Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2024/02701

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ****** хаягт оршин суух М******* овогт Ц*******гийн И******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ****** хаягт байрлах М******* т******* ХХК /Регистрийн дугаар *******/-д холбогдох, 7,670,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч Ц.И*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Ж*******.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай автоцистернийг М******* т******* ХХК-ийн Төв аймгийн Баян сумын нутагт барьж буй Богдхан төмөр зам нэртэй шинэ төмөр замын төслийн ажилд замын далангийн нягтруулалтын усалгаанд 1 сарын буюу 30 хоногийн түрээсийн ажлын хөлс нь 9,000,000 төгрөг байхаар тохиролцсон гэрээ хийж өөрийн талаас жолооч оперотартойгоор ажилд гарсан. Манай машин нь 2022 оны 10 дугаар сард: 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31 10 дугаар сард нийт 22 өдөр, 2022 оны 11 дүгээр сард 1,2,3,4,5,6,7,8,9,10 11 сард нийт 10 өдөр 2022 оны 10 дугаар сар болон 11 дүгээр сард нийтдээ хуанлийн 32 өдөр ажилласан. Энэ ажилласан хоногуудыг задалж бодохоор 9,000,000 төгрөгийг 30 хоногт хуваахад нэг өдрийн түрээс буюу нэг өдрийн ажлын хөлс 300,000 төгрөг болно. 300,000 төгрөгийг ажилласан 32 өдрөөр тооцоход 9,600,000 төгрөг болсон. Ажил хийж гүйцэтгэж байх дундуур урьдчилгаа болгож 2,000,000 төгрөгийг оффис дээгүүр нь удаа дараа очиж нэхэж байж авсан. Иргэн Ц.И******* миний М******* т******* ХХК-тай гэрээ хийж ажилласан Богдхан төмөр зам нэртэй төслийн ажил нь 1км замын ажил хийж гүйцэтгэх өртөг маш их өндөр өртөгтэй төсөл гэдэг юм билээ. Ийм өндөр дүнтэй ажил хийж гүйцэтгэчхээд миний ажлын хөлсийг өгөхгүй удаан чирэгдүүлж байгаад маш их гомдолтой байна. М******* т******* ХХК нь надад төлөх түрээсийн төлбөр буюу ажлын хөлсийг маань одоог хүртэл өгөхгүй байна. Утсаар ярихаар захирал нь манай компанийн дансыг улсаас хаачхаад байгаа шүүхдээ өгөхгүй юу гэсэн доогтой хариу хэлж байсан, одоо захирал, нягтлан, инженер гэх мэтийн удирдлагын хүмүүс нь утсаа авахаа больсон. Миний бие 7,600,000 төгрөгийн авлагатай байгаа ба М******* т******* ХХК-тай байгуулсан гэрээний 2.3.1, 3.2 заалтуудыг үндэслэн нэхэмжилж байна. Мөн хариуцагч М******* т******* ХХК-ийн хаяг тодорхойгүй байсан тул шүүхээр эрэн сурвалжлуулсан ба уг шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Иймд хариуцагч М******* т******* ХХК-аас 7,670,200 төгрөг төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай компани төрөөс төмөр зам барих бодлогын хүрээнд хэрэгжиж эхэлсэн "Т*** т*** т*** з***" төрийн өмчит ХХК захиалагчтай Зэвсэгт хүчний жанжин штаб ерөнхий гүйцэтгэгчээр орсон Богдхан төмөр зам төслийн ажилд 14 замын компанийн хамт гүйцэтгэгчээр шалгарч тус нэхэмжлэлд дурдсанаар төслийн ажил явагдаж хийгдсэн бөгөөд уг төсөл улирлын цаг агаарын хүйтрэлээс болж технологийн хувьд үргэлжлэх боломжгүй болж зогсоод хавар 3 сараас үргэлжлэн явагдах байсан боловч ажил түр зогсох үеэр нүүрсний хулгайн хэрэг улс даяар өрнөж Засгийн газрын үүрэг чиглэлээр эрх бүхий хууль хүчний байгууллагууд оптеик гэрээгээр хэрэгжсэн болон хэрэгжиж буй төслүүдийг зогсоон бүгдийг нь шалгаж эхэлсэн уг гэрээний ажлуудын гэрээг ил болгож шалгалтын ажил хийгдэж шалгаж буй аж ахуйн нэгжүүдийн дансыг барилт хийж бүх бичиг баримтууд, компьютер хэрэгслийг хураан авч шалгалтын ажиллагааг хийсээр байгаа. Манай компанийг 2023 оны 3 дугаар сард шалгаж дууссан бөгөөд ямар нэгэн холбогдол зөрчил байхгүй нь тогтоогдож дансыг 6 дугаар сард нээсэн бөгөөд хийсэн ажлын гүйцэтгэл төлбөрийг авахаар "Т*** т*** т*** *** " XXK pyу албан бичиг явуулсан боловч одоог хүртэл шийдвэрлээгүй. Шийдвэрлэхгүй байгаа учир шалтгаанаа "Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдал" үүсэн хэмээн тайлбарлаад үүн дээрээ МҮХАҮТанхимаас гэрчилгээ авсанаа хавсарган тодорхой хугацаа заагаагүйгээр төлбөр барагдуулах боломжгүй гэсэн хариуг албан бичгээр өгсөн өдийг хүртэл төлбөр барагдуулаагүй байдалтай байна. Уг төслийн ажлыг манай компани өөрийн техник хэрэгсэл хөрөнгө мөнгөө гарган мөн гаднаас техник хэрэгсэл нэмэлтээр түрээслэн эхлүүлж гүйцэтгэлийг богино хугацаанд сайн хийсэн боловч улсын захиалагч "Т** т*** т*** з*** " ХХК төлбөр мөнгийг барагдуулахгүй аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн хямралд оруулж хүнд байдалд оруулан өдий хүрсэн байдалтай байна. Иймд манай байгууллага нь иргэн Ц.И*******ын гаргасан нэхэмжлэлийг төлж барагдуулах боломжгүй байна. Холбогдох материалыг хавсаргав гэжээ.

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4, 5/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.06.21-ний өдрийн 102/ШЗ2023/11661 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж /хх-6/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.05.30-ны өдрийн 102/ШЗ2023/10096 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-7/, 2022.09.30-ны өдрийн 26 дугаартай Машин механизм түрээслэх гэрээ /хх-8-9/, техник хэрэгслийн ажлын бүртгэлийн хуудас /хх-11-13/, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2023.08.25-ны өдрийн хаяг тогтоосон албан бичиг /хх-14/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.27-ны өдрийн 102/ШШ2023/02505 дугаар шийдвэр /хх-15-16/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: М******* т******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-26/, 2023.12.13-ны өдрийн хариу тайлбар /хх-33-34/.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ц.И******* нь хариуцагч М******* т******* ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7,600,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргаж шийдвэрлүүлэхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 7,670,200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

3. Хариуцагч М******* т******* ХХК нь хийж гүйцэтгэж буй ажлын төсөл хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалж санхүүжилтээ авч чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төлбөрийг төлж барагдуулах боломжгүй гэх тайлбарыг гаргажээ.

4. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 26 дугаартай Машин механизм түрээслэх гэрээ-ээр хариуцагч М******* т******* ХХК нь нэхэмжлэгч Ц.И*******ын эзэмшлийн ******* улсын дугаартай, маркийн цистернийг Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэж буй төслийн ажилд оператортой 60 хоногийн хугацаатай түрээслэн ажиллуулахаар нэг сарын төлбөрийг 9,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-8-9/

5. Зохигчдын хооронд хийгдсэн дээрх тохиролцооноос үзэхэд хариуцагч М******* т******* ХХК нь цистернийг түрээслэсэн зорилго нь тус компанийн хийж гүйцэтгэж буй төслийн ажилд зориулалтаар нь ашиглахаар түрээсэлсэн байх тул талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба мөн хуулийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулна гэж заасан.

Зохигчид түрээсийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн байх ба талууд гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

6. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу түрээсэлсэн цистернийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд 22 өдөр, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд 10 өдөр, нийт 32 өдөр ажиллуулсан төлбөрийг гэрээгээр тохирсон нэг сарын түрээсийн төлбөр болох 9,000,000 төгрөгөөр тооцон нийт 9,600,000 төгрөгөөс хариуцагчийн урьдчилгаа төлбөрт төлсөн 2,000,000 төгрөгийг хасаж үлдэх 7,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

7. Хариуцагч тал нь түрээсэлсэн цистернийг ажиллуулсан өдрийн тооцоо болон түрээсийн төлбөрийн дүнгийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ Богдхан төмөр зам төслийн ажлыг хийх гүйцэтгэх явцад Засгийн газрын үүрэг чиглэлээр эрх бүхий хууль хүчний байгууллагууд оптеик гэрээгээр хэрэгжсэн болон хэрэгжиж буй төслүүдийг зогсоон бүгдийг нь шалгасантай холбоотой ажил гүйцэтгэж байсан аж ахуйн нэгжүүдийн дансыг барилт хийж бүх бичиг баримтууд, компьютер хэрэгслийг хураан авч шалгалтын ажиллагааг хийсэн, ажлын гүйцэтгэлийн төлбөрийг "Т*** т*** т*** з***" XXK-аас шийдвэрлэж өгөхгүй байгаа, энэ шалтгаан нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа гэж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа дурджээ. /хх-ийн 33-34/

8. "Т*** т*** т*** з*** " XXK-ийн хэрэгжүүлж буй Богдхан төмөр зам төслийн ажлын талаар Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулан хянан шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн нь нийтэд илэрхий үйл баримт боловч тухайн үйл баримтаас шалтгаалан хариуцагч М******* т******* ХХК-ийг нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээний дагуу 2022 оны 10, 11 дүгээр цистернийг түрээслэн ажиллуулсан цаг хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил болох Богдхан төмөр зам төслийн ажлыг хэрэгжүүлэгч "Т*** т*** т*** з*** " XXK-аас хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг олгохгүй ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн хямралд оруулсан гэх асуудал нь хариуцагч М******* т******* ХХК-ийн нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээний төлбөрийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

9. Хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу түрээсэлсэн цистернийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 32 өдөр ажиллуулсан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэийг баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул 32 өдрийн түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу тооцоход түрээсийн төлбөрт нийт 9,600,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийн урьдчилгаанд 2,000,000 төгрөгийг авсан гэх тайлбар гаргасныг хариуцагч талаас мөн баримтаар үгүйсгэж маргаж мэтгэлцээгүй тул уг мөнгийг төлбөрөөс хасаж тооцон үлдэгдэл 7,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

10. Нэхэмжлэгч нь хариуцагч М******* т******* ХХК-д холбогдуулан гэрээнд заасан хаягаар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч уг хаягт байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар шүүхээс хариуцагчийг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулж, хаягийг тогтоосон, уг нэхэмжлэлийн улмын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн нь хэрэг авагдсан шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр, хураамж төлсөн баримт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6, 7, 15, 14, 4/

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй ба мөн хуулийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасныг баримтлан хариуцагчаас тус компанийг эрэн сурвалжлуулах шийдвэрийг гаргуулахтай холбоотой нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

11. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч М******* т******* ХХК-аас 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 26 дугаартай Машин механизм түрээслэх гэрээ-ний үүрэгт түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7,600,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулах шийдвэрийг гаргуулахтай холбоотой нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 7,670,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.И*******т олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,674 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 137,674 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

13. Хариуцагч М******* т******* ХХК-ийн захирал Г.Буянжаргал нь хариуцагчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 30 минутад хуралдахаар товлогдсон шүүх хуралдааны товыг түүнд 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан, хариуцагч М******* т******* ХХК-аас 7,670,200 /долоон сая зургаан зуун далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.И*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,674 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М******* т******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 137674 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.И*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР