| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 129/2019/00866/И |
| Дугаар | 12 |
| Огноо | 2020-03-27 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 12
Ж.Б-ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2020/00132 дугаар шийдвэртэй
Ж.Б-ын нэхэмжлэлтэй
ААБТСГ-т холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
нэхэмжлэгч Ж.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн төлөөлөгч Р.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, А.З, нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Ж.Б намайг ААБТСГ-ын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл урамшуулал гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Миний бие ААБТСГ-ын нягтлан бодогчийн албан тушаалд ажилладаг байсан. ААБТСГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн б/71 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр хууль бусаар ажлаас халлаа. Учир нь:
- ААБТСГ нь 2019 онд надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээр ажлаас хууль бусаар халсан.
- Намайг ажлаас халах тухай мэдэгдэл өгөөгүй бөгөөд халагдах хугацаанд би чөлөөтэй байсан билээ.
- Ажлаас халах үндэслэл болгосон ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн аймгийн Санхүүгийн албаны дүгнэлт гарсан эсэх нь тодорхойгүй бөгөөд өнөөдрийг хүртэл надад танилцуулаагүй байна.
- Намайг удаа дараа хууль тогтоомж зөрчсөн мэтээр нотлох баримтгүйгээр гүтгэсэн шинжтэй үндэслэлийг тушаалдаа тусгажээ.
ААБТСГ-т би 13 жил ажиллаж байгаа. Манай нөхөр хөлийн хугарлын улмаас остомлит болж Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Манай нөхөр хөлөө харуулах шаардлагатай гээд дахин би Улаанбаатар хот явсан байгаа. Тэгээд 10.30-ны өдөр манай нөхөр хөлөө харуулсан. 10.31-ний өдөр би ажилдаа ирсэн байгаа. Намайг ажилдаа ирэхэд ямар нэгэн юм танилцуулаагүй. Маргааш нь ажилчдын хурал ороод тарах үед дарга намайг “өрөөнд хүлээж бай” гэхээр нь хүлээж байсан чинь тушаал өгсөн. Тэгэхээр нь би “тушаалаа хүлээж авлаа, би хуулийн байгууллагаар энэ асуудлыг шийдвэрлүүлнэ” гэж хэлээд ажлаасаа гарсан. Намайг цэцэрлэгт ажиллаж байсан, алдаа дутагдал гаргасан гэж хэлж байна. Миний хувьд цэцэрлэгт ажиллаж байгаагүй. 01 дүгээр сард дарга намайг ажлаас хална гэж хэлсэн. Би ямар учраас халах гэж байгааг нь асуухад “чам дээр актууд байна” гэж хэлсэн. Би “наадхыг чинь аваад идсэн зүйл байхгүй. Хүмүүс гуйгаад байхаар нь олгосон. Дарга намайг олго гэж хэлэхээр би үгүй гэж чадаагүй. Хууль зүйн үндэслэлтэй сан нь байсан. Би сангийн дагуу өгсөн” гэж хэлсэн. Хөдөлмөрийн гэрээг надтай байгуулахгүйгээр байгууллагын бусад ажилчидтай гэрээ байгуулаад байсан. Намайг халахын тулд гэрээ байгуулаагүй байх. Би даргаас нөхрийгөө үзүүлэх гээд чөлөө аваад явсан. Гүйлгээ хийх гэхээр намайг олдохгүй алга болдог гэж хэлж байна. Харин би гүйлгээ хийх гээд даргыг хайгаад явж байдаг. Улаанбаатар хотод эхнэр, хүүхэд нь байдаг болохоор дарга Улаанбаатар хот явчихдаг. Надтай гэрээ байгуулсан, намайг аваад алга болгосон гэж ярьж байна. Надтай ямар гэрээ байгуулсан юм, би санахгүй байна. Н дарга байхдаа надтай гэрээ байгуулсан. Намайг гранд гольфийн тэмцээнд явсан гэж байна. Намайг тэмцээнд явсан хойгуур сар болоогүй Нэргүйбаатар даргыг буцаагаад ажлаас нь халсан. Ажилчдыг дарамталж ажлын баланк бичиг хэргээ авсан гэж байна. Би ажлаас халагдаж байгаа болохоор түүнийхээ дагуу бичиг баримтаа авах эрхтэй. Би хүнийг ямар нэгэн байдлаар дарамтлаагүй. Сүүлд нь ийм асуудал болно гэж бодоод би бичлэг хийсэн. Би надад ийм бичиг баримтыг өгөөч гэж хэлсэн бөгөөд надад тухайн бичиг баримтуудыг өгсөн. Тендерийн гүйлгээтэй холбоотой асуудал яриад байна. Би тендерийн гүйлгээг хийгээгүй. Тухайн үед би ажлаас халагдсан байсан. Би тендер зарлаагүй. Ямар хүн зарласан байсныг санхүүгийн аудитын газрын хүмүүс хараагүй. 20 000 000 төгрөг, 10 000 000 төгрөгийн хоёр өөр акт гэж ярьж байна. Энэ чинь тухайн үед шалгагдаж байсан нэг акт байгаа. Түүнээс 10 000 000 төгрөг нь байгууллагын тэмцээн уралдааны мөнгө бөгөөд бусдыг нь өөрсдөө төлж байгаа байх. 2019.01.04-ний өдөр даргын үүрэг гүйцэтгэх ажилд томилогдсон Р.Б бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийж байгаа гээд “чамайг ажлаас чинь хална” гэхээр нь энэ асуудлыг аймгийн Засаг даргад хэлсэн. Би аймгийн Засаг даргад “таныг намайг ажлаас хал гэж хэлсэн гэх юм” гээд утсаар ярихад “би хал гэж хэлээгүй, та хоёрыг хамтраад ажилла гэж хэлсэн” гэсэн. Энэ үед манай ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Б-г ажлаас нь чөлөөлж ажилгүй болгоод Д гэх хүнийг томилсон. Б тухайн үед ажлаас халчихлаа гээд өөрт нь асуудал гаргаж байсан. Энэ хүн ямар зорилготой ирсэн юм. Зүгээр ажлаа хийж байсан хүнийг яагаад халаад байгаа юм. Хамтарч ажиллаж байх хугацаанд бид хоёрт маргаантай асуудал олон байсан. Тамирчдад хувцас Улаанбаатар хотоос өөрөө авчирсан. Мөн хувцасны гэрээгээ өөрөө баталсан. Интернет их дэлгүүрээс авсан байсан. Интернет дэлгүүр чинь үнэтэй байдаг учраас гүйлгээг хийхгүй гэсэн чинь “чи тэгвэл ажлаа хүлээлгэж өгөөд яв” гэхээр нь би ард нь тайлбар бичээд гүйлгээ хийж байсан. Хүүхдийн их наадамд 8 832 000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Нярав хувцас авчирч, дарга бид хоёр хянаж гарын үсэг зурж өгөх ёстой байтал дарга энэ хувцсыг байгууллагад “шахсан”. Дараа нь Улсын их хурлын гишүүн Б-ийн нэрэмжит тэмцээний төсөв 20 000 000 төгрөгөөс 12 000 000 төгрөг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас орж ирсэн. Энд 400 ширхэг фудволк, 400 ширхэг малгайг авчирч манай байгууллагад “шахаж байсан”. Мөн өөрийн баз болох Б-ын ресторанд улсын аварга шалгаруулах тэмцээний тамирчдыг хооллож, буудалд нь байрлуулсан. Нөхрөө аваад Улаанбаатар хот явах гээд чөлөө гуйхад надад чөлөө өгөх сонирхолгүй байсан. Тэгээд намайг энэ гүйлгээг хийчихээд яваарай гэсэн. Би багш нарт “энэ гүйлгээг хиймээргүй байна, дараа нь ашиг сонирхлын зөрчил гардаг” гэж хэлсэн. Тэгсэн багш нар “улсын аваргаар ийм зүйл болох нь болсон, гэхдээ хэдэн төгрөг гарсан гэдгийг бид нар мэдэхгүй байна” гэж хэлсэн. Намайг Япон улс руу тухайн мөнгийг аваад явсан гэж яриад байх юм. Дарга өөрөө надад энэ мөнгийг гаргаж өгч байсан. Чөлөөт бөхийн тэмцээнд зардал гаргах тушаал надад өгөхөөр нь “юун учиртай тушаал юм бэ?” гэхэд “Хашаатад ахлах дасгалжуулагч Д-ын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та энэ тушаалыг нийтийн арга зүйчид гаргаж болохгүй, үүнийг та ямар нэгэн дасгалжуулагчид гарга” гэсэн чинь “би юмаа мэдэж байна” гэсэн. Намайг дарамталж олон гүйлгээ хийлгэж байсан. Сүүлдээ тендертэй холбоотой асуудал гарч ирээд намайг өөрийнх нь үгэнд орохгүй байсан болохоор намайг халсан байх. Миний хувьд хэн нэг даргын нөмөрт орж хууль шүүхийн байгууллагаар явмааргүй байна гэж хэлсэн.” гэжээ.
Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019.11.14-ний өдөр нэхэмжлэгч Ж.Б-ын гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайпбарыг гаргаж байна. БТСГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Ж.Б-ыг ажлаас халсан б/71 дүгээр тушаал нь дараах тайлбар, нотлох баримтаар хуулийн үндэслэлийг хангасан гэж үзэж байна. Учир нь:
1. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “БТСГ-ын нягтлан бодогч Ж.Б-ын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай” 17/02/01 дүгээр дүгнэлтээр “...нөхөн төлбөрийн 90,6 сая төгрөг буюу нийт төлбөрийн 65,7% нь нягтлан бодогч Ж.Б-тай холбоотой байна. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм, Авлигын эсрэг хууль, Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын холбогдох хэсгийг зөрчсөн тул нягтлан бодогч Ж.Б нь тухайн ажлын байрандаа тэнцэхгүй” гэж дүгнэсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэх үндэслэлийг хангаж байна.
2. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/11, 17/02/15, 17/02/33, 17/02/17/03/20, 17/02/17/03/22, 17/02/17/03/23, 17/02/17/03/27, 17/02/17/03/28, 17/02/17/03/29, 17/02/17/04/13, 17/02/17/04/19, 17/02/17/04/25, 17/02/17/04/32 тоот актуудаар Ж.Б нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэх үндэслэлийг хангаж байна.
3. Мөн түүнчлэн Ж.Б, Ц.Н нар нь бүлэглэн тус аймгийн БТСГ-ын 2011-2015 оны байгууллагын үйл ажиллагааны төсвийн хөрөнгөөс 10 330 108 төгрөгийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт өмнө нь холбогдож байсан. Уг хэрэгт Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг баримтлан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Үүнтэй холбоотой Архангай аймгийн прокурорын 2017 оны 01 дүгээр 25-ны өдрийн “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгуулах тухай” 2 дугаар мэдэгдлийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад уламжилсан байдаг.
4. Ажилтан Ж.Б нь 30 хоногийн өмнө мэдэгдээгүй ажпаас халсан гэх гомдлыг гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр ажилтныг ажлаас халж байгаа бол 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. Гэтэл ажилтан Ж.Б-ыг 40.1.5 буюу мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон учраас халж байгаа учраас энэ хуулийн шаардлага, зохицуулалтад хамрагдахгүй юм. Ажилтан Ж.Б-ыг халах хэд хэдэн үндэслэл байсан. Түүний зарим нь 30 хоногийн өмнө мэдэгдэх хуулийн шаардлагад хамрагдаж байгаа боловч зарим нь хамрагдахгүй байгаа учраас 30 хоногийн өмнө мэдэгдэхгүйгээр халсан нь хууль ёсны үйлдэл болсон. Түүнчлэн Ж.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.8-д “санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжпийн байгууллагын акт, дүгнэлтээр тогтоогдсон бол хөдөлмөрийн харилцааны ноцтой зөрчилд тооцно” гэж заасан. Энэ зөрчлийг Ж.Б гаргасан тул ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэхгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх нь ажил олгогчид байсан болно. Ажилтан Ж.Б нь түүнтэй 2019.02.15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг байгууллагаас авч устгасан. Энэ хөдөлмөрийн гэрээнд ажилтан 14 хүртэлх хоногийн хугацаагаар чөлөө авах эрхтэй гэж заасан. 14 хоногоос дээш хугацаагаар албан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ажлаас чөлөөлөгдөх зохицуулалт гэрээний 2.4, 2.5-д байсан. Ж.Б нь Солонгос улсад 3 сарын хугацаатай ажиллах сонирхолтой учраас энэ гэрээгээ өөрөө үгүй хийн устгаж, улмаар гэрээгээ 3 сарын хугацаанд сунгах эрхтэй байхаар өөрчлөх оролдлогыг өмнөх дарга Ц.Н-ын хамт хийхээр уг гэрээг устгасан байх талтай. Одоо өөрөө гэрээ огт байхгүй гэж ярьж байгаа. Энэ нь ор үндэсгүй зүйл юм. ААБТСГ нь 2019.02.15-ны өдөр бүх ажилтантайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн дотоод журмыг бүгдэд нь танилцуулж гарын үсэг зуруулсан болно. Миний бие тухайн үед түүнтэй гэрээ байгуулснаа маш сайн санаж байна.
5. Мөн түүнчлэн нөхрөө харна гэсэн шалтгаанаар 3 хоногийн чөлөө авсан боловч чөлөөний хугацаагаа хэтрүүлж 3 хоног ажилдаа ирээгүй бөгөөд 4 дэх хоног дээрээ ирсэн. Ийм учраас түүнийг ажлаа тасалсан гэж үзсэн. Ажил тасалсан хугацаанд ажлаас халах тушаалыг бид гаргасан. Иймд БТСГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Ж.Б-ыг ажлаас халсан б/71 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.5, 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5.4, 5.5.4, 5.5.9, 11.1.2, 11.1.9, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6, 6.2.8, 7.2 дахь заалт, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “БТСГ-ын нягтлан бодогч Ж.Б-ын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай” 17/02/01 тоот дүгнэлтийг тус тус үндэслэсэн хууль ёсны тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ.
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2020/00132 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын ААБТСГ-ын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин урамшуулал гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-т олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2020/00132 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Ж.Б намайг ААБТСГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн б/71 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халсан. Уг ажлаас халсан тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, аттестатчилын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр хамаарна” гэж заасан хуулийн заалтыг анхан шатны шүүх буруу хэрэглэж, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “БТСГ-ын нягтлан бодогч Ж.Б-ын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай” 17/02/01 тоот дүгнэлтийг ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан гэж тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хууль тогтоомжийг гуйвуулан буруу хэрэглэсэн болох нь тодорхой харагдаж байна. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нь ажлын байрандаа тэнцэхгүй талаар хөдөлмөрийн харилцаатай холбоотой дүгнэлт гаргах эрхгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэжээ. Гэтэл ажил олгогч нь ажилтан буюу Ж.Б-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх үндэслэлээ хариуцагч тал нотолж чадаагүй. Ямар зөрчлийг яаж давтан гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй болохыг шүүх анхаарч үзнэ үү.
Ж.Б миний бие нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч ба Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Засаг дарга, эрх бүхий бусад албан тушаалтан хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны хурлын тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна” гэж заасан байхад намайг ажлаас халахдаа Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд мэдэгдээгүй буюу зөвшилцөөгүй нь тухайн хурлын тэргүүлэгчдийн даргын тодорхойлолтоор нотлогдоно. Гэтэл анхан шатны шүүх мөн хуулийг ялгамжтай хэрэглэж буруу тайлбарласан гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Ж.Б миний бие болон өмгөөлөгчийн зүгээс “Архангай аймгийн Санхүүгийн хяналт, адуитын албаны улсын ахлах байцаагч Н.С нь ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Тухайн дүгнэлт гарсан хугацаа 2019.05.03-ны өдөр байна. Ж.Б надад сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халсан хугацаа 2019.10.30-ны өдөр. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байгаа ба ажил олгогч Ж.Б намайг ажлаас халахдаа 131 дүгээр зүйл буюу хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах зүйлийн 131.1.3 дахь заалт буюу ажлаас халах заалтыг үндэслэсэн тул 131.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох” талаар анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбар хийж маргасан боловч анхан шатны шүүх тухайн хөөн хэлэлцэх хугацаанд дүгнэлт өгөөгүй, шүүхийн шийдвэрт өмгөөлөгчийн хэлсэн тайлбараас хүртэл хасч бичсэн байна. Иймд хэт нэг талыг барьсан, холбогдох хууль тогтоомжийг буруу, ялгамжтай хэрэглэсэн, хэрэгт авагдсан үйл баримтад бодитой дүгнэлт хийгээгүй Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2020/00132 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Ж.Б миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Ж.Б нь ААБТСГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
ААБТСГ-ын дарга 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн б/71 дугаартай тушаал гаргаж, “Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019.05.03-ны өдрийн “БТСГ-ын нягтлан бодогч Ж.Б-ын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай” 17/02/01 тоот дүгнэлтээр нягтлан бодогч Ж.Б нь ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан, мөн ажил, албан үүргээ хэрэгжүүлэхдээ удаа дараа хууль тогтоомж зөрчсөн болох нь холбогдох байгууллагуудын шийдвэрүүдээр тогтоогдож байх тул...” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 40.1.5, 131.1.3-д зааснаар ажлаас нь чөлөөлжээ.
Ж.Б “...хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээр ажлаас хууль бусаар халсан, ...ажлаас халах тухай мэдэгдэл өгөөгүй бөгөөд халагдах хугацаанд чөлөөтэй байсан, ...ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн аймгийн Санхүүгийн албаны дүгнэлт гарсан эсэх нь тодорхойгүй бөгөөд өнөөдрийг хүртэл танилцуулаагүй, ...удаа дараа хууль тогтоомж зөрчсөн мэтээр нотлох баримтгүйгээр гүтгэсэн шинжтэй үндэслэлийг тушаалдаа тусгажээ” гэж маргажээ.
Анхан шатны шүүх ажилтныг ажлаас халсан ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, тушаалд заасан үндэслэл баримтаар нотлогдсон гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
Иймд “Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нь ажлын байрандаа тэнцэхгүй талаар хөдөлмөрийн харилцаатай холбоотой дүгнэлт гаргах эрхгүй, ...ажил олгогч нь ажилтан Ж.Б-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх үндэслэлээ хариуцагч тал нотолж чадаагүй, ...ажлаас халахдаа Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд мэдэгдээгүй буюу зөвшилцөөгүй, ...анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаанд дүгнэлт өгөөгүй” гэх үндэслэлээр шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Б ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн удаа дараагийн актуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь зөв байна.
Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/11 дүгээр актаар 10 330 108 төгрөгийг, 17/02/17/04/13 дугаар актаар 545 925 төгрөгийг, 17/02/15 дугаар актаар 3 508 411 төгрөгийг, 17/02/17/04/19 дүгээр актаар 9 950 000 төгрөгийг, 17/02/17/03/20 дугаар актаар 2 661 332 төгрөгийг, 17/02/17/03/22 дугаар актаар 2 670 000 төгрөгийг, 17/02/17/03/23 дугаар актаар 414 000 төгрөгийг, 17/02/17/04/25 дугаар актаар 555 000 төгрөгийг, 17/02/17/03/27 дугаар актаар 81 500 төгрөгийг, 17/02/17/03/28 дугаар актаар 31 925 төгрөгийг, 17/02/17/03/29 дүгээр актаар 406 000 төгрөгийг, 17/02/17/04/32 дугаар актаар 1 307 050 төгрөгийг, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17/02/17/02/33 дугаар актаар 648 444 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр тогтоожээ. Нэхэмжлэгч эдгээр актын заримыг нь Сангийн яамнаас хүчингүй болгосон, бусад актын талаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэж тайлбарлаж байх боловч энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй төдийгүй нэхэмжлэгч нь Ц.Н-тай бүлэглэн тус аймгийн БТСГ-ын 2011-2015 оны үйл ажиллагааны төсвийн хөрөнгөөс 10 330 108 төгрөгийг завших гэмт хэрэг үйлдсэн нь Архангай аймгийн прокурорын газрын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2 дугаар мэдэгдэл зэргээр тогтоогдсон байна.
Ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас халсан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн б/71 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэсэн байх тул 40.5-д зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэг хүлээхгүй.
Ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй талаар Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн дүгнэлт гарсныг ажил олгогч тушаалдаа үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг баримталсан байх хэдий ч улсын байцаагчийн уг дүгнэлтийг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гэж үзэх үндэсгүйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 129/ШШ2020/00132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгч Ж.Б-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
В.ЦЭЦЭНБИЛЭГ