Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/556

 

                                               М.Т, М.Б нарт холбогдох

                                              эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч М.Т-н өмгөөлөгч Ж.Уранчимэг,

шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/861 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаартай эсэргүүцлийг үндэслэн М.Т, М.Б нарт холбогдох эрүүгийн 1802 00095 0058 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д овгийн М.Т, ................., ял шийтгэлгүй, /РД: ................../;

2. Б овгийн М.Б, ............... ял шийтгэлгүй, /РД: ............../;

Яллагдагч М.Т, М.Б нар нь сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зорилгоор санаатай нэгдэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий уутны хамт 13,7 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн,

мөн М.Т, М.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрхийн товчоо гэх газрын орчим 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий уутны хамт 13,7 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

яллагдагч М.Т нь 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн Хүрээ хотхоны 203 дугаар байрны 37 тоотод оршин суух өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 49 грамм цэвэр жинтэй, 0,4079 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: М.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 М.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2079 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаажээ. Энэ захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, тус хэрэгт яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх, нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн заалтыг анхааран ажиллаж хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаа хуулийн хугацаанд хийх шаардлагатай байна.

М.Т, М.Б нарт холбогдох хэрэгт 4 жилийн хугацаанд хэрэгт хавсарган ирүүлээгүй Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дуу авианы шинжилгээний дүгнэлтийг хэргийн оролцогч нар хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй ирүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулж цуглуулж бэхжүүлэх ажиллагааг хийх нь зүйтэй.

Мөн “мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг эдлүүлж тэдгээрийн гаргасан хүсэлт гомдлыг хуульд зааснаар шийдвэрлэх ажиллагааг хийх” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, шинжээч томилсон тогтоолоо танилцуулаагүй, мөн хэргийн материалаа танилцуулаагүй байна.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийсний эцэст шүүгдэгч нарыг гэм буруугийн үйлдлийг холбогдох зүйл, хэсгээр зүйлчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан яллах дүгнэлт үйлдэн ирүүлэх ажиллагаа хийгдээгүй байна. Тухайлбал, яллагдагч М.Т, М.Б нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ямар нотлох баримтуудыг үндэслэн яллах дүгнэлт үйлдээд байгаа нь тодорхой бус, яллагдагч нарын цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон гэх мэт алдаатай байх тул хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд М.Т, М.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол М.Б-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, М.Т-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хураагдсан 2 ширхэг хагархай тарианы усны шил, саарал өнгийн гар жин, хөвөн бамбар 2 ширхэг, шар өнгийн эвдэрхий асаагуур, шаргал өнгийн эвдэрхий асаагуур, цагаан өнгийн соруул мэт зүйл, дотор хэсэг нь цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, яллагдагч М.Т-н биед үзлэг хийж хураагдсан цагаан өнгийн соруул мэт зүйл, мөнгөлөг өнгийн уутанд хийсэн “ОС” гэсэн бичиглэл бүхий гар жин, яллагдагч М.Б-н биед үзлэг хийж хураагдсан зиплок түгжээ бүхий уутны хамт 6.5 грамм жинтэй /шинжилгээнд дээж явуулсны дараа 6.4 грамм болсон/ мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, зиплок түгжээ бүхий уутны хамт 7.2 грамм жинтэй /шинжилгээнд явуулсны дараа 7.1 грамм болсон/ мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдаж, мөрдөн шалгах ажиллагааны нууц ажиллагааны явцад яллагдагч нарын дуу хоолойг бичсэн 1 ширхэг сидийг Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн дуу авианы шинжилгээний дүгнэлтийг хэргийн хамт буцаан хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Цогтгэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүхийн шийдвэрийг хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаах тухай 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЗ/2079 дугаартай шүүгчийн захирамжид шинжээч томилсон тухай тогтоол, шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа тул энэ талаар холбогдох хүмүүсээс тодруулж мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Шүүгчийн захирамжийн дагуу Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “...шинжээчийн дүгнэлтийг ирүүлэх тухай...” албан бичгийг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд хүргүүлсэн ба шинжээчийн дүгнэлт /маш нууц/-ийг ирүүлснийг хүлээн авч, мөрдөгч нь уг дүгнэлтийг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хамт хавсаргах боломжгүй гэж үзэж, тусад нь хавтаслаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарт танилцуулж шүүхэд хүргүүлсэн болно. Энэ ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан гэж үзэх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ.” гэж заасантай нийцнэ.

Мөрдөгчөөс шинжээчийн дүгнэлтийг өөр аргаар эрх бүхий албан тушаалтнаас гаргуулах, дахин шинээр сэргээх боломжгүй нөхцөлийг шүүх харгалзаж үзсэнгүй.

Нөгөөтэйгүүр, прокуророос уг нотлох баримтыг яллах эсхүл цагаатгах талын нотлох баримтаар ашиглаж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд дурдаагүй болно. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13, 14 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой байхад нотлох баримтыг дахин шалгах үндэслэл болгож байгаа нь үндэслэл муутай болжээ.

2. Яллагдагч М.Б, түүний өмгөөлөгч нарын 2021 оны 10 дугаар сарын 28, 29-ний, мөн оны 11 дүгээр сарын 15, 22-ны өдрийн хүсэлтүүд, 2021 оны 11 дүгээр сарын 15, 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн гомдлуудыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйл болон 15.7 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж хариуг тухай бүрт мэдэгдэх хуудсаар, яллагдагч М.Т-н 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хүсэлтийг 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 4/389 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар тус тус мэдэгдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хавтаст хэрэгт материалыг хавсаргасан байхад анхан шатны шүүх хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг эдлүүлж, тэдгээрийн гаргасан хүсэлт гомдлыг хуульд зааснаар шийдвэрлэх ажиллагааг хийх гэх заалтыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу яллагдагч нар, тэдний өмгөөлөгч нарт хавтаст хэргийн материалыг танилцах боломжоор хангаж, танилцуулж тэмдэглэл үйлдсэн байхад хэн гэж яллагдагч, өмгөөлөгчид танилцуулаагүй талаар тодорхой дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн.

4. Яллагдагч М.Т, М.Б нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба хууль ёсны байх шаардлагыг хангасан, хэргийн бодит байдлыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтын хэмжээ хязгаарыг тодорхой дурдсан.

Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийг нотлох баримтыг хавтаст хэргээс иш татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2-5 дахь заалтад заасан шаардлагын дагуу үйлдсэн байхад үндэслэлгүйгээр тодорхой бус гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Мөн яллагдагчийн цагдан хоригдсон хоногийн тооцоог буруу гаргасан нь хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэж, хэргийг прокурорт буцаах үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зарчим, нөхцөлийг алдагдуулсан шийдвэр байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаартай эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Прокуророос Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнд хандаж, урьд томилсон шинжээчийн дүгнэлтийг хуулбарлан авсан. Уг шинжээчийн дүгнэлт нь “маш нууц”-ын зэрэглэлтэй ирсэн учир анхан шатны шүүхэд тусад нь хавтаслаж хүргүүлсэн. Үүнийг шүүгчийн захирамжийн дагуу хийгдсэн хуульд нийцсэн ажиллагаа гэж үзэж байна. Хэргийн оролцогчдын гаргасан хүсэлт гомдлуудад тухай бүр зохих хариуг өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн материалыг яллагдагч болон түүний өмгөөлөгч нарт танилцуулсан, прокурорын хяналтын шатанд хэргийн материалтай танилцуулаагүй гэсэн гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх “... гэмт хэрэгт холбогдуулан ямар нотлох баримтуудыг үндэслэн яллах дүгнэлт үйлдээд байгаа нь тодорхой бус...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Яллах дүгнэлтэд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол, арилжааны банкнуудаас ирүүлсэн дансны хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, гэрч Батцэцэг, Батбилэг нарын мэдүүлэг, Монгол Улсын хилээр гарсан лавлагаа зэрэг баримтуудыг хавсаргасан. Яллагдагч нарын цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон гэж буцаасан нь хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Т-н өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 2022/ШЗ/861 дугаартай шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдож тогтоогдоогүй. Тухайлбал, прокурор шүүх хуралдаанд олон гэрчүүд мэдүүлсэн мэтээр тайлбарлаж байна. Хэрэгт Б гэх ганцхан гэрч байдаг. Гэтэл Б нь М.Т-г тухайн бодисыг гаргаж өгч байсныг мэдэхгүй, эсвэл М.Т далайн байцааны савнаас гаргаж ирсэн зэргээр зөрүүтэй мэдүүлдэг. Баянзүрхийн товчоонд баригдсан дариуд үзлэг хийхэд далайн байцааны сав байгаагүй. Мөн 13.7 грамм бодисоос яллагдагч нар хэрэглэсэн юм бол яагаад хэрэглэснийх нь дараа хорогдол гараагүй гэдэг нь ойлгомжгүй. Яллагдагч М.Б, түүний өмгөөлөгч Т нар нь гэрчид “М.Т-г өгсөн гээд хэлчих” гэх мэтээр нөлөөлсөн. Мөн М.Б нь тухайн бодисыг Энхмаа гэх хүнээс авсан гэж мэдүүлж байсан. Ийм зөрүүтэй нөхцөл байдлуудад үндэслэн миний үйлчлүүлэгчийг 4 жилийн хугацаанд шалгаж байгаад нь гомдолтой байна. Гэрч Б нь үнэхээр “мөс” гэх бодисыг хэрэглэсэн юм бол яагаад түүний шинжилгээнээс 2 өөр бодис илрээд байгааг, нөгөө бодисыг нь хаанаас яаж олж авч хэрэглэсэн талаар огт нотолж тогтоогоогүй. Иймд дээрх эргэлзээтэй нөхцөл байдлуудыг арилгуулж, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. М.Б “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилийн боомтоор хууль бусаар нэвтрүүлж, М.Т-тэй үйлдлээрээ санаатай нэгдсэн, хамтран оролцсон гэдэг хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй байхад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дуу авианы шинжилгээ гэх хууль бус арга хэрэгслээр цуглуулсан байж болох баримтад үндэслэн шүүхэд шилжүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно.” гэж заасан, мөн хуулийн 27.1, 27.2 дугаар зүйлүүдэд шинжилгээ хийх журам болон шинжилгээ хийлгэх үед оролцогчийн эрх зэргийг тодорхой зааж өгсөн байдаг. Яллагдагч нар энэхүү бодисыг худалдан борлуулах зорилгоор олж авсан нь ямар нотлох баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй учир шүүхээс шийдвэрлэх боломжгүй гэж үзэж прокурорт хэргийг буцаасан. Гэтэл анхан шатны шүүхийн 2079 дугаартай захирамжид прокурор эсэргүүцэл бичээгүй бөгөөд прокуророос М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял нэмж сонсгосноос өөр ажиллагаа хийгээгүй. Үүнийгээ 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулснаа 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр танилцуулсан. Үүнтэй холбогдуулж өмгөөлөгч миний бие хүсэлт гаргасан. Уг хүсэлтээ 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гаргасан. Гэтэл надад 2022 оны 2 дугаар сарын 24-ний огноотой хариу мэдэгдэх хуудсыг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр гардуулсан. Энэ хариу мэдэгдэх хуудсанд 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн тул таны хүсэлтийг хангах боломжгүй байна гэсэн хариу ирүүлсэн байсан. Энэ мэт оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ хэрэг 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр болсон, өдийг хүртэл 4 жилийн хугацаанд байхгүй байсан шинжээчийн дүгнэлтийг яагаад одоо гаргаж ирж байгаа нь ойлгомжгүй. Мөн прокуророос М.Б-н үйлдлийг Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Гэтэл энэхүү заалтад 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан тул энэ зүйл, хэсгээр зүйлчлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх яллагдагч М.Т, М.Б нарт холбогдох хэргийг хянаад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай хэмээн дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн хувьд үндэслэл муутай болжээ.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутэй эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заасан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан бөгөөд прокурор энэ үүргээ хэрэгжүүлэхдээ, шаардлагатай оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтойг дурдаж байна.

Анхан шатны шүүх М.Т, М.Б нарт холбогдох хэргийг өмнөх 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2079 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан шүүгчийн захирамж биелэгдээгүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дуу авианы шинжилгээний дүгнэлтийг хэргийн оролцогч нар хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлээгүй, шинжээч томилсон тогтоол танилцуулаагүй, хэргийн материал танилцуулаагүй нь буруу гэсэн үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцаажээ.

Яллагдагч М.Т, М.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодиттой тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд яллагдагч нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг баримтлан хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй юм.

Үүнээс гадна, прокурорын эсэргүүцэлд дурдсан “... яллагдагч нарын цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон нь хэргийг буцаах үндэслэл болохгүй. ...” гэсэн эсэргүүцлийн хэсгийг хүлээн авах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, М.Т, М.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/861 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Т, М.Б нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл М.Б-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, М.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                             Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                             М.АЛДАР