа муудсаны улмаас учирсан хохирол болох 10 тонн байцааны үнэ 10,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарлажээ.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Зохигч талуудын хооронд ******* оны 08 дугаар сарын 10-ны өдөр 15.7 тонн кимчиний угаасан байцааг 1 сарын хугацаанд 1 тонныг нь 85,000 төгрөгөөр тооцож хадгалах, хадгалуулах нөхцөл бүхий гэрээ байгуулагдсан, гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний нөхцөлийн талаар талуудын хооронд маргаангүй.

4.2.Байцааг ******* оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс ******* оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хадгалсан үйл баримтын талаар талуудын хооронд маргаангүй.

4.3.Байцааг хадгалсан хугацааны буюу ******* оны 08-12 дугаар сарын төлбөр 4,451,025 төгрөг нэхэмжилсэн, уг нэхэмжлэхтэй холбоотойгоор хариуцагчийн зүгээс 08-11 дүгээр сарын төлбөрийг ******* оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөх, 12 дугаар сарын төлбөрийг төлөхгүй талаар хариу илгээсэн үйл баримтын хувьд талууд хооронд маргаангүй.

 

5.Зохигч талууд ******* оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэг талаас кимчиний угаасан байцааг 1 сарын хугацаанд хадгалуулж, төлбөрийг төлөх, нөгөө талаас 1 тонн байцааг 85,000 төгрөгөөр тооцож хадгалахаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан хадгалалтын гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

 

6.Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.4.2-т “хадгалалт төлбөртэй бол хадгалалтын гэрээ дуусгавар болсон тохиолдолд хадгалагчид хөлсийг төлөх” гэж зааснаар нэхэмжлэгч “Б*******” ХХК нь хариуцагч Ч.Д*******ээс байцааг хадгалсны хөлсийг төлөхийг шаардах эрхтэй.

 

7.Гэхдээ нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.6-д “хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах” гэж заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд хөлс төлөхийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм.

 

8.Шүүх хуралдаанд гэрч мэдүүлэхдээ байцааг муудаж эхэлснийг ******* оны 11 дүгээр сард мэдсэн, хариуцагчийг ******* оны 11 дүгээр сард байцаагаа авах гэж ирэхэд нь төлбөрөө төлөөгүй үндэслэлээр хүлээлгэж өгөөгүй, муудсан байцааг ялгах арга хэмжээ авахад нь саад болж байсан талаар мэдүүлснээс үзэхэд нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийг Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.6-д заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

 

9.Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч Ч.Д******* нь нэхэмжлэгч “Б*******” ХХК-аас учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 

10.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.6-д заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагчид ******* оны 12 дугаар сар болон ******* оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаан түрээсийн төлбөр төлөх үүрэг үүссэн буюу 2,206,430 төгрөгийн хохирол учирсан гэж үзлээ.

 

11.Иймд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.6 дахь хэсэгт “Хадгалалтын гэрээний хугацаа дууссан эд хөрөнгийг хадгалуулагчид буцаан өгөх үед хадгалагч өөрийн санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцна” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 2,206,430 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

12.Харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг хадгалалтын горимыг алдагдуулсны улмаас байцаа муудсан гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байх боловч байцаа нь хадгалалтын горим алдагдсаны улмаас муудсан болохыг баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” зааснаар өөрийн шаардлага, татгалзал, түүний үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

13.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ч.Д*******ээс 3,131,570 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 2,206,430 төгрөгийн хэсгийг болон хариуцагч Ч.Д*******ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 100,338 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 65,055.1 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор хуваарилах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 422.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Д*******ээс 3,131,570 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 2,206,430 төгрөгийн хэсэг, нэхэмжлэгч “Б*******” ХХК-нд холбогдох хадгалалтын горим алдагдуулсны улмаас учирсан хохирол болох 10 тонн байцааны үнэ 10,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ч.Д*******ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн урьдчилан төлсөн 100,338 төгрөг, хариуцагч Ч.Д*******ийн урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 65,055.1 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б*******” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД