Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 142

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                         ,                                                                               

Улсын яллагч Ц.Роза

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ат холбогдох эрүүгийн 1730001230108 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 10, ял шийтгэлгүй Д.А.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч  Д.А нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд Мэдээлэл холбоо сүлжээний газрын урд 2017 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн орчим Ц.Тыг зодож “тархи доргилт, баруун шанаа, баруун чихний дэлбэн, зүүн нүдний доод зовхины хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн зулгаралт бүхий”  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Д.А  шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Би  2017 оны 10 дугаар сарын 08-ны орой явж байгаад Т ахтай таарсан. Холбооны урд гараад Ц.Т ахтай муудсан. Намайг архи авч өг гээд  нэхээд байсан. Тэгэхээр нь  зодчихоод гэррүүгээ явсан. Би хохирогчтой утсаар ярьж зөндөө уучлалт гуйсан гэв. 

 

-Хохирогч Ц.Тын мөрдөн байцаалтанд өгсөн:  “...2017 оны 10 дугаар сарын 08-ны  орой 18 цагийн үед Боловсрол хороололд найзынхаа хүүхдийн үсний найранд орчихоод 21 цагийн үед уг айлаас тал шил Ерөөл архи аваад гараад машинаар төв рүү буулгуулсан. Тэгээд талбай дээр 3 залуу таарч  архиа хувааж уучихаад  Холбооны урд  тамхи татаад зогсож байхдаа  Атай маргалдсан.  А  би чамд өс санасан, чи манай эгчийг гомдоосон гэж хэлээд намайг зодсон.  Би ухаан алдсан байсан. Нэг сэрээд цаг харахад шөнийн 02 цаг болж байсан. Тэгээд шууд гэртээ хариад өдөржин хэвтэж байгаад арай хийж босоод 2017 оны 10 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед цагдаа дээр ирж гомдлоо гаргасан. Би А гэх залуугийн эгч Аззаяатай үерхэж байгаад салсан юм. Бид 2 дундаа хүүхэдтэй юм. Тэрэнд өс санасан гэж байсан. Би Ат зодуулсандаа гомдолтой байна. Уг хүнээс хохирлын мөнгө 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би зодуулснаас болж ажилдаа явалгүй 7 хоног гэртээ байсан. Мөн намайг бусдад зодуулсан гээд манай эхнэр хүүхэд салаад явчихаад байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 05-06-р хуудас/

 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 375 дугаартай дүгнэлтэнд: Ц.Тын биед “тархи доргилт, баруун шанаа, баруун чихний дэлбэн, зүүн нүдний доод зовхины хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн зулгаралт бүхий” гэмтэл учиржээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй  гэх дүгнэлт /хх-ийн 10-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 9/338 дугаартай тодорхойлолт /хх-ийн 20-р хуудас/

 

-Д.Агийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 26-р хуудас/

 

-Д.А  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Д.А нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  Мэдээлэл холбоо сүлжээний газрын урд 2017 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн орчим  хохирогч Ц.Тыг зодож “тархи доргилт, баруун шанаа, баруун чихний дэлбэн, зүүн нүдний доод зовхины хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн зулгаралт бүхий”  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Аын  мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ц.Тын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 375 дугаартай дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан  хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Д.Ат холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Д.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Аын  үйлдсэн хэрэг нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

   Шүүгдэгч Д.А нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ц.Т хохирлын  2 000 000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлж  иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Д.Аыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Аыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан  Д.Ат оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.А торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

 

5. Ялтан    Д.А нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ц.Т хохирлын  2 000 000 төгрөгийн  нотлох баримтыг  бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан  Д.Ат  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА